• Өнөөдөр 2024-05-06

Б.СУМЪЯАГЭРЭЛ: Хүүхдээс урам зориг, эрч хүчийг авдаг болохоор хүүхэдтэй ажиллах дуртай

2022-11-12,   1032

   Монголын хүүхдийн ордны Б.Сумъяагэрэл багштай бүжгийн дугуйлангийн сурагчид 2021-2022 оны хичээлийн жилийн “Эгшиглэн бүжицгээе” тайлан тоглолт амжилттай зохион байгуулсан билээ. Тайлан тоглолтоор сурагчид монгол ардын бүжиг, бие биелэгээ, сонгодог бүжиг, олон үндэсний бүжиг, кпоп бүжиг, чөлөөт спорт бүжгийн төрлүүдээр бүжицгээж, эцэг эх, найз, багш нартаа сурсан зүйлээ тайлагнаж байсан юм. Хүүхдүүдийг бүжгийн урлагаар дамжуулан хөгжүүлж буй Б.Сумъяагэрэл багштай ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монголын хүүхдийн ордноос багшлах ажлын гараагаа эхэлсэн үү. Хэд дэх жилдээ багшлаж байгаа вэ?

     -Намайг Б.Сумъяагэрэл гэдэг. Багшлах гараа оюутан байхаас эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл багшилж байгаа.

-Монгол үндэсний бүжиг, цэнгээнт бүжиг, сонгодог, орчин үеийн бүжиг гээд бүжгийн маш олон төрөл, урсгал чиглэл байх юм. Та яг аль төрөл, чиглэл урсгалын бүжгийг заадаг вэ?

     -Миний хувьд монгол үндэсний бүжиг болон балетыг голлож заадаг.

-Хүүхдэд бүжгийн  нарийн техник, хөдөлгөөнийг заах амаргүй байх. Чухам юуны учир хүүхэдтэй ажиллах сонголтыг хийсэн бэ?

   -Мэдээж амаргүй. Гэхдээ хүүхдүүд их хөөрхөн, эгдүүтэй, хайр булаам байдаг шүү. Хүүхдээс маш их  халуун, дулаан энерги, урам зориг, эрч хүчийг авдаг болохоор хүүхэдтэй ажиллах дуртай.

-Манай баруун аймгийнхан хүүхэд, хөгшидгүй бие, биелгээ хийдэг. Буриадууд ёхор тойрон бүжиг, цаатангууд ан ав, бөө мөргөлийн зан үйлийг харуулсан бүжиг хийдэг. Тэгэхээр Монголд маш эрт үеэс бүжгийг гэрийн сургалтаар ахуй орчиндоо сурдаг байжээ гэж ойлгох нь зөв үү?

    -Тэгж хэлж болно. Эрт дээр үеэс монголчууд гэр дотроо ахуй биелгээгээгээ хийсээр ирсэн. Одоо ч гэсэн ахуй биелгээгээ хийсээр л байгаа.

үн төрөлхтний хоорондоо ямарч хэл яриагүйгээр зөвхөн хөдөлгөөнөөр илэрхийлэн, ойлголцдог зүйл нь бүжгийн урлаг. Эрт галавын хүмүүс хэл яриа үүсээгүй байхад үйл хөдөлгөөнөөр хоорондоо ойлголцдог байсан байх. Тэдний энэ хөдөлгөөнөөс суурьлан бүжгийн урлаг хөгжсөн гэж ойлгож болох уу?

    -Бүжгийн гарал үүслийг урлагийн бусад төрлүүдийн нэгэн адил орчин үеийн хүний ерөнхий төрх бүрэлдэн бий болсон үе. Авиа бүхий хэл яриа үүсч, сэтгэхүй харьцангуй  хөгжин үе. Мөн бодол санаагаа бодитой илэрхийлэх гэсэн эрмэлзэлт үйл ажиллагаа эхэлсэн үеэс бий болсон гэж үздэг.

-Ер нь бага насны хүүхдийн бие бялдрын хөгжилд  ямар бүжгийн хөдөлгөөн илүү тохиромжтой байдаг вэ?

     -Бүжгийн хичээл заахдаа хүүхдийн насанд нь тохируулж хөдөлгөөн заах хэрэгтэй. Бага насны хүүхдийн биеийн хөгжил бүрэн хөгжөөгүй, сул байдаг. Тийм болохоор хамаагүй хүнд хөдөлгөөн заахаас илүү биеийн хөгжлийнх нь дагуу эхлээд нуруу чангалах булчин хөгжүүлэх хөнгөн дасгал, элеминтийг заах нь зөв. Мөн түүнчлэн биеийн бүх хэсгүүдийг удирдах дадалд суулгах, хөдөлгөөн, дасгалууд гэх мэт бага насны хүүхдэд тохирон системтэй сургалт орох нь зүйтэй.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд сонгодог бүжиг балетийн дугуйланг сонгон хүүхдээ хичээллүүлдэг болжээ. Хүүхдийг хэдэн настайгаас нь сонгодог бүжгээр хичээллүүлвэл илүү зохимжтой бол?

     -Одоо бол янз янз л байна. Гэхдээ бага наснаас явуулвал сайн. Мэргэжлийн балетын сургуулиуд зургаан наснаас авдаг. Гадуур сургалтууд бол гурав болон дөрвөн настайгаас нь авдаг.

-Дээхнэ үед бүжгийг урлаг, спорт биш гэж үздэг байлаа. Харин одоо урлаг, спорт гэж ярьж, ойлгох болсон. Бүжгийн спортын төрөл ч бий боллоо. Брек бүжиг олимпын хөтөлбөрт орчихлоо. Хүүхдүүд цаг үеэ дагаад орчин үеийн бүжгийн чиглэл, урсгалыг илүү сонирхож байна уу?

    -Сонирхож байгаа шүү. Одоо бол ихэнх хүүхдүүд орчин үеийн бүжгийг ихээхэн сонирхож болсон. Бүжгийн багш нар бид цаг үеэ даган, мэдрэмжтэй ажиллах ёстой.

 -Та ямар нэг хамтлаг, чуулгад бүжиглэдэг үү. Залуу насаа бүжгийн урлагийг, хүүхдүүдэд заахад зориулсан явна уу. Гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цаг зав хэр гардаг вэ?

     -Би 2013 оноос хойш “Натур даанс” хамтлагт бүжиглэсэн. Манай хамтлаг ихэнхдээ монгол бүжиг бүжиглэдэг. Хүүхдүүддээ ч заагаад өөрөө ч бас тасралтгүй бүжгэлэхийг хүсдэг. Гэр бүлдээ үр хүүхэддээ цаг заавал гаргахыг хичээж ажилладаг.


Б.СУМЪЯАГЭРЭЛ: Хүүхдээс урам зориг, эрч хүчийг авдаг болохоор хүүхэдтэй ажиллах дуртай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188