• Өнөөдөр 2024-04-26

ДУРСАМЖААС УНШИХУЙ ХҮРТЭЛ

2021-01-23,   1951

“Уран зохиол бидний амьдралыг юу ч орлох боломжгүйгээр баялаг болгодог” гэж тэр хэлсэн юм. Тэр гэдэг нь яг одоо уншигч тантай уулзуулах гэж байгаа, ярилцлагын маань ээлжит зочин.

Түүнийг Балдоржийн Алтанхуяг гэдэг. МУИС-ийн “Утга зохиол, судлаач шүүмжлэгч”-ийн ангийг төгссөн тэрбээр оюутан ахуй цагаас сэтгүүлзүйд ажиллаж, түүнийхээ хажуугаар уран бүтээлээ ч жигдхэн туурвиж яваа нэгэн. Өдгөө “Монцамэ” агентлаг, “Interviewсэтгүүлчийн тоймчоор ажилладаг тэрбээр уран зохиолын судлал, шүүмжийн “Уншихуйд автахуй” шинэхэн уран бүтээлээ уншигчдад хүргэхэд бэлэн болоод байна.  

Монголд цар тахлын харанга дэлдэх болсон. Гэвч уран бүтээлч хүн жаргалтай дэлгэр, дайн самуун, байгалийн гамшиг, өвчин зовлон дэгдсэн аль ч цаг үед уран бүтээлээ орхигдуулдаггүй. Ийм жишээ ч олон бий. Түүний нэг нь зохиолч, сэтгүүлч Б.Алтанхуяг юм. Биднийг түүнтэй ярилцахаар гэрт нь очиход ширээн дээр дэлгээтэй номнууд байсан нь тэр ном уншиж суусан нь илт. Түүнийг ихэнх хүн “Ако” хэмээх цахим хаягийнх нь нэрээр дуудна. Ийнхүү уншигч таныг түүний ертөнцөд урьж байна.

-ЧЕХОВ БОЛ МАШ НЯМБАЙ ЗОХИОЛЧ-

-Шинэ номоо өлгийдөж байгаад тань баяр хүргэе. “Уншихуйд автахуй” номын талаар болон уншихуйд автахын талаар санал бодлоо хуваалцахгүй юу?

-Миний хувьд номыг маш их таашаал эдлэн уншдаг. Багадаа хичээлийнхээ завсарлагаанаар ангийн хүүхдүүд шуугилдаж байхад чихэвчээр намуухан ая тавиад ном уншдаг байлаа. Ингэснээр ямар ч орчинд бусад зүйлд анхаарал хандуулалгүй уншиж буй номондоо төвлөрч сурсан. Энэ нь магадгүй хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж, түүндээ автсан байхыг хэлэх болов уу. Ер нь уншиж байгаа номондоо шимтэх л юм даа. Гол нь шүүмж судлалын номын нэр яруу найраг, хүүрнэл зохиолын номын нэртэй харьцуулахад илүү ерөнхий, цогц байх ёстой гэсэн үүднээс “Уншихуйд автайхуй” гэдэг нэр өгсөн. Дөрвөн жилийн өмнөөс уг номыг хийх тухай ерөнхий санааг нь гаргаад номын редактор, яруу найрагч Я.Баяраа ахтайгаа ярьж, дээрх нэрийг бодож, олсон байсан даа.

-Номын агуулгын талаарх яриа маань юу болов оо?

-Уг ном Америкийн зохиолч Эдгар Аллан Погоор эхэлж, Канадын зохиолч Янн Мартелаар төгсөж буй. Нийт 40-өөд зохиолчийн уран бүтээлийн тухай задлан шинжлэл, шүүмж, уран сайхны бичвэр багтсан. Нөгөөтэйгүүр тус номд орсон зохиолчдын бүтээлийг монгол хэл дээр унших бүрэн боломжтой эсэхийг бодолцож үзсэн байгаа. Ном зургаан бүлэгтэй.

-Бүлэг тус бүр мэдээж өөрийн онцлогтой байх гэж тааварлаж байна. Энэ тухай ярихгүй юу?

-Номын эхний бүлэг нь “Миний таних илбэчид” нэртэй. Үүн дотор Эдгар По, Итало Кальвино, Эдогава Рампо зэрэг зохиолчийн тухай бий. Амьдралд бодитоор өрнөх боломжгүй юм шиг зүйлс өчнөөн тохиолдоод тэр нь дараа нэг бодоход дурсамжаас өндийж, нэг бол зүүд шиг санагдах нь бий. Тэгвэл түүнийг “Бодит байсан юм шиг, үгүй бол бодитоор байх боломжтой болгож хэрхэн илэрхийлэх вэ”. Эдгээр асуултад тэд хариулдаг шиг санагддаг.

Хоёрдугаар бүлэг нь “Бийр гарзаддаггүй дуучид”. Ясүнари Кавабата, Ульям Фолкнер, Чингиз Айтматов, Антон Чехов гээд томчууд бий. Яагаад ийн нэрлэж, дээрх зохиолчдыг нэг дор багтаасан талаар нэг жишээ дурдаж болно.

-Ямар жишээ?

-Надад Чехов маш нямбай санагддаг. Тэр нэг ч үг орхидоггүй, нэг ч илүү үг өгүүлбэртээ багтаадаггүй. Тиймээс л бийр гарздаж байгаагүй гэсэн үг.

-Одоо дөрвөн бүлэг үлдлээ шүү?

-Заримыг нь нууц хэвээр орхисон дээр биз ээ. Д.Нацагдорж, Гүр.Нямдорж, Ц.Буянзаяа, П.Баярсайхан зэрэг зохиолчийн бүтээлд төрөл зүйл, бичлэгийн хэлбэрт нь хийсэн задаргаа бий. Мөнхүү яг одоо ид бүтээн туурвиж буй яруу найрагч Б.Баясгалан, С.Начин, Я.Баяраа, Мө.Батбаяр зэрэг залуу уран бүтээлчдийн ном зохиолд хийсэн шинжлэл, уран сайхны бичвэрүүд нь багтсанаар илүү онцлогтой болсон болов уу. Ямартаа ч зохиолын тухай зохиол шиг уншигдахуйц уран сайхны шүүмж, бичлэгийн хэлбэрийг туршиж бүтээсэн. Хэдий тийм ч учраас шүүмж судлалын ном боловч уншигчдыг уйдаахгүй гэж найдаж байна.

-Уг бүтээл таны уран бүтээлийн анхны шүүмж, судлалын ном болж байна. Өмнө нь цөөнгүй яруу найраг басхүү өгүүллэгийн ном хэвлүүлсэн. Хүүрнэл зохиол, шүлгийн хэв маягаас шүүмж судлал руу орох хэр байна вэ?

-Бичгийн хувьд тулгарах хүндрэл, бэрхшээл байгаагүй. Яруу найргийн тухайд гэвэл өөрт төрсөн мэдрэмжээ л цаасанд буулгаж байгаа шүү дээ. Хүүрнэл зохиолын хувьд ч гэсэн миний ажигласнаар зарим нэг ялгааг эс тооцвол адил. Харин миний хувьд их сургуульд орсон цагаас л шүүмж бичиж, арай гайгүй болсныг нь Х.Чойдогжамц, О.Содномпил ах нартайгаа ярьж байгаад “Үндэсний шуудан”, “Өнөөдөр”, “Open door” зэрэг сонинд гаргадаг байсан. Шүлэг, өгүүллэг, шүүмж гээд алийг нь ч орхигдуулалгүй зэрэгцүүлэн бичиж ирсэн учраас аль нэгээс нөгөө рүү нь шилжихэд хүндрэл тулгардаггүй.

-НААДАМ БОЛГОНООР МОРЬТОЙ ХАМТ СОНСОГДОХ ДЭНДҮҮ ДОТНО НЭР-

-Таны анхны ном “Миний аавын адуу” хэмээх яруу найргийн түүвэр бий. Мөн та аавдаа олон шүлэг зориулсан байдаг. Аавын тань тухай яриагаа үргэлжлүүлье?

-Арван жилд байхдаа “Дэлүүн болдог” хэмээх улсын шүлгийн уралдаан Хэнтий аймагт болоход нь оролцож, түрүүлж байсан. Тэр наадмын үеэр 16 настай байхдаа Хэнтийн Батхүү гэх яруу найрагч ахтайгаа танилцаж асан. Дараа нь миний номыг хэвлүүлж өгнө гээд Улаанбаатарт дуудсан. Намайг ирэхэд Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд ахтай минь танилцуулж өгсөн дөө. Ийнхүү анхны номоо “Жи ком” пресс хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн. Гэхдээ миний бага насны дурсамжийг хадгалсан, мөр толгой холбож сурахдаа л бичсэн шүлгүүд. Одоо бол ном гэхээсээ илүү дурсамж гэж бодож явдаг даа.

Аавынхаа тухай бичдэг болохоос би нэг их яриад байдаггүй. Хүмүүс ч тэр бүр асууж байсангүй. Аавыг минь Гомбосүрэнгийн Балдорж гэдэг. Хар багаасаа л моринд их хайртай хүн байсан гэдэг. Бүр наймдугаар ангид байхдаа БНМАУ-ын “Эмнэг хангал сургалтын спортын мастер” цол хүртсэн адуучин хүн. Гурван настайгаа л хойш аавтайгаа хамт морин дэлэн дээр өссөн дөө. Сүүлд нутгийн маань нэг сэтгүүлч эгч “Г.Балдорж, Наадам болгоноор морьтой хамт дуулддаг дэндүү дотно нэр” хэмээн дурсахыг нь сонсож суухад сайхан байсан. Эцэг хүн үрээ зэмлэж, загналгүй л яах вэ. Гол нь аав үргэлж л миний талд бат зогсож, хүүгийнхээ сонголтыг хүндэтгэдэг хүн байсан. 

-Аав тань адуунд их ойр хүн байжээ. Харин та бичгийн хүн. Хааяа аавынхаа зам мөрийг дагаж, адуутай ойртож, уяж хурдлуулах талаар боддог уу?

-Үгүй. Би гурван настайгаасаа л адуунд ойр өссөн. Олон арван удаа хэвтэрт ортлоо мориноос унаж ч явсан. Гэхдээ эдгэхийн төдий болоод л буцаад мориндоо морддог байсан. Тэгэвч би сонголт хийсэн. Арван жилээ төгсөж оюутан болохоор явахынхаа өмнө аав, ээж хоёрт “Би ингээд оюутан боллоо. Гэхдээ намайг хөдөө гарч аавынхаа ажлыг үргэлжлүүлэн морь уяж, малаа дага гэвэл одоо л тэгье. Үгүй бол би сонгосон замаараа л явна” гэж хэлсэн. Тэд минь надад итгэж сургуульд явуулсан. Энэхүү шүүмж судлалын номоороо эрдэмтэй хүн болно хэмээн итгэж суусан ээж, аавынхаа ачийг бага ч болов хариулах сан гэж зорьсон доо.

Тийм ч учраас л аль найман жилийн өмнөөс би өөрийгөө морь уямаар санагдах сэтгэл, тэр мэдрэмжээс бүрэн чөлөөлсөн. Аав минь моринд хайртай байсан, би адуутай ойр өссөн. Гэвч нэгэнт явах замаа би сонгосон шүү дээ. Одоо бол бичих ёстой л гэж боддог. Энэ л миний ажил.

-Шинэ номынхоо талаар ярихдаа “Амьдралд бодитоор байж боломгүй зүйл, бодитоор бий болвол яах вэ” хэмээж байсан даа. Хэрэв өөд болсон эцэгтээ сэтгэлийнхээ үгийг хэлэх боломжтой бол та юу гэх байсан бэ. Хэлж чадалгүй дутуу орхисон үгс бий юу?

-Тийм гэж итгэлтэй хэлж чадахгүй байна. Үгүй ч гэж бас зоригтой дуугарчихаж болохгүй нь. Тухайн үед нэг сайн уйлаад авсан. Үргэлж дотор минь байж, санахын төдийхөн дэргэдээс ургах олон дурсамжийг хамт бүтээлцсэн. Аав минь идэр залуу нас, хайр дурлал, дуртай юмаа хийж хүртсэн алдар нэр, хүүтэй байхын жаргал, зовлонг ч бүгдийг тэнцүүхэн эдэлсэн. Туулах ёстой амьдралаа туулаад гарсан хүн байсан. Харин нэг л зүйлд жаахан харамсаж, сэтгэл хааяа хөндүүрлээд байдаг юм.

Нууцалмаар ч сүртэй зүйл биш л дээ. Аав минь үргэлж л “Хүүгийнхээ хонхны баяр дээр нэг сайхан очно доо” гэж ярьдаг байсан. Би ч тэр үед нь нүүр бардам зогсож байх сан гэж хүсдэг байлаа. Ээж, эгч нар, төрөл садан, найз нөхөд ирсэн, би энгэртээ МУИС-ийн шилдэг оюутны тэмдэг зүүгээд зогсож байсан тэр мөчид зөвхөн аав минь л байгаагүй. Нэгэн жам хойно үгүй байгаад нь гэж бодохыг хичээвч өөрөө үргэлж ярьж, хамгийн ихээр хүсч байсан зүйл нь тэр гэж бодохоор л “Аав байсан бол гэж бодогдоод” гол руу нэг юм өгсөж ирээд байж билээ.

***

Ярилцлага маань энэ хүрээд “чимээгүй”-тэй нүүр тулав. Гэхдээ ярилцагч маань уйлсангүй, санаа алдсан ч үгүй. Зүгээр л чимээгүй суусан юм. Магадгүй надад ч мөн энэхэн хугацаанд дараагийнхаа зэхсэн асуултыг түр ч болов хойш тавих ёстой гэх мэдрэмж төрсөн нь лавтай.

“...Энэ л шийтгэлийн хойно эцгийнхээ гараас атгах
Эрх чөлөөт жихүүн өвлийг хүлээн зогсоно.
Нарийн хөх тогорууд цам харайж, цас будрах хүртэл
Намрын сүнс уулын оройд завилна.”

Түүний “Аавдаа зориулж бичсэн шүлэг”-ийн энэ дөрвөн мөр санаанд минь нэг тодорч ирээд бүдгэрч билээ. Үеийнхэн дундаа “Шүлгээ сайхан уншдаг” гэгддэг түүний дуу хоолойг уншигчдадаа сонсгож чадахгүй нь харамсалтай. Хэсэгхэн зуур анир чимээгүйтэй зууралдаж, аль эсвэл уусан нэгдэх шиг болсон бидний яриа цааш уран бүтээлийнх нь талаар үргэлжиллээ.

-УРАН ЗОХИОЛ ЮУ ВЭ ГЭДЭГ АСУУЛТАД АМАРХАН ХАРИУЛТ ҮГҮЙ-

-Таны уран бүтээлд хэрээ, муур гэх амьтдын зүйрлэл ихээр ашиглагддаг. Эдгээр амьтад таны амьдралын нэг хэсэг хэрэг үү?

-Бага насны минь дурсамжтай холбоотой. Жаахан байхдаа шинэхэн цас орсны маргааш уулын оройгоос хэрээ өнхөрч буухыг харж билээ. Яг л үлгэрт гардаг шиг сонин санагдаж байсан. Хожим тийм зураглалыг хэд хэдэн өвөл үзсэн. Өнхөрч буусны дараа уулын бэлээс нисээд оройд нь гарчихна. Дахиад л өнхрөөд бууна. Гэтэл ийм шувууг яагаад үлгэр домогт өнгөнөөс нь болоод ёр билигт хамаатуулдаг байсан юм болоо гэж бодсон. Тэгээд өөрийнхөө “тотем” болгохоор шийдсэн.

Харин мууртай холбоотой олон дурсамж бий. Багадаа оршуулгын газраар тэнэж, сүнс чөтгөр харна гээд л их явдаг байлаа. Эзэнгүй талын айдастай нүүр тулна гэж өөртөө хэлж, зоригжуулаад л явна шүү дээ(инээв). Тухайн үед мөн л хар муур гэх амьтан уншсан ганц нэг ном бүтээлээс гадна хөдөөгийн хүмүүсийн аман ярианд үргэлж муу, муухайгаар дүрслэгддэг байсан нь анхаарал татсан. Нэг удаа аав адуунд яваад шөнө ирэхдээ гялталзсан хар үстэй муур өвөртлөөд ороод ирсэн. Тэр хавийн хот айлын пин саваар явж, шөнө орой хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгасан юм байх. Хүмүүс нэг жижигхэн “хар чөтгөр” шиг юм гүйгээд байна гээд л ярьдаг байж билээ. Харин аав “Хүн бүхэнд ад үзэгдээд явсан хөөрхий, хойд ууланд тэнэж явна. Гэртээ байлгана аа” гээд авчирсан юм. Тэр муур миний сэтгэл зүйд их хүчтэй нөлөөлсөн шиг санагддаг. Нохой шиг эрхэлж, шарваганахгүй, хот хүрээ манахгүй. Тэр муур хэржигнэж, нар дагаж өдөржин унтдаг, хоол нэхдэг. Заримдаа болжмор, хулганы анд гарна. Залхуу нь хүрэхгүй бол зоргоороо тоглоно. Гэхдээ л надад хачин нууцлаг амьтан санагдаж билээ. Гол нь тэр хайрлаж, яаж хайрлуулахаа мэддэг байсан.

-Өнөөгийн бидний мэддэгээс илүүтэй бага насны Ако ямар төрлийн хүн байв аа?

-Дүрсгүй.

-Ганцхан энэ үг таны бага насыг тодорхойлдог юм гэж үү?

-Тийм ээ. Би их дүрсгүй, яаж ч загнасан болж өгдөггүй хөдөлгөөнтэй, сониуч хүүхэд байсан гэдэг. Аавынхаа уургыг байсхийгээд л хугалчихна, ээжийн арчиж цэвэрлээд тавьсан шаазан баримлыг мөргөлдүүлж тоглоод л хагалчихна. Тийм л хүүхэд байж. Харин морь унахдаа хамгийн адтай, сэргэлэн хүү байсан. Сумынхаа анхны “Шилдэг унаач хүүхэд”-ийн нэг болж байлаа(инээв).

-Бичсэн зүйлүүдээс тань хөдөө ахуйд өссөн хүний ямар нэгэн мэдрэмж, дүрслэл төдийлөн анзаарагддаггүй. Яагаад тэр вэ?

-Хүмүүс тэгж хэлдэг. Сайн мэдэхгүй юм. Уг нь уран бүтээлчийн хувьд хаа хол өрнөөс бус өөрт байгаа гоо сайхнаа уудалбал илүү гэж ярих, хэлэх хүмүүс бишгүй байдаг. Тэр нь маргашгүй үнэн. Үеийнхэн дундаас би Мө.Батбаярын шүлгүүдээс тийм сайхан ахуйг, эрмэг монгол хэлийг, өсөж төрсөн нутгийнхаа уулсыг, намрын салхины санаа алдалт, цайдам хөндийд цас будрахын сайхныг мэдэрдэг. Гэвч миний шүлгүүд ч бас дотроо уудлаад үзэхэд, харж байгаа юмсаа мэдрэхэд бичигдсэн нь тэр шүү дээ. Хөдөө өвлийн урт шөнүүдийг өнгөрөөхдөө бид ах, эгч нартайгаа нийлээд үргэлж л аймшгийн түүх, болсон явдлууд хүүрнэдэг байсан. Зарим нь уншсан, сонссоноо үлдсэн нь зохиогоод ч хамаагүй ярьдаг байсан болов уу даа. Харин би энэ бүхнийг гаргалгүй хүчилж явсаар сүүлд л өөрөөсөө олж нээгээд бичиж эхэлсэн гэж боддог.  

-Та МУИС-ийг “Утга зохиол судлаач” мэргэжлээр төгссөн. Гэвч сэтгүүлч, тоймчоор ажиллаж байна. Утга зохиол болон сэтгүүл зүйн ялгаа юу байна вэ. Энэ хоёр салбарын зам мөр нийлдэг үү?

-Би хэзээ ч сэтгүүлч болохгүй гэж боддог байлаа. Гэтэл оюутан цагаасаа “Үндэсний мэдээ”, “Open door” зэрэг сонинд ажиллаж. Одоо бол “Монцамэ” агентлагт урлаг, соёлын албаны тоймч хийж байна. Давахгүй гэсэн даваагаараа гурав давж, гурван редакцийн нүүр үзжээ(инээв). “Утга зохиолын ажилтан” гэх ангид тухайн үед сэтгүүлчийн мэргэжлийн хичээлүүд давхар ордог байсан. Ер нь их хөрвөх чадвартай гэсэн үг. Одоо сэтгүүл зүйд ид мундаг хийж бүтээж яваа залуус болох “Eagle” телевизийн Э.Оюун-Эрдэнэ, Eguur.mn сайтын П.Урнаа, О.Цолмон, TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа зэрэг миний мэдэх хүмүүс “Утга зохиолын ажилтны анги”-ийн бүтээгдэхүүн. Гол нь ажил хөдөлмөр хийх болоход цэвэр уран зохиолын шүүмж бичээд хоолоо олох боломжгүй. Тиймээс ч давхар мэргэжилтэйн хувиар сэтгүүл зүйг сонгож байгаа юм. Хамгийн гол нь энэ мэргэжлээр анх ажиллах болоход надад хоёр ном их түлхэц болсон.

-Ямар ном байв аа?

-Эхнийх нь Л.Болормаа агсны “Даашинзтай сурвалжилгууд”. Нөгөөх нь Б.Ганчимэг сэтгүүлчийн “Аав бид хоёр”. Ялангуяа “Аав бид хоёр”-ыг анх уншихад, бичвэр бүр нь сэтгэлийг минь хөлбөрүүлж орхисон. Тэгээд “Сэтгүүл зүй ийм гоё юм байна. Ийм сайхан сурвалжилга, нийтлэл, тэмдэглэл бичиж, дурсамжаа үгээр сийлж болдог юм байна шүү дээ” гэж бодсон. Энэ ном, яруу найрагч, судлаач О.Содномпил ах хоёр намайг сэтгүүл зүйд уруу татсан даа. Гол нь би аливаа нийтлэл, сурвалжилга, тэмдэглэл, ярилцлага зэргийг сайтад тухайн өдөрт нь хийх ёстой шуурхай мэдээгээр орлуулж хардаггүй. Мэдээний хувьд үнэн бодитой, шуурхай байх хэрэгтэй. Азаар би мэдээний сэтгүүлч хийсэнгүй, хийж угаасаа хүчрэхгүй л дээ. Тиймээс би хийж, бичиж байгаа зүйлсээ бүтээл гэж хардаг, ханддаг. Тийм ч учраас надад уран зохиол, сэтгүүл зүйг зааглаж үзэх шаардлага тулгардаггүй. Харин ялгааны хувьд гэвэл төрөл зүйл, хэл найруулгын онхи зүйл олон бийг мэднэ. Гэвч түрүүнд хэлсэн шиг хүлээж аваад, сэтгэхүйдээ кодолчихвол надад амар байдаг.

-“Болор цом” наадамд цөөнгүй оролцож байсан. Бусад яруу найргийн наадамд амжилттай оролцож, шагналт байр ч эзэлж байсан удаатай. Харин зарим хүн яруу найргийн наадмыг сөргөөр харж, яруу найрагчдыг адуу, мал шиг уралдууллаа хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Хүн хүний харах өнцөг өөр шүү дээ. Нэг талаараа шүүмжлэх нь зөв. Нөгөө талаар буруу ч байж мэднэ. Ганцхан талтай зүйл хаана ч оршдоггүй шүү дээ. Угаасаа л тэмцээн болгоод уралдуулж байгаа юм чинь “уралдуулж байна” гэхээс өөр яах вэ дээ. Гол нь аль нэг алслагдсан сумын төвд уран зохиолд дуртай, өөрийн хайртай яруу найрагчтайгаа уулзахыг хүссэн хүү юм уу, охин хэзээ ч хот орж үзээгүй, тэгэх ч боломжгүй хүмүүс байж болно. Гэтэл тэр орон нутагт нь сайхан наадам зохиовол тэдгээр хүмүүс хайртай зохиолчтойгоо уулзах боломж бүрдэнэ. Нэг талаараа яруу найргийн наадам тэмцээн, аливаа үйл ажиллагаа нь уншигч зохиолчдын уулзах гүүр болдог талаар хүмүүсийн хэлсэн нь бий. Гол нь хүмүүс “Болор цом”-оор яруу найргийг, “Алтан өд”-өөр уран зохиолыг хэмжиж, хязгаар тогтоолгүй дор бүрнээ өөрсдөө сайтар уншаад, өөр өөрийн хэмжүүрийг бий болгочихвол түүн шиг амар юм үгүй байх.

Гэтэл уншдаггүй, мэддэггүй ярьдаг хүн л олон. Сүүлд би нэг уран зохиол сүрхий уншсан гэж хүмүүст үнэлэгддэг танилаасаа Д.Нацагдорж “Герман орны талаар өгүүлсэн” байдаг уу, уншсан уу гэж асуутал “За тийм шүлэг, өгүүллэг хараагүй юм байна” гэдэг байгаа. Үнэндээ Д.Нацагдорж суралцаж асан Герман ахуйнхаа талаар нэг нэгэнгүй тоочиж бичсэн нь Д.Цэдэв гуайн сүүлд эмхэтгэсэн “Бүрэн түүвэр”-ийнх нь II ботийн нийтлэлийн хэсэгт бий. Энэ мэтчилэн эхлээд өөрсдөө сайн уншиж, боловсорчихоод уралдаан тэмцээнийг хэрхэн харах, түүнд ямар байр сууринаас хандахаа нийтийн үгээр биш өөрийнхөө үүднээс тодорхойлчих нь зүйтэй болов уу. Түүнээс биш МЗЭ-ийн ажлыг би лав шүүж, дүгнэх хүн арай биш.

-Тийм бол таны уран зохиолыг харах өнцөг, хэмжих хэмжүүр юу вэ?

-Утга зохиол, уран зохиол гэдэг хоорондоо ялгаатай. Мөн “Би уран зохиолыг юу гэж ойлгодог вэ” гэсэн асуулт гарч ирнэ. Тийм ч амархан хариулчихаар асуулт биш л дээ. Магадгүй уран зохиол руугаа сайтар өнгийгөөд үзвэл бусдаас хайх бус өөртөө тохирсон сайхан хариултыг олж болох л юм. Ямартаа ч уран зохиол амьдралыг минь өөр юугаар ч орлуулж боломгүйгээр баяжуулж өгдөг. Мэдээж надад хүн хөнөөмөөр сэдэл санаа төрж болно. Би чинь махан бие, цусан зүрхтэй, бодол санаа нь юунд ч автаж, өртөж мэдэх жирийн л хүн шүү дээ. Гэтэл Софоклын “Эдип хаан”-ыг уншлаа. Аавыгаа санамсаргүй хөнөөгөөд, ээжтэйгээ гэрлэчихдэг. Эцэст нь, нүдээ сохолсон золгүй эмгэнэлт хувь заяаг нь унших мөчид миний дотор орших өнөөх садист хүсэл хэдийн тайлагдчихсан, алга болчихсон байдаг. Тиймээс би уран зохиолын ачаар энэрэнгүй, сайхан сэтгэлтэй нэгэн болж байна. Энэ л надад хангалттай санагддаг. 

-Хөл хорионы цаг үе зарим хүнд ном унших, уран бүтээлээ хийх сайхан нөхцөл бүрдүүлж байх шиг байна. Та энэ цаг хугацааг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Би сэтгүүлчээр ажилладаг. Хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна. Манай “Монцамэ” агентлаг ч ялгаагүй цаг үеийн мэдээ мэдээллийг бусдаасаа хожигдолгүй оруулж, бүхий л талаар аюулгүй нөхцөл байдлыг сахин, халдваргүйжүүлэлтийг дор бүрнээ хийж, маш хянамгай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэдийгээр хүндхэн нөхцөл байдал үүссэн ч гэсэн их зохиолч Д.Нацагдорж “Өдөр бүр ажиллаж, өөрийн биеийг тэжээнэ” гэж бичсэн байдаг шүү дээ. Яг л энэ мөрүүд шиг үргэлж хөдөлмөрлөж, түүнийгээ үнэлүүлж ажиллах сан гэж боддог. Харин урлаг, соёлын томоохон үйл ажиллагаанууд зогсонги байдалд орсон учир шинэ контентууд санаачилж ажиллахаас гадна саяхныг хүртэл “Уншихуйд автахуй” номын ажил дээрээ чөлөөтэй суусан даа. Одоогоор хуваарийн дагуу ажил дээрээ очиж, бусад нь үед нь гэрээ цэвэрлэж, хоолоо хийчихээд, ном уншиж л цагийг өнгөрөөж байна даа.

-“Уран бүтээлч байх” гэдэг үгийн талаар та уран бүтээлчийн хувьд юу гэж боддог вэ?

-“Уран бүтээлч нь гашуудаж байхад ч урлаг өөдрөг хэвээр оршдог” гэж алдарт кино найруулагч Тарковский хэлсэн байдаг. Гэхдээ гашуудсан ч, амьдралын буулганд цөхөрсөн ч, бичиж чадахгүй түүндээ гутарсан ч тухайн зүйлээ орхилгүй хийсээр л байдаг бол жинхэнэ уран бүтээлч байх болов уу.

***

Уран бүтээл, уран зохиол, дурсамжийн талаар өрнөсөн бидний яриа энэ хүргээд өндөрлөв. Намайг гэрээсээ нэлээд зайд гаргаж өгчихөөд буцаад алхах ярилцагчаа харж зогсохдоо би өөрсдийн дундах дурсамжийн тухай хэсэгхэн зуур бодов. Хожмын нэгэн өдөр ийн хөөрөлдөж суусан минь мөн л дурсамж болон үлдэх биз ээ. Төгсгөлд нь уншигч танд түүний дурсамжийн талаарх нэгэн шүлгийг хүргэе.

 

ХАЛХЫН САРУУЛ ТАЛД

 

Хангал зээрдийн чихээрээ хайчилсан салхи зураг болж үлддэг.

Халхын саруул талд аав минь Жангарын дүрээр морилдог.

Өвс дөрөөг нь шүргэхэд морьтойгоо агаарт хөөрөх шиг болоод

Үүрд надад тэмтрэгдэх хоосон дурсамжинд живдэг.

Эх орон минь чиний надад бэлдсэн цаг хугацаа

Энэ өвөл шиг урт уу? зун шиг богинохон уу?

Эргэцүүлж суухад ахуй юмс хийсвэр төсөөлөлд ургах шиг

Эргээд төрөхдөө би тал нутагт аавынхаа дүрээр морилох болов уу?

Цас амтлах л гэж хэлээ булталзуулах шувуудын зүрх

Цагаан өнгөтэй гэдэгт та л намайг итгүүлсэн шиг

Цагийн зүү эсрэг зүгт хөдлөхөд бага насаа санаж

Номын хуудсанд үлдсэн хурууны хээгээ ажин таныг үгүйлж л суунам.

Бурхан сахиусан тэнгэрүүдээ магтсаар хүн төрөлхтнийг мартчихсан

Будаг нь хэдийн дуусаад шинэ зураг бүтээхээ больчихсон

Бууралтсан газар шороо хэзээ эргээд залуухан болохыг

Бичсэн шүлгүүдийг минь уншдаг үгүйгээ ч аав минь хэлсэнгүй.

Мориноосоо буулгүй газрын бараанд далдрах мөчид нь

Ээжийн минь бүлээн гар намайг зүүднээс татаж өндийлгөдөг.

Хангал зээрдийн чихээрээ хайчилсан салхи зураг болж үлддэг.

Халхын саруул талд аав минь Жангарын дүрээр морилдог.

 


ДУРСАМЖААС УНШИХУЙ ХҮРТЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-20 15:54:37
    Саран: Монгол улсын их сургуульд оюутан байхын мэднэ ээ .Шүлгийг нь уншиж хүнд нь биш авьяас билэгт чинь дурлаж явлаа .Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-20 15:16:45
    Баясаа: Сайхан ярилцлага болжээ. Их ирээдүйтэй хүү гэж олзуурхан уншиж явдаг. Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-20 15:16:28
    Баясаа: Сайхан ярилцлага болжээ. Их ирээдүйтэй хүү гэж олзуурхан уншиж явдаг. Амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188