• Өнөөдөр 2024-04-27

“ТАТАР” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Ч.ЖАРГАЛСАЙХАН: БИ ӨӨРИЙГӨӨ НОТНЫ ДЭВТЭРТЭЙ ЗҮЙРЛЭДЭГ

2022-09-30,   777

     - БИД  НАЙМ, ЕСДҮГЭЭР АНГИАСАА ХИП ХОПОД АВТСАН-

   Заяа, Жагаа, Мөөгий нар хөрш айлынхаа ачааны эвдэрсэн чиргүүлэн дотор бэлтгэлээ хийж, дэлхийд алдартай дуучид болохыг мөрөөдөж байсан гэдэг. Тэд 2003 оноос анхны дуугаа дуу бичлэгийн студид бичүүлж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Харин өдгөө тэд аадар бороо орж байсан ч тоглолтыг нь жаргаж үздэг мянга, мянган үзэгчтэй болжээ. Ийнхүү дууны шүлэг райм, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залууг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даасан бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаас ялгарч олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан. "Ганцаараа", "Бороо",  "Чамдаа өгсөн хайр", "Татар", "Хайрыг хүндэл" зэрэг залуусын сэтгэлийг алдаруулж, огшоодог "Татар" хамтлагийн дуучин Ч.Жаргалсайхан буюу Жагаатай ярилцлаа.

-Саяхан болсон “Люмино” хамтлагтай хамтарсан “The Best” тоглолтыг нь  30 мянган хүн үзсэн байна лээ. Олон хүний өмнө хамтлагаараа дуулна, тэднээрээ бахархана гэдэг жаргал биз дээ?

      -Тэгэлгүй яах вэ. Үнэхээр сайхан тоглолт болсон шүү. Бороо орж байсан ч “Бороо” дууг минь жаргаж сонссон үзэгчдэдээ баярлалаа гэдгээ энэ мөчид дахин хэлмээр байна. Энэ тоглолтоос маш их хүч, урам зориг авч, найзуудаараа бахархсан болохоор дараагийн уран бүтээлээ жаргалтай хийнэ байх. Ийм итгэл төрөөд, баяртай байгаа. 

-2023 онд танай хамтлагийн 20 жилийн ой болох юм билээ. Ойн баяраараа үзэгч, сонсогчдоо ямар бэлэг барихаар төлөвлөж байна вэ?

     -Бид 20 жилийнхээ ойгоор цомог гаргаж, бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар хоёр дуунд клип хийж байна. Хуваарийн дагуу ажиллаж, судалгаагаа хийж байгаа юм. Манай хамтлагийнхан аравдугаар сарын сүүлчээр БНСУ-д суугаа монголчууддаа зориулж тоглолт хийхээр төлөвлөж байна. Бидний тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа. 

-2003 онд “Татар” хамтлагийг байгуулахаас өмнө та гурвыг бүжиглэдэг байсан гэж сонссон. Хэн нь хип хоп хамтлагтай болох санааг гаргасан юм бэ?

      -Бид 39 дүгээр сургуульд нэг ангид орж, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл найзалж, хамт уран бүтээл хийж байна. Тухайн үед бид адилхан хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд байлаа. Бүгд бүжиглэх сонирхолтой байсан. Харин дараа нь хип хоп сонирхдог болж, түүндээ бүр дурлаж эхэлсэн. Тэгээд 2000, 2001 онд буюу 17,18 настайдаа өөрсдөө дуугаа хийх гэж үздэг байлаа. Тэгээд 2003 онд “Сонор” студитэй гэрээ байгуулж, албан ёсоор “Татар” хамтлаг бий болж байсан түүхтэй. Гурван жаахан хөвгүүний хүсэл мөрөөдөл, зорилго ингэж л "Татар" хамтлагийг бий болгосон доо. 

ХАМТЛАГТАЙ БОЛЧИХООД ӨӨРСДИЙГӨӨ МАЙКЛ ЖЕКСОН БОЛЧИХСОН ЮМ ШИГ БОДДОГ БАЙЛАА

-18, 19 настайдаа хамтлагтай болчихсон болохоор бусдаасаа ялгардаг, заримдаа өөрсдөөрөө онгирдог байсан байх даа?

       -Биднийг тайзан дээр гардаггүй байсан болохоор хүмүүс мэддэггүй, таньдаггүй байсан. Манай хамтлагийн дуу зөвхөн ФМ-ээр явдаг байсан шүү дээ. Тэгээд хүмүүс таньдаг, мэддэг, тайзан дээр дуулдаг болоод эхлэхээрээ өөрсдийгөө майкл жексон болчихсон юм шиг төсөөлдөг байлаа. Хаана ч очсон, хэнтэй ч уулзсан эелдэг, дотно, бусдаас илүү хандаад байгаа юм шиг санагддаг байлаа. Сүүлийн үед манай хамтлагийг мэдэхгүй хүнгүй болжээ. Бидний мөрөөдөл биелж байгаа юм шиг тийм сайхан мэдрэмж төрдөг болж. Үзэгчид биднийг хийдгээ хийчихсэн уран бүтээлчид гэж хүлээн зөвшөөрдөг, бүр шар мэдээнд оруулахаа больчихсон байна лээ. Онгирч ярих юм бол дархлагдчихсан гэж болно. Би 14 настай охинтой. Охины минь ангийнхан манай хамтлагийн дууг мэддэг, сонсдог юм билээ. Ялангуяа “Бороо”, “Ганцаараа” дууг илүүтэй сонсдог гэсэн. Тэгэхээр гоё байгаа биз дээ. Хамгийн том шүүгч бол цаг хугацаа юм байна даа, яах аргагүй.

-Тухайн үед хамтлагтай болно, тэр тусмаа хип хоп дуулна гэдэг амаргүй байв уу. Бусдын магтаал, шүүмжлэлийг хэрхэн сонсдог байв?

       -Бид найм, есдүгээр ангиасаа хип хопод автаж, бүр амьдарч эхэлсэн. Өдөр, шөнөгүй ямар дуу хийх вэ, яаж хийх вэ гэж боддог, ярилцдаг, бусдыг үздэг, дуурайдаг, бэлддэг байсан. Залуу насаа хип хопод зориулсан. Хоёрдугаарт, бидний хүсэл мөрөөдлийг харж, дэмжиж байсан хүмүүст баярладаг. Тухайн үед бид мөнгө олох гэж, хэн нэгний дууг хулгайлах гэж ажиллаж байсангүй. Тийм болохоор бидний уран бүтээл, манай хамтлаг өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй, хүчтэй, дардан байгаа гэж боддог. Бид бусдаас сонсох юмаа сонсож, тоохгүй орхих зүйлээ орхиж сурсан.

-Та гурав 19 жил зангидсан гар шиг хамт ажиллаж, нөхөрлөж, бүгдийг бүтээж чаджээ. Гэвч маргах, санал зөрөх үе гарна биз дээ?

       -Бид “Сайхан амарсан уу” гэж мэндэлдэггүй болтлоо дотно болсон. Яг нэг айлын хүүхдүүд шиг тийм сайхан найзууд. Бидний хардаг цэг, зүг  нэг учраас тарж, бутарч байсангүй. Сонсогчдын хүлээлт хариуцлага жил бүр нэмэгддэг, биднээс илүү ихийг хүсэж, хүлээдэг гэдгийг мэддэг учир ганц ч удаа ам барьж үзээгүй. Тийм учраас бид хэний ч өмнө бардам байдаг, бусдын хайр, хүндэтгэлийг хүлээж чаддаг. Ажил хийж байгаа үед санал зөрөх үе зөндөө  бий. Тухайн үед маргасан ч ямар нэгэн шийдэлд заавал хүрдэг учир ажлаа жаргалтайгаар, эв найрамдалтай үргэлжлүүлдэг дээ.

-Танай хамтлагийнхан үндсэрхэг үзэлтэй хүмүүс үү. Яагаад “Татар” гэж нэрлэх болсон бэ?

       -Бидний мөрөөдөл биелээгүй байна. Бид хамтлагийнхаа нэрийг яагаад “Татар” гэж нэрлэсэн бэ гэхээр Татар Их Монгол Улс байгуулагдах том үйл явдлыг бүтээлцсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл, Их Монгол Улс байгуулагдахад тоосгыг нь өрөлцсөн хүмүүс бол татарууд. Хамгийн өмнө нь явж, ялалтуудыг авчирдаг байсан. Тэр түүхийг нь манай хамтлагийнхан онцолж, бэлэгшээж. Монгол гэдэг нэрний өмнө нь бичигддэг болохоор Татар гэж нэр өгөхөөр шийдсэн юм. Гадаадын мундаг сэтгүүлчид манай хамтлагийнхныг сурвалжилж,  нэвтрүүлэг хийвэл бид дэлхийд “Татар” гэх нэрээрээ ялгарч, бусдыгаа манлайлж байвал гоё доо гэж мөрөөддөг байсан. Манай хамтлагийнхан ийм л үндсэрхэг үзэлтэй хүмүүс шүү дээ.

-Та БНХАУ-д хөгжмийн онол судлаачаар магистр хамгаалсан юм билээ. Тэгэхээр мэргэжлийн түвшинд өөрийгөө болоод хамтлагаа хэрхэн онцлох вэ?

     -Мэргэжлийн нүдээр хамтлагаа харах юм бол, манайхан байж болох бүх стандартыг хангаж ажилладаг. Бид дуу хийж сурч байсан үеийнхээ дадлагын дуунуудаа цомогтоо оруулж байгаагүй. Яагаад гэвэл, тухайн үед аяыг нь бусдаас хуулж байсан. Бид 19 настайдаа “Сонор” студитэй хамтарч дуу хийж эхэлсэн. Тэр цагаас хойш хүний ая ашиглаж үзээгүй. Бусдын хөдөлмөрийг хулгайлж ашиг олж болохгүй гэдгийг эртнээс мэддэг  байсан. Мөн “Сонор” студид хуулийн дагуу ажилладаг байсан болохоор бидэнд хуулбарласан, хулгайлсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, бид өөрсдийнхөө амьдралыг дуулдаг. Тиймээс үеийн залуучуудаа уран бүтээлээрээ төлөөлдөг, тодорхойлдог байж магадгүй. Харин дууны чанар шаардлага, техник талаас нь харвал, зохиогчийн хуулийг хангадаг. Зургаан цомогт багтсан дуунуудаа өөрсдийнхөө тархи, зүрх, сэтгэлээсээ хийсэн.  

-Хип хоп урсгалын хамгийн чухал нь бөмбөр, хэмнэл байдаг гэдэг шүү дээ. Та өөрийгөө хөгжмийн зэмсэгтэй зүйрлэвэл бөмбөр үү?

      -Манай хамтлагийн дарга Заяа шүү дээ. Ихэнх дууг зохиож, шүлгийг нь бичдэг хүн. Миний харж байгаагаар Монголд хоёр “Бороо” гэх  дууг хит болголоо. Би  хэдий чухал боловч тархи нь биш. Тиймээс би өөрийгөө нотны дэвтэртэй зүйрлэмээр байна. Харин Заяаг хип хопын ертөнцөд хүнээр бол тархи нь, машинаар бол мотор нь гэж боддог юм.

-Та уран бүтээлээсээ гадна ямар ажил хийдэг вэ. Таныг дугуй засварын газар ажиллуулдаг гэж ярьдаг юм билээ?

      -Би хувийн байгууллагад ажилладаг юм. Дугуй засварын газар ажиллуулдаггүй бас засварчнаар ажиллаж байгаагүй. Манай хамтлагт ч байхгүй шүү дээ.

-Та аль бүтээлээ энэ цаг үед дахин онцолмоор байна вэ?

          -Би “Хайрыг хүндэл” дууг энэ цаг үед дахин онцолмоор байна. Бидний бүх дуу бүтсэн түүх, намтартай. “Хайрыг хүндэл” дууг 2002 онд зохиож, 2003 онд анхны цомогт оруулж байсан. Тус дууг яагаад хийх болсон бэ гэвэл, тухайн үед хүмүүс БНСУ-д ажил хийхээр олноороо явдаг байсан. Өнөөдөр ч явсаар байна. Тэгэхээр хүн эх оронтой байх ёстой юм байна. Эх орон гэдэг хүмүүсийн нэгдэл юм гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Хүн нэгнийхээ хайрыг хүндэлж байж нэгддэг юм байна. “Хайрыг хүндэл гэдэг хүнийг хүндэл” гэсэн үг шүү дээ. Хэрвээ нэгдэж чадах юм бусад асуудлууд юу ч биш. Улаанбаатар хот гэдэг Улаанбаатарт амьдарч буй хүмүүс болохоос ямар нэгэн байшин, машин биш шүү дээ. Хүмүүс нэгэндээ хайртай байвал асуудлыг дор нь шийдчихнэ. Энэ асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байгаагүй, хуучраагүй сэдэв. Мөн дуундаа зүйр үг шиг хүний тархи, зүрхэнд үлдэх нэр өгөх юм сан гэж хичээдэг, боддог. Тухайн үед “Хайрыг хүндэл” гэдэг нэр бүтэн өгүүлбэр юм шиг санагддаг байсан. “Хүн яваад ирлээ”, “Уул даваад явчихлаа” гэж байгаа юм шиг сонсогддог байсан. Гэвч зөрсөөр байгаад л өгч байсан нэр шүү дээ.

-Танай хамтлагийнхан мөрөөдөлдөө хүрсэн үү. 20-оод жил болж байна?

       -Бид, би мөрөөдөлдөө хүрэх болоогүй. Хамтлагаа хүнээр төсөөлбөл, дөнгөж 20 хүрэх гэж байна. Тэгэхээр хамтлагаа залуу байна гэж бодож байгаа. Бид залуудаа дэлхийд танигдсан хамтлагтай болохыг хүсдэг байсан. Одоо 40 хүрч яваа бид дэлхийд гарна гэдэг үлгэр. Харин монголын хөгжмийн түүхэнд нэрээ үлдээх нь зүй ёсны хэрэг. Өөрсдөө дэлхийд танигдаж чадахгүй байсан ч  хийсэн уран бүтээл, шинэ хамтлагийг бий болгож чадна. Бид дуугаа заавал монгол хүнээр дуулуулах албагүй шүү дээ. Бидэнд дараагийн 10 жилд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Зарим төслүүд эхэлчихсэн байгаа.


“ТАТАР” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Ч.ЖАРГАЛСАЙХАН: БИ ӨӨРИЙГӨӨ НОТНЫ ДЭВТЭРТЭЙ ЗҮЙРЛЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188