• Өнөөдөр 2024-04-20

Б.ЗОЛБАЯР: ҮНДЭСТНИЙ ОНЦЛОГОО ҮНЭМЛЭХҮЙ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧИЙН ЖИГҮҮР Л АЛС ДЭВДЭГ ГЭЖ ОЙЛГОДОГ

2023-12-04,   2325

       "Эргэлт сэтгүүл"-ийн анхны дугаарт нийтлэгдсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Баастын Золбаярын ярилцлагыг хүргэж байна.

  -Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Таны нүүр номын нийтлэлүүдийг хараад “Аль нэг зусланд, эсвэл хөдөө очиж өгүүллэгүүдээ бичиж байгаа юм байна” гэж бодож байлаа. Харин Хэнтий нутагт кино зургийн багт ажиллаж байгаа гэсэн үү. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Кино зохиол бичиж эхэлсэн үү?

     -Сайхаан, сайхан уу. Дадал сумын ардханд Түнхэлэг горхины хөвөөнд зусаад, эдүгээ намаржаалж эхэллээ дээ. Буриад зон олны ахуй соёл, аж байдлын онцлогт дэвсгэрлэн туульсын уран сайхны кино зохиол бичих захиалгыг Л.Балхжав продюсер тэргүүтэн уран бүтээлчид ноогдуулсан юм. Энэ тохиолоор кино зохиол бичсэнийг Б.Чингүүн найруулагч амь бие болгон кино зургийг үргэлжлүүлэн авч байна. Ийм үүтгэлээр Дадалын сайхан нутагт уран бүтээлчдийн дунд ажиллах завсартаа нүүр номдоо эндэхийнхээ ахуй аясыг илэрхийлснийг өөрөө харжээ дээ, янз нь. Сайхан хангай юм аа, энэ нутаг. Халиугч, алагч үнээ, жимс загас, ус гол, мод хөвч, сүү цөцгийн өлгий болсон энэ тоонотын бороонд норж, салхинд зүлгүүлж, наранд ээж кино уран бүтээлчдийн амаргүй агаад бахтай үйл хэргийн дунд зуныг өндөрлүүлж байна аа. Өгүүллэгүүдээ бичмээр л байна. Бичнэ ч. Энд харин кино зохиолыг амилуулах явцад сэлбэлгээ, шинэ “өнгө”, шинэ “эмжээр”, оруулга хийх ажил үргэлж гарах тул, тийм “засварын” ажилтай л ноцолдонги аж төрж байна. Кино зохиол бичих сайхан болоод алдах эрхгүй хөдөлмөр юм. Амтших маягтай л байгаа. Энэ хийгдэж байгаа киноноос гадна бичгийн дэлхсэн хоёр гурван мүсэрчтэй хамтран “Мөнх хаан” кино зохиол бичиж бэлэн болгочихоод байгаа. Үүнийг бичих ажилд нэлээд голлон зүтгэсэн. “Сайн цагт машид төгөлдөр кино болно” хэмээн тэр цагийн сайхныг хүлээн хорхойсоод байгаа. Ер нь, кино хийнэ гэдэг бол нэн амаргүй, хачин их холхиуртай, аргагүй л хийе гэж хийдэг том уран бүтээлчдийн ажил юм байна аа, жинхэнэ кино, жинхэнэ бүтээл хийгч тэмүүлэлтнүүдийн тухайтад. Үүнийг энэ киноны уран бүтээлчдээс их мэдэрч байна.

-Хамгийн сүүлд ямар өгүүллэг бичээд байна вэ. “Бүлээн”, “Бүтэн” тэргүүт өгүүллэгийн номыг дахин дахин уншигчид одоо таныг “Бидэнд юу уншуулахаар бичиж байгаа бол” гэх хүлээлттэй байгаа байх?

    -Цөөн өгүүллэг бичсээн. Он гараад ном болгоно. Өөрийн тань хэлснээр бичсэнийг нь уншъя гэж бодох, эрмэлзэгч хүмүүстээ өгүүллэг гэж итгэл төгс хэлж болох өгүүллэгүүд уншуулна аа. Танай багш Дарма Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол”, “Сайхныг бүтээх нууц” гэдэг чинь олон юм бус онцгойг хийхийг номлодог номлол. Тийш л тэмүүлэхийг бодох.

-Та аав, ээжийгээ танилцуулахаас гадна хүүхэд ахуй насныхаа дурсамжаас манай уншигчидтай хуваалцах уу?

     -Миний эцэг, эх хоёр бол хоёулаа Ховд аймгийн Чандмань сумын уугуул хүмүүс. Аав орос, англи хэлний багш Түдэвийн Бааст гэж хүн Чандмань сумынхаа болон Ховдын Багшийн дээд сургуульд багшилж байгаад идэрхэн сайхнаараа бурханд одсон. Бодь амгалан, уран зохиол, сайхан бүтээлд дуртай, жирийн боловч хөлгөн сэхээтэн байлаа. Шүлэг бичнэ, Булгаковын “Нохойн зүрхтэн”-ээс эхлээд орчуулга ч барьж авамтгай хүн байлаа. Ээж маань Дарьсүрэнгийн Сэсээр гэж монгол хэл, уран зохиолын багш хүн. Ааваас хойш амьдралын төлөө, дүү нар бидний төлөө зүтгэж одоо дал шүргэж байгаа хүн Яармагийн урд дэнжээд аж төрж байна аа. Хүүхэд ахуйн дурсамж барагдахгүй. Ер нь хүний амьдралд хүүхэд явсан үе л бүх амьдралын суу ухаан, амьдралд талархахуйн үндсэн шалтгаан болж цаг тоо, үргэлжлэлийг гагнан мөнхөлдөг юм шиг бодогддог. Хүүхэд ахуйн бүхий л ариун гэгээн хожмын амьдралын алив бүхнийг сүлж, уучлан өршөөх замаар амьдралын замыг яруусгадагаар ойлгогддог. Эргээд бодоход, хаврын өглөө хотонд шинэ төрсөн хурга майлахыг сонсоод моринд явах, намар орой хөгшин ээж аавыгаа орхиод машинд сууж яваад эргэн харахад, зэрэглээн дунд гэрийнхээ гадаа сүүгээ өргөж зогссон нь хачин их өрөвдөл төрүүлдэг байсан нь санагдах хүртэл асар том орон зайг сэтгэлд бий болгодог. Миний хүүхэд нас бол хөдөө ахуйд морин дэл дээр, сумын төвийн буйдхан нутагт өнгөрсөн. Тэнд миний гэх бүх нандин юм оршдог. Таагүүр “Суут хүн гэдэг бол мөнхийн хүүхэд юм” гэж хэлсэн байдаг.

Хүүхэд насаа санан хадгалж, түүгээрээ л амьдарвал мөнхийн хүүхэд мэт ариун оршино гэсэн үг. Тэр бол суу билиг гэж хэлсэн. Би энэ үгэнд нэн дуртай.

-Дунд ангиасаа шүлэг, яруу найраг бичсэн үү. Утга зохиолд дуртай болох анхны очлуур, сэдэл нь юу байсан бэ?

    -Аав маань л энэ чиглэлд залсан хүн дээ. Манай аав үргэлж ном уншдаг хүн байсан. Орос сонин сэтгүүл байнга захиалж уншина. Манайх тун догь номын сантай айл байсан. Аавын дадал, оюун санааны нэхэгдэлээс бүтсэн ном сан.  Буйдан дээр хажуулаад л “Тэнгэрийн цэнхэр морьд” ч юм уу, “Цаазын тавцан” ч юм уу, “Мөнгөн хазаарын чимээ” ч юм уу ном уншаад байж байдаг нь өглөөхөн юм шиг санагддаг. Тийм дадлыг маш олон удаа надад харагдуулдаг асан нь, бас аавын өөрийн бодит оюун санааны эргүүлэг надад нөлөөлсөн байх. Тэгээд л уран зохиол, сэтгүүл зүйн бүтээл бичих, бичүүлэх нөхцөлдөл зохионгуйг үүтгэсэн гэж боддог доо. Хүний эцэг эх, үр хүүхдэдээ оюун санааны хувьд онцгой дадал, сэтгэгдэл бий болгох нь үлэмж том, дэлхсэн том үйлс гэж ойлгогддог. Манай ээж ч ер хоосонгүй хүн, зөн билэг, бодлын эрчим хүч ихээхэн бядлаг нь дандаа мэдрэгддэг.

-Хүүхэд насны хамгийн гоё дурсамж, нөхөрлөл, дурлалын тухай дурсамж задалж болох уу?

    -Дурсамжаар хүлэглэн амьдрал бүтээгддэгийг сая хэлсэн дээ. Дурсамж бол сэтгэлийн гоо сайхны толь. Саар дурсамж ч хэн хүнд бий. Тэр бол давтахгүйн санамж. Харин, сэтгэлийн гоо сайхны дурсамж давтъя хэмээвч үл гүйцэлдэх зүйл мөнөөрөө л амьдралын хамгийн гоё тээш болдог. Хүний нийгэм бол тэр чигээрээ нөхөрлөл. Нөхөрлөлд хэн үнэн, том байна, түүнд ялалт, амьдралын сайн сайхан цугладаг. Нөхөрлөл бол нэгэндээ зовлонгоо ярьж, нөгөөх нь сонсч, хамтдаа уйлахын нэр биш. Нөхөрлөл бол хүчирхэг, дийлэхгүйгээ дийлэхэд хүч өгөх, сайн сайхныг бүтээхэд дэм өгөхөд л чиглэгдэх учиртай. Хүчирхэг хүнд хүчирхэг нөхөрлөл л хэрэгтэй болохоос аялдан дагалдагч үй түм огтхон ч хэрэггүй. Дурлал бол минийхээр хүнд өгөгдсөн эрчим хүч, гэрэл гэгээ. Энэ эрчим хүч, гэрэл гэгээгээ өөрийнхөө амьдралыг хэрхэн сайхан, аз жаргалтай болгож байгаагаар хэмжих хэрэгтэй гэж  боддог. Үр хүүхэд, эхнэр, гэр бүл хүний аз жаргалын дорвитой энгээр сэтгэл хангалуун орших хэрэгтэй. Сэтгэл, уран бүтээлд жигүүр үүсгэгч нь дурлал мөнд эргэлздэггүй. Дурлалын сайхныг мэдрэх тусмаа амьдралд хариуцлагатай байх, ёс суртахууны хэм хэмжээг үргэлж зэрэгцүүлэх ёстой санагддаг. Уран бүтээлчийн хувьд дурлалаас хамгийн үнэн хариулт авахыг хүсдэг. Үүнд, аанай л мэдээж, гэгээн дурсамж, амьдралын бусад олон талт харилцаа, бусдын үлгэрлэл тусална.

Хайрласан нь үнэн юм бол дурлалыг зүгээр л нүдэндээ орхичих хэрэгтэй.

-Таны үеийн хөвгүүдийн хийдэг хамгийн гоё бөгөөд зугаатай ажил юу байв. Усанд явах, гөлгөнд үүр барьж өгөх, тэвэг тоглох ч гэдэг юм уу?

    -Өөрийн тань хэлснүүд хөвгүүдийн гоё ажлууд мөөн мөн. Аль алиныг нь мундрааж өслөө. Миний  “Усанд явахад” нэртэй өгүүллэг ч бий. Гутлаа бөөрөлдтөл тэвэгдэж л явлаа. Шүүтиг маатигдах гэж гоё тоглоом байдаг. Түүнд ч мастер болж л явж. Өвөл голын мөсөн дээр тоглоно гэж тансагхан наадгай байх. Миний хувьд хүүхэд байхад, хол ойрын бараа тольдох гэж сайхан ажил байлаа. Амбаарынхаа дээвэрт гараад уулс, тал дурандаж, тэр орчныг сэтгэлдээ ургуулж л суудаг байсан санагддаг. Ажиглалт байж дээ. Юм бичих сэдэмж, танилт тэндээс мөн эхтэйгээр ойлгогддог. Сартай шөнө сумын төвийнхөө хашаануудын сүүдэр дагаж найз нартайгаа яваад, айлын охид дуудан хар нялхаараа шахуу аавын цээжирхэж явсныгаа одоо санахад хачин хөгжилтэй болдог.

-Багадаа ямар хүн болохыг мөрөөдөж, ямар хүнийг эсвэл киноны баатар, зохиолын дүрийг ч юм уу дуурайж байв. Хүүхэд бүрд нэг тийм дурсамж, түүх байдаг шүү дээ?

    -Тийм болчихъё, за ийм л болно доо гэсэн айхтар мөшгөл байсангүй ээ. Хүнээс үл дутах байя гэдэг санаа бодол хар аяндаа суусан. Даалгасныг сайн хийх, бодитой үр дүнд хүрэхийг хүсдэг хүүхэд байсан. Нэг нүдэлж зүсэлсэн  малаа мянгаас торохгүй олдог, адуунд явсан бол заавал олж ирэх ёстой гэх мэт дадлыг л ултай суулгасан хүүхэд байв гэвэл үнэнд ойр. Манайхны нутагладаг Хярын усны нурууны орчмын мал, ахуй аяс байдлын мэдээллийг надаас асуучихад чиг гаргачихна гэж хэлэгддэг л хүүхэд байсан санагддаг. Яльгүй гярхай байсан юм уу даа.

-Анхны өгүүллэгээ хэдэн онд бичиж байсан бэ. Хамгийн их урам авч байсан өгүүллэг, бүтээлийнхээ тухайд?

    -Хоёр мянгаад онд л бичсэн дээ. “Аав”, “Бэлэг” гээд жижигхэн уянгын бэсрэг эсээ бичээд хөөрхөн урам авч байлаа. “Бүтэн” өгүүллэгээ бичээд “юм” болчих шиг санагдаж байсан. Эргээд харахад тэгчих байж, ингэчих байж гэмээр зүйлүүд харагддаг ч тэр бүтээл мөн цагтаа л бүтээгдэн үлддэг. Хэр удаан орших нь ч мөнхүү гүйцэтгэлээс хамаардаг. Урлал хийгээд илэрхийлэл агуулга нь ашид яригдаж, үлгэрлэгддэг л бүтээл хийхийн тулд цаг зуурын магтаал, урмаас илүү ирээдүйд ирэх ханагар урмын төлөө бичиж, бүтээх ёстой санагддаг.

-Сэтгүүлчээр ажилласан он жилүүдэд хамгийн адармаатай санагдсан зүйл нь юу байсан бэ. Сэтгүүлчийн амьдралыг нэг өдрөөр дүрсэлбэл?

    -“Өдрийн сонин”-д ажилласан он жилүүд эдүгээ бүхний шат гишгүүр, ахиц, сурц байсан. Тэр хамт олонд гүн талархаж явдаг. Сонинд сэтгүүлчээр ажиллаж, редакцийн хэмнэлд ажиллахаар хувь уран бүтээлч бүх “бөөсөө” гээдэг. Илүү цэвэр бичих, найруулах эрдэмд боловсордог. Сэтгүүлч болох гэж буй хүн бүхэн болж өгвөл сонины технологийн дарааллаар суралцаад, энэ гал тогоонд сайн ороод гарвал мөн хэрэгтэй сэн. Адармаатай зүйл байлгүй л яахав, наанадаж, сонины бүх албаны дарга тойрч хийгээд олон жил болох амаргүй. Нэг л эргүүлгээр яваад байдаг. Сэтгүүлчийн амьдралын нэг өдөр ойлгомжтой шүү дээ. Өөрөө мэдэж байгаа. Урам уналт, уналт урам, олох сэрэх, сэрэх олохын замаар л урагшилдаг шүү дээ. Хэдий төлөвлөгөө байх ч бүх бичлэгээ засан төгөлдөршүүлж, “Нэг шинэ дугаар гаргаж, сайн сонин хийлээ” гэж баярлавч, маргааш дахиад л хов хоосон нүүрүүд мөнөөх л “уудаг” зүйлсээ уухаар хүлээн мэлтийж байдаг. Би л лав, хувьдаа, сонины уран бүтээлчдийг жинхэнэ баатарлаг хөдөлмөр эрхлэгчид гэж итгэдэг.

-Өдрийн сонинд хамгийн их үлгэр дуурайлал авсан хүн нь хэн байсан бэ. Тэр редакц, гал тогооноос та юу сурсан гэж бодож явдаг вэ. Сэтгүүлч байхын жаргал болоод хэцүү зүйл нь юу байсан бэ?

    -Бүгдээс нь үлгэр дуурайлал авсан. Бүгд нэгэндээ багшилдаг олон талт хөдөлмөр бол сониных. Сонины эрхлэгч байх зүй ёсны ур ухаан, сэтгэлгээ, энг Ж.Мягмарсүрэн эрхлэгчээс олж хардаг байсан. Тиймээс ч “Өдрийн сонин” Монголын тогтмол хэвлэл, тэр дундаа өдөр тутмын сонинуудаас үргэлж тэргүүлэгч байж ирсэн. Үүгээр над шиг олон хүн бахархдаг нь ойлгомжтой. Сонины гал тогоо бол хүнийг хүлээц, тэвчээр, үнэн байхад суралцуулдаг. Яагаад гэхээр, сонины сэтгүүлчийн юу хийсэн, яасан нь өдөр тутмын дугаар бүрээс тодорхой харагдаж байдаг. Нэг ёсондоо, хийсний нь үнэлэмж өдөр бүр олон нийтээс хийгддэг.

Хөдөлмөрийнхөө үнэлэмжийг ингэж өдөр тутам уншигчдаас авдаг ажлын байр бол сонины сэтгүүлчийнх. Аа, энэ хөдөлмөртөө тэнцэж, сайн бүтээл хийж сониныхоо нүүрийг чимж, агуулгыг баян харагдуулах нь сэтгүүлчийн жаргалтай болоод хэцүү үйлс юм.

-Хамгийн адал явдалтай бичиж байсан нийтлэл, сурвалжилгаасаа сонирхуулаач, залуу сэтгүүлчдэд сонин байж мэднэ?

    -Бүгд л өөрийн гэсэн их бага түүхтэйгээр бүтдэг. Тээр жил, одоо тээр жил гэж болох юм даа, арван найман жилийн өмнийн тохиолыг. “Бүлээн”-ийг бичихээр Дорнодын Эрээнцав орсон минь санаанаас гардаггүй. Гол нь тэр уран бүтээллэг эрэл, хичээл нь одоо бодоход юутай гоё тэмүүлэлтэй байсан юм бэ. Яг Данзангийн Нямсүрэн найрагчтай өөртэй нь уулзаад байгаа юм шиг санагдаад л. Хэдий өөрөө тэнгэрт дэвшээд хоёр жил болсон байсан ч яг л тэр найрагч өөрөө амьд хүлээж байгаа мэт халуун амьд эрчим, гоо сайхны ертөнцийг тэр хүн Эрээнцав нутаг, Дорнодод буй болгосон байсныг алхам бүрд мэдэрч явж байлаа. Манай П.Хашчулуун Дорнодод ажиллаж байлаа. Бид хоёр хөөрхөн ууцгааж, зутраад л. Нэг их цастай Дорнодоос ирээд хоносон шөнө үүрээр Д.Нямсүрэн найрагч  “Сайн бод, сайн бод, сайн бич” гэж зүүдэнд “Өөрөө ирж” хэлээд байж билээ. Тэгэхэд л би хүний сүнс, хүн өөрөө үргэлж амьдардаг юм байна гэж мэдэрсэн. Ингэж ярихаар хүмүүс гайхаж мэднэ. Ойлгох нэг нь ойлгоно буй.

-“Бүтэн” өгүүллэгийн ном хэвлэгдсэний дараа Б.Золбаяр хэрхэн өөрчлөгдсөн бэ. Хүмүүсээс урмын үг их ирсэн болов уу гэж бодож байна. Тэр үед илүү сайн бичихийн тулд хэр шатаж байв?

     -Анхны ном. Маш сайхан байсан шүү, хүмүүсийн өгсөн урам, итгэл. Л.Түдэв, Ч.Билигсайхан багшаас эхлээд цөөнгүй хүн урам магтаал хайрласан. Урам магтаал өгөх тусам аюух, эмээх зэрэгцдэг. Хүлээлгэж байгаа итгэлд эс тэнцвэл яана гэсэн зовнил. Сайн бичихийг үргэлж эрмэлзэж байна. Миний санамж энэ. “Бүтэн” гарснаас хойших миний өөрчлөлт гэвэл “Бүтэн”-ээс үл дутах, илүү бичих л өөртөө ноогдуулсан шаардлага байх аа.

-Таны бичгийн хэл, ялангуяа өгүүллэг шиг “урласан” аян замын тэмдэглэлүүдийн зүйрлэлүүд орчин цагийн залууст төдийлөн байхгүй, маш сайн боловсорсон, оновчтой бөгөөд уран үгсийн хэлхээс байдаг. Аяндаа бичдэг үү, дахин дахин засварладаг уу?

     -Аяндаа нэг л бичдэг. Үг солих, найруулга төгөлдөр болгох жижиг сажиг засвар л хийдэг. Сонины хөдөлмөрийн ач шүү дээ. Нягт болгочихдог. За тэгээд, сайхан монгол хэл минь, яаж л бол яаж илэрхийлэх боломжийг олгосон үгэн далайгаар үргэлж булхаж, булхуулж байдаг болохоор тэмдэглэл бичих урамтай шүү. Уран байх гээд уран бичдэг хүн би биш. Зүгээр л надад байгаа илэрхийлэх боломж маань тийм л зохионгуй, үгийн цутгалаар бүрддэг. Хэт угалзруулаад, үг зохиов энэ тэр гэсэн үгнүүд сонсогдож л байдаг. Бичсэнээ харахаар буруутмаар юм бичээгүй л үзэгддэг.

-Таны ширээний ном. Залуусыг хэний, ямар ном, бүтээлийг заавал уншаасай гэж боддог вэ?

    -Д.Нямаа гуайн “Тэнгэрийн хаяа”, Д.Батбаяр гуайн “Навчсын хүүрнэл”, Д.Урианхай ахын “Холдох төв” номуудыг уншаасай гэж нэрлэж хэлмээр байна. Миний ширээний ном бол миний бодол дурсамж юм. Миний дурсамж бодлоос дамжиж, бүтээл болсон ном бусдын ширээний ном байгаасай гэдэг бодол бол миний ширээний ном. Тиймээс өөртөө юу байгааг нээх, өөрөөсөө төрүүлэх сайн бүтээлийг олохын төлөөх эрмэлзэл бол миний ширээний ном гэж бас хэлж болох санагдана.

-Хамгийн олон удаа уншсан ном, зохиол тань юу вэ?

   -Их уншсаны дэргэд нимгэвтэр, бага уншсаны дэргэд зузаавтар уншжээ. Унших тусам тэлэх нь жам. Миний хамгийн их уншсан ном бол нутаг ус,  хамгийн их унших ном зохиол бол аав ээж, гэр бүл, тоонот нутаг, өвгөд эмгэд, байгаль дэлхий, хүн, үнэн юм.

-Сэтгүүлч, зохиолч ер нь уран бүтээлчдэд ямар нэг юм бичих, бүтээхийнхээ өмнө кофе уудаг, хөгжим сонсдог, тамхи татдаг, зарим нь бүр бүтээлээ дуустал харанхуйд бичдэг гэх мэт зуршил байдаг шүү дээ. Таны хувьд?

