• Өнөөдөр 2024-03-29

ДУУЧИН XP: Миний дууг сонсоод тухайн хүн тайвширч чадаж байвал хангалттай

2022-09-21,   1172

    Залуу уран бүтээлч “XP”-г Амгалангийн Идэрзориг гэдэг. Тэрбээр Солонгос Улсад Монгол уран бүтээлчдээ дэмжин ажиллахаар “Nomad”  студиэ үүсгэн байгуулж, ажиллуулж байгаа. Түүнийг “Solo” болон “Zolboo tv”-тэй хамтран гаргасан “Уянга” дуугаар нь уншигчид маань андахгүй биз ээ. Түүнтэй хийсэн ярилцлагаа уншигч таны өмнө дэлгэж байна.

-Сайн байна уу. Та эхлээд манай уншигчдад тайзны нэрээ танилцуулаач?

    -Сайн байна уу. XP гэдэг нь Xponent гэсэн үгний товчлол. Энэ үг нь Грекээр луужин гэсэн утгатай. Сонсоход амар, тогтооход хурдан гээд тайзны нэрээ өгч байсан.

-“Solo” дуу бүтсэн түүхээс хуваалцаж болох уу. Энэ дуу олон хүнд таалагдсан?

   -Би 2012 оноос уран бүтээлийн гараагаа тавьсан. Гэхдээ Солонгос Улсад очоод таван жил уран бүтээлээ завсарласан. Тэгээд 2018 оноос эргэж орсон. Миний дуу хэзээ нэгэн цагт олон хүнд таалагдана гэж итгэдэг байсан. Гэхдээ тэр дуу минь “Solo”  байна гэж төсөөлөөгүй. Энэ дууг бусад уран бүтээлтэйгээ л адилхан бүтээсэн. “Solo” дуугаа сарын хугацаанд бүтээсэн. Ая нь бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг аяыг түрээсэлж хийсэн. Дууны үгийг долоон хоногт бичсэн. “Solo” дуугаар дамжуулан эмэгтэй хүний шулуун шударга занг тодотгохыг хичээсэн.

Дуу минь олон хүнд таалагдаж байгааг хараад илүү сайн уран бүтээл хиