• Өнөөдөр 2024-05-06

Г.ЗОЛЖАРГАЛ: Бидний зүрх сэтгэл, бодол ямар болсныг “Эх орондоо л очихсон” киноноос тольдоосой гэж хүссэн

2022-11-09,   553

          Чимээ аниргүй нам гүм орчин. Автобусны буудал дээр болон аль нэг орон сууцны гадна зогсох цагдаа нараас бусдаар эл хуль. Аж ахуй нэгж, дэлгүүр, мухлаг цөм хаалттай. Хаа нэг амны хаалт зүүсэн хүмүүс зөрнө. Энэ бол бидний өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь хөл хорионы үеийн дүр төрх. Гэр гэртээ тусгаарлагдаж, харь орныг зорьсон хүмүүс хүний нутагт эх орондоо харих гэж онгоцны буудал дээр хонон, өнжин, аргаа барж байсан цаг үе. Ёстой кино шиг өдрүүд өнгөрснийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл хөл хориотой тэр үеийн тухай, харь орноос эх орондоо харихын тулд хүмүүс юуг зольж, хэрхэн тэмцэж байсныг, хэцүү хүнд үед хүний мөс чанар хэрхэн танигдадгийг Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтүүлч Г.Золжаргал “Эх орондоо л очихсон” баримтат киногоороо бидэнд эргэн сануулж байна.

     Тэрбээр дээрх бүтээлээрээ амьдрал болоод нийгмийн ямар нэгэн сорилт, бэрхшээлд хүний мөн чанар, зүрх сэтгэл, бодлын жинхэнэ үнэн хэрхэн цухалздагийг цар тахлын үеийн нэгээхэн хэсгийг баримтжуулж, илчилжээ. Бид түүнтэй “Эх орондоо л очихсон” баримтат киноных нь  талаар ярилцлаа.

 

      -Тантай “Эх орондоо л очихсон” гэх баримтат киногоор нь дахин уулзаж байгаадаа баяртай байна. Танд "Эх орондоо л очих сон" баримтад кино хийх санаа хэзээнээс төрөв. Хөл хорионы үеэс үү?

      -“Зөвийг шүгэлдэгчид” төрийн бус байгууллагаас цар тахлын үеийн хөл хорионы нөхцөл байдлаар уран бүтээл хийх сонирхолтой байна гэх санал надад хэлсэн. Тухайн үед үнэхээр радио телевиз, сонин, мэдээллийн сайтаар улаан бүсэд ажилласан эмч, сувилагчдын хөдөлмөр, тэдний ажиллах орчин, нөхцөл байдлын талаар ид ярьж байлаа шүү дээ. Аргагүй цар тахлын хүнд өдрүүдэд гол ажлыг нугалж байсан хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан байсан. Ингээд санал тавихад нь,  кино багийнхантайгаа хамтарч киногоо аль өнцгөөс нь, хэрхэн хийх талаар ярьж, холбогдох хүмүүстэй уулзаж эхэлсэн. Тэгээд киноныхоо өнцөг, сэдвийг лавшруулж илүү сонирхолтой, сонин болгох боломж байж магадгүй гэж хүмүүсийн яриа, авсан дүрс,  бичлэгийг үзсэн. Үндсэндээ хүмүүсийн яриаг сонсож,  бодож, таамаглаж байснаасаа илүү тодорхой бодит мэдээлэлтэй болсон.  Яг бодит баримт жишээг сонсохоор үнэхээр жихүүцэм, айдас төрж байсан шүү. Ингээд судалгаа хийсний дараа кино хийх ажлаа яаравчилсан даа.  

Хамгийн гол нь баримт, материал цуглуулах ажил байв. Дүрсжүүлэх, гар утасны бичлэг,цахим орчин дахь мэдээлэл гээд сэдвийнхээ дагуу бүгдийг нь биш юм гэхэд ихэнх баримтыг цуглуулсан гэж боддог.

   -Киноны дүрсийг өөрсдөө авсан уу. Үзэгчид олон тухайн үед олон нийтийн сүлжээгээр гарч байсан ковидын үеийн дүрс банйа лээ эсвэл зохиомлоор дүрс авсан байна" гэж байсан?

        -Киноны дүрсийг хөл хорионы үед өөрсдөө хөдөлмөрлөж авсан. Киногоо монтажилж байхад хатуу хөл хорио тогтоосон. Харин киноны зураг авалтын үед сурагчидын амралт эхэлж байсан санагдаж байна. Бид нэлээн богино хугацаанд буюу хавар, зундаа багтаж кино зургаа авсан даа.

-Та бүхний "Эх орондоо л очих юм сан" баримтад киног ямар нэгэн намын захиалгаар хийсэн гэх яриа гарсан нь нууц биш. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

       -Энэ бол зүрх сэтгэлийн дуудлагаар хийсэн кино. Ямар нэгэн улстөрч болон намын захиалгаар хийгээгүй. Хэрвээ захиалгаар хийсэн байсан бол бид юм ярихгүй байсан байх.  Тэгэхээр цэвэр уран бүтээлчийн зүрх сэтгэлийн дуудлагаар залуустайгаа хамтарч хийсэн бүтээл гэдгийг онцолж байна. Манай залуус монтажийг нь хийхдээ хүртэл зүрх нь шархирч байсан. Жинхэнэ уран бүтээлийг хүн өмөлзөж, шаналж, шархирч, уярч л хийнэ. Бид өнөөдөр хэтэрхий өнгөц амьдарч байна.

   -"Эх орондоо л очих сон" баримтад киноноос ямар санааг та онцолж дурдах вэ?

    -Эцсийн бүлэгт "Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэдэг шиг эх орон хамгаас үнэ цэнтэй. Эх орон руугаа тэмүүлэх монгол хүний зүрх сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй гэх санааг илэрхийлсэн. Тэр тусмаа нийгмийн шаардлагаар эх орондоо ирж чадаагүй хүмүүсийг бид ямар өнгөцхөн дүгнэж байсныг, хүнлэг бишээр доромжилж, өнөөгийн хүмүүсийн ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт ямар дорой болсныг энэ бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон. Бид нэгнийгээ унасан, хүнд бэрхшээл тулгарсан үед гар сунгах ёстой. Түүнээс унавал унаг гээд орхиод явж болохгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр хүмүүс гялгар хөшиг шиг өнгөц, гаднаа ганган хээнцэр харагдаж, харин хөшигний ард буюу дотроо, мөн чанартаа зүрх сэтгэлгүй болжээ. Аз жаргалтай юм шиг харагддаг ч асуудал бэрхшээл тулгарахад амархан бүдэрч, арчаагүй байгааг бүтээлээрээ харуулж чадсан болов уу.

Нэг ёсондоо бидний зүрх сэтгэл, бодол ямар болсныг энэхүү бүтээлээс тольдоосой гэж хүссэн.

 

-Таны кино гуравхан өдөр гарлаа. Илүү олон хүнд үзүүлнэ биз дээ?

     -Энэ бол бидний эдийн засагтай холбоотой. Мэдээж, киногоо театрт гаргахын тулд мөнгө төлнө шүү дээ. Тэгээд 50 хувийг нь театр, 50 хувийг нь кино уран бүтээлчид гэдэг хуулиараа зохиуцууллагддаг. Магад кинотеатрынхан нийгэмд ач холбогдолтой, зүрх сэтгэл хөндсөн асуудал гэдгийг сайн мэдээгүй учраас баримтат кино хэн үзэв гэж дээ гэсэн өнцгөөр хандсан байх. Мэдээж орлогын хувьд экшин төрлийн кино илүү. Тиймээс бидний киног цөөн өдөр ч болтугай гаргаж өгсөнд  баярлалаа гэж хэлье. Мэдээж кино маань телевизээр  хэзээ нэгэн цагт гарах байх. Кино театрт хүмүүс анхаарал, сэтгэл зүрхээ төвлөрүүлж үзэх ёстой гэж боддог. Гэрт бол хүн босон, суун сатаарах зүйл их тул театр шиг тухтай үзэж чаддаггүй болов уу. Тиймээс телевизээр гаргах тухай одоохондоо ярьсан зүйл байхгүй байна.

-Сүүлийн үед  та ямар уран бүтээлд ажиллаж байна вэ?

     -Уран бүтээл гэдэг эхнээсээ хэдэн арван жилийн өмнөөс эхэлсэн болохоор намайг чадахгүй болох хүртэл үргэлжилжлэх зүйл л дээ. Хэдхэн хоногийн дараа академич П.Нямдаваа эрхмийн тухай киног гаргахаар зэхэж байна. Энэ бол  зүгээр нэг алдартны тухай кино биш, энэ хүн дэлхийн академич болохын тулд ямар замнал туулсан болохыг шинэ залуу үеийнхэнд үзүүлье гэж бодсон юм. Хүн зүгээр нэг өдөр алдартай, мундаг болохгүй. Багаасаа тэмүүлж, сурч, хөдөлмөрлөж л сая алдартай хүн болно шүү дээ. Үүнийг л харуулахыг зорьсон бүтээл болж байгаа.

    -Хоёулаа таны шинэ баримтат киноны тухай, удахгүй төрөх бүтээлийн тань талаар ярилаа. Сүүлийн үед хүмүүс баримтат кино, нэвтрүүлэгт ач холбогдол өгөхөө больчихсон юм шиг санагддаг. Харин та ямар бодолтой байдаг вэ?

     -Баримтат кино бол кино урлагийн нэгэн төрөл. Нэлээд соёлтой, боловсролтой, зүгшсэн сайхан нийгэмд юмсын үнэ цэнийг ойлгож чаддаг, муу муухайг жигшдэг тэр нийгэмд л баримтат киног илүү үнэлдэг байх. Манай нийгэм арай тийм болоогүй байна. Технологийн дэвшил л бидний нийгмийг хөгжсөн юм шиг харагдуулаад байгаагаас биш, оюун санаа ухамсрын хувьд хөгжөөгүй. Үндсэндээ оюун санаа, ухамсрын хувьд хөгжсөн үедээ л бид баримтат киног үзэж, үнэлнэ. Учир нь өнөөдөр манай нийгэмд хоногийн хоол, цалин хөлс, байр, машины түрээс гээд олон асуудал бий. Юун баримтат кино үзээд, түүний утга санааг бодоод, эргэцүүлээд сууж байх манатай. Иргэд “Өнөө оройны хоолоо яах вэ” гэж байна шүү дээ. Тэгээд энэ зовлонгоо түр мартахын тулд хүн оюун санаагаа цэнгүүлэх, мансууруулах хэрэгтэй болдог. Яг шүд өвдөхөөр түр намдаагч хэрэг болдог шиг энэ их асуудлын зовлонгоо мартахын тулд хошин зүйл рүү хошуурч байна гэж хардаг.

-Ярилцсан танд баярлалаа.

      -Баярлалаа.


Г.ЗОЛЖАРГАЛ: Бидний зүрх сэтгэл, бодол ямар болсныг “Эх орондоо л очихсон” киноноос тольдоосой гэж хүссэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188