• Өнөөдөр 2024-05-02

ЗАЛУУ ЖҮЖИГЧИН У.БИЛЭГТ-ОД: Би уран зөгнөлт, цус сорогч, зомбитой кинонд тоглохыг хүсдэг

2022-11-01,   1085

  “Хуримын даашинзтай бүсгүй” киноны гол дүрээр олонд танигдсан залуу жүжигчин У.Билэгт-одыг энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” булангаараа онцоллоо. Өвөрмөц стиль, содон дүр төрхөөрөө бусдаас ялгарсан залуу уран бүтээлчтэй хийсэн яриагаа хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юү?

      -Ярилцлагыг маань уншиж байгаа хүн бүрд энэ өдрийн мэнд хүргэе. Би наймдугаар сард залууст зориулсан контентын гол дүрд ажилласан. Тус уран бүтээл маань тун удахгүй үзэгчдийн хүртээл болох байх. Сүүлийн үед кино уран бүтээлээс илүү хөтлөлт, дуу хөгжим талдаа илүү анхаарч байгаа. Одоохондоо мэргэжлийн түвшинд биш хобби байдлаар л хөгжүүлээд явж байгаа. Хэдийгээр анхны уран бүтээл маань олон хүнд хүрээгүй ч миний хувьд маш үнэ цэнтэй туршлага болсон. Дараагийн уран бүтээлүүдээ илүү чанартай болгож, шат шатаар ахиад явах гэж хичээх болно.Энэ жилдээ багтаагаад өөрийн хоёр дахь дуугаа хүргэхээр зорьж ажиллаж байна. Мөн ойрын хугацаанд шинэ жилийн контентод оролцохоор болоод байна.

-Таныг урлагийн гэр бүлээс гаралтай гэдэг. Жүжигчин болоход тань гэрийнхэн тань тодорхой хэмжээнд нөлөөлсөн үү?

      -Манай аав найруулагч, жүжигчин. Ээж маань бүжигчин. Манай төрөл саднаас ч урлагийн хүн олон бий. Тиймдээ ч багаасаа урлагтай ойр өсөж,  урлагийн хүн болсон гэж боддог.

Миний амьдралын бүхий л орон зайг урлаг эзэлдэг.

-Та одоо ямар дүр дээр ажиллаж үзэхийг хүсэж байгаа вэ. Үзэгчдэдээ сонсгох шинэ сайхан мэдээ бий юү?

       -Би уран зөгнөлт, цус сорогч, зомбитой кинонд тоглохыг хүсдэг. Хүмүүсээс "Адал явдалт кинонд эр хүн шиг эр хүний дүр бүтээгээч" гэсэн шүүмж цөөнгүй сонссон. Би кинонд тоглож буй дүр бүртээ өөрөөсөө өөр дүр бүтээхийг хичээдэг. Дараа зунаас үзэгчид маань намайг жүжигчний хувьд арай өөр өнцгөөс харах байх гэж найдаж байна.

-Та уран бүтээлүүдээрээ дамжуулан нийгэмд ямар дуу хоолойг хүргэхийг хүсдэг вэ?

  -Миний хувьд уран бүтээл болгон нийгэмд ямар нэгэн дуу хоолой хүргэх шаардлагагүй гэж боддог. Энтертайнмент талаа орхигдуулж болохгүй. Тэгээд л энтертайнмент болон нийгэмд дуу хоолой хүргэх гээд 50, 50-н хувьтай байхад болно.

-Урлагийн хүн бусдаас илүү соёлтой, хариуцлагатай байх ёстой гэдэг нийгмийн хүлээлт байдаг шүү дээ. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

     -Тэгэлгүй яах вэ. Урлагийн хүн соёл, урлагийг түгээх хэрэгтэй. Бидний биеэ хэрхэн авч явж байгаагаас хүмүүс үлгэрлэж явдаг учир бусдаас илүү соёлтой, зөв байх шаардлагатай. Иймээс би хувцаслалт, үс засалт, биеэ зөв авч явах талдаа маш их анхаардаг.

-Одоо эрчүүдийг “Эмэгтэй хүн шиг хувцасладаг болоод байна” гэж шүүмжлэх нь олонтаа. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

     -Нэг хэсэг эрчүүд бариу өмд өмсдөг байсан бол одоо моданаас гарсан. Миний харж байгаагаар 1990-ээд оны үеийн мода буцан эргэн ирж байна. Хувцаслалт гэдэг хувь хүний сонголтын асуудал шүү дээ.

 -Та нэг хэсэг солонгос стиллээр хувцасладаг байсан. Одоо хувцасны сонголтоо хэрхэн хийдэг вэ?

      -Би сурагч байхдаа Солонгос стиль, хэв маягт автчихсан байсан. Харин нас ахих тусам монгол уламжлалт хувцсаа өмсөх дуртай болж байна. Хувцаслалттай холбогдолтой мэдээллийг цахим ертөнцөөс судалж, тухайн үеэсээ хамаарч хувцаслалтаа зохицуулдаг. Сүүлийн үед биед эвтэйхэн, чөлөөт хувцас өмсөх сонирхолтой болсон.  Энэ тал дээр эхнэрээсээ бас зөвлөгөө авдаг шүү. 

-Гэр бүл зохиосны өмнөх болон дараах амьдралын ялгаа нь юу гэж харж байна вэ?

   -Аав болоод илүү хариуцлагатай болсон. Эхнэр минь миний ард талыг их хамгаалж байгаа.

Хүүхэд томрох тусам илүү хариуцлага нэмэгддэг юм билээ. Аажим аажмаар л би томоожчихсон. Гэр бүлийнхэндээ чадахынхаа хэмжээгээр цаг хугацаагаа зориулахыг хичээдэг дээ.

-Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд таныг их дагадаг харагддаг. Ярианыхаа төгсгөлд тэдэнд зориулж хэлэх үг бий юү?

     -Өөрийнхөөрөө байгаарай. Гэхдээ эвдэрч болохгүй шүү. Гэр бүл чинь чамд байгаа хамгийн том үнэт зүйл. Тиймээс гэрийнхэндээ их цаг гаргаагай гэж хэлмээр байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

   -Баярлалаа.


ЗАЛУУ ЖҮЖИГЧИН У.БИЛЭГТ-ОД: Би уран зөгнөлт, цус сорогч, зомбитой кинонд тоглохыг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-02 22:45:19
    Уншигч: Ёстой зөв бодолтой зөв сайхан хүү шүү гэр бүлээрээ сайхан хүмүүжилтэй уран бүтээлд нь өндөр амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-01 23:51:54
    Мөнхзул: Амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188