    -Өглөө эрт, үүрээр бичих. Бодол оюун санаа цэгцлэгдэж, бодоод унтсан зүйл алхмаа хэдийнэ хийсэн байдаг. Өглөө эртийн хоёр цаг, дөрөв гучаас зургаа гуч бол алтан цаг. Хөгжим сонсоно оо. Киноны хөгжмүүд. Эннио Морриконе тэргүүтнүүдийн. Гоё хөгжим сонсож гоё зүйл бичих бол гайхам тансаг мэдрэмж.

-Гэр бүлээ танилцуулаач. Гэргийтэйгээ хэрхэн танилцаж байв. Анх дурлаж байсан Э.Энэрэл өнөөдрийн гэргий, хоёр хүүхдийнх нь ээж Э.Энэрэл хоёртоо хандаж юу хэлэх вэ. Тэр үед хэлж байсан үгс, үйл явдлууд өнөөдөр ч үргэлжилж байгаа юу?

    -Манайх хоёр хүүхэдтэй, Монголын жирийн л нэг айл. Эхнэр сэтгүүлч, ажил амьдралын талбарт танилцаж, ханилж суугаад 20 гаруй жил болжээ. Туйлбартай, үнэн, зүтгэлч чанар миний ханьд бодитой оршдог. Тиймийн л тул итгэл үнэмшил ноёлж амьдарсан. Анх харж цэгнэж хүндэтгэсэн тэр чанарууд нь өөрчлөгдсөнгүй, илүү бэх болж дээ. Тийм болохоор хориодхон настай ханилж суусан гэргийгээ хайрлаж хүндэтгэх сэтгэл илүү энтэй болдог юм байна аа.

-10 жилийн дараах Б.Золбаярыг юу хийсэн байхаар төсөөлж, төлөвлөж байна вэ, уран бүтээлийн хувьд?

    -Хийх зүйл олон. Үндэстнийхээ ухамсар, оюун санаа, билиг билгүүнд ширхэг ханасан бүтээлүүд өгсөн, өгсөөр байх сайхан монгол зохиолч, уран бүтээлч байхыг л бодож байна. Үндэстний онцлогоо үнэмлэхүй гаргасан уран бүтээлч л өд жигүүр нь алс дэвдэг гэж ойлгодог. Иймэрхүү л үг хэлье дээ.


Б.ЗОЛБАЯР: ҮНДЭСТНИЙ ОНЦЛОГОО ҮНЭМЛЭХҮЙ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧИЙН ЖИГҮҮР Л АЛС ДЭВДЭГ ГЭЖ ОЙЛГОДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-27 08:36:29
    Мягмарсүрэн: 2004 онд одоогоос 20 жилийн өмнө Монголбанк байгуулагдсаны 80 жилийн ойн баярын ажлын хүрээнд сэтгүүлч Б.Золбаяртай танилцаж түүнээс хойших хугацаанд бичсэн нийтлэл, өгүүлэл,зохиолыг нь сонирхож уншиж байна. Тэр үед их өвөрмөц хэллэгтэй өгүүлэл,нийтлэл бичдэг гэж бодож,дүгнэж байлаа. Өнөөдөр энэ ярилцлагыг уншаад Б.Золбаяр зохиолч,сэтгүүлчийн талаархи мэдээллийг авч маш их бахархах сэтгэл төрлөө. Таньд уран бүтээлийн амжилт,эрүүл энхийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-23 02:58:40
    Пүүжээ ах: Дүү мундаг мундаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-19 20:26:21
    Д.Дашдондов: Ухаалаг сайхан хариултууд таалагдлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-19 18:14:17
    Баасанжав: Үнэхээр үнэн, зөөлөн сэтгэл гиилэгсэн ярилцлага бна баярлалаа дүүдээ . Уран бүтээлийн их олз омог , их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-19 09:59:02
    Lkhagva: Saihan yariltslaga boljee. Minii duu ch mundag shuu. Duudee uran buteeliin ondor amjilt husie.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188