• Өнөөдөр 2024-05-05

ДОРНЫН ОРЧУУЛАГЧ

2022-10-25,   663

        Д.Болдбаатар багштай уулзаж, ярилцахаар өнгөрсөн долоо хоногийн дундуур “Гэгээ” бага сургуулийг зорилоо. Уншигч та түүнтэй “Гурван улсын үлгэр”, “Хүйтэн уулын бичиг”, “Усан бялхмал”, “Чонон сүлд”, “Тансан ламын аялал буюу баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Нэгэн давхар асар”, “Тан улсын яруу найраг”, “Сүн улсын дуулал шүлгүүд” орчуулгын бүтээлээр нь хэдийнэ “уулзсан”.

     Хамгийн сүүлд тэрбээр мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” зохиолыг хагас сарын дотор хятад хэл рүү хөрвүүлж дуусгасан байна. Мөн “Хуанжу Гэг”, “Мөрөн голын шулам”, “Журамт бүсгүй Лү би лянь”, “Цаст уулын нисдэг үнэг” зэрэг киногоор нь мэднэ. Гэхдээ алив нэгэн бүтээлийг орчуулсан хүний тухай бүтээлээс нь бүдэг мэдээлэлтэй байдаг бидний нэг сул тал бий шүү дээ. Үүний жишгээр тэр ч бүтээлийнхээ ард даруухан оршдог нэгэн. Мөн Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс”, “Соёлыг гайхав” зэрэг Монголын олон зохиолчийн өгүүллэгийг Монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлгээр нэвтрүүлсэн. Магад зарим уншигч телевизийн нэвтрүүлэг, түүний цахим хаягаараа дамжуулан хүргэдэг мэдээлэл, лекцээр нь ч танина байх.

   Харин сэтгүүлч миний хувьд арван жилдээ “Чонон сүлд” романыг нь уншиж, их сургуулийн оюутан болсон хойноо зарим нэг орчуулгын бүтээлийг нь бүүр, түүрхэн уншсанаас өөрөөр таних минь бага. Хэзээ нэг өдөр уулзах сан гэдэг бодолтой л явдаг байв.

    Харин ийн уулзаж, ярилцах өдөр таарсан нь хоёр хоногийн өмнө тэрбээр Хятадын цөөнх үндэсний таван эмэгтэй зохиолчийн бүтээлийг орчуулан уншигчдад хүргэж байгаагийн сүүлийн орчуулга болох “Өгүүлэгчийн хүүрнэл” номынхоо нээлтийг хийсэнтэй нь холбоотой юм. Цаанаа нэг  дулаахан, инээмсэглэж байгаа мэт төрхтэй, гэрэлтсэн харцтай, тайван амгалан ярьж, өгүүлэх эрхэм орчуулагч өмнө хэдийнэ уулзаж байсан мэт дотно мэндэлснээр бидний яриа эхэллээ.

-ХЯТАДЫН УРАН ЗОХИОЛЫН НОЁН ОРГИЛ “УЛААН АСРЫН ЗҮҮД” НОМЫГ ОРЧУУЛААД ДУУСАЖ БАЙГАА-

    -Сайн байна уу. Ээлжит шинэхэн орчуулгын бүтээлээ нээх гэж байгаа сургаар тантай ярилцахаар ирлээ. Шинэ орчуулгын бүтээлээс нь яриагаа эхлэх зүйтэй болов уу?

        -Сүүлийн үед давхар баяртай үйл явдал болж байна. Хятадын уран зохиолын монгол уншигчдад зориулсан клуб байгуулагдаж байна. Хятадын зохиолчдын хорооны дэмжлэгтэй дэлхийн 30 гаруй улсад зохион байгуулагдаж байгаа олон улсын байгууллага л даа. Үүний Монгол дахь төлөөлөгчөөр нь би томилогдсон. Мөн Хятадын цөөнгүй орчуулгын газартай хамтарч ажиллаж байна. Хятадын орчуулгын хэвлэлийн хороотой хамтраад, таван эмэгтэй зохиолчийн бүтээлийг орчуулсан. Манай уншигчдын гарт хоёр, гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн “Дууны саваа”, “Жихүүн хүйтнээс алсад”, “Хуврага үзэг”,”Унтахын өмнөх ном” зэрэг бүтээл бий. Тав дахь нь хамгийн сүүлд орчуулсан “Өгүүлэгчийн хүүрнэл” гээд зохиол байна. Манай уншигчид мэдэх байх. Сүүлийн үед би Хятадын уран зохиолын талаар голчлон ажиллаж байна. Одоо Хятадын уран зохиолын ноён оргил болох  “Улаан асрын зүүд” зохиолыг орчуулаад, хариугүй дуусах гэж байгаа.

-Энэ жил таны уран бүтээлийн олз омог арвин байгаа юм байна даа.

       -Тийм ээ. Энэ жил уран бүтээлчийн хувьд олз омог дүүрэн байна. Хоёр жилийн өмнө орчуулж эхэлсэн Ши Жиньпингийн зохиолын хоёр боть номыг орчуулаад мөн дуусаж байгаа. Өмнө нь  Хятад комминуст орон учир улс төрийн зүйл орчуулаад яах вэ гэж боддог байлаа. Энэ удаагийн бүтээл нь болохоор миний өөрийн өсөж, хүмүүжсэн орчинтой холбоотой. Тухайн үед коммунист, социализм гэхээр нэг тийм цэцэрхсэн, амьдралаас хол тасархай зүйл гэж боддог байсан. Яг ингээд тулаад орчуулаад үзэхээр их ондоо юм байна. Үндсэндээ Хятадын хурдтай хөгжөөд байгаагийн нууц энэ хоёр номд бий. Тиймээс энэхүү хоёр боть бүтээлийг хэвлэн гарсны дараа манай улстөрч, төрийн түшээд, хятад хэлний орчуулагчид тулгаж үзээсэй гэж бодож байна. Тухайлбал, Ши Жиньпин номын сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэд очоод хэлсэн үгэндээ “Хүн бол сурахаас гадна бас сэтгэдэг байх хэрэгтэй. Күнзийн сургаалд хэлсэн байдаг. “Хүн сурахдаа сэтгэдэггүй бол цалгармуй. Сэтгэдэг мөртлөө ном уншдаггүй бол балайрмуй” гэсэн байдаг. эл үгийг санаж яваарай гэсэн байгаа юм. Тэгэхээр энэ бол Хятад гэлтгүй Монгол залууст ч хэрэгтэй.

    -Өнгөрсөн жил та Хятадын Засгийн газрын шагнал хүртсэн шүү дээ. Тэр таны хувьд их том шагнал байсан болов уу гэж бодож байна?

        -Өнгөрсөн жил Хятадын Засгийн газрын Хятадын уран зохиолд оруулсан хувь нэмрийн шагнал гэж хүртсэн. Энэ шагналыг бол дэлхийн арав гаруй улсаас 15 хүн авсан байдаг юм билээ. Үндсэндээ Хятадын төрийн шагнал гэсэн үг л дээ. Мөн би Монголын орчуулагчдын хамгийн том цол болох “Билигт гүүш” цол хүртэж байсан.

    Тэрбээр ном орчуулах бол миний сонирхлоороо хийж байгаа ажил. Нэг ёсондоо өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр гэсэн юм. Үргэлжлүүлэн бид орчуулгын номын чанар чансаа, борлуулалтын талаар яриа өрнүүлж, энэ олон ном бүтээлийг орчуулж байгаагийн гол зорилго, утга учир нь юу болох талаар ярилцлаа.

-“ГЭГЭЭ” БАГА СУРГУУЛИАРАА ДАМЖУУЛАН САЙН ШАВЬ НАР БЭЛТГЭХ НЬ МИНИЙ ГОЛ ЗОРИЛГО-

    -“Дуртай нь ном орчуулдаг болжээ” гэх яриа хаа сайгүй сонсогдох боллоо. Орчуулагч хүний хувьд энэ тухайд юу гэж хардаг вэ. Магад уншигчийн сонголтоос хамаарах зүйл байх?

         -Орчуулгын ном бүрийг тэр бүр уншаад байх боломжгүй. Гэхдээ номын дэлгүүр ороод, хальт гүйлгээд харж байхад “Ингээд орчуулчихгүй яав даа” гэмээр зүйл харагддаг. Үндсэндээ зохиол, бүтээлийг  хэн нэгэн муу, сайн гэж ялгах аргагүй. Энэ бол цаг хугацааны шалгуураар шүүгдэх зүйл. Өөрөөр хэлбэл, тааруухан орчуулсан бүтээл цаг үеийн шалгарлыг давахгүй шүү дээ.

    -“Улаан асрын зүүд”, “Хүйтэн уулын бичиг, “Нэгэн давхар асар” бүтээлийг сонгох уншигчид ховор болов уу. Нөгөө талаар массын буюу олон нийт хошуурдаг зохиол бүтээл гэж байдаг. Энэ тухайд та ямар байр суурьтай явдаг бол. Уншигчдаа хэр анзаарч хардаг вэ?

         -Мэдээж уран бүтээлч бүр өөрийн уншигч, үзэгчийн баримжаа авдаг байх. Энэ ч утгаар харьцангуй уран зохиолын боловсролтой хүмүүс орчуулгыг минь уншиж байна уу гэж хардаг. Массын уран зохиол гэдгийг  нарийн тодорхойлох аргагүй л дээ. “Гурван улсын үлгэр” гэхэд гурван боть, чамгүй үнэтэй зохиол 3000 гаруй борлуулагдсан. Тэгэхээр харьцангуй гайгүй гэж ойлгодог. 1990-ээд оны эхээр ном их сайн борлогддог байлаа.

“Мөрөн голын шулам”, “Журамт бүсгүй Лү би лянь” гэх хоёр номыг 25 мянга хэвлүүлэхэд хоёр сарын хугацаанд борлогдсон.

Тухайн үед хүмүүс ч их уншдаг байж. Номын үнэ ч харьцангуй боломжийн байжээ. Тэгэхээр энэ бол цаг хугацааны асуудал л даа. Тун удахгүй эргээд л номыг дээдэлдэг, хүндэлдэг болно гэж боддог. Би үүнд итгэдэг.  

-Ном орчуулах нэг талаараа таны хүсэл сонирхол боловч, нөгөө талаар энэ олон ном зохиолыг орчуулж, өөрийн нэгэн амьдралаа зориулахын гол зорилго юу юм бэ?

        -Анх бол мэдээж сонирхол, хүслээрээ ном орчуулж эхэлсэн. Нөгөө талаар бол мэдээж ирээдүй хойч үедээ үлдээх зүйл.  Гэхдээ миний орчуулж байгаа ном гэхээс илүү үлдэж байгаа гол зүйл бол “Гэгээ” бага сургуулийн энэ хэдэн шавь нар минь. Хэдэн гайгүй хүүхэд бэлдчих юм бол энэ олон ном орчуулсны хэрэг гарах болов уу гэж боддог.

-ААВ МИНЬ “ЭРДЭМ НОМЫГ ДЭЭДЭЛЖ БАЙ” ГЭЖ БАЙНГА СУРГАДАГ БАЙСАН-

     Д.Болдбаатар багш Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт эгэл жирийн айлд төрж, өсөж, өдгөө нэрт орчуулагч хүртлээ явжээ. Таван хүүхэдтэй айлын отгон хүү тэрбээр их сургуулийн хятад хэлний ангийн оюутан болсноос хойш БНХАУ руу сурахаар явах болсноор өнөөгийн бидний унших дуртай олон сайхан бүтээлийг орчуулах болжээ. Аав нь жолооч, ээж нь цэцэрлэгчээр ажилладаг байсан гэнэ. Түүнд аав нь “Цүнхээ битгий дор тавь. Эрдэм номыг дээдэлж бай” гэж захидаг байж. Ийн аавынхаа ном эрдмийг дээдэлдэг ухаанаар хүмүүжиж, эрдэм номд шамдсаар өдгөө хүртэл аав, ээжийнхээ тэр л сургаалаар яваа аж. Тэрбээр “Амьдрал өөрөө их том багш. Хүний тулгарч байгаа бэрхшээл гэдэг бол их сайн нөхөр” гэж хэлсэн юм. Тэрбээр мөн сэтгэлээ тогтоож, бодлоо цөөлөх тухай ч их ярьж, шавь нартаа сургадаг гэнэ лээ. Үндсэндээ түүний сургалтын гол арга барил энэ зарчмаар явдаг. Ийн өгүүлэх болсны гол учир нь тэрбээр 30 гаруй настай байхдаа олон улсын нэг хуралд сууж л дээ. Тухайн үед сэтгэл санаа жаахан гундуухан, явах зүг чиг тодорхой бус байж. Тэгээд хажуу тийш хартал нэг ном байсан нь “Бурхан багшийн гэгээн сургаал”. Эргүүлж үзээд, ганц хуудас уншихад л “Сэтгэлээс бүх зүйл үүдэлтэй, сэтгэл чамайг бурхан ч болгож чадна эсвэл чөтгөр ч болгож чадна. Сэтгэлд л бүх зүйлсийн оньс бий шүү дээ” гэсэн үгс хөвөрч байсан нь амьдралыг нь ихэд өөрчилсөн гэдэг. Энэ үеэс л тэр өөрийн сэтгэлтэй ажиллаж, сэтгэлээ тогтоон барихад суралцжээ.

Үндсэндээ Д.Болдбаатар багш хятад хэлний оюутан байхаасаа эхлэн өөрийн сонирхлоор орчуулга хийж, өдгөө өөрийн амьдралыг нь өөрчилсөн сэтгэлийн тухай сургаал номын мөрөөр шавь нараа сургаж яваа сайн орчуулагч, багш, аав, өвөө болжээ.


ДОРНЫН ОРЧУУЛАГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-25 11:27:39
    Уншигч : Энэ орчуулагч Болдбаатар Хятадын алдарт 4 романыг орчуулсан гээд байгаа. Тэр номуудыг захаас нь аваад үзсэн чинь Өвөр монголд хуучин монгол бичгээр аль дээр үед орчуулсан орчуулгыг крилл үсгээр хөрвүүлээд, ганц нэг үг засаад, өөрөө орчуулсан гээд нэрээ бичээд гаргасан байна лээ. Худлаа гэвэл та тулгаад үзээрэй. яг адилхан. Ингнж хулгай хийж болохгүй байхаа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188