• Өнөөдөр 2024-04-26

ТАЙГЫН ДУУЧ Н.ЦОГБАДРАХ: ДАРХАДЫН ХОТГОРООС БҮТСЭН “САМГАЛДАЙ” ДУУГАА БҮХ АРД ТҮМНИЙ ИХ НААДАМД ДУУЛЖ, ГУРВАН УДАА ТҮРҮҮЛЖ БАЙЛАА

2023-07-14,   6368

 АРД ТҮМЭН СОНСОХООС УЙДАХГҮЙ БАЙХАД, БИ ДУУЛАХААС УЙДАХГҮЙ ЭЭ

...”Би дуулах нь битгий хэл, олигтой дуугарч чадахгүй байсан хүн Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх гараад 

“Хажуунаас нь харахад

Ханан хээтэй самгалдай

Хажуунаас нь хараагүй хүн

Хад чулуутай гэх л байх даа” гэж дуулан бүх ард түмний их наадмын түрүүг гурван жил хүртсэн. Тэр цагаас хойш би дуунд дэндүү дуртай болсон юм. Идэр есийн жаварт Алаг шишгэдийн хотгор дошгин тайгын уур, мананд хөвөлзөж байхад тэртээ эгц уулсыг ширтээд "Самгалдай"-гаа аялан зогсдог болтлоо шүү дээ. Хэдийнээ 40 жил өнгөрчээ” хэмээн далд бүхнээ дэлгэн ярих эрхэм бол тайгын дууч Н.Цогбадрах. Тэрбээр өдгөө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаараа хаяглаж, Дархадын хотгортоо нутаглан суугаа Дархад ястан. Өнөө бидний дунд алдаршсан Самгалдай хэмээх дууг анхлан Уйгур хэлнээс Монгол хэлэнд хөрвүүлж, ард түмний их наадамд толилуулсан ардын авьяастан юм. Харин уг дуу нь анх Самгалдай уулнаа нутаглаж байсан цаатан ардын дундаас төрж, далд авьяаст эл хүнээр дамжин монгол түмэнд хүрчээ. Өөрөөр хэлбэл Өлийн даваанаас Монгол Шарын даваа хүртэлх 136 км Дархадын хотгорт оршиж байсан нууц авьяас ингэж "Самгалдай" хэмээх уянгын дуутай хамт ил болсон түүхтэй. Хожим түүний тухай нэгэн сэтгүүлч баримтат киноны хальсанд буулгаж “Тайгын дууч” хэмээн нэрийдсэн нь МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгт үлджээ. Тус баримтат кино 2011 оны сүүлчээр АНУ-ын Нью-Йорк хотын “Куад” кино театрт гарч эхэлснээр үзэгчдийг алмайруулж, “2011 оны Олон улсын шилдэг баримтат кино”, 2012 онд Лос-Анжелес хотын кино фестивалд түрүүлж байсан гэдэг. Чухам энэ нь Дархад ястны дархлаа болсон Н.Цогбадрахын хосгүй авьяасыг Ази, Европ дахинаа хүндэтгэн мялааж байсны гэрч бизээ. Тэгвэл бид уншигч таны өмнө 40 жил аялгуу нь тасраагүй "Самгалдай" дууны эзэн Н.Цогбадрахтай ярилцсанаа хүргэж байна.

-Цаатан ард түмний Самгалдай уулаа тэгтлээ магтан дуулах болсон шалтгаан бий болов уу. Та тэр талаар хамгийн сайн мэдэх байх? 

        -Энэ дууг Дархадын хотгорын цаатан ард олон жилийн өмнөөс өвлөн дуулж ирсэн юм гэнэ лээ. Харин дуу төрсөн түүх нь тэртээ нэг өдөр Орос, Монголын хилийн зурвас татах үеэр цаатан ардын нутаглаж байсан Самгалдай уул хоёр улсад хуваагдсан юм билээ. Тэр цагаас хойш цаатан ард Самгалдай уулаа бүтэн хэвээр санан дуулж, энэ дуу бүтсэн түүхтэй гэдэг. Би хожим монгол хэлэнд хөрвүүлж, аяыг нь бага зэрэг удаан хэмнэлтэй болгож өөрчлөөд, одоо ард түмний сайн мэдэх дуу болсон доо. 

-Бүх ард түмний их наадмын тайз таны анхны тайз байсан гэж үнэн үү. Хүүхэд байхаасаа дуулж эхлээгүй хэрэг үү? 

       -Миний дуутай холбогдсон түүх их сонин. 1981 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн отрядад гурван жил цэргийн алба хааж ирээд удаагүй байсан үе. Улаан-Уул сумынхаа соёлын төвд тайзны гэрэл хариуцан ажилладаг байлаа. Энэ үед соёлын төвийн эрхлэгч Баярмагнай намайг бүх ард түмний их наадамд олон түмний төдийлэн мэдэхгүй Самгалдай гэх дууг дуулж, оролцохыг санал болгосон. Надаас өөр оролцох хүнгүй байсан болоод тэгсэн байх. Гэтэл би дуулах нь битгий хэл, олигтой дуугарч чадахгүй байсан хүн Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх гараад 

“Хажуунаас нь харахад

Ханан хээтэй самгалдай

Хажуунаас нь хараагүй хүн 

Хад чулуутай гэх л байх даа” гэж дуулан бүх ард түмний их наадмын түрүүг гурван жил хүртсэн. Тэр цагаас хойш би дуунд дэндүү дуртай болсон юм. Идэр есийн жаварт Алаг шишгэдийн хотгор дошгин тайгын уур, мананд хөвөлзөж байхад тэртээ эгц уулсыг ширтээд Самгалдайгаа аялан зогсдог болтлоо шүү дээ. Хэдийнээ 40 жил өнгөрчээ.

-Бүх ард түмний их наадамд түрүүлнэ гэдэг тухайн үед ардын авьяастнуудын мөрөөдөл байсан биз. Харин та анх удаа тайзан дээр гарч дуулаад түрүүлэхэд зааж, зөвлөж, дэмжиж байсан хүн бий болов уу?

         -Би урьд нь олон түмний өмнө гарч дуулж үзээгүй, учраа мэдэхгүй л хүүхэд байсан. Харин тэр нэг өдөр Баярмагнай эрхлэгчийнхээ саналаар дуулах гэж оролдоод, 1983 онд "Самгалдай" дуугаа Шархүү гэх багшаас сурсан юм. Ингээд заавар, зөвлөгөөг нь хүртсээр 1986 онд бүх ард түмний их наадамд анх удаа оролцсон доо. Энэ бол яах аргагүй миний болон "Самгалдай" дууны анхны тайз. Харин уг дуу дуулагдахдаа хоёр мандалин, нэг лимбэ, нэг контерванс гэсэн хөгжмийн найруулгатайгаар тавигдаж байсан юм. Тухайн үед гавьяат жүжигчин Амар, "Чандмань эрдэнэ" дууг дуулж ард түмний их наадамд тэргүүн байр эзэлж байсан цэрэг Мөнхбаяр зэрэг үе тэнгийн дуучидтайгаа нэг тайзанд гардаг байлаа. 

ЦААТАН АРДЫН ТЭР ИХ СЭТГЭЛИЙН УЯНГА, АСАР ХУРЦ ҮГСИЙГ БИ СЭТГЭЛ ЗҮРХНЭЭСЭЭ АСГАРЧ ДУУЛАХААС ӨӨР АРГАГҮЙ

-Анхны тайз босго өндөртэй байжээ. Тухайн үед та юу мэдэрч байсан бэ? 

      -Сандарч байсан гэж жигтэйхэн. Өглөө найман цагт тоглолт эхлэхээр байсан юм. Би бодохдоо “Өглөөний найман цагт төвийн хүмүүс сэрэхгүй, зэрийтэл цуглахгүй байх. Цөөхөн хүний өмнө гараад дуулчихна даа” гэж л дотроо өөрийгөө тайвшруулж байлаа. Тэгээд яг цагтаа театр луу ортол зэрийтэл дүүрэн хүн цуглаад тэмцээн эхлэхийг хүлээж байсан юм. Тайзан дээр гараад өөрийгөө яаж дуулснаа ч санадаггүй. Харин дуулсны дараа Увс, Ховд аймгийн ардын авьяастнууд намайг сураглаж ирээд "Самгалдай" болон миний талаар нэлээд ярилцаж байгаад явсан даа. Ингэж анхны тэргүүн байраа хүртэж байсан. 

-Дараагийн хоёр жилийн их наадамд дахин "Самгалдай" дуугаа дуулсанд учир бий юу?

        -Учир нь нэг талаараа Хөвсгөлчүүд бидний дархлаа бол цаатан ард юм шүү дээ. Нутгийнхаа өв соёлыг агуулсан дууг дуулах нь зөв сонголт юм шиг санагдаад оролцож байсан юм.

Харин нөгөө талаараа "Самгалдай-г дахин тайзан дээр сонсохыг хүссэн олон хүн байгааг би мэдэрч байсан. Анх дуулсны дараа л олон хүн дууны талаар асууж ирсэн болохоор ч тэр үү. “Өвөрмөц дуу” гэж цуурж байна гэхийг нь сонссон юм.

     Ингэж хоёр жилийн тэмцээндээ мөн л "Самгалдай" дуугаа сурамгай, туршлагатай дуулж түрүүлсэн. Үзэгчдээс гадна тэмцээний шүүгч нар нь монголын алдартай дуучин хүмүүс байлаа шүү дээ.  Ард түмэн сонсохоос уйдахгүй байхад, би дуулахаас уйдахгүй ээ.  


-Үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулахын тулд та өөрөөсөө юуг илүү дайчилж байв?

       -Цаатан ардын тэр их сэтгэлийн уянга, асар хурц үгсийг би сэтгэл зүрхнээсээ асгарч дуулахаас өөр аргагүй. Тиймээс үзэгчдийн сэтгэлд хүргэж дуулахын тулд өөрийн зүрхэнд эхлээд хүргэж дуулах ёстой. Ялангуяа Дархад ястан аливаа дууг дуулахдаа эхний хоёр мөрийг тод аясаар эхэлж, төгсгөлийг зөөлнөөр дуусгадаг. Энэ нь дуулж байгаа хүний чин сэтгэлээс гарч байгаа өнгө аяс. Дуулахад ухаан шаарддаг гэж үнэн байх л даа.

-Хүүхэд ахуй насаа хэрхэн өнгөрүүлсэн бэ? 

       -Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумандаа төрж өсөөд, Улаанбаатар хот руу ээжийнхээ хамт явсан. Миний ээж Офицеруудын ордонд олон жил ажиллаж байсан цэргийн хүн. Харин би Улаанбаатар хотын 14 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд, цахилгаанчин мэргэжилтэй болсон. Удалгүй цэрэгт явж ирээд нутаг руугаа буцсан даа. 

-Таны удамд дуулдаг хүн байв уу? 

      -Миний ургийн овог Дууч гэж явдаг л даа. Гэхдээ энэ нь дуучин гэдэг утга санааг агуулаагүй. Өвөг дээдэс маань дуу чангатай хүмүүс байсан гэх юм билээ. Харин ойрын удамд дуучин хүн байхгүй. Надаас хүмүүс "Удам дамжсан дуучин уу" гэж асуух нь их. Би бодохдоо өөрийн төрөлх авьяас байх л гэж таамагласан. 

-Та дуулснаасаа цагаасаа хойш Дархад ястны дууны өв соёлыг судалж, сурталчилж ирсэн гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Энэ өвийг хэрхэн өвлүүлж байна вэ? 

      -2011 онд Дархад дууны багшаар сумын соёлын төвдөө ажиллаж эхэлсэн минь энэ их өвийг өвлөж, хамгаалах ажлын нэгээхэн хэсэг. Тиймдээ ч сумын сургуулийн хүүхдүүдэд дархад дууг сургаж, өв соёлыг нь таниулсан. Энэ бол яалт ч  үгүй бидний өв эрдэнэ. Тиймээс л би энэ үйл хэрэгт найман жил тууштай ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Одоо ч нутгийн ард түмэндээ болон судлаач, урлагийн хүмүүсд өв соёлынхоо хэлтэрхийг өвлүүлэх гэж яваа. Харин өөрийн үр хүүхдэдээ өвлүүлэх гэж нэг их яарсангүй ээ. Тэд өөрсдийн хүсэл сонирхлоор яваг гэж бодсон юм. Чухам тэдний маань ухамсар, ухаан л мэдэх байх. 

ОДОО Ч ЖАВАРТАЙ САРЬДАГАА ШИРТЭЭД ДУУЛЖ СУУХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

-"Самгалдай" дууг цаатан ардын анхны хэлбэрээр нь дуулж чаддаг хүн таниас өөр бий юу?

       -Байлгүй яах вэ. Хөвсгөл аймгийн Цагааннуур сум бол Цаатан ардын өлгий нутаг. Тиймдээ ч одоог хүртэл тэд "Самгалдай"-г дуулж заншсан анхны хэлбэрээр нь дуулдаг. Цагааннуур сумын хүүхдүүд ч сайн дуулна. Тэд унаган тайгадаа өсөж торнисон болохоор өв, соёлоо тээж яваа чухал өв тээгчид юм шүү дээ. 

-Дархадын хотгор нь цаатан болон дархад ястны өв, соёлыг хадгалж буй чухал бүс нутагтаа орох байх?

      -Тийм ээ. Өлийн даваанаас Монгол Шарын даваа хүртэл 136 км газар бий. Тэр газар нутагт цаатан болон дархад ястны өлгий дөрвөн сум оршдог. Нутгийн ардын дунд очвол дархад хэллэг, аялгуу дууны дархлаа асар өндөр. Тэдний өв соёлд ямар ч цав суугаагүй гэхэд болно. Дархадын хотгорт л ийм үнэлж баршгүй биет бус өв бий. Тиймээс л Дархадын хотгороос "Самгалдай" дуу бүтсэн.

-Дархад дууны урын санг та судалж байсан уу. Дуу бүр өөр, өөрийн онцлогтой байх? 

       -Дархад дууны их урын санд 300 гаруй дуу байдаг. Энэ нь Дархад ястны аж амьдрал, өв соёл, хөгжөөн наргиан, хайр сэтгэл, нутаг ус агуулсан баялаг утгатай. "Самгалдай" дуунаас гадна Дархад ардын дуунд “Дураараа явах сайхан” “Амраг минь болдог ч болоосой хоё” гээд сайхан дуу олон бий. Үүнийг нутгийн хөгшид хамгийн сайн мэднэ. Одоо ч жавартай сарьдгаа ширтээд л дуулж суухыг үгүйсгэхгүй.

-Бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

       -Баярлалаа 

    Их тайгын сүр хүчин дунд нуугдан орших Самгалдай хайрханы өвөр бэлд цаатан ард сэтгэлээ хөвөрдөн дуулж суух зуур, ард түмний дунд нуугдсан ардын авьяастан ийн өөрийгөө аялгуу эгшигтэй холбон суух ажээ. Түүний бүх ард түмэнд үнэлүүлсэн цээл хоолой, "Самгалдай" дуутайгаа Алаг шигшэдийн хотгорт жавартай хамт бүрхэж, хавартай хамт мэндэлсээр 40 жилийг үдсэн нь энэ билээ. Гэсэн ч тэр хуучирдаггүй. Түүний хэлснээр “Ард түмэн сонсохоос уйдахгүй байхад, би дуулахаас уйдахгүй” гэх үг Монголын урлагийн тайзнаас хэзээ ч буухгүй байх. 

 


ТАЙГЫН ДУУЧ Н.ЦОГБАДРАХ: ДАРХАДЫН ХОТГОРООС БҮТСЭН “САМГАЛДАЙ” ДУУГАА БҮХ АРД ТҮМНИЙ ИХ НААДАМД ДУУЛЖ, ГУРВАН УДАА ТҮРҮҮЛЖ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 15:23:11
    Ж Чанарав: На
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-14 08:39:06
    М.Цэвгээ ;: Би тэр үeд залууханч байждээ их наадамд үндасний шанз хөгжим тоглрж оролцож байлаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-14 08:34:53
    Цогоодоо баяр хүргэe,танил дүр төрх байна шүү 1983 онд ард түмний урлагийн наадамд Хөвсгөл аймгаас оролцож байлаа сайхан дурсамж ярьжээ энэ бол үнэн юмаа : Тэр үeд их наадамд оролцож байсан танил найзууд зарим нь одоо ч холбоотрй байдаг юмаа Сайхан Самгалдай дуучин Цогоо найз минь сайн б.а уу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188