• Өнөөдөр 2024-05-10

Б.Төрмөнх: Манайд хүүхдийн зохиол байгаа ч зохиолчид бага насныхаа дурсамжийг л бичээд байна

2020-11-14,   1455

-Монсудар компанийн “Жангар” хүүхдийн редакц шинийг эрэлхийлж байна-

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа.

-Хүүхдийн номын “Жангар” редакцаас хамгийн сүүлд дэлхийн сонгодог зохиол “1001 шөнийн үлгэр”-ийг хүүхдэд зориулан гаргажээ. Үүнээс өмнө “Монголын нууц товчоо”-г мөн л хүүхдүүдэд зориулан гаргасан. Та эдгээр бүтээлийн зургийг зурж, төслийн багт орсон. Хүүхдүүд битгий хэл, томчууд ойлгоход бэрх томоохон зохиолуудыг сонгож авахын учир юу байв?

-Монсудар хэвлэлийн газар хүүхдийн Жангар редакц өв соёлдоо хайртай хандаж буйгаа эдгээр номоор илэрхийлэн гаргаж байгаа юм. Үүний хүрээнд бид “Монгол үлгэр зурагт ном” гэсэн төсөл эхлүүлээд одоогийн байдлаар 10 орчим зурагт ном гаргаад байна. Үүнээс гадна эртний уран зохиол гэсэн төсөл хэрэгжүүлж,  Монгол ардын эртний уран зохиолууд болох “Гэсэр, Жангар”, “Эрийн сайн Хан харангуй”, “Монголын нууц товчоо зэрэг шилдэг бүтээлийг хүүхдүүдэд зориулан гаргаад байна. Ер нь манайхан өв соёл, үндэсний уламжлалт зүйлсээ хайрлан хамгаалж байгаа гээд л байдаг. Үнэн хэрэгтээ үнэт чанарыг нь ойлгохгүй байна. Үнэ цэнийг нь хүүхдүүдэд багаас нь таниулах хэрэгтэй. Аман зохиолын гэхэд л цээжлүүлэх төдийхнөөр ашиглаж байгаа юм. Цээжлэх гэдэг нь ойлгох гэдгээс ангид зүйл. Уг нь ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн сургалтын программд Монголын нууц товчоог судлах талаар хөтөлбөрт нь тусгачихсан. Гэтэл хүүхэд, залуус тухайн түүхийг автоматаар цээжлээд үүнийгээ багшдаа ярьж өгдөг. Ингээд дүн төдийхөн болоод үлдэж байна. Хүмүүсээс асуухад “Нууц товчоог уншиж байсан” гэхээс биш ойлгосон гэж тэр бүр хэлдэггүй шүү дээ. Тэгэхээр бид өв соёлдоо хайртай байхын учрыг хүүхэд байхаас нь таниулахыг зорьж байгаа юм. Үүний тулд энэ зохиолын агуулгыг хүүхдэд үнэн зөв, ойлгомжтой хүргэхийг хичээсэн. Ингээд хүүхэд тэр нууцын чинадад нь өөрөө хүрэх замыг нь тавьж байгаа юм.

-Нэлээд судалж, зорьж хийсэн ажил байх нь ээ?

-Тийм. Монсудар хэвлэлийн газар хүүхдийн хэлний үгийн сангийн тухай судалгаа хийдэг. Цэцэрлэгийн насны хүүхэд ямар үгийн сантай, сургуулийн насных ямар байдаг гэх мэтээр. Гэхдээ тэр болгоных нь хэлтэй тааруулж, хялбаршуулсан ном гаргадаг гэсэн үг биш. Жишээлбэл, Монголын нууц товчоон дээр үгийн тайлбар толь, агуулгын тайлбар толийг тус бүрд нь хийсэн. Энэ тайлбаруудыг нь уншиж байж тухайн хүүхдийн үгийн сан баяжина.

-Номоо хүүхдүүдэд ойлгомжтой байлгахын тулд зохиолыг задалж, шинээр бичсэн гэсэн үг үү?

-Монголын нууц товчооны энэ хувилбарыг бид 10-аас дээш насныханд зориулан гаргасан. Ингэхдээ хүүхэд энэ номноос юуг ойлгох ёстой вэ гэдгийг илүү бодсон. Тиймээс үндсэн номных нь бүлгүүдээр биш, ер нь Монголын нууц товчоонд ямар агуулга байгаа юм. Энэ нь ямар үнэт зүйл агуулж байдаг вэ гэдгийг гаргаж, түүнийг нь хүүхдүүдэд ойлгуулахыг зорьсон. Ерөнхийдөө Монголын нууц товчооны үндсэн чиг шугамыг алдагдуулахгүйгээр зохиож бичсэн гэсэн үг. Хоёрдугаарт, хэл шинжлэлийн агуулга дээр нь анхаарсан. Тухайлбал, түүхэнд өгүүлэгдэж буй үгийг амархан үгээр сольж, орлуулж болохгүй юм байна. Энэ үгийг нь хавсралтаар оруулах хэрэгтэй гэдэг үүднээс тайлбартай оруулсан.

-Монгол нууц товчоо бол монголчуудын түүхийн эх сурвалж. Гэтэл энэ түүхэн баримтаа ойлгомжтой болгож байна гээд хамаагүй зохиож бичиж болдог юм уу?

-“Ах, дүү Гриммүүд” Европын түүхийг цуглуулж бичсэн нь XX, XXI зууны Марвел болж хувирсан. Европчууд түүхээрээ контент бүтээчихсэн гэсэн үг. Гэтэл бид өв соёлоо хадганд ороож байгаад авдартаа хадгалчихаад гаргаж ирэхгүй байгаагаас ялгаагүй байна. Өв соёл гэдэг бол нийгмийн шилжилт бүрт зүлгэгдэж, өнгө орж байх ёстой. “Монголын өв соёлыг эвдчихнэ, хайран юм” гээд хадгалаад суугаад байж болохгүй. Ингэснээр харин ч өв соёлоо царцааж, хөлдөөж, тоосонд даруулж байгаа хэрэг болно.

-Ямар ч тохиолдолд бодит үнэнийг гуйвуулж болохгүй шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Бид ч Монголын нууц товчоог гаргахдаа гуйвуулсан зүйлгүй. Түүхийн болон Хэл шинжлэлийн хүрээлэнгүүд үндсэн эхээ хадгалаад явах хэрэгтэй. Харин манайх хэвлэлийн байгууллага. Соён гэгээрүүлэх үүрэгтэй. Соён гэгээрүүлэх гэдэг нь аливаа зүйлийг тодорхой болгох. Энэ зарчмаараа бид ойлгомжгүй байгаа соёлыг тодорхой болгосон гэсэн үг.

-Та Монголын нууц товчоо номын зураачаар ажилласан. Зургаараа юу илэрхийлэхийг зорив?

-Хоёр жилийн турш 60 гаруй зураг зурж бүтсэн ном. Маш их судалгаа хийсэн. Монголын түүхийг өнөө үетэй холбох гэж оролдсон. Илэрхийлэх гэж зорьсон гол санаа бол хүүхэд зэр зэвсэг гоёл, чимэглэлээс илүү хүмүүс хоорондын харилцаанаас юуг ойлгож болох вэ, тэд юу хүсэж, эрмэлзэж байв гэдгийг зургаар илэрхийлэхийг зорьсон. Тиймээс уран сайхны төсөөлөлтэй зурсан.

-“Монголын нууц товчоо”-г сонгож авсны учир нь энэ байж. Гэтэл “1001 шөнийн үлгэр” яагаад үүнтэй холбогдчихсон юм бэ?

-Монгол хэлний өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой бодлогын төвшинд авч хэрэгжүүлж байгаа ажил. Бид монгол бичгийг мартчихлаа, хэрэглэж байгаа хүн ховор байна гэх асуудал ярьдаг. Иймд бид эх хэлээрээ дэлхийн эртний уран зохиолыг ойлгох хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр “1001 шөнийн үлгэр”-ийг сонгож авсан. Дэлхийн дахины түүхийг хүүхэд багачууд мэдэх ёстой. Өнөөдөр ерөнхий боловсролын сургалтын системд өөрчлөлт оруулж, уран зохиолын хичээлийн цагийг байхгүй болгосон. Монгол хэлний хичээлийн цаг дээр уран зохиолын цагийг нэмж, хавсаргасан хичээл болгон оруулсан БШУЯ хариуцлага хүлээх ёстой. Ингэснээр монгол хэлний хичээл хэл шинжлэлийн хичээл болж хувирсан. Хэл шинжлэл бол дүрэм заадаг. Гэтэл эх хэлээрээ ярьж, ойлгож, бодож сэтгэх нь уншихаас эхэлнэ. Бодлогын түвшинд үүнийг шийдвэрлэж өгөхгүй байгаа учир хүүхдүүд монгол хэлний хичээлд дургүй болж байна. Тиймээс Монсудар хэвлэлийн компани хүүхдүүдийг унших боломжийг нээхийг зорьж буй. Бид эртний уран зохиолоос эхлээд соён гэгээрлийн үе, XIX, XX зууны уран зохиолыг эх хэлнээ хүүхэд, багачуудад зориулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр энэ төсөл цаашид үргэлжилнэ гэсэн үг.

-Үлгэр дотор үлгэр үргэлжилдэг энэ зохиолын зарим үлгэрээр хүүхэлдэйн кино хүртэл хийсэн байдаг. Харин та бүхэн ямар онцлогтой гаргасан юм бэ?

-Эртний сонгодог хэлбэрээр бичсэн, томчууд хүртэл ойлгоход төвөгтэй зохиол. Гэхдээ үлгэр анх гарч байхдаа хүүхдэд зориулагдаагүй юм. Амнаас ам дамжин яригддаг зүйл. Учир нь, энэ тухайн нийгмийн танин мэдэхүй, онгод шүтлэгтэй холбоотой зүйл байсан. Соён гэгээрлийн зууны үед Европт үүнийг нь салгаж зааглаж өгсөн байгаа юм. Ордонд хүүхдүүддээ юу ярьж өгөх вэ зэргээр. Эндээс хүүхэд гэдэг чинь хүн юм байна, гэхдээ том хүнээс тусдаа ойлголт гэж таньж эхэлсэн байж болох. Энэ үлгэрт хүүхдийн насанд тохирохгүй зүйл олон бий. Монсудар яагаад үүнийг хүүхдэд зориулаад хийчихсэн юм бэ гэх асуулт гарч ирж байгаа юм. Харин энэ үлгэрээс бид ёс зүй гэж юу вэ гэдгийг олж харсан. Арабын “1001 шөнийн үлгэр”-т худлаа ярьж болохгүй, үнэн байх ёстой гэдгийг маш тодорхой илэрхийлсэн байдаг. Харин Монгол ардын үлгэрт эсрэгээрээ. Ихэвчлэн аргалсан, зальдсан зүйл байх нь элбэг. Миний уншсан ихэнх үлгэр тийм байсан. Араб үлгэрт монгол үлгэрт дутагдаад байгаа олон зүйл бий. Тиймээс бид үүнийг сонгон авч, эх зохиолоос нь хүүхэд ойлгохгүй зарим хэсгийг хасаж, хүүхдэд зориулан гаргасан байна. Монгол хүүхдэд юуг нь ойлгуулах вэ гэдэг дээр илүү анхаарсан. Монголын нууц товчооноос алсын хараа, холч ухаантай байх зэргийг суралцах бол 1001 шөнийн үлгэрээс шударга зарчим, хөгжлийн тухай, бүтээлч байх зэргийг илүү ойлгох болно. Энэ хоёр номын бүх зураг чимэглэлийг өөрсдөө хийж, шинэ найруулга, шинэ зохиолоор хийж байгаа.

-Шинэ зүйлс худалдаж авахдаа хүн эхлээд гадна байдал, өнгө зүсийг нь хараад авах эсэхээ шийддэг. Ялангуяа хүүхдүүд ном худалдаж авахдаа илүү гоё сайхан зурагтай номыг сонгоно.  Гэтэл эдгээр ном, хавтаснаасаа эхлээд л гоёчлох гэж оролдоогүй гэдэг мэдрэмж төрүүлж байна. Та доторх агуулгадаа нэлээн анхаарсан гэдгээ хэлсэн. Хүүхдүүд гаднаас нь хараад энэ ийм агуулгатай ном юм гэж ойлгохгүй шүү дээ?

-Гоё, ганган зүйл хүүхдийн нүдэнд харагддаггүй юм. Бид л хүүхдэдээ бамбарууштай малгай өмсгөж, түүндээ баясдаг. Нэг ёсондоо хөөрхөн ертөнцөд томчууд хүүхдийг хүчээр аваачаад тавьчихдаг. Энэ ямар хөөрхөн юм бэ гэж хүүхэд хэлдэггүй. Харин таалагдсан зүйлээ авахыг хүсдэг. Хэзээ ч энэ муухай зурагтай ном юм гэж хэлэхгүй. Хүүхэд аливаа зүйлд чин зүрхнээсээ ханддаг. Гэхдээ насны ангилалтай. Бид багаас нь гоёчлох сонголтыг нь хийж өгөөд тэр ертөнцөд нь хүлчихдэг. Тиймээс хүүхдийг багаас нь өөрөөр нь байлгах хэрэгтэй. Монгол үлгэрийг бид энэ шалгуур дээр үндэслэж бүтээж байгаа. Үлгэр болгон хүүхдэд зориулагдаагүй. Тухайлбал бид хоёр настнуудад зориулж, Сарны хүүхдийн үлгэр гэж гаргасан. Энд хайрын тухай өгүүлдэг. Яаж үгийг хайрлах вэ, ээж минь ингэж захисан гэх мэт ой дурдатгалын талаар гардаг юм. Бэтгэлжин бор шувууны үлгэр гэхэд тусын тухай өгүүлдэг. Үлгэрийн гол санааг тусын тухай гэж ойлгож байгаа ч хариу нэхдэггүй тус байх хэрэгтэй гэдгийг нь бид олж харсан. Ингээд Бэтгэлжин бор шувуунд бусад амьтад яагаад тусалсан бэ гэдгийг өнөөгийн нийгэмтэй холбож бичсэн. Тийм учраас  бид зохиогч гэж номоо гаргасан. Монсудар компанийн “Жангар” хүүхдийн редакц шинийг эрэлхийлж байна. Бид үүнийгээ 20 жилийн хугацаанд хайж, одоо төлөвшүүлэхээр ажиллаж байгаа. Гэвч энэ ажил нийгэмд хангалттай хүрч чадахгүй л байна.

-Яагаад?

-Төрийн бодлого дутаад байна. Төр хүүхдийн оюун санааны асуудалд анхаарал хандуулахгүй байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын заах арга зүйг хичээлийн эрхлэгч нь хариуцаж байна гээд бод доо. Тэр бүү хэл ерөнхий боловсролын сургууль нь ч нэгдсэн хөтөлбөргүй боллоо. Кембериджийн хөтөлбөр үү, Үндэсний хөтөлбөр үү, Зөв монгол нь ч юм уу. Маш ойлгомжгүй байдал үүсчихлээ. Энэ асуудлаа шийдэж чадахгүй учир санал асуулга явуулна гэж Боловсрол шинжлэх ухааны сайд нь ярьж байна шүү дээ.  Боловсролын шинэчлэл, Соёлын асуудал гэж ярьж л байна. Гэхдээ нэг сургуулийн хичээлийн байр бариад боловсролын салбарт ажил хийчихсэн, музей бариад соёлын өвд анхаарсан гэж ойлгож болохгүй. Өнөөдөр манайд хүүхдийн зохиол гарч байна гэдэг ч үнэнийг хэлэхэд зохиолчид бага насныхаа дурсамжийг л биччихдэг. Хүүхдийн номоо хөөрхөн хийчихлээ гээд л. Хөөрхөн зүйл хүүхдэд хэрэггүй.

-Тэгээд юу хэрэгтэй гэж?

-Бидний амьдарч байгаа орчин өөр болчихсон. Урьд бид нүүдэлчин соёлтой, түүндээ зохицсон арга зүйтэй байлаа. Одоо харин бид дөрвөн ханатай хийсвэр өөрсдийн зохиосон орчинд амьдарч байгаа. Нүүдэлчин соёлоос хөндийрөөд суурин соёлд хүмүүжсэн хүүхдүүд гарч ирж байна гэсэн үг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг дээрээ хоёр настай адууг даага гэнэ. Нэг настайг нь унага гээд цээжлүүлэх гээд явж байгаа. Энэ өөрөө эмгэнэл. Уламжлалаа таниулж, мэдүүлж өвүүлж үлдээх гэж байгаа бол тэрэнд юу хэрэгтэй нь тодорхойлох хэрэгтэй.

 

“Жангар” редакц ирэх онд хүүхдэд зориулсан ямар ном гаргахаар төлөвлөж байна вэ?

-Бид 2021 онынхоо төлөвлөгөөгөө гаргачихсан. Ирэх онд хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн ном гаргана. Зохиолоо, зургаа гаргаад явж байна. Өмнө нь гаргаж байсан танин мэдэхүйн “Яагаад” цуврал ном бий. Энэ удаагийнх арай ахисан төвшнийнх байх болно. Жишээлбэл, намтар хөргийн тухай ойлголт өгөх ном ч бий. Бид намтар гэхлээр төрсөн он сар, боловсрол, хийж бүтээсэн ажил мэтээр ойлгодог. Гэтэл энэ хүний амьдарсан хугацаандаа бүтээсэн зүйлсээс юу нь чухал вэ гэх ойлголтыг өгнө.

 


Б.Төрмөнх: Манайд хүүхдийн зохиол байгаа ч зохиолчид бага насныхаа дурсамжийг л бичээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-14 16:00:23
    Н. Мандал: Монгол хүүхдийн зохиолчдын бүтээлийг гүйцэт уншсан юмуу? Ирээдүйн бүтээлээ магтах мөрөөрөө магтахгүй, монголын хүүхдийн зохиолыг нийтэд нь муулж болохгүй дээ, дүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188