• Өнөөдөр 2024-05-06

ЗУРААЧ О.ЧИМЭДЦЭРЭН: Би дахин ирэхгүй сайхан дурсамжуудаа зургаар илэрхийлдэг

2022-10-15,   1195

   “Тамгагүй төр” жүжгийн жүжигчдийн хөргийг нүүрсээр зурсан зураачийг Оюунтуулын Чимэдцэрэн гэдэг. Тэрбээр модны нүүрсээр найман настай хүүхдээс наян настай буурлын хөргийг амилуулдаг. Үүний зэрэгцээ өөрийн ертөнцийг орчин үеийн өвөрмөц, шинэ өнгө төрх бүхий зургаар илэрхийлдэг нэгэн. Чимээгүй хөдөлмөрлөж, бага багаар урагшлах түүнтэй залуу уран бүтээлчийн амьдралын хэв маяг, уран бүтээл нь хэрхэн төрөн гардаг талаар ярилцлаа.

                                                                                                                             ХӨРӨГ ЗУРАГ ТУХАЙН ХҮНИЙ ДОТООД МӨН ЧАНАРЫГ ИЛЭРХИЙЛДЭГ

-Зурах хоббитой байх, зураач болоход зөрүү их бий. Зураач болсон тухайгаа ярьж өгөөч?

   -Багаасаа зурах дуртай, гадаа тоглодоггүй хүүхэд байсан. Манай гэр бүлд зураач, урлагийн хүн огт байхгүй. Тэгтэл би хэн ч намайг зур гээгүй байхад л өөрөө дурлаад, зураад суучихдаг байлаа. Арван жилдээ шугам зургийн хичээлдээ дуртай байсан болохоор архитектурч болно гэж боддог байсан. Мэргэжлээ сонгоход архитектурч эсвэл зураач гэсэн хоёр мэргэжлийн аль нэгийг сонгох болоход сэтгэлийн дуудлагаа даган, зураачийн ангийг сонгож байлаа.

-Зураач болно гэж шийдэхэд ойр дотнын хүмүүс тань хэрхэн хүлээж авч байсан бэ?

    -Ойр дотнын хүмүүстээ хэлэхэд, олонх нь “Чи ирээдүйд хоолтой байх уу. Зураач гэдэг орлогын эх үүсвэр байхгүй, баталгаагүй мэргэжил” гэсэн. Хэдий санаа нь зовсон ч ээж минь л намайг хамгийн их дэмжсэн. Миний ээж намайг зурахад дуртай, зурсан зургийг минь хараад “Миний хүү ийм гоё зурдаг” гээд магтаж ярих дуртай.

-Та анх хэний хөргийг зурж байсан бэ. Хөрөг зургийн бусад зургаас ялгарах онцлогийн талаар хэлж өгөхгүй юү?

     -Есдүгээр ангидаа эмээгийнхээ хөргийг анх зурсан. Их сургуульд хөрөг зургийг илүү судалж, суралцаж эхэлсэн. Хөрөг нь хүнийг зөвхөн гадаад байдлаар нь дуурайлган зурдаггүй. Дотоод хүнийг нь мэдэрч зурахыг шаарддагаараа маш үнэ цэнтэй. Хөрөг зурахаар тухайн хүний царай төрх, хувиралаас гадна дотоод сэтгэлийг нь ойлгохыг аяндаа хичээдэг болчихдог.

-Та хөрөг зургийг нүүрсээр урладаг. Яагаад заавал нүүрсийг хэрэглэдэг юм бэ?

    -Би гуравдугаар курсийн оюутан байхаасаа нүүрсээр зурсан. Нүүрс нь бэхжүүлсэн, зураг зурахад зориулсан шатаасан мод. Миний хувьд бусад материалаас илүү нүүрсээр зурах нь амттай санагддаг. Өнгөөр зурдаг л даа, гэхдээ хар зурагтаа илүү дурлаж зурдаг. Нүүрсээр зурах нь хүнд төрөлд ордог. Учир нь, даралтаа тохируулж чадахгүй бол зургаа баллах аюултай. Зураачаас хөнгөн даралтыг мэдрэх нарийн мэдрэмж шаарддаг. Тийм ч болохоор анхлан суралцагчид харандаагаар зурж эхэлдэг. Харандаагаар зураад тодорхой ойлголт, суурьтай болсны дараа нүүрсээр зурах нь тохиромжтой.

-Зураач байхын сайхан талыг хэлж өгөөч?

  -Бид энэ дэлхийд ямар нэгэн зүйл хийж, бүтээхийн тулд мэндэлсэн санагддаг. Би дуртай зүйлээ ажлаа болгосон болохоор аз жаргалтай байдаг. Зурсан зургуудаа эргэж хараад тухай үеийн мэдрэмжүүдээрээ бахархдаг. Чөлөөт уран бүтээлч болохоор хүссэн цагтаа ажиллаж болдог нь сайхан. Хүндрэлтэй тал нь ажлын байраа өөрөө бий болгож байгаа болохоор санхүүгийн асуудал тодорхой хэмжээнд бий. Үүнийгээ даван туулахын тулд тасралтгүй хөдөлмөрлөдөг.

-Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар дуу хоолой хүргэхийг хүсдэг вэ?

  -Одоохондоо ямар нэгэн утга санаа гэхээс илүү дотоод мэдрэмжээ илэрхийлэх, бусадтай хуваалцахыг хичээдэг. Жишээлбэл, хамгийн том “Үр” хэмээх зургаа хоёр улирал сууж зурсан. Том охиноо эхийнхээ хэвлийд бий болсон гэдэг баярт мэдээг сонсоод, энэ зургаа өөрийн эрхгүй эхлүүлж байсан. Зургийн утга, агуулгын хувьд үр хүүхэд нь өсөж, эмгэн, өвгөн боллоо ч ээж, аавынхаа нүдэнд үргэлж алгын чинээ, жаахнаараа гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон.

-Таны уран бүтээлээ хийх хүсэл, онгод ямар үед илүүтэй төрдөг вэ?

    -Яг тийм үед зурах онгод ордог гээд хэлэхэд хэцүү. Зарим үед гэнэт л сайхан санаа хаанаас ч юм бүү мэд ороод ирдэг. Мөн зургаа зураад төвлөрөөд суухаар санаанууд араасаа ундраад л явчихдаг. Уран бүтээлчийн урлан буюу хувийн орон зай чухал. Ер нь төвлөрч чадаж байж, уран бүтээл гардаг. Надад уран бүтээлээ гаргахгүй удаан хугацаанд амрахаар юм уу, холдохоор дотор гижигдэх гэдэг шиг муухай мэдрэмж намайг байж суухын аргагүй болгодог.

-Шантарсан үе байгаа болов уу. Хэрэв бий бол хэрхэн буцаж сэргэсэн бэ?

   -Надад сургуулиа төгссөний дараа ажлын байр болон санхүүгийн асуудлаас болоод бага зэрэг хэцүү байсан. Тухайн үед уран зургаасаа түр хугацаанд холдож, график дизайны талбарт гурван жил ажилласан. Гэхдээ харамсдаггүй, тэр хугацаанд олон зүйл сурч, өөрийгөө хөгжүүлсэн гэж боддог. Одоо уран зургаа график дизайнтай уялдуулж байгаа. Зургаасаа холдоод, өөр ажил хийгээд явахаар өмнөх зурсан зургууд гоё харагдаад байдаг юм билээ. Тэгээд эргээд зурахад “Өмнөх шигээ хэмжээнд зурж чадахгүй бол яах юм бэ” гэсэн айдас төрсөн. Ингээд ойр дотнын хүмүүсийнхээ хөрөг зургийг зурж үзэхэд өмнө нь байсан мэдрэмж, ур чадвар хэвээрээ байсанд маш их баярласан. Түүнийгээ алдалгүй барьж аваад, өдийг хүртэл бүтээлээ тууштай бүтээсээр байна.

-Зураач байх нь хүнээс ямар ур чадварыг шаарддаг болон ямар ур чадварыг өгдөг вэ?

  -Монголчуудын хувьд урлагийг гоо зүйтэй байх хэрэгтэй гэдэг дээр нэгдээд байгаа харагддаг. Уран бүтээлчийн бүтээл хүн болгонд ойлгогдохгүй байх талтай. Тийм болохоор зураач бусдаасаа илүү сэтгэлийн хаттай байх шаардлагатай байдаг. Харин зураг зурах нь хүнийг төлөвшүүлдэг. Зураг зураад суухаар яагаад ч юм олон зүйл эргэцүүлж, орооцолдсон олон бодлоо эмх цэгцэд нь оруулдаг.

-Та ярилцлагын төгсгөлд цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу?

  -Ойрын хугацааны зорилго гэвэл бие даасан үзэсгэлэнгээ гаргана гэж төлөвлөж байна.


ЗУРААЧ О.ЧИМЭДЦЭРЭН: Би дахин ирэхгүй сайхан дурсамжуудаа зургаар илэрхийлдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-20 04:00:24
    [email protected]: Мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-15 21:46:39
    [email protected]: Баяр хүргэе дүү минь ! Хүний ээж гэдэг тийм л сайхан даа !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-15 12:54:06
    Чимгээ: Дүүдээ амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188