• Өнөөдөр 2024-04-17

Э.ИДЭРБОЛД: Тархи, оюун бодлоо зогстол урлагийн төлөө зүтгэнэ дээ

2022-12-31,   499

              Жаргаж буй их говийн наран дор тэмээний бөх толгодын орой мэт торолзож, тойрмын дэргэдээс сүрэг цагаан зээр тоосноосоо бусгасаар цахилан давхилаа. Зах хязгааргүй мэт зэрэглээтэх дуниартсан шаргал талыг хомбон туурайгаар цавчлан давхих хулангийн сүрэг тэнгэрийн салхитай уралдах мэт цойлно. Тэнгэр, газрыг холбосон зэрэглээн дунд худгаас ховоо ховоогоор нь ус татаж, хонин  сүргээ ундаалах малчин эр “Төл таван эрдэнэ” дууланхан байна. Алтан цох шиг тал нутгийн айлын хаяагаар хонин гүрвэл тонгочиж, аагим халуунаас бэргэсэн хоточ банхар сүүдэр бараадан хэвтэнэ. Агь таана хамар цоргисон энэ тал нутгаар бид давхисаар Дорноговь аймгийн Сайншанд суманд ирлээ. Догшин хутагт Д.Данзанравжаагийн үүсгэн байгуулсан “Саран хөхөө” театр хуучны хэв маяг, эд шидлэг, нууцлаг ертөнцөөр угтан авсан юм. Бид театртай танилцаж, эртний түүхтэй театр хэрхэн бүтэж байсан талаар сонирхож явлаа. Ийн ялдамдаа тус театрын захирал Э.Идэрболдтой ярилцсан юм. Орон нутгийн театрууд өөр өөрийн гэсэн онцлог хэв маягтай байдаг. Тэр дундаа Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр түүх, соёл иргэншлийн түүчээ, түлхүүр болсон театр мөнөөс мөн. Ярилцагчтайгаа хөөрөлдөөнөө эхлэхийн өмнө цонхоор харвал бороо шивэрч, модод сэрчигнэж,  Ингээд уншигч та бүхний өмнө Саран хөхөө театрын захирал Э.Идэрболдтой энэ оны наймдугаар сард хийсэн хөөрөлдөөнийг дэлгэж байна.

-Говь нутгийн сайхныг энд мэдлээ. Нэг талаар энэ нутгийн сайхан нь халуун нар ээсэн бүгчим агаар юм шиг. Нөгөө талаар хүн, ан амьтад, байгаль гурав хоршин нэгдэж, аядуу тайвнаар уянгалдаг нууцлаг ертөнц ч юм шиг санагдлаа. Миний хувьд халууныг нь эс тооцвол харах, үзэх сонирхолтой адал явдлаар дүүрэн байна. Таны хувьд энэ тал нутагтаа төрж, өсөөд театрынхаа захирал хэмээх хариуцлагатай ажил томилогдож, уран бүтээл туурвиж яваа шүү дээ. Тэгэхээр хоёулаа яриагаа таны урлагтай хэрхэн холбогдсон талаар эхлэх үү?  

          -Алтан шаргал нутагт минь алжаалгүй ирж,  сайн сайхныг харж, мэдэрч яваад талархлаа. Би энэ нутгийнхаа олныг харах, үзэх зүйлтэй, урлагт ойрхон байлгахыг чин сэтгэлээсээ хүсэж явдаг. Дэлхийн урлагийн сэтгэлээ, хэв маягийг танин мэдүүлэхээс гадна, өөрийн орны урлагийг дэлгэрүүлэх, түгээх нь миний үүрэг. Мэдээж урлагийг түгээх, дэлгэрүүлэхэд дур сонирхол, авьяас чадвар, итгэл, сэтгэл хэрэгтэй. Би багасаа л дуу дуулж, бүжиг харж, бүжиглэх зэрэгт идэвхтэй хүүхэд байсан. Тэр үед хэн нэгэн надаас “Чи уран бүтээлч, тэр дундаа жүжигчин болох уу” гэж асуусан бол “Мэдэхгүй л” гэж хариулах байсан байх.  Гэхдээ өнөөдөр эргээд харахад би хамгийн зөв замаа сонгожээ гэж боддог. Яагаад гэхээр жүжигчин мэргэжлийг хэн нэгэн надад тулгаагүй, шаардаагүй. Би өөрөө л нэг өдрийн дотор бодож гарсан шийдвэр.

-Тэгэхээр та өөр мэргэжилтэй болохоор төлөвлөж байгаад гэнэт жүжигчин болохоор шийдсэн гэсэн үг үү?

           -Яг тийм. Их дээд сургууль элсэх шалгалт болохоос яг нэг өдрийн өмнө шийдсэн. Тэгээд СУИС-д элсээр шалгалт өгч байлаа. Өмнө би аялал жуулчлалын талын мэргэжилтэй болохоор шийдээд байсан юм. Би өөрөө аялах, шинэ содон, очиж үзээгүй газраа очиж, өөрийн ертөнцдөө мэдрэмж цуглуулах дуртай. Өөр нутаг усны хүнтэй танилцаж, ёс заншлыг танин мэдэх сонирхолтой. Тэр утгаараа би аялал жуулчлалын мэргэжлийг сонгож байсан. Гэтэл яагаад ч юм гэнэт л сонголт өөрчлөгдсөн дөө. Үүндээ би харамсдаггүй. Надад ухрах ямар ч зам байхгүй. Тиймээс зөвхөн урагшаа л явна. Хэзээ тархи, оюун бодлоо зогстол жүжигчин мэргэжлийнхээ эзэн болж уран бүтээлээ туурвина даа.

Урлагийг түгээх, дэлгэрүүлэхэд дур сонирхол, авьяас чадвар, итгэл, сэтгэл хэрэгтэй

-Хэдэн хоногийн өмнө Дорноговь аймаг үүсгэн байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадам болсон. Сайхан наадам болсон тухай нутгийн хүмүүс ам сайтай байна. Таны хувьд наадмын нээлт, хаалтад зориулсан баярын хөтөлбөр зохион байгуулаад завгүй байсан болов уу. Түүхт ойн наадмын нээлтээ ямар утга санаатай, юугаар онцлог байлгахыг бодож найруулсан бэ,

          -Нутгийн маань наадам сайхан болж өндөрлөсөн. Наадмын үйл ажиллагаатай холбогдуулан манайх баярын концерт болон нээлтэд оролцлоо. Миний бие баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. 90 жилийн түүхэн ойн баяр наадам учраас аймаг, орон нутгаас ихэд анхаарал хандууллаа. Нээлтийн үйл ажиллагааг наадамчин олон баяртай хүлээж авсан. Энэхүү үйл ажиллагаа 1000 гаруй хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн. Гол массыг манай авьяаслаг бүжигчин багачууд маань эзэлж, манай “Саран хөхөө” театр болон бусад байгууллагууд хамтран ажиллаа. Энэ үеэр 90 жилийн түүхэн галаа бадраасан байна. Мөн боловсролын салбарын 100, 101 жилийн ойт зориулан хэл бичгийг дээдэлсэн хэсэг нээлтээ оруулсан. Үүгээрээ дамжуулж босоо монгол бичгээрээ бахархах, хойд үедээ өвлүүлэх, өвлөх уламжлалыг шингээсэн үзүүлбэрүүдийг бэлдсэн.

Орон нутгийн театр гэхээрээ бусдаас хоцрогдоод байдаггүй л дээ. Гол нь үзэгчид юу үзэхийг хүсэж байна. Юунд илүү дуртай байгаа юм гэдгийг мэдрэх хэрэгтэй

Таныг дэлгэцийн олон уран бүтээлд чадварлаг дүр бүтээснийг үзэгчид мэдэж байгаа. Тэгэхээр дэлгэцээс тайзны уран бүтээл рүү шилжсэн нь ямар нэг шалтгаантай юу. Тэр дундаа залуу уран бүтээлч хүн орон нутгийн даяарт ажиллаж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Яг хийж, бүтээх залуу үедээ орон нутагт ажиллах хүндрэлтэй биш үү?

