• Өнөөдөр 2024-04-26

Б.АЛТАНХУЯГ: Хамгийн үнэн хөгжим хүний зүрх сэтгэлд хүрдэг

2022-09-26,   1374

      Монголын урлагт “Анир” гэж дуу бичлэгийн том айл бий. Энэ айлаар ороогүй, айлчлаагүй уран бүтээлч гэж бараг үгүй. Яваад ороход л, хөгжмийн их уурхай гэдэг нь илэрхий. Тус студийн захирал, хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч Б.Алтанхуяг сайхан хөгжмийн найруулгын анир, эгшгээр уран бүтээлчдийг “дайлж”, жаргал, зовлонтой нь ойр оршдог. Тэгвэл энэ их айл дэргэдээ Монголын анхны поп оркестртой болж, тун удахгүй албан ёсны нээлтээ хийхээр зэхэж байгаа баяртай мэдээг уншигч танд дуулгаж байна. Одоогоос 21 жилийн өмнө тэрбээр дөнгөж сургуулиа төгссөн залуухан хөгжмийн мэргэжилтэн студи байгуулж, бүх зүйлээ өөрөө хийгээд эхэлж байжээ. Дуу хөгжмийн дотоод гүнд нэвтэрч, өөрийнхөөрөө мэдрэн буулгадаг даруухан түүнтэй ийн ярилцлаа. Тэр биднийг очиход, студийнхээ өрөөнд ээлжит бүтээлээ гаргахаар бодол оюунаа “нэрж” суув. Олон өдөр хоногийг тэр ингэж л бодлоос, бодол, эрлээс эрлийн хооронд өнгөрүүлсээр ирсэн нь лавтай.

-“АНИР” СТУДИЙН ДЭРГЭДЭХ ПОП ОРКЕСТР МААНЬ БҮХ УРАН БҮТЭЭЛЧДЭД НЭЭЛТТЭЙ-

 -Сайн байна уу. “Анир” студи  дэргэдээ Монголын анхны поп оркестртой болж байгаагаа дуулгалаа. Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе. Поп оркестр гэхээр мэргэжлийн уран бүтээлчид нь л  гэхээс хүмүүс төдийлөн мэдэхгүй болов уу гэж бодож байна.  Ямар онцлогтой зүйл юм бэ?

            -Сайн, сайн байна уу. Монголд анх удаа хувийн статустай поп оркестр байгуулж байна.  2022 оны аравдугаар сарын 1-нд Корпорэйт Конвешн Центрт албан ёсны нээлтээ хийнэ. Нарийн тайлбарлавал, оркестр гэдэг бол найрал хөгжим. Найрал хөгжим гэдэг нь хөгжмийн зохиол тоглохоос гадна киноны хөгжмийн бичлэг хийж, концертод тоглодог, бүжгийн хөгжим тоглодог дуучдын дууг хамтран тоглодог зүйл. Үндсэндээ ийм нэг найрал хөгжим “Анир” студийн дэргэд бий болж байгаа юм. Тэгэхээр найрал хөгжим буюу оркестр байгуулна гэдэг амаргүй зүйл. Бид ч мундаг, сайндаа хийсэн  юм биш. Алив зүйлийн тохироо бүрдэнэ гэж байдаг. Энэ ч утгаар тохироо нь бүрдсэн. Үүнийгээ дагаад хүний нөөц, уран бүтээлчдийн боловсрол, мэдлэг шаарддаг. Нэгдүгээрт, тухайн эзэмшсэн хөгжмийн төрөлдөө нэлээд сайн бэлтгэгдсэн байх ёстой байдаг. Ингэж мэргэшсэн 40 гаруй хүний нэгдлээс бүрддэг. Хоёрдугаарт, жанр их чухал. Поп оркестр гэдэг нь симфони оркестр дээр цахилгаан хөгжим нэмэгдэж, энтертэйнмэнт төрлийн уран бүтээл тоглоно. Энэ нь орчин үеийн төдийгүй ямар ч жанрт хувирах болно гэсэн үг. Үндсэндээ сонгодог, жааз, рок поп, ардын гээд төрөл бүрийн хөгжим тоглох боломжтой.  Гуравт нь, төрөл бүрийн хөгжмөө хөрвүүлдэг, найруулдаг уран бүтээлчдийн нэгдэл бий болгоно.

   -Хувийн статустай поп оркестртай болсноор уран бүтээлчдэд ямар ач холбогдолтой, юу өөрчлөгдөх вэ гэдэг нь уншигчдад сонин байх. Уран бүтээлчид том боломж гэдгийг харж байгаа ч үзэгч, уншигчид төдийлөн үр дагаврыг нь мэдэхгүй суугаа болов уу?

            -Монголд аль нэг мэргэжлийн байгуулагад харьяалагддаг, чөлөөт гэсэн хоёр хэсэгт уран бүтээлчид харьяалагддаг. Тэгэхээр мэргэжлийн урлагийн байгууллагад оркестр байдаг. Харин чөлөөт уран бүтээлчдэд байхгүй. Чөлөөт уран бүтээлчид найрал хөгжимтэй дуулахын тулд аль нэг мэргэжлийн байгууллагад ажилд орох, эсвэл мөнгө төлөх гэсэн хоёр сонголт бий. Тэгэхээр “Анир” студи дэргэдээ оркестртай болсноор уран бүтээлчдэд том боломж гарч байгаа юм. Энэхүү оркестр бүх уран бүтээлчдэд нээлттэй. Найрал хөгжимтэй бүжиглэж, дуулж, уран бүтээлээ туурвина гэдэг нэр хүндийн асуудал. Энэ хэрээр тухайн уран бүтээлчээс чадвар шаардана. Уран бүтээлчийн тоглолт найрал хөгжимтэй хоршсноор өндөр түвшний чанартай тоглолтыг үзэгчдэд хүргэдэг.

-Тохироо бүрдэж, санамсаргүйгээр байгуулагдаж байгаа гэлээ. Гэхдээ та энэ их ажлыг эхлүүлнэ гэдэг мөрөөдөл байсан болов уу. Ер нь студийнхээ дэргэд поп оркестртай болох талаар хэзээнээс эрс шийдэв?

       -Анхандаа тийм бодол байгаагүй. Манай студэд хийсэн бүтээлүүд цөм бичлэг хэлбэрээр бий. Яг тайзан дээр гарахаар хөгжимчид байхгүй асуудал байсан. Тэгээд л бид оркестрыг байгуулж байгаа нь энэ юм.

 -Уран бүтээлчдэд найрал хөгжимтэй уран бүтээл, тоглолтоо хүргэх боломж  олгож байгаа боловч нөгөө талаар танай студийн дэргэдэх оркестрийг авна гэхэд үнэ өртөг, боломжийн хувьд ямар байх бол?

        -Үнэ бол харьцангуй ойлголт. Бид уран бүтээлчдээ дэмжих зүйл ч байна. Үнэ, санхүүгийн хувьд бодлого, менежментийн хэмжээнд ажиллана.

-МӨНГӨ, ХӨГЖИМ ХОЁРЫГ ХОЛБОХ ЁСГҮЙ-

  -Поп оркестрийн талаарх яриагаа энэ хүрээд өндөрлье. Аравдугаар сарын 1-нд үзэгчдэд цоо шинэ нээлт болно гэдэгт итгэлтэй байна. Цааш “Анир” студийг байгуулсан, таны урлагт эхэлсэн цэгээс яриагаа үргэлжлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Анх тантай ямар уран бүтээлчид хамтран эхэлж байв?

          -Анх 2001 онд “Анир” студээ байгуулж байсан. Одоо 21 жил болсон байна. Хойноос сургууль төгсөж ирээд л студээ байгуулаад, хөгжмийн найруулга, бичлэг гээд бүх зүйлээ өөрөө хийдэг байсан. Тухайн үед Сонор, Саунд, Мичид гээд цөөн дуу бичлэгийн студи байлаа. “Анир” студийг байгуулахад, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа н.Энхжаргал ах минь надад хөрөнгө оруулалт хийж, тусалж байсан. Студээ байгуулснаас хойш олон уран бүтээл хийсэн байна. Анх байгуулахад, МУГЖ Д.Энхзул, Г.Эрдэнбат, У.Далантай нар ид мандаж байв. Багаасаа Хөгжим бүжгийн коллежед сурч, төгсөөд мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байсан болохоор танил их байсан. Хойно сургууль төгсөж ирээд л шууд уран бүтээлчидтэй ажиллаж эхэлсэн.

-“Анир” гээд студийнхээ нэрээ хэрхэн өгч байсан бэ?

   -Студийн маань нэрийг Америкад байдаг хөгжмийн зохиолч н.Сундуй найз маань өгсөн. Тухайн үед би нэрээ бодоод олохгүй байсан. Нэг өглөө найз маань хүрч ирээд, “Би танай студид нэр бодчихлоо. Анир гэж нэрлье” гэсэн. Бодоод үзсэн. Үнэхээр анирдах, бүх зүйл анир чимээнээс үүснэ гээд их чухал нэр байсан. Бүх авиа, анир нийлж эгшиг болно гэсэн утгыг хэлж, монгол хэлний үгийн сангаас их гоё үг сонгож, студийн нэрийг өгч байсан. Эгшиг, дуу, авиа гэвэл бэлэн болсон зүйл. Харин анир гэхээр бүх зүйлийн эхлэл зүйл. Энэ бол сонсогдох анир биш, сэтгэлээ анирдах зүйл.

-Таниар дууныхаа найруулгыг хийлгэхээр ирж байгаа уран бүтээлчид янз бүр л байгаа байх. Анхны бүтээлээ хийх гээд мөнгө санхүү багатай хүн ч байдаг болов уу?

           -Уран бүтээлчдээ дэмжилгүй яах вэ. Хамтрах тохиолдол ч байна.Заримдаа бүтээлээ хийгээд "шатах" үе ч байна. Гэхдээ би мөнгө, хөгжим хоёрыг холбох ёсгүй гэж боддог. Нэг замаар явдаг зүйл ч гэлээ, хөгжмөө хийх нь хийгээд, хөгжмийг нь борлуулдаг хүн нь тусдаа байх хэрэгтэй. Түүнээс хөгжим хийдэг хүн өөрөө хөгжмөө борлуулна гэж байхгүй зүйл л дээ.

-Хөгжмийн найруулга гэдэг бол тухайн уран бүтээлчийн бүтээлийн амин сүнс, агуулгыг нь амьдруулж, амь оруулдаг зүйл юм шиг байгаа юм. Энэ ч утгаар таныг олон уран бүтээлчийг хөтөлсөн уран бүтээлийн замыг нь нээсэн гэж ярьдаг юм билээ?

        -Хийсэн зүйлийг маань үнэлж байгаад мэдээж баярладаг. Хит дуу гэдэг нь мөнгө ихтэй болохоор сошиалаар цацаад, хүнд хүрч байгаа зүйл биш. Сайн уран бүтээл болохоор л хүний сэтгэл зүрхэнд хүрч байгаа юм. Тухайлбал, МУГЖ Б.Батболдын хувьд Төмөр замын дуу бүжгийн чуулгаас эхлээд олон дуу дуулсан. Гэхдээ тэр бүр нь хүмүүст хүрч, очоогүй. Тэгээд “Би монгол эр хүн” дууны хөгжмийн найруулгыг хийгээд өгсөн. Тус уран бүтээл гарсан даруйдаа үзэгчдэд хүрсэн. Б.Батболд дуучин дараа нь “Энэ дуу миний амьдралыг өөрчилсөн шүү” гэсэн. Үнэхээр дуу үзэгчдэд хүрнэ гэдэг олон зүйлийн үүд хаалга нээгдэж, өөрчлөгдөнө. Би ийм тухайн уран бүтээлчийг цааш нь хөтлөх олон хит дуу хийсэн. 

-Үнэхээр уран бүтээлчдийг хөглөх олон дуу хийлээ шүү гэж онгирох, хөөрөх үе гарах уу?

       -Мэдээж байлгүй яах вэ. Дуу нь үзэгчдэд хүрсэн уран бүтээлч маань хамгийн түрүүнд над руу яриад, талархлаа хэлнэ. Тэр бүрт “Болоо доо” гэж бодно. Нөгөө талаар олон хит дуутай ч дандаа хит дуу “үйлдвэрлэнэ” гэж байхгүй. Авьяас, мэдлэг боловсрол, жаахан хөдөлмөрлөдөг зан, мэдрэмж нийлж хүнд хүрэх дуу гаргасан байх гэж боддог.

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАНННОРОВ БАГШИЙН “НАР САРНЫ ЗААГ” КИНОНЫ ХӨГЖМИЙГ СОНСООД УЙЛМААР САНАГДАЖ БАЙЛАА-

 -Хөгжмийн найруулгыг нь хийхдээ тухайн уран бүтээлчийн хоолой, өнгө аясыг  эхэлж мэдэрч, тохируулан бүтээлээ гаргадаг болов уу?

        -Тэгнэ ээ. Тухайн уран бүтээлчийн аваад ирсэн дууг сонсоод, ийм өнгө аястай, ийм болгох нь зүйтэй. Энэ дууны хөгжмийн найруулга ийм өнгө аясаар хийвэл зохицох юм байна гээд хамтран ярилцаж, санаа оноогоо нэгтгэдэг. Хамгийн гол нь хүнд хүргэх талаас нь бодож хийдэг. Ингэж хийвэл хүн уйлна, баярлана, огшино гэж тооцоолдог. Мэдээж мэргэжлийн түвшинг барьж, найруулна. Гэхдээ хөгжим гэдэг зүрхнээс гараад зүрхэнд хүрнэ. Хийж байгаа хөгжимдөө би өөрөө уярахгүй бол хүн уярна гэж байхгүй. Тэгэхээр сэтгэлд минь хүрэхгүй, өөрт таалагдахгүй бол хийж байгаа бүтээл минь болоогүй гэж үзнэ. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдад шаардлага тавьж, голох зүйл ч гарна. Нөгөө талаар гоё байгааг нь хэлж урам өгнө. Хөгжмийн зохиолч Н.Жанцаннноров багш болон бусад уран бүтээлчид надад итгэж хөгжмөө өгч, “Миний энэ хөгжмийг илүү гоё болгож өгөх хүн энэ мөн” гэж итгэж ирдэг. Тэр итгэлийг би алдахгүйн төлөө хичээх ёстой. Хичээж, сайн байхгүй бол тэр том уран бүтээлчдэд гологдоно шүү дээ. 

  -Танд ирж байгаа бүтээлээс “Энэ үнэхээр гайхамшигтай ая юм” гэж уулга алдам бүтээл байсан болов уу?

               -Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров багшийнхаа “Нар сарны зааг” киноны хөгжмийг сонсоод уйлмаар санагдаж байлаа. Н.Жанцанноров, Ц.Нацагдорж хөгжмийн зохиолчид бол миний уран бүтээлийн багш юм. Агуу багш нараасаа суралцаад явдаг.

-ҮНЭН ХӨГЖИМ ХҮНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД ХҮРДЭГ-

    Бусдаас суралцах, хамтарч ажиллах тухайд хоёулаа ярилаа. Үргэлжлүүлэн таны хамгийн гол ажил болох хүний зүрх сэтгэлийг хөглөдөг хөгжим, аялгуу эгшгийн тухай яриа өрнүүлье.

-Та яриандаа хэллээ, ийм л байвал хүний сэтгэлд хүрнэ гэж зорьж бүтээлээ хийдэг гэж. Ямар хөгжим хүний зүрх сэтгэлд хүрдэг юм бэ?

      -Хамгийн үнэн хөгжим хүний зүрх сэтгэлд хүрдэг. Үнэн байвал хүн уйлна, уярна, омогшино, сэтгэл нь хөдөлнө. Худлаа хөгжим хийвэл худлаа л байна.

   -Хөгжмийн найруулга хийхдээ шаналж, удаан бүтдэг бүтээл бий юү?

  -Байлгүй яах вэ. Одоо ч шаналаад сууж байна. Ээжийн дуу их олон байна гэхэд, ямар өнцгөөс ээжийн дуу хийх үү гээд шанална. Юмсыг ажиглахыг их хичээнэ. Ингэж ажиглаж, бодож байгаад л сэдэв, өнцгөө олно. Түүнийгээ уран сайханд оруулна. Үндсэндээ байнгын эрэл хайгуулд гарна.

  -Хэн нэгэнд зориулсан хайрын дуу бий болов уу. Ер нь хөгжмийн найруулгаас гадна өөрөө хөгжмийг нь зохиосон ямар дуунууд байдаг юм бэ?

       -Хайрын дуу надад бага байдаг. Сэтгэлийн тухай дуу түлхүү бий. Нөгөө талаар өөрийн зохиосон дууны хөгжим цөөн. Дурдвал, дуучин Л.Чулуунбаатарын “Сэтгэл минь” гээд дуу байна. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн байх. Сэтгэл гэдэг эрхтэн байна гэдгийг гаргах гэж хичээсэн. Хүний сэтгэл зөв бол заяа зөв байдаг юм билээ.

-Хөгжмийн найруулга гэдэг нэг талаараа сайхан боловч, хөгжмийн зохиолчийн хувьд та өөрт үлдэцтэй, өөрийн гэсэн бүтээлгүй болж байна уу гэж хардаг. Тэр тухайд юу боддог бол?

       -Гайгүй дээ. Цөм л цаг хугацаа, авьяас билгээ зарцуулж байгаа бүтээл учир тэр тал дээр нэг их ач холбогдол өгдөггүй.

   -Тийм нэг хөгжим хийх сэн гэж бодож явдаг зүйл бий юу?

   -Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багш “Хүнд хэрэгтэй хөгжим хийх юм сан. Дээрээс нь монголын хөгжмийн зохиолч гэсэн тодотголтой бүтээл дэлхийд гаргах юм сан” гэж хэлдэг байсан. Би энэ хоёртой санал нэг байна. Ийм л хоёр зүйл хийчих юм сан гэж боддог. Өөрөөр хэлбэл, хүний оюун, сэтгэл зүрхэнд хүрэх бүтээл хийх сэн гэж зорьдог.

     Энэ хүрээд бидний яриа өндөрлөж, Б.Алтанхуяг хөгжмийн зохиолч дараагийн эрлээ хайхаар бүтээлээ хийгээд үлдсэн юм. Түүний бүтээл сэтгүүлчийн хөдөлмөртэй төстэй юм шиг. Тэр өөрийн сонссон, мэдэрсэн анираар аялгуу эгшиг найруулж, бид харин түүн шиг хийж бүтээдэг, боддог хүмүүстэй уулзаж, тэдний дотоод ертөнцийг анирдан үг, өгүүлбэр найруулдаг гэмээр. Түүнтэй ярилцаад буцахад, ийм л бодол сэтгэлийн гүнд үлдсэн юм.


Б.АЛТАНХУЯГ: Хамгийн үнэн хөгжим хүний зүрх сэтгэлд хүрдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188