• Өнөөдөр 2024-05-05

ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Я.ТӨГСЖАРГАЛАН: “Зурвас” уран сайхны киноны дүр авьяас, чадварыг минь илүүтэй сорьсон

2022-10-07,   1937

      "Нийслэл хүүхэн” киноны малын эмчийн дүрээс эхлэн “Search” олон ангит киноны сахилгагүй залуугийн дүрийг чадварлаг бүтээсэн Ядамсүрэнгийн Төгсжаргалантай ярилцлаа. Тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Зурвас” уран сайхны кинонд уран бүтээлчийн хувьд хоёр дахь гол дүрдээ ажилласан байна.

   -Таны гол дүрд тоглосон “Зурвас” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Том ажлын ард гарсан баг, хамт олонд нь баяр хүргэе. Хоёулаа яриагаа таны анхны уран бүтээлээс эхлэх нь зүйтэй болов уу?

    -Баярлалаа. “Нийслэл хүүхэн” киноны малын эмч бол миний анхны дүр. Одоогоос гурван жилийн өмнө тус киноны нэгдүгээр бүлгийн зураг авалт хийгдэх үеэр би арын албанд,  гэрэлтүүлгийн багт ажилласан юм. Тэгээд цөөхөн сценатэй дүрд тус киноны найруулагч Б.Жаргалсайхан ах “Миний дүү яг тохирно. Чадна биз дээ” гээд сонгож, тухайн дүрийг өгч байсан. Царай төрх маань хөдөө, суурин газрын малын эмчийн дүрд тохирохоор харагдаж л дээ. Ингэж л анхны дүрээ авсан. Киноныхоо хоёрдугаар бүлэгт ч хамтран ажилласан.

-Арын албанд ажиллахаар очоод, гэнэтийн байдлаар дүрд сонгогджээ?

    -Сандралгүй яах вэ, гэхдээ өмнө хэд хэдэн киноны олны хэсэгт оролцон, тоглож байсан минь их дэм болсон. Гэхдээ анх удаа харилцаа үүсгэж, текст хэлнэ гэхээр сандраад, зүрх хүчтэй цохилдог юм билээ. Найруулагч маань намайг сайн тайвшруулж өгсөн. Ингээд нэг л мэдэхэд кино  дууссан байсан даа.

-Дэлгэцээр өөрийгөө үзэх ямар байдаг бол. Залуу уран бүтээлчийн хувьд сонин зүйлийн нэг болов уу?

    -Ичээд үзэж чадахгүй юм билээ. Найзуудынхаа цахим хуудаст тавьсан богино бичлэгүүдийг үзэж байгаад дассан даа.

-“Нийслэл хүүхэн” киноноос гадна “Search”, “For you” зэрэг уран бүтээлд оролцсон. Эдгээр бүтээлд хэрхэн тоглож байв?

     -“Orange entertainment” болон “Voo”-гийн хамтарсан “Search” олон ангит богино хэмжээний кинонд анхны гол дүрээ бүтээсэн. Хэдий богино хэмжээний кино ч бүх ангийг нь нийлүүлбэл таван цагийн уран бүтээл. Тус кинонд нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхдийн дүр дээр ажилласан. Би угаасаа сахилгагүй, хөдөлгөөнтэй талдаа хүн учраас тус дүр дээр ажиллах илүү амар байсан. “For you” УСК бол манай “ID film”-ийн  ах, эгч нарын уран бүтээл. Уг киноны ерөнхий найруулагч Г.Жанчив ах “Чамд нэг хөөрхөн дүр бэлдчихсэн байгаа” гээд утсаар ярьсан. Тэгээд цаг, өдрөө товлоод очиход машинаа дээрэмдүүлж байгаа бүтэлгүй залуугийн дүр байсан. Киноны эвлүүлэг хийхдээ миний царай тод гараагүй хэсгийг ашигласан байсан. Кино бүтээж байхад хасагдах, нэмэгдэх зүйл их байдаг шүү дээ. Хамгийн сайхан дурсамжтай нь “For you” кино яг миний төрсөн өдрөөр нээлтээ хийж байлаа. Ах, эгч нарын баяр, миний баяртай давхцаад маш том дурсамж үлдээсэн дээ.

-“3урвас” уран сайхны киноны дүр таны өмнө нь тоглосон дүрүүдээс юугаараа онцлог вэ. Магад үзэгчид дүрээс юуг онцолж харж болох бол?