 

          -Яах вэ бэрхшээл яривал олон л зүйл байна. Захаас дурдаж хэлбэл хүний нөөц, боловсон хүчин их дутагддаг. Энэ бэрхшээлүүдийг яриад дуусахгүй болов уу. Тиймээс би бэрхшээл ярихаас илүү боломжийг хайх нь чухал гэж боддог. Би орон нутагт ажиллаж байгаагаараа бусдаас илүү тайван, эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа. Ер нь хаана амьдрах нь чухал биш хэрхэн амьдарч байгаа чухал учраас бэрхшээлийг давах л ёстой. Үүнээс гадна манай аймагт шинэ театр баригдаж байгаа 2023 онд ашиглалт орох төлөвлөөгөөтэй байна.

 Манай театрын хувьд өөрийн гэсэн үзэгчидтэй. Сүүлийн хоёр жил цар тахлаас болоод нэлээд хүндхэн байлаа. Гэхдээ хөл хорионы үед бид яаж зогсохгүйгээр уран бүтээлээ хийж, соён гэгээрүүлэх ажлыг хийх үү гэдэг үндсэн дээр олон ажил хийсэн. Орон нутгийн театр гэхээрээ бусдаас хоцрогдоод байдаггүй л дээ. Гол нь үзэгчид юу үзэхийг хүсэж байна. Юунд илүү дуртай байгаа юм гэдгийг мэдрэх хэрэгтэй. Түүгээр нь дамжуулан уран бүтээл хийж ёсон гэгээрүүлэх нь театрын зорилго. Тиймээс бүх насны үзэгчдэдээ зориулан уран бүтээл туурвиж байх ёстой. Мөн урлагийг дэмжиж хүрээнд Соёлын яам байгуулагдлаа. Тиймээс ирээдүйгээ илүү гэгээлгээр харж байна даа.

Ер нь хаана амьдрах нь чухал биш хэрхэн амьдарч байгаа чухал учраас бэрхшээлийг давах л ёстой

- Энэ жилийн “Гэгээн муза” наадамд амжилттай сайхан оролцсон шүү дээ. Энэ талаараа сонирхолтой яриа дэлгээч?

          -Гэгээн муза 16 олон улсын наадамд энэ жил болж өндөрлөлөө. Энэ жилийн онцлог нь цар хүрээгээ илүү тэлсэнд байлаа. Энэ наадам өөрөө театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг маш том наадам. Тиймээс театрын урлагт зүтгэж байгаа хүмүүс энэ наадамд оролцох хүсэл сонирхол өндөр байдаг. Тэр дундаас хэн илүү сэтгэж, хөдөлмөрлөж чадсан нь ялалт байгуулна. Энэ наадамд эхний үеэсээ л олон уран бүтээлч харамсалтайгаар хасагддаг. Миний хувьд энэ жилийн “Гэгээн муза” наадам зохион байгуулалт сайтай болсон. Би энэхүү наадамд Содбилэгийн “Гэрэл асаа” гэдэг ёс зүйн зохиолыг найруулан өсвөр үеийнхэнд зориулан бүтээлээ. Яагаад энэхүү жүжгийг сонгож авсан гэхээр ирээдүй бол өсвөр үеийн хүүхдүүд. Өсвөр үеийнхэн юунд хэт автаж байна. Яагаад буруу тийшээ явж байгаа тэр чиглэл барьж авсан. Энэ жүжигт манай “Саран хөхөө” театрын бүх уран бүтээлчид оролцсон.

-Өсвөр үеийн хүүхдүүд юунд их автаж байна. Мэдээж гар утсаар дамжуулан цахим хэрэглээнд автаж байгаа байх. Үүнээс гадна олон зүйл байгаа болов уу. Үүнийг уран бүтээлч хүний нүдээр харж, нийгэмд илэрхийлнэ гэдэг амаргүй байх?

          -Мэдээж нэг номерт цахим хэрэглээ байна. Энэ хэрэглээнээс юу нь хэрэгтэй вэ гэдгийг хүүхдүүд тунгааж чадахгүй. Зах замбараагүй мэдээ, мэдээллийг ямар ч шүүлтүүргүй авснаас болоод нийгмийн бухимдалд өөрсдөө орж байна гэдэг талаар манай жүжиг дуугарч байгаа. Цахим хэрэглээ өөрөө нийгмийг бүтээж буй нэг хэсэг. Тиймээс цахим орчны соёл гэж зайлшгүй байх ёстой. Тэр ёслолыг залуу үедээ суулгахгүй бол хожим дийлэхгүй болов уу. Цахимаар дамжуулаад нэгнээ доромжлох, гүтгэх, нэр хүндэт халдах зэрэг буруу зүйлүүд энгийн л зүйл шиг хөвөрч байна. Тиймээс цахим хэрэглээг ёс зүйтэй болсон болгох нь чухал. Үүнд эцэг, эх асран хамгаалагчаас гадна урлагаар дамжуулж зөв зам руу оруулж чадна. Яг үнэндээ өнөөгийн нийгэмд гар утасны цаана нэг хүн юу дуртайгаа худлаа бурж байна. Үүнийг засах хэрэгтэй. Нэг үгээр бол өнөөгийн нийгэмд хүн хоёр нүүртэй амьдраад байна гэсэн үг. Энэхүү асуудлыг хөндсөн манай жүжиг “Гэгээн муза” наадмаас дөрвөн шагнал хүртсэн.

Надад ухрах ямар ч зам байхгүй. Тиймээс зөвхөн урагшаа л явна

-Та дэлгэцийн уран бүтээлээр үзэгчдэд хэдийнэ танигдсан хүн. Харин сүүлийн үед дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байна уу?

          -Сүүлийн үед ажлын нөхцөл байдлаас болоод дэлгэцийн уран бүтээлээс жаахан холдож байна. Гэхдээ эзэмшсэн мэргэжил маань жүжигчин учраас хойш тавихгүй байхын хичээж байгаа. Үүнээс гадна дуудсан кино болгонд дээр ажиллаад байхын хүсдэггүй. Өнөөдөр монголд гэлтгүй дэлхийд даяар олон кино үйлдвэрлэгдсэн гарч байна. Сайн, муу, сайхан, муухай гэх мэтчилэн. Тэгэхээр би дундаас алинд байх ёстойгоо сонгож оролцдог гэх юм уу даа.

-Сүүлийн үед хийхээр төлөвлөсөн уран бүтээл мэдээж байгаа байх. Энэ талаар сонирхуулж болох уу?

          -Өөрийн хувийн зүгээс төлөвлөсөн хэд хэдэн ажил бий. Тухайлбал нэг дэлгэцийн уран бүтээл, моно жүжиг хийнэ гээд төлөвлөж байгаа. Хүн өөрийгөө мартаж болохгүй л дээ. Тиймээ эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хийх багахан ч гэсэн надад төлөвлөгөө байна. Харин “Саран хөхөө” театрын хувьд төлөвлөсөн маш том ажлууд бий. Ирэх жил Догшин хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой болно. Үүнтэй уялдуулсан том уран бүтээлийн ажлууд их байна.  

 


Э.ИДЭРБОЛД: Тархи, оюун бодлоо зогстол урлагийн төлөө зүтгэнэ дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-27 16:53:31
    зочин: сайн жүжигчин шүү, Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-23 09:31:07
    Иргэн: БОР ХОДООДОО ТЭЖЭЭХ ГЭЖ НЭГ ЮМ ХИЙЖ Л ТААРАА.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188