• Өнөөдөр 2024-04-19

ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ: БИ БОЛ ОПАЛ

2023-09-09,   2921

     М.БАТБОЛД НАЙРУУЛАГЧИЙН ОПАЛ ХҮН БҮХНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД "ОПАЛ" БИЙ ГЭДГИЙГ ХАРУУЛСНААРАА ГАЙХАЛТАЙ

        Найруулагч М.Батболд “Опал” жүжгийг тайзнаа амилуулахаар зэхэж эхлэхэд жүжгийн амин сүнс болсон Опал хэн байхыг найруулагч тодорхойлж чадахгүй явсаар байжээ. Нэг орой юм бодоод, хэвтэж байхдаа “Опал чинь О.Энхтуул эгч юм байна” гэж Опалаа олсондоо баярлан багш руугаа залгасан гэдэг. Түүний дараа О.Энхтуул жүжигчинд санал тавьж, зохиолоо явуулжээ. Эх зохиолоо хүлээн авч, уншаад жүжигчин О.Энхтуул баяртайгаар “Батболд оо, ямар гоё зохиол вэ” гээд, саналыг нь хүлээн зөвшөөрч, "Опал" жүжиг тайзнаа амилах болсон гэнэ. Жүжгийн найруулагч гол дүрийнхээ талаар Дүрийг найруулагч сонгодоггүй. Зохиол өөрөө дүрүүдээ сонгодог юм. Хэрэв Энхтуул эгчид энэ зохиол таалагдаагүй, бодол санаанд нь буугаагүй байсан бол хүлээлт үргэлжлэх байсан байх. "Опал"  жүжгийн зохиол дахиад өөр жүжигчнийг хүсэж, тохироо нь бүрдэх хүртэл энэ хүлээлт үргэлжилж, жүжиг өнөөдөр тайзнаа амилахгүй байх байлаагэж байсан. Хүлээлтээс нэг алхам урагшилсан "Опал" жүжиг гол дүрээ олчихоод, тайзнаа амилаад гурав хонож байна. Тэд дэлхийн сонгодогийг Монголын тайзнаа авч ирлээ...

 

    “Опал” жүжгийн тайзны бэлтгэл дээр биднийг очиход, нээрээ л Опал Кронкий хатагтайн дүрийг О.Энхтуулаас өөр хүн бүтээх учиргүй мэт тэр дүрдээ дэндүү гэмээр зохицжээ. Театрын үнэнч үзэгчид түүнийг тайзан дээр ихэвчлэн эрхэмсэг хатагтай, хатан, гүнж язгууртны дүрээр л харж байлаа. Харин энэ удаагийнх тэс ондоо, түүний өмнөх дүрүүдэд тэсрэлт хийсэн, цоо шинэ О.Энхтуул байв. М.Батболд найруулагч бидэнд ахин өөр О.Энхтуулыг дэлгэн харуулахаар шийдсэн нь энэ.

    Түүний бүтээсэн дүрээр бид ямар ч нүгэлтэн хайрлагдан өршөөгдөж, тэвчишгүй, тэсэж үл чадах юм шиг санагдах харууслын харанхуй хонгилоос гартал нь хүнийг хайрлаж болдог юм гэдгийг харах болно. Түүнтэй тус жүжгийн бэлтгэлийнх нь үеэр цөөхөн хором ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

БИ ӨӨРИЙГӨӨ  УРЛАГТ ИХ ХАТУУ ЦЕНЗУРЭЭР ОРЖ ИРСЭН ГЭЖ БОДДОГ

          СТА О.Энхтуул 1989 онд УБДС-ийн Кино драмын ангийг төгсөөд, 22 насандаа Б.Лхагвасүрэн гуайн зохиолоор хийсэн “Бүлээн нурам” уран сайхны киноны Мэсү охины дүрээр олныг гайхашруулан урлагт хөл тавьж байлаа. Уг кино жүжигчин хүнээс маш их зориг, чадвар шаардсан, чанга зохиолтой. Тухайн үед “Бүлээн нурам” үзэгчдийг хуйлруулж, О.Энхтуулын жүжиглэх чадвар, гоо үзэсгэлэн шагшигдаж байв. 1990 оны нийгэмд Б.Лхагвасүрэн гуай шиг хийсвэр ертөнц, хүсэл тачаал, харууслыг тэгж хатуухан бичиж, Г.Жигжидсүрэн найруулагч шиг дэлгэцнээ бүтээл болгож, О.Энхтуул шиг камерын өмнө зоригтойгоор нүцгэлж чадах хүн тун ховор байсан болов уу.