    - Би 2017 оны оюутан цэрэгт алба хаасан. Хэдий зуны хоёр сар явсан ч гэсэн бүтэн нэг жилийн нормыг биелүүлдэг учир жилийн хугацаатай цэргээс нэг өдөрт авах ачаалал нь их байсан. “Зурвас” бол цэрэг хүний амьдралыг харуулсан кино. Цэргийн сэдэвтэй киноны гол дүр тэр тусмаа бага даргын дүр гэхээр илүү хариуцлага, хувийн тоглолт гээд анхаарах зүйл олон болсон. Энэ талаараа авьяас, чадварыг минь илүү сорьсон болов уу гэж бодож байна.

     Одоо үед хүн өөрөө байтугай эцэг, эх нь ч хүүхдээ цэрэгт явуулах дургүй болсон цаг үе шүү дээ. “Зурвас” уран сайхны кино цэргийн албыг ялангуяа хилийн цэргийн албыг хаавал эх орныхоо үзэсгэлэнт байдал, амар амгалан байгааг өөрийн бүх мэдрэхүйгээрээ мэдэрч, ямар хатуу давааг туулж, хатууждагийг харуулсан уран бүтээл болсон гэж бодож байгаа.

-Цэргийн алба хааж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаж болох уу. Их зүйл сурсан уу?

    -Цэргийн албанаас түрүүч цолтой халагдаж байсан. Яг “Зурвас” киноны дүр шигээ тасаг цэрэг хариуцдаг байлаа. Анх цэрэгт очсон долоо хоногтоо үнэхээр шантарсан шүү. Хүн гэдэг урмаар л тэжээгддэг гэдгийг цэрэгт байхдаа мэдэрсэн дээ. Жаахан ядраад, сульдаад ирэхээр гэр бүл, ээжийгээ л их санадаг юм билээ. Цэргийн алба хаахын олон тус байна шүү дээ. Хүнээс үг сонсож сурна, ачаалал даах чадвартай болно. Эрүүл чийрэг биетэй болно, ирээдүйд хүн хариуцаж ажиллахад, хүний өмнөөс хариуцлага хүлээж сурдаг болдог.  Зөв хүн болж төлөвшихөд дэм болж байгаа юм л даа.

-Залуу уран бүтээлчид кино хийхэд санхүүгийн асуудлаас эхлээд бэрхшээлтэй зүйл олон байх. Гэхдээ хүсэл мөрөөдлөөрөө даваад л гардаг болов уу?

    -Мэдээж залуу уран бүтээлчдэд тулгардаг хамгийн наад захын асуудал нь санхүү шүү дээ. Хэчнээн сайн зохиол, сайн баг байгаад олны танил хүн тоглуулах хэрэгтэй болдог. Энэ уран бүтээлийг дан залуу уран бүтээлчид хамтарч хийсэндээ маш их баярладаг. Хэн нэгэн туршлагатай хүний хараанд биш, хүний үгээр биш яг өөрсдийнхөө харсан өнцөг, анх зохиол уншсан мэдрэмж бүх зүйлээ шингээж хийсэн. Маш их зориг, итгэл сэтгэлээр бүтсэн уран бүтээл гэж бодож байгаа. Мэдээж бид өөрсдийнхөө хувьд тодорхой хэмжээний туршлага байгаа. Тэр бүхнээ шингээхийг оролдсон. Жишээлбэл, манай кино багийн хамгийн ахмад нь 30 настай, ерөнхий зураглаач ах байгаа. Ийм нэг сэтгэл нийлсэн залуу хүмүүсийн хамтарч хийсэн бүтээлийг тун удахгүй үзэгч болон кино урлагийг дээдэлдэг хүмүүстээ хүртээл болгох гэж байгаадаа баяртай байгаа.

-Кино зураг авалтын явцад тохиолдсон хөгжилтэй, дурсамжтай үйл явдлаасаа хуваалцаач? 

    -Бид чинь цагт баригдаж зураг авдаг хүмүүс шүү дээ. Шөнөжин хийсэн зураг авалтын дараа хэсэгхэн унтаад өглөөний зураг авалтдаа яаравчилна. Үүрээр босож планаа тавьчихаад найруулагч маань камерынхаа бичиж эхлэх товчийг дарсан гэсэн. Тэр үед зураглаач ах маань “Урт сцена юм чинь жоохон дуг хийе” гэж бодоод хэсэгхэн хэвтсэн удалгүй “cut” гэх чимээгээр сэрж л дээ. Тэгээд “Дахиад дүрс авах байх” гээд сэрсэн “дубль 1-8” гэсэн байгаа юм. Бүтэн долоон дубль унтчихсан, найруулагч нь өөрөө бичлэгээ хийсэн байсан.

-“Black comedy” театр хийсэн уран бүтээлээрээ шуугиан тарьсан шүү дээ. Анх хэрхэн байгуулагдаж байв?

    -“Black comedy” бол МУСТА Г.Ган-Очир багшийн санаачилсан "Хар инээд" буюу маш тойруу утгаар өнөөгийн нийгмийн хар бараан бүхнийг шүүмжилдэг уран бүтээлчид юм. Гэхдээ тэр бүтээл бүгд хийсвэр санаанаас ургасан хэн нэгний төсөөлөл байдаг. Гаднын шоу бол олны танил хүмүүсийг урьж байгаад өөрсдийнх талаар ярьдаг, өөрт нь болсон явдлуудыг фантазлаж хүргэдэг урлагийн нэг төрөл.

-Таны анх кино урлагт хөл тавьсан үеийг асуухгүй өнгөрч болохгүй байх. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ?

    -Яагаад ч юм багаасаа хөгжим тоглодог, бүжиглэдэг хүүхэд байсан учраас жүжигчин мэргэжлийг сонгосон. Урлагийн хүн болохоор багаасаа л шийдсэн байсан.

-Жүжигчин мэргэжлийн юу нь таныг татсан юм бол?

    -Ер нь жүжигчний мэргэжлээр ажилладаг, суралцдаг хүн бүрийн хүсэл сонирхол өөр байх л даа. Зарим нь дэлгэцийн урлагт илүү дуртай, зарим нь тайзны урлагт дуртай. Миний хувьд бол аль алинд нь хүч үзэж, өөрийгөө одоо байгаагаасаа илүү хөгжүүлэхийг хүсдэг. Дэлгэцийн урлаг нь тайзны урлагаа бодвол илүү олон жил хадгалагдаж, 100 жил өнгөрсөн ч залуу үеийнхээ дүр төрхийг дэлгэцийн уран бүтээлээс үзэх боломжтой.

-Ирээдүйд олон сайхан дүр бүтээх байх. Бүтээхийг хүсдэг дүр бий юү?

    - Би түүхэн хүний дүр дээр ажиллахыг хүсдэг. Оюутан байхдаа нэг удаа Модун Шанью дүрийн монологийг уншиж байсан юм. Одоо дэлгэцийн урлагт нэг түүхэн дүр болон Холливудын тулаантай кино, адал явдалт кинонд дүр бүтээхийг хүсдэг. Гэхдээ хүн гэдэг амьтан чинь шуналтай. Ямар ч дүр байсан өөрийнхөө хэмжээнд чадахаараа ямар ч дүрийг урлаж, чимж бүтээхийг хүсдэг дээ. Мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүн, номын дуу сонсоогүй байж “Би жүжигчин” гэж хэлдэг хүмүүсийн ялгааг гаргахыг их хүсдэг.

-Залуу уран бүтээлчийн хувьд жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа залуустаа хандаж юу хэлэх бол?

    -"Ямар ч зүйлд шантралгүй зүтгээд байгаарай. Бүхий л салбарт алдаа гаргалгүй  амжилтад хүрнэ гэж байхгүй. Урдаа маш том зорилго тавиад түүнийхээ төлөө үнэнчээр зүтгэх хэрэгтэй. Шантрах үе олон бий. Хамгийн гол нь сэтгэлдээ тэнхээтэй байж, зөв нөхрөө олж нөхөрлөөрэй. Зөв анд нөхөр гэдэг чинь өөрт чинь хамгийн их түшиг тулгуур, ташуур, хань байдаг юм шүү. Салбар бүрт алхам тутам амжилт алдаа хоёр зэрэгцэж байдаг. Сөхрөөд унасан ч эргээд босох зорилготой байгаарай" гэж хэлье дээ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.



 


ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Я.ТӨГСЖАРГАЛАН: “Зурвас” уран сайхны киноны дүр авьяас, чадварыг минь илүүтэй сорьсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188