Хаалгыг нь тогших хүртэл “Болор цом”-ын тайзны ард дүнгээ хүлээн зогсоо түүний дүр санаанаас гарсангүй. Шанаагаа дарсан урт үстэй, донжтой мөртлөө цэвэрхэн хувцасласан эр утга зохиолд шимтэгчдийн сэтгэлийг догдлуулж, шүлгээ дүүргэж чадсан нь саяхан. Тэр бол яруу найрагч Тө.Бямбасүрэн. Уншигчид түүнийг “Үдэлт”, “Өнө удаан” яруу найргийн номоос нь эхлүүлээд “Болор цом”-ын тайзан дээр гарсан хүртэл нь андахгүй.
Тө.Бямбасүрэнгийн гэрийн хананд гэр бүлийн, зохиолчдын, уран зургууд өлгөөтэй байх. УНТЭ-т ажилладаг “Тө”-гийн нэг өдрийн ажлын төлөвлөгөө мундахгүй гэнэ. Өдрийн ээлжээ тараад дөнгөж орж ирэхтэй нь бараг зэрэгцэж шахуу би хаалгыг нь тогшиж л дээ. Гэрээр нь ном хөглөрч, ширээн дээр тагийг нь онгойлгосон пянз тоглуулагч байна. Харин ярилцагч маань гэртээ бус ойрхондоо очиж, юм бодож суух дуртай цэцэрлэгтээ намайг урьснаар бид тийш хөдлөв. Ойр орчмын нам гүмийг эвдэх чанга чимээ үгүй, бүдэгхэн гэрэлтэй цэцэрлэгийн хамгийн том модны доор байх сандал дээрээс бид ярилцлагаа ийн эхлүүлсэн юм.
-Өнгөрсөн жил “Болор цом-39” яруу найргийн наадамд оролцож, дэд байр эзэлсэн. Залуу хүний хувьд амжилтаа чамлалгүй баяртай гэгч нь шагналаа авч байгаа харагдсан. Гэсэн ч уншигчдын дунд “Буруу хүн түрүүлүүллээ”, “Тө.Бямбасүрэн түрүүлэх байсан юм” гэх яриа газар авсан шүү дээ, тухайн үед. Хүмүүс тэгж яриад эхлэхээр дотроо юу бодож суув?
-Яруу найрагч Д.Галсансүх ах тэр үед надад хандаж, “Зүгээр л хөгжилтэй байсан нь гоё шүү дээ” гэсэн. Галсаа ахын хэлсэнчлэн тайзан дээр гараад л, шүлэг уншаад л ёстой хөгжилдөж чадсан. “Болор цом”-д орсон нь ч хөгжилтэй байгаагийн маань нэг хэлбэр. Харин түрүүлэх эсэх талаар хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой байгаа. Сайлах нь сайлж, муулах нь муулаад өнгөрсөн. Бусад хүний юу гэж хэлсэнд тийм ч их ач холбогдол өгөөгүй.
-Тэгвэл үүнээс яруу найрагч Тө.Бямбасүрэнгийн амьдралын хэв маяг өөр хэн нэгний юу гэж бодох эсэхээр хязгаарлагддаггүй гэж ойлгож болох юм байна. Зөв үү?
-Хүмүүсийн дотоод би нь том байхаар өөртөө итгэлтэй байдаг. Харин миний дотор би гэхээс илүүтэй бусад хүн том байдаг учир бусдын тухай их боддог.
Би эмч мэргэжилтэй. Түүнийхээ зэрэгцээ шүлэг бичих гэж оролддог нэгэн л гэж өөрийгөө боддог. Үнэн хэрэгтээ эмч, шүлэгч гэсэн хоёр туйлд зэрэг зогсож байгаа хүн л дээ. Зохиолч, яруу найрагчдын хүрээлэл дунд орохдоо сул юм бичиж, харах өнцгийн хувьд харалган, дутуу дулимаг байвал зохиолчдод “Эмч гэж ийм бүтэлгүй хүн байдаг” гэсэн ойлголт төрүүлнэ. Нөгөөтэйгүүр сахилга бат султай, харилцаа, хандлагын зөрчилтэй байвал эмч нар дунд “Зохиол бичдэг хүмүүс ийм бүдүүлэг” гэж бодогдуулна. Тиймээс аль аль талдаа нэгнийх нь нэр хүндийг унагачихгүй юм сан гэж бодож явдаг. Тэгэхээр хүмүүсийн юу гэж бодох надад хамаатай гэсэн үг болж байна.
-Зохиолч, яруу найрагчид дунд утга зохиолын бүтээлийг өмнө нь эсвэл бага насандаа зовлон үзсэн, гуньж, шархалсан хүн бичдэг гэх яриа байдаг юм билээ. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Хүн хүн өөр л байх. Би тэгж ярьж байгаа хүмүүсийг өөрийгөө л ярьж байна гэж боддог.
Ийн ярьж байгаад Тө.Бямбасүрэн “Харин миний хувьд...” гээд хэсэг дуугаа хураан бодлогошрох аж. Тэгээд “Ингээд бодоход хүн тэгж их жаргалтай үедээ бичдэггүй л юм байна” гэв.
-Гэхдээ “Үдэлт”, “Өнө удаан” шүлгийн түүврийг уншиж байхад ч гуниг, шаналан мэдрэгддэг. Та бага насны уйтгар, хөндүүр дурсамжаасаа бичээгүй гэж үү?
-Шүлэг гэдэг хүнтэй ярьж, уудалж, хуваалцмаар байгаа зүйл нь байж болно. Яагаад байж болохгүй гэж. Хүмүүс “Инээснийг асуу, уйлсныг бүү асуу” гэдэг. Баяр, жаргалыг хэн нэгэнтэй хуваалцдаг ч, гуниг, зовлонг тэр бүр хувааж болдоггүй шиг байгаа юм. Хүн түүнийгээ гаргахгүй удаан тэвчсэн ч, дотоод гуниг, шаналан нь гарах аргаа олж байгаа нэг хэлбэр нь л шүлэг бичих байх. Гунигтай байгаагаа ч сайхан байсантайгаа хамтатган дурсаж бичиж болно. Тэгэхдээ мартагдашгүй хөндүүртэй яваа зүйлээ л бичнэ. Мартагдсан зүйлийг яаж бичих вэ дээ.
-Дотоод шаналан гарах аргаа олж байгаа нь шүлэг болдог гэлээ. Та ч үүний нэгэн адил хүнтэй ярьж, уудалмаар санагддаг зүйлээ бичдэг байх. Харин хүнтэй уулзаад, эгц хараад суухаараа ярьж чаддаг юм болов уу?
-Ярих гэж зориглоод хүнтэй уулзахаараа чаддаггүй юм. Юу гэж ярих аргаа олдоггүй. Ярихаас илүүтэй бичих нь надад амар санагддаг. Эсвэл ярьж чаддаггүй болохоороо ч бичдэг байж магад.
-Хөндүүр дурсамж, гуниг, шаналан нийлж, шүлэг болдог бол түүнийг цаасан дээр буулгах үйл явц ямар байх вэ. Та ихэвчлэн ямар үе, нөхцөлд бичдэг юм бэ?
-Яг тийм гээд хэлэх тодорхойлолт алга. Би “Энгийн өглөөний дуун” гэх шүлгээ орцонд сууж байхдаа л бичиж байсан.
“ЭНГИЙН ӨГЛӨӨНИЙ ДУУН”
Ѳчигдѳр эгч минь амаржсан учраас
Ѳнѳѳдѳр би
Ѳѳд болсон гурван хүнээ дурсмаар байна.
Эхлээд эмээ минь ѳѳд болсон.
Эмнэлэгт эцсийн удаа орохуй
Хүндээр амьсгаадан унтах нь
Хүний биш, миний амьсгал шиг санагдсан.
Халуун гарыг нь үнсчихээд сэрээлгүйгээр
Хаа хол явахдаа
Богд уулыг хамт гороолж, шүүдэр гишгүүлж
“Босгоод ирнэ дээ” гэж том санасан.
Хагацахын цагт
Харамсахын хэцүүг тэгж үзсэн.
Хуурай мээмээ сүү ортол үнгүүлсэн
Хуучин Дѳрвѳд дуу эмэг минь.
Араас нь залуухан нагац минь явсан.