    Түүнээс анхны дэлгэцийн уран бүтээлийнх нь талаар асуухад “Дөнгөж сургуулиа төгссөн, жаахан охинд кинонд тоглож л байвал сайхан байдаг байлаа. “Бүлээн нурам” бол дэндүү хатуу үг хэллэгтэй, хүнд кино байсан. Зохиолоосоо сүрдэх, дүрээ бүтээж чадахгүй байх айдас их байсан даа. Би өөрийгөө  урлагт их хатуу цензурээр тэнцэж, орж ирсэн гэж боддог” хэмээсэн юм. Харин О.Энхтуулын театрын тайзнаа гарсан анхны жүжиг нь Ш.Шагдарын зохиол “Цагаан дарь эх” байв. Тэр тухайн үедээ баргийн жүжигчний чаддаггүй бурхны дүрийг тултал гаргаж, өөрийгөө ахархан хугацаанд урлагийнхан дундаа чамгүй авьяастай нэгэн гэдгээ батлан харуулсан. Уг жүжгийг ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсад тоглоход тус улсын иргэд түүнийг яг л бурхан мэт хүндэтгэн, гарыг нь бурхны мутартай зүйрлэн үнсэж, адис авч байсан гэдэг. Үүнээс жүжигчин О.Энхтуул дүрээ хэр чамбай, чадварлаг бүтээдэг болохыг нь харж болно.

   

      Үүний дараа УДЭТ-ын тайзнаа “Тамын дурлал”-ын Абин, “Хүслийн транбай”-н Бланш, “Саран хөхөө”-н Сэрсэнмаа, “Шөнө амталсан нулимс”-ын Оюун зэрэг 30 гаруй бүтээлд гол болон туслах дүр бүтээж байв. Харин одоо “Орфей” театрын тайзнаа тоглогдох “Опал” саркастик мелодрамын жүжгийн Опал Кронкийгийн дүрээр тэр 15 жилийн дараа театрын тайзнаа  эргэн ирж байна.

ОПАЛЫН ДҮРЭЭС БИ ӨӨРИЙГӨӨ ОЛЖ ХАРСАН

-Сайн байна уу. Таныг театрын тайзан дээр жүжиглэж байгааг харах сайхан байна. Театрынхаа тайзнаа эргэн ирэх ямар байна вэ, 15 жил гэдэг багагүй хугацаа шүү дээ?

            -Театраа маш их санасан байна. Хүн төрсөн гэртээ эргэж ирэх ямар байдаг билээ тийм л мэдрэмж авч байна. М.Батболд найруулагч намайг Германд байхад холбогдоод “"Бродвей" театрын алдарт бүтээлүүдийн нэг болох АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр амилуулах гэж байгаа юм. Танд жүжгийнхээ гол дүр болох Опал Кронкийн дүрд тоглох санал тавьж байна” гэсэн. Жүжгийнхээ зохиолыг аваад, уншихад надад маш их таалагдсан. Зохиолоо уншиж эхлэхээс дуусах хүртэл "Опал бол би юм байна" гэж бодож, эргэлзээгүйгээр энэ уран бүтээл рүү орсон доо. Яг миний насны, сайхан сэтгэлтэй, хэдийгээр өөрөө зовлон үзсэн ч бусдыг хайрлаж чаддаг, маш их зовлон, ганцаардлыг даван туулж байгаа ч  тэрийгээ хүнд хэцүү байна гэж бодож, шантарч суудаггүй тийм эмэгтэйн дүр л дээ.  

-О.Энхтуул гэдэг хүн Опалын дүрд тохирно гэж найруулагчийн санаанд буусан гэхээр та Опалтай адилхан араншинтай хүн байв уу. Эсвэл таныг өөрийгөө эвдэж чадна гэж бодсон юм болов уу?

         -Энэ дүрийн зан, араншин надтай их адилхан байсан. Энэхүү жүжиг үнэтэй брэндийн үнэртэй усны саванд хуурамч ус хийж, зардаг гурван залилагч хог түүдэг, хулгана үүрлэсэн, тоос шороонд дарагдсан подвалд амьдардаг Опал эмгэн дээр  үнэртэй  усны шил худалдаж авахаар ирснээр эхэлнэ. Залилагчид эмгэн нас барвал их хэмжээний амь даатгалын мөнгө авахыг мэдээд эмгэнтэй хамт амьдарч, амийг нь хөнөөх талаар бодож эхэлдэг. Би дүрээрээ дамжуулан үзэгчдэдээ хайр түгээхийг хүсэж байна.

-Тэгэхээр нэг талаараа та Опалаар дамжуулж, өөрийгөө дахин нээх гэж байгаа байх нь ээ?

        -Опал бол 60 гаруй жилийн өмнөөс үзэгчдийн хүртээл болсон гайхалтай, сонгодог бүтээл. Он цаг  улирч, нийгэм солигдон ч бүх цаг үеийн нийгэмд тохирдог урлаг бол яах аргагүй сонгодог урлаг шүү дээ. Сонгодог урлаг үүгээрээ л бусад урлагаас ялгарч, зуун дамжин оршдог. Намайг жүжигчин болж байсан үеийг бодвол маш их зүйл өөрчлөгдөж, хөгжсөн байна. Чадварлаг олон залуу жүжигчин, найруулагчид төрөн гарч, өөр хэв маягаар ажилладаг болсныг энэ жүжигт тоглоод мэдэрч байна даа. Бидний үеийг бодвол интернэт хөгжиж, олон хэл дээр мэдээлэл авч байгаа учир хурдацтай хөгжих нь зайлшгүй юм. Жүжигчин, найруулагчийн уран чадвараас гадна гэрэл, тоног төхөөрөмж, технологи бол гайхалтай өндөр хөгжсөн байна. Энэ бүхнийг хараад уран бүтээлч хүний хувьд маш их баяртай байна даа. Германд байхдаа урлагаа санасан уу, эсвэл уйдсан уу бүү мэд нэг хүний жүжгийн зохиол бичээд, өөрөө тоглоод, найруулчихсан. Залуу байхдаа зохиол бичих гэж үзээд, уншихаар таалагдахгүй урчихдаг байсан. Үзэг, цаас нийлүүлж, зохиол бичнэ гэдэг миний ажил лав биш юм билээ.

-Та Монголдоо бүр мөсөн эргэн ирж байгаа юу? 

            -Мэдээж эх орон гэдэг хамгийн сайхан газар. Гэхдээ одоохондоо Монголдоо амьдрах бодол алга байна. Би санасныг бодоход маш их удчихлаа. Герман дахь гэрээ их санаж байна. Жүжгээ тоглож дуусаад л буцна даа. Хэрэв найруулагчид маань над руу дүрийн санал явуулаад, тэр дүр нь надад таалагдвал ирж тоглоно. Хэзээд эх орныхоо урлагт зүтгэсээр байх болно. Би урлагийн, урлагийн бус маш олон найзтай. Эх орондоо ирэхээрээ найзуудтай уулзана. Эргээд уулзах үедээ бид яг л анх нөхөрлөж эхэлж байсан, 20 настай үе шигээ инээлдэж, хөгжилддөг. Харин Германд очихоороо цахим сүлжээгээр сонин сайхнаа ярилцдаг даа. Тийм болохоор тэгтлээ санаж, үгүйлээд, Монголдоо амьдрахгүй л бол болохгүй нь гэж бодогдоод байдаггүй. 

-Сүүлийн үед та дэлгэцийн уран бүтээлд ихэвчлэн дүр бүтээх болсон. Танд бүтээхийг хүсдэг дүр гэж бий байх?

            -Сүүлд Ч.Сэнгэдорж найруулагчийн “Худалдагч охин”, “Ufilm”-ийн “Амьдарлоги” гэх хоёр уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Хэрэв та бүхэн үзсэн бол энэ хоёр дүр хоорондоо маш их ялгаатай. “Худалдагч охин” кино олон улсын олон наадамд амжилттай оролцож байгааг харах сайхан байна. Одоогийн байдлаар 10 гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Би адал явдалтай, хурц өрнөлтэй кинонд зэвүүн зодоонч эмэгтэйн дүр бүтээхийг хүсдэг.

-Германд очсон үе болон одоо хэрхэн амьдарч байгаагаа зөвшөөрч байвал цухасхан ярьж өгөөч? 

            -Амьдралынхаа хамгийн чухал зүйл болох гэр бүлтэйгээ хамт явсан болохоор анх очоод ганцаардах ч юм уу, гуниглах зав огт байсангүй. Хааяа фэйсбүүк орохоор эх орноо их санана. Гэхдээ Монголд байхдаа завгүй, байнгын ажилтай байдаг байсан болохоор гэр бүлдээ төдийлөн зав гаргаж чаддаггүй байсан. Германд очоод гэртээ, хүүхдүүддээ илүү цаг зарцуулж, бас өөрийгөө хоол хийх авьяастайгаа олж мэдсэн /инээв/.

    Би хоёр охин, нэг хүүтэй. Миний хань маш түшигтэй сайхан хүн байдаг даа. Эмээ болох мэдрэмж үнэхээр сайхан байсан. Охиныхоо нялх үеийн царайг үрээс нь харах үгээр илэрхийлж барамгүй гайхалтай юм билээ. Би ер нь ганцаараа байх дургүй. Олон дунд бужигнаж явах нь илүү сайхан байдаг. Хааяа ганцаараа байх үедээ нам гүм орчинд ном уншдаг. Эсвэл дуртай дуугаа сонсоод, залуу насаа дурсаад суух дуртай. 

-Жүжгээ олны хүртээл болгохоор тун завгүй байгаа энэ үедээ бидэнтэй ярилцах цаг гаргасан танд баярлалаа.

     -Баярлалаа.           

 

 

 


ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ: БИ БОЛ ОПАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 20:04:28
    Хэхэ: Үнэхээр сайн жүжигчин.Хичээлдээ улаан 0 бвал яахуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-12 20:03:59
    Айннн: Опра түййй.Энхтуул бол шал сонин.Сонин2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-24 23:00:15
    Хэхэ: Юун ОПРА.Би бол Опра ч гэх шиииг❌️❌️❌️❌️❌️❌️❌️❌️❌️
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-24 22:59:26
    Айннн: Опраг гүйцэхгүй.Жинтуул бооорцог
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188