• Өнөөдөр 2024-04-23

“THE BAATAR”: Малын бэлчээрт дуулж явсан хүү монгол кантри урсгалын нүүр царай болтлоо хичээсэн

2022-09-24,   1216

    “Монгол кантри” урсгалаар дамжуулан ардын урлагийг дэлхий нийтэд таниулах зорилготой уран бүтээлээ бүтээж, залуу үед үндэстнийхээ урлагийн гайхамшгийг мэдрүүлж байгаа хүн бол Үндэсний урлагийн их театрын дуучин Т.Баатархүү билээ. Хамтын хичээл зүтгэл, урам зориг, тэвчээр, итгэл найдвар хаа хүрч болохыг харуулахаар түүний багийнхан өдөр алдалгүй хамаг чадлаараа хичээж, уран бүтээлээ бүтээсээр байна. Ингээд түүнтэй хийсэн яриагаа уншигч таны өмнө дэлгэж байна.

             Аливаа зүйл цаг үетэйгээ зохицож, хувьсаж өөрчлөгдөж байх жамтай

-Сайн байна уу. Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг их эрсдэл шаарддаг шүү дээ. Анх монгол урсгалаар олон нийтэд уран бүтээлээ хүргэхэд бага ч гэсэн айдас байсан болов уу?

      -Сайн байна уу. “Central” телевизээр битүүний орой анх удаа уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн. Тэрнээс өмнө  эргэн тойрныхондоо ч хэлээгүй учир хэн ч мэдэхгүй байсан. Цагаан сарын бөхийн барилдааны дараа хүмүүст дуу маань хүрэх байсан. Тэр үед маш их догдолж, сандарч бас айж байсан. Учир нь “Хаана ч, хэний ч сонсож байгаагүй шинэ хөгжим аялгуу, хэн, олонд танигдаагүй дуучин хүмүүсийн хамгийн завгүй байдаг битүүний орой хүмүүст хүрч чадах болов уу” гэсэн түгшилттэй байлаа. Тэгээд дуунууд маань цацагдсан. Би “Youtube” болон фейсбүүк хуудас нээж амжаагүй хувийн хаягтайгаа байсан. Тэр орой хүмүүсийн хандалт маш их байж, найзын хүсэлт илгээх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тэгж л айдас минь дарагдаж, дурсамжтай оройг өнгөрүүлсэн.

-Монгол кантри урсгалын онцлог нь үндэсний соёлыг кантри чиглэлийн хөгжимд шингээснээрээ илүү онцлог харагдсан. Таныхаар энэ урсгалын онцлог тал нь юу вэ?

     -Тэгэлгүй яах вэ. Монголын хөрсөнд бууж монголчуудын сэтгэлгээ, ахуй амьдралыг шингээж, сонсогчдод ойр байдлаар энэ хөгжмийн урсгалыг бий болгосон. Монгол дууны онцлог төвөнхийн цохилго, бөнжгөнөх хөдөлгөөн, шуранхай хийдэг гээд энэ бүх нарийн нугалаа, чимгийг кантри хөгжим дээрээ оруулаад явж болно. Мөн монгол кантри урсгалын хөгжмийн гол онцлог нь амьд хөгжмийг дэргэдээс нь мэдрүүлэх юм. Дуучин аятай биш амьд хөгжимтэй дуулж байж энэ чиглэлийн онцлог нь тодорч харагдана.

-Уран бүтээл гэдэг багийн ажиллагаа байдаг. Багийн гишүүдийнхээ тухай ярихгүй юү?

    -Монгол кантри хөгжмийн урсгалыг анх санаачилсан хүн бол Монгол Улсын баатар Э.Бат-Үүл юм. Манай багийн бүх дууны аялгууг “A sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд ах зохиосон. Харин дууны шүлгүүдийг Б.Батцэнгэл буюу олны мэддэгээр Quiza ах шүлгүүдийг нь бичсэн. “Монгол кантри” хөгжмийн урсгалыг бий болгоход “Сонор рекордс” болон дуу бичлэгийн “Limitless” студи хамтран ажиллаж байгаа. Үүнээс гадна нэрийг нь дурдаагүй маш олон хүн хамтарч байна.

-Ямар шалтгааны улмаас уртын дууч хүн монгол кантри урсгалаар дуулж эхлэх болсон бэ?

       -Манай багийнхан энэ хөгжмийн урсгалыг уртын дуучнаар дамжуулан түгээх зорилготой байсан. Үүний тулд сонгон шалгаруулалт явуулж олон дуучны дундаас би шалгарсан. Аливаа зүйл цаг үетэйгээ зохицож, хувьсаж өөрчлөгдөж байх жамтай. Уртын дуу монгол кантри хөгжмийн чиглэлийн суурь. Уртын дуучнаар сурч төгсөхөд ажлын байрны хүрэлцээ бага байдаг. Ардын урлагаар төгссөн залууст шинэ боломжийг нээж өгөхийг зорьсон. “Уртын дуучин хүн амьд хөгжмийн хамтлагтай нийлж дуу бүтээж болох юм байна” гэсэн өнцгийг харуулж чадсан болов уу.

-Дуу дуулах үед ямар мэдрэмж төрдөг вэ. Дуу хөгжим таны амьдралд хэр том орон зайг эзэлдэг вэ?

      - Дуу дуулах мэдрэмж хамгийн сайхан учир дуучид насаараа дуулдаг байх гэж боддог. Урлагийн хүн байхын хамгийн сайхан тал нь тайзан дээр гарах, уран бүтээлээ бусадтай хуваалцах байх. Би дуу хөгжимгүй цаг хугацааг төсөөлж чадахгүй. Нэг л мэдэхэд хаана ч байсан дуу аялаад явж байдаг.

Ардын урлаг, уртын дуу маань заавал тайзан дээр богдын өргөөнд дуулагдах ёсгүй. Энэ бол бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой.

-Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан байх. Та бага байх үеэсээ одоо хэр өөрчлөгдсөн бэ?

        -Би малын бэлчээрт дуулж өссөн хүүхэд дээ. Дуу дуулж ангийнхаа, сургуулийнхаа нэрийг дуудуулж явдаг хүүхэд байлаа. Малын бэлчээрт дуулж байсан хүү одоо тайзан дээр дуулж байгаа надаас тийм ч их хол зөрүүгүй санагддаг. Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа малын бэлчээрт дуулж байсан хүүхэд яаж дуулж байсан түүн шиг дуулах ёстой гэж сурсан. Харин ч одоо би бага байсан үеэсээ суралцах ёстой байх. Уртын дуу одоо байгаа нөхцөл, юмсыг дуулдгаараа онцлог.

-“Сэтгэл нэрнэ” цомог тань олон хүний сонорыг мялаасан. Олон сонсогчтой болж хүмүүст хүлээлт үүсгэнэ гэдэг их хариуцлага шаарддаг байх?

      -Хөгжмөөр дамжуулж, хүмүүсийн дотор байгаа бодлыг нэрэх, сэтгэлийг нь хөглөх зорилготой эхний цомог маань бүтсэн. 10 дуутай цомгоо цацаад хагас жилийн хугацаа өнгөрч байна. Дөнгөж цомгийнхоо хоёр дахь дуунд клип хийж байтал сонсогчид маань шинэ дуу нэхээд эхэлсэн. Олон хүнд хүрч байгаа нь сайхан ч маш их хариуцлагатай байж, цаг наргүй хөдөлмөрлөх, өөртөө үргэлж шинэчлэл хийх, шинэ уран бүтээл хурдан бүтээхийг шаардаж байгаа.

-Ярианыхаа төгсгөлд сонсогчдодоо хандаж үг хэлэхгүй юү?

    -Бидний эхлүүлсэн бүтээлч ажлыг сайн, сайхнаар хүлээж авч, үргэлж гоё урмын үг илгээж, шинэ дууг маань чих тавин хүлээж байгаа бүх хүнд “Баярлалаа” гэж хэлмээр байна. Шинэ уран бүтээлээр дандаа уулзахыг хичээх болно. Монгол кантритай үргэлж хамт байгаарай.

 


“THE BAATAR”: Малын бэлчээрт дуулж явсан хүү монгол кантри урсгалын нүүр царай болтлоо хичээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188