Сайн хүн гэж хэн бэ. Сайн хүн байхын тулд яах ёстой вэ гэсэн асуултыг уншигч та өөрөөсөө асууж байсан уу. Би лав үгүй. Гэхдээ л аав, ээж биднийг “Сайн хүн болоорой” гэж хэлдэг болохоор тэрхүү үл үзэгчдэгч сайн хүн байхын тулд хичээдэг. Тэгвэл эхлэлд өгүүлэх асуултын хариултыг олоход Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжиг туслах нь. Тус жүжиг болон уран бүтээлийнх нь талаар УДЭТ-ийн жүжигчин М.Тогтохжаргалтай ярилцлаа. Тэрбээр тус жүжигт хижээл насны эмэгтэйн дүрд ажиллаж байгаа юм.
-Улсын драмын эрдмийн театр өвөл цагийн нээлтээ Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр нээж байна. Э.Ёндоншарав найруулагчийн бүтээл юм билээ. Эндээс яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Улсын драмын эрдмийн театрын хамт олон 92 жилийн ойн хүрээнд өвөл цагийн нээлтээ Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр нээж байна. Залуу найруулагчийн бүтээлээс гадна орос бүсгүй жүжгийн зураачаар ажилласан нь тайзны шийдлээс эхлээд их өвөрмөц болсон. Нэг тийм театр доторх театр ч юм шиг. Нэгдүгээрт жүжгийн шийдэл, санаа, хэлбэр хийцийн хувьд ийм байна. Хоёрдугаарт дүрүүд их сонирхолтой. Жүжгийн гол дүрд театраасаа гараад, эргэн орж ирсэн уран бүтээлчид тоглосон. Тиймээс хүмүүсийн хүсэн хүлээж байсан хүмүүс байх болов уу.
-Жүжгийн бэлтгэл эрт эхлэх шиг болсон. Хэр хугацаанд жүжгээ бэлдсэн бэ?
-Энэ оны есдүгээр сарын 20-ноос жүжгийн уншлага эхэлсэн. Дараа нь бүтээлийнхээ агуулгыг хэрхэн тавих санаагаа ярилцсан. Залуу найруулагчтай ажиллахад, уран бүтээлчид дагаад олон зүйлийг суралцдаг. Энэ удаагийн бүтээлээс ч мөн олон шинэ зүйлийг суралцаж мэдсэн.
-Яагаад энэ жүжгийг сонгож тавих болсон юм бол. Энэхүү бүтээлээр ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Сычуан гэхээр хүмүүс Хятадын нэгэн муж гэж ойлгодог. Энэхүү жүжиг амьдралд сайн, муу хүн гэж байдаг. Тэгвэл “Сайн хүн хаана байна вэ”,.”Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ” гэсэн асуултын хариултыг эрсэн бүтээл. “Та сайн хүн үү” гээд асуухад, хүн бүр л өөрсдийгөө сайн хүн гэж хариулна. Гэхдээ бодит байдалд дээр сайн хүн байхын тулд их бэрхшээлийг туулахыг жүжиг маань илэрхийлж байгаа юм. Нийгэмд ялангуяа сайн хүн ховор болсон юм болов уу гэсэн асуултыг ч үзэгчдэд үлдээнэ. Эцсийн мөчид үзэгчид өөрсдөө тунгаах учиртай юм.
-Таны хувьд Сычуаны сайн хүн” жүжгийн ямар дүрд ажилласан бэ?
-Жүжигт найман гэр бүлийн төлөөлөл гарна. Тэдгээр гэр бүлийн нэг хижээл эхнэрийн дүрд ажиллаж байгаа. Гэр бүлээ удирдаж, жолооддог эмэгтэйн дүр. Нийгмийн хэцүүхэн төлөөллийн дотроос гарах дүр. Тэгээд үзэгчид ирж үзээд, дүрийн тухай өөрсдийнхөөрөө дүгнэх байх гэж бодож байна. Энэхүү жүжигт уран бүтээлчид дүрд хувирхаас илүү найруулагч, зураглаачийн авьяасаар бүтсэн өвөрмөц шийдлийг гаргаснаараа онцлог байгаа. Тэр дундаа Орос Улсаас ирсэн зураач эмэгтэйн шийдэл санааг ирж үзээрэй гэж хүсэж байна.
-ТЕАТРААСАА ХОЛДОХЫГ ХҮСДЭГГҮЙ-
Үргэлжлүүлэн бид түүнтэй бусад уран бүтээлийнх нь талаар болон Улсын драмын эрдмийн театр гэх айлын гишүүн болсон түүхээс нь яриагаа өрнүүллээ.
-Улсын драмын эрдмийн театр энэ намар “Бүсгүйн зурвас”, “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн хоёр жүжгээ дахин тавьлаа. Хоёуланд нь та тоглосон ч энэ намрын тоглолтод харагдаагүй. Өөр уран бүтээлтэй давхцсан болов уу гэж таамагласан?
-Тийм ээ. UBS телевизийн бүтээл “Алтаргана” киноны зураг авалттай байгаад театраасаа түр чөлөө авсан үе таарсан. “Бүсгүйн зурвас” жүжиг хоёр заставтай. Миний хувьд сэтгүүлч Итгэлийн дүрээр С.Болд-Эрдэнэ ах, Ж.Оюундарь эгчтэй хамтран нэг застав болж тоглодог. Энэ намрын тоглолтын хуваарьт нөгөө состав маань тоглосон юм. “Би ч гэсэн жаргамаар байна” жүжигт мөн тоглож байсан.
-Театрт ороод хэчнээн жил болж байна вэ. Та чамгүй удаж байгаа санагдаж байна?
-Би 2008 онд анх театрт орж байсан гэхээр 15 жил болж байгаа юм байна. Театрын жүжигчин мэргэжлээр төгсөөд л театрт орохоор зорьж, шалгалт өгч орж байлаа. Түүнээс хойш тасралтгүй ажилласан байна. Театрын уран бүтээлч болсноороо бахархаж, мэргэжилдээ улам гүн дурладаг. Зарим хүн “Яагаад театртаа байгаад байдаг юм бэ. Цалин ч бага” гэдэг. Гэхдээ цалин мөнгөнөөс илүү мэргэжилдээ хайртай, театртаа дуртай болохоор хүмүүсийн яриаг нэг их тоодоггүй.
-Хамгийн анхны дүр санаанд ил байгаа байх. Анх театрт ороод ямар дүрд ажиллаж байв?
-Анх театрт ороод Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагчийн “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл бага хатны дүрд ажиллаж байсан. Түүнээс хойш театрын бүх л уран бүтээлд туслах, олны хэсэг, гол дүрийг авч ажилласан.
-Дэлгэцийн бүтээлд тоглох нь бага харагддаг. Энэ нь театрын уран бүтээлчтэй холбоотой болов уу?
-Театрт ороод, киноны санал ирэхээр татгалздаг байсан. Учир нь зөвхөн театрын уран бүтээлдээ орно гээд. Одоо харин дэлгэцийн бүтээлд театрынхаа ажлын хажуугаар ороод явсан нь зүгээр санагдаж байгаа.
-Арав гаруй жил театртаа ажиллаа. Гарч хувийн уран бүтээл юм уу дэлгэцийн бүтээл рүү шаргуу орно гэсэн бодол байдаг уу?
-Театраасаа хэзээ холдохгүй гэж боддог. Театртаа хайртай, хамгийн дуртай газар минь. Тэгэхээр тэтгэвэрт гартлаа театраасаа холдохгүй. Тайзнаа гарахын хажуугаар дэлгэцийн бүтээлд тоглоод явна гэсэн бодолтой байгаа.
М.ТОГТОХЖАРГАЛ: “СЫЧУАНЫ САЙН ХҮН” ЖҮЖГЭЭР САЙН ХҮН БАЙХЫН ТУЛД ИХ БЭРХШЭЭЛ ТУУЛДАГИЙГ ИЛЭРХИЙЛСЭН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |