• Өнөөдөр 2024-04-20

“БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН М.АМАРХҮҮ: Эгшиглэнт эхийн хишигт найрагч болсон минь том хувь заяа

2022-11-25,   1196

          Эгшиглэнт эхийн хишигт найрагчийг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадам болж өндөрлөлөө. Тус наадмыг Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард зохион байгуулж байсан түүхтэй. Анхны наадамд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсныг утга зохиол сонирхогчид андахгүй биз. Харин “Болор цом" 40 дэх удаагийн яруу найргийн наадамд Архангай аймгийн харьяат МЗЭ-ийн болон Монголын Урчуудын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч  М.Амархүү “Ургийн мод хэмээх хэлэхээс шүлэг” уншин тэргүүн байр эзэлж, болор цомын эзэн найрагч боллоо. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадам Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаар онцлог болов. Янжинлхам бурхны хишигт яруу найрагч болсон М.Амархүүтэй бид цөөн хором ярилцсаныг уншигч таны өмнө дэлгэж байна.

-Танд юуны өмнө Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байр хүртсэнд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.  

           -Баярлалаа. Танай сайтын уншигч олонтой Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч болсон алтан тайзан дээрээс мэндчилж буйдаа баяртай байна. Баруун гартаа болор цомоо бариад, зүүн гартаа Янжинлхам бурхнаа бариад хүн болгонтой баярын сэтгэгдлээ хуваалцаж, зураг татуулаад явж байна даа. Олон жил шүлэг, найрагч бичиж, тууштай байсны минь үр дүн гарлаа гэж харж байна. 40 жил тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн энэ том наадмын тэргүүн байрыг хүртсэн минь том хувь заяа.

-Та “Болор цом” яруу найргийн наадамд олон жил тасралтгүй уралдаж, айрагдаж байсан шүү. Ер нь хэдэн жил оролцож байна вэ?

            -Яг нарийн тоолж үзээгүй. Бараг 20 гаруй удаа оролцсон болов уу. Хамгийн анх 1993 онд оролцож байлаа. Түүнээс хойш жил алгасалгүй оролцсон гэхэд болно. “Болор цом” яруу найргийн наадмын 40 дэх удаагийн тэгш ойн баярт түрүүлсэндээ баяртай байна.  Би ер нь өөрийгөө тэгш ойн наадмуудад сайн оролцдог одтой юм байна гэж бодож байна. Учир нь Батлан хамгаалах яамны 100 жилийн ойн баярт түрүүлж сэлмээр шагнуулж байлаа.

-Шүлэг яруу найраг сонсдог, уншдаг монголынхоо ард түмэнд хандаж сайхан үг хайрлаач?

           -Монголчууд бол дээд түүх, байгалиасаа яруу найрагч ард түмэн юм. Тухайлбал, зүйр цэцэн үг, оньсого таавар гээд цэцэн билигтэй зон. Ийм ард түмний дунд яруу найрагчийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол асар том хүндэтгэл юм.

Би хэдэн жилийн өмнө архи хэмээх хорт дарснаас зайгаа барьж үеийн нөхдөдөө “Амархүү ямар хүү болохоо харуулна” гэж байлаа

-Энэ жилийн тухайд та өөрийгөө болор цом өргөнө гэж бодож, найдаж байв уу. Олон жил айрагдсан яруу найргийн хувьд?

           -Би байнгын бэлтгэлтэй яруу найрагч хүн.  Сүүлийн дөрөв, таван жил улс, бүсийн шинж чанартай яруу найргийн наадамд найман тэргүүн байр эзэлсэн. Батлан хамгаалахын яамнаас зохион байгуулдаг яруу найргийн наадамд хоёр удаа түрүүлсэн. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд түрүүлж ес дэх цомоо өргөж байна. Ер нь ямар ч яруу найргийн наадамд оролцохдоо өөртөө итгэлтэй байдаг. Би хэдэн жилийн өмнө архи хэмээх хорт дарснаас зайгаа барьж үеийн нөхдөдөө “Амархүү ямар хүү болохоо харуулна” гэж байлаа. Өнөөдөр харин Амархүү ямар хүү болохоо харуулж чадлаа, баяртай байна.

-Тэгэхээр өөрийгөө түрүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэсэн үг үү?

           -Яг ч түрүүлнэ гэж бодоогүй. Сайхан шүлэг уншъя, олон сайхан найрагчийн тоосон дунд уралдъя л гэж бодож байсан. Өөрийнхөө шүлгийг бол айргийн тавд орно гэдэгт бол бүрэн итгэлтэй байсан шүү. Би өөртөө итгэхээс илүү шүлэгтэй л итгэдэг.

Би ер нь өөрийгөө тэгш ойн наадмуудад сайн оролцдог одтой юм байна гэж бодож байна

-Та анх 1993 онд “Болор цом” яруу найргийн наадамд оролцож байсан гэлээ. Тэр үеийнхээ сайхан дурсамжаас хуваалцвал?

           -Анх намайг “Болор цом” яруу найргийн наадамд оролцоход аваргууд амьд сэрүүн байлаа. Аваргуудынхаа тоосон дунд залуу найрагч хэмээгдэн шүлэг, найраг уншиж явсан минь дурсамж санаанд бууж байлаа. Тэдний залгамж халаа болсон үеийнхээ нөхөд болон залуу дүү нартайгаа шүлгэн хүлгээ уралдуулж буйдаа баяртай байдаг.

-Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадмын онцлог юу байв. Таны бодлоор?

           -Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдлаа. Мөн их хааны нэрээр нэрлэгдсэн томоохон музейг ашиглалтад оруулсан нь үндэсний том нээлт, бахархал болсон гэж харж байна. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадам ч их хааныхаа алдар, гавьяаг дэлгэрүүлж, алдаршуулахад хувь нэмэр оруулж буйгаараа онцлог боллоо. Мөн “Болор цом”-ын эздээс гадна шинэ залуу найрагчид түрэн гарч ирж  өнгө, чимэг болж буй нь онцлог байна. Жишээлбэл Хөвсгөл аймгаас шинэ залуу найрагчдын давлагаа хүч түрэн гарч ирж буйг монголын ард түмэн харлаа шүү дээ.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн арвин их олз омог, онгод хийморийг байхыг уншигчдынхаа өмнөөс ерөөж байна. Үг тань уран, үзэг тань хурц байг?

           -Баярлалаа. Танай сайтын уншигч олны юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж явах болтугай.

Ингээд уншигч та бүхэнд "Болор цом" яруу найргийн наадмын тэргүүн байр хүртсэн шүлгийг хүргэж байна. 

 

УРГИЙН МОД ХЭМЭЭХ ХЭЛЭХЭЭС ШҮЛЭГ

Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод

Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм

Алтан нар, мөнгөн сар хүрэл мичдийг чамд л харуулах гэж

Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм

Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо

Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм

Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир

Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм

Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад

Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм

Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир

Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм

Хангардийн өвөг луун шувууд далавчаараа сэвээд

Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм

Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир

Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм

Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин

Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм

Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир

Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм

Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн

Үнэр түгээсэн биесээрээ шүргэж байдаг юм

Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир

Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад

Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө

Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ

Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан

Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд

Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам

Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад

Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдэлнэ ээ

Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа

Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол

Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол

Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө

Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол

Тэрбум тэрбум цасан ширхгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол

Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа

Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол

Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол

Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа

Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол

Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол

Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь

Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж

Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол

Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо

Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь

Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа

Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа...

 

 

 


“БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН М.АМАРХҮҮ: Эгшиглэнт эхийн хишигт найрагч болсон минь том хувь заяа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188