Аавгүй надад агаан
Ам алгадсан даруулга байсан
Их сургуулийн тѳлбѳр, идэш бэлдчихээд
Инээд алдсаар үлдсэн наймдугаар сарын хүнээ
Хѳвсийн бударсан ѳдѳр нэгдүгээр эмнэлгийн мооргоос
Хѳрсѳн биеийг нь ѳргѳж нутгийн унаанд хэвтүүлсэн
Хэзээд бэлэн нулимс ширгэчих шиг
Хэнгэнэтэл сайхан уйлж ч чадаагүй.
Сүүлд том нагац минь одсон
Шуудай тѳмс мѳрлѳѳд таван шарын товчоон дээр
Сурсан зангаараа халамцуухан дѳхүүлж ѳгсѳн.
Цацрал эгч эвийлж, үнсэж, турсныг минь гайхах зуур
Цаана нь дуугүй л тамхиа сорж зогссон ахаан
Гэмтлийн сэхээнд гавлаа цѳмлүүлчихсэн хэвтэхэд
Гэмтэн шиг л үүдэнд нь ѳвдѳг нугалаагүй хоносон.
Ѳчигдѳр эгч минь хүү тѳрүүлсэн учраас
Ѳнѳѳдѳр би тэднийгээ дурсаж байгаа юм.
Яаж ч тайлбарлаж болно л доо
Үйлийн үрээр ѳвѳрт минь эргээд унасан бол
Үгүйдээ л гүйцээж хайрлах хүсэл байна.
Үнэндээ арай бодит нь
Бүгд л амьдралд хайртай инээж байсан шиг
Бүрий нѳмрѳѳд цайхад би ч бас
Байх уу, үгүй юү.
Ураг дундаасаа арай гялайж, үзэг шүүрснийх
Умарталгүй сануулж явах хүсэл байна.
***
-“Энгийн өглөөний дуун” шүлэг
Ураг дундаасаа арай гялайж, үзэг шүүрснийх
Умарталгүй сануулж явах хүсэл байна гэж төгсдөг. Одоо ч энэ хүсэл хэвээрээ юү?
-Би бага насаа нагацын талдаа өнгөрөөсөн. Өвөө, эмээд минь миний ямар нэг зүйл таалагдсан болоод ч тэр үү төрөл садан дундаасаа арай илүү сурах, хөгжих боломжоор хангуулдаг байлаа. Тэгэхэд өөрөө хүсээгүй атлаа ураг садныхаа хүүхдүүдийн боломжийг нь булааж байснаа мэдсэн. Тэр хүүхдүүдэд олдож болох маш их боломжийг өөрөө ч мэдэлгүй булаасандаа гэмшиж явдаг.
-МАШ ОЛОН ХҮН ШҮЛЭГ БИЧДЭГ БАЙСНЫХАА ТӨЛӨӨ АВРАГДСАН ГЭЖ БОДДОГ-
-Хүмүүс таны нэрнээс илүүтэй овгоор тань Тө гэж дуудах юм билээ. Бямбасүрэн гэхээс илүүтэй Тө гэхээр хүмүүс мэдэх юм. Өөрийн нэрээ аавынхаа нэртэй цуг авч явах мэдрэмж бахдалтай байх даа?
-Аав минь намайг таван настай байхад өөд болсон. Тэр цагаас хойш ээж маань “Аав чинь архи, дарс уудаггүй хүн байсан”, “Цэвэрч, нямбай, шүлэг бичдэг, сайхан уншдаг байсан” гэхчилэн ааваар намайг үлгэрлүүлж өсгөсөн. Бага байхаас л миний эр хүний идеал аав болсон.
Тэгээд л “Аав шигээ шүлэг бичдэг болчихвол мундаг хүн болно” гэж бодоод жаахан хүү шүлэг бичиж эхэлж байлаа. Анх сургуулийн тайзан дээр “1б ангийн сурагч Т.Бямбасүрэн өөрийн зохиосон шүлгээ уншина” гэж дуудуулж гараад “Чингисийн найман шарга” нэртэй шүлэг уншиж байснаа мартдаггүй (инээв).
-Их багаасаа шүлэг бичжээ. Анхны номоо оюутан болсноосоо хойш хэвлүүлж байсан. Харин түүнээс өмнө сурагч байхдаа номоо эмхэтгэж, хэвлүүлэх нөхцөл бүрдсэнгүй юү?
-Сурагч байхдаа тэгж их шүлэг бичээгүй ээ. Оюутан болсноосоо хойш эмчийн мэргэжил эзэмших гэж байгаа учир үүрэг, хариуцлагатай байж, утга зохиол гэж хөөж явах завдал гараагүй. Харин түүнээс хойш амьдралд тохиосон ээдрээт зүйлүүд сэтгэл санаанд их нөлөөлсөн, тэгээд л идэвхтэй шүлэг бичиж эхэлсэн.
-Би дотроо төсөөлдөг аавыгаа даган дуурайж өссөн. Харин намайг эр хүн болгосон нь миний өсгөсөн аав. Өсгөсөн аав маань намайг 11 настай байхад ирснээс хойш бид хоёр салдаггүй болсон. Зуунмодоор хамт явж, барилгын ажил хийнэ. Ажил, цалин, амьдрал гээчийг надад зааж, амьдралын олон шалгуурыг давуулж өгсөн дөө.
Ярилцагч маань гэнэт “Надад миний нэр эмэгтэйлэг санагдаад байдаг юм аа” гээд инээвхийлэх аж. Тэгээд “Өвөөгийн маань надад өгсөн халамжлагч сахиус гэсэн утгатай нэр л дээ. Гэхдээ яруу найрагчид тохирсон нэр шиг санагддаггүй юм” гэв. Түүнээс “Таныхаар яруу найрагчид тохирсон нэр гэж ямар нэр байх юм бэ” гэхэд Тө.Бямбасүрэн “Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Эрдэнэсолонго, Д.Галсансүх, Б.Одгэрэл, О.Элбэгтөгс гээд сонсголонтой, яруу найрагчид тохирсон гэмээр нэр олон шүү дээ” хэмээсэн юм.
-Нэгэнт нэр ярьсных таны анхны ном “Үдэлт”-ийн талаар асууя. Уншигчид таныг тийм нэр өгсөн нь учиртай гэх юм билээ. Анхны номоо гаргахдаа юуг “үдсэн” юм бэ?
-Тэр үеийн бүх мэдрэмжээ л. Номоо гаргахын өмнөхөн оюутныхаа амралтаар Зуунмодод гэртээ очоод байлаа. Амралт дуусаж, буцах болоход манайхан намайг гэрийн гаднаас үдсэн юм л даа. Тэр үед эгч маань өрөөнөөсөө гарч ирээгүй. Харин ээж намайг үнсээд эргэж хараад явах гэтэл араас дуудаж, дахин нэг үнссэн. Бидний дунд ямар ч яриа болоогүй хэрнээ эгчид амьдралын нэгэн хэцүү үе учирсныг зөнгөөрөө ойлгосон. Нэгнээ ойлгодог, хамт байдаг хүмүүс нэгнээсээ юу ч нууж чадахгүй шүү дээ.
Тэгээд л хотод орж ирээд “Хүнийг үдэх нь шинэ ном гаргаж, мэдрэмжээ явуулж байгаагаас ялгаа юу байх вэ” гэж бодоод номондоо “Үдэлт” гэж нэр өгсөн. Анхны номын нэр маань хүмүүст таалагдаагүй юм шиг байна билээ.
-“Үдэлт”-ээс хойш “Өнө удаан” хүртэл багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бичиж байгаа зүйл, бичлэгийн хэлбэрээс гадна хувь хүн талаасаа олон зүйл өөрчлөгдсөн байх?
-Эмчийн мэргэжлээрээ ажиллаж эхлээд гэр бүлтэй ч болсон. Олон зүйл өөрчлөгдсөн. Миний яаралтай тусламжийн хүлээн авах тасаг, түргэн тусламжид явж байхдаа авсан мэдрэмжүүд надад хүнд туссан. Гэсэн ч “Хаашаа ч зугтаж чадахгүй болохоор энэ мэдрэмжийг би үргэлж мэдэрсээр байх юм байна” гэж бодоод “Өнө удаан”-аа гаргасан гэх юм уу даа.
Бид хоёр ийн ярилцаж суух хооронд биднээс холгүйхэн түргэн тусламжийн дуу хангинасаар чимээгүй болов. Тэгэхэд санаан дотор минь орж ирсэн зүйл нь яруу найрагч Тө.Бямбасүрэнгийн “Ambulance” нэртэй цуврал шүлэг. Ярилцагч маань тэр цуврал шүлгийнхээ нэгийг “Болор цом”-ын тайзан дээр уншиж байв. Гэсэн ч тэр шүлгүүдээ ул мөргүй устгасан гэдэг юм. Бидний яриа “Ambulance”-аар үргэлжлэв.
-Яаралтай тусламжийн тасагт ажиллаж байхдаа авсан мэдрэмж тань танд тэгж их хүчтэй нөлөөлсөн юм уу. Тэр тухай бичсэн “Ambulance” нэртэй шүлгээ “Болор цом”-д уншиж, багагүй асуудалтай тулгарсан гэж сонссон?
-Надад бага наснаас үлдсэн эмзэглэл бий. Ээжтэйгээ махны зах орж явахдаа түүхий мах, махны дэлгүүрийн нэхүүн үнэрээс айдастай болсон. Зарим хүн нохой, хулгана, аалзнаас айдаг байхад нэг хүн зүгээр л махны дэлгүүрээс айдаг байж болно шүү дээ.
“Болор цом”-д уншсан “Ambulance” шүлэгт түргэн тусламжаар явж байгаагаа өгүүлсэн юм. Түргэнээр явж очиход туслах ёстой хүн маань хэдийнэ амьсгал хураасан байсан. Эмч хүн энэ эмгэнэлт мэдээг гэрийнхэнд нь гунигтайгаар хэлж болохгүй. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхөд улам хэцүү болно. Харин би талийгаачийн ар гэрийнхэнд тэр тухай хэлэхэд хачин бардам мэдрэмж намайг эзэмдсэн. Тэгээд “Талийгаачийн цогцсыг яах билээ” гэж бодох хооронд талийгаачийн цогцсыг эмгэг судлаач эмч шинжилж байгаа тухай гэнэт бодогдсон. Тийм бодол төрөхтэй зэрэгцээд л багадаа махны дэлгүүрээс авсан нэхүүн үнэр, айдас намайг нөмрөн авсан юм л даа. Тийм л түүхтэй шүлэг. “Ambulance” бүлэг шүлгийг устгасан.
-Яруу найргийн замыг сонгож, өнөөг хүртэл шүлэг бичиж яваадаа харамссан тохиолдол бий юү?
-Үгүй, харин ч би маш олон хүн шүлэг бичдэг байсныхаа төлөө аврагдсан гэж боддог. Ф.М.Достоевский, Чарльз Буковский зэрэг зохиолч шүлэг бичдэг байсныхаа төлөө өөрийн оршихуйгаа аварч үлдсэн юм шиг санагддаг.
-Тэгвэл та шүлэг бичиж байгаагаараа өөрийгөө юунаас чөлөөлж, аварч байгаа юм бэ?
-Ядаж л би өөрийгөө сэтгэл гутралаас аварч байна. Би өөрийгөө шүлэг бичиж байна гэж бодох нь далд ухамсартаа өөртөө авьяастай хэмээн итгүүлж байна гэсэн үг. Авьяастай гэж итгүүлж байгаа нь намайг ядаж өөрт минь онцгой болгож, таашаал өгч байгаа юм л даа. Тэр мэдрэмжээс таашаал авч чадаж байгаа учраас л би амьд.
Гэж хэлмэгцээ ярилцагч маань гэнэт босож, гудамжаар алхлаа. Би ч араас нь үг дуугаралгүй хөдөлсөн юм. Тө.Бямбасүрэн хэсэг чимээгүй алхаж байснаа нэг томоо модны дор очиж зогсоод “Надаас хүн “Яруу найраг гэж юу юм бэ” гэж асуухаар хариулж чаддаггүй. Хэрэв надаас “Анагаах ухаан гэж юу юм бэ” гэж асуусан бол эмч учраас хариулна шүү дээ. Харин яруу найргийг асуухаар хариулж чаддаггүй болохоор би өөрийгөө яруу найрагч гэж боддоггүй” гэв.
-Тэгвэл өөр хүнийг тантай жишвэл ямар санагдах бол. Өөр нэг хүнийг “Хоёр дахь Тө”, “Төгийн арай муухан хувилбар” гэвэл та яах вэ?
-Надад ч, тэр хүнд ч маш муухай мэдрэмж төрнө.
-Таны нэгэн үеийн залуусын төлөөлөл Монголын утга зохиолын салбарт орж ирж байна. Ер нь та үеийнхнийхээ талаар ямар бодолтой байдаг вэ. Өнгөрсөн үетэйгээ хэр өрсөлдөх бол?
-Гарч ирэх хугацаа их байна даа. Үеийнхнийгээ дүгнэх хэмжээний өөр түвшинд хүрээгүй болохоор залуусын сайн, муу байгааг хэлж мэдэхгүй нь. Багш шавьд дүн тавихаас шавь шавьдаа дүн тавьдаггүй. Харин олон залуу бичиж байгаа гэж бодохоор л сайхан байдаг. Эм, хорыг хоёр өөр зорилгоор өгч байгаа ч зорилго нь нэг гэдэг. Утга зохиол ч үүнтэй адил байх.
-Шүлэг бичихэд боловсрол хэр чухал вэ. Зарим хүн авьяас байхад боловсролгүйгээр бичиж болдог гэх юм билээ?
-Би зөвхөн яруу найраг гэлтгүй бүх зүйлд боловсрол маш чухал гэж боддог. Харин яруу найргийн хувьд бусдыгаа уншиж, боловсрол олохгүйгээр бичвэл хэн нэгнийг давтах магадлал өндөр. Хэнийг ч уншдаггүй нэг хүн шүлэг бичлээ гэхэд өмнө нь өөр хүний биччихсэн байсныг давтана. Харин бичихээсээ өмнө уншчихвал нөгөө хүнээсээ ч илүү бичиж чадах болов уу гэж боддог.
-Эмч, яруу найрагч хоёрын үзэл бодол хоорондоо зөрчилдөх үе гардаг уу?
-Эмнэлэгт очоод эмч байж чадахгүй, дотроо яруу найрагч байвал эмчээр ажиллахаа больсон нь дээр. Дотроо зөрчилтэй байж сэхээний тасагт ажиллаад хэрэггүй. Хэрэв дотроо зөрчилдөж байгаа бол муу эмч. Харин би чөлөөт цагаараа л яруу найрагч байдаг (инээв).
-Гэр бүлтэй хүний хувьд гуньж, шаналж шүлэг бичих ер нь хэр зохимжтой юм бэ. Та эмнэлэг дээрээ эмч байдаг бол гэртээ өөр хүн байдаг байх?
-Хүнд сэтгэлийн бүтэц гэж бий. Сэтгэлийг эрхтэн ч гэдэг. Тэр эрхтнийг хаана байдгийг хэн ч мэддэггүй хэрнээ яаж ажилладгийг нь бүгд мэднэ. Бүх хүний гоо сайханд татагдах, гомрох, гансрах, өнчрөх, өмрөх, баярлах гээд бүгд ижил. Гэр бүл, үр хүүхэдтэй хүн шаналж, зовох эсэхэд зөв, буруу гэж ярих нь ижил хүйстэн байх нь зөв үү, буруу юу гэж байгаатай адил байгалиасаа л байх ёстой зүйл. Үүнтэй адил хүн угаасаа шаналах ёстой болохоор зөв, буруу эсэх нь хамаагүй.
-Магад гэр бүлийн дотоод зөрчилдөөн, хүн хувийн асуудал нь хоёр тийш болоход хүргэдэг байх. Та гэр бүл салалтын талаар юу гэж боддог вэ?
-Гэр бүл салалт бол эрх чөлөөний нэг хэлбэр. Өмнө нь Монголд шашин болон хуулийн зохицуулалттайгаар гэр бүл салж болдоггүй үе байсан. Харин одоо салж болж байгаа нь эрх чөлөөтэй байгаагийн шинж.
-Гэхдээ гэр бүл салалтаас шалтгаалсан хүчирхийлэл, амиа хорлох асуудал их гардаг тухай судалгаа байдаг?
-Хэрэв хос хоёр нэгнээсээ салж болдоггүй байсан бол гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолтын түвшин хэрээс хэтэрнэ. Салж чадаж байгаа нь л эрх чөлөөтэй байна гэсэн үг.
ТӨ.БЯМБАСҮРЭН: Би өөрийгөө яруу найрагч гэж боддоггүй |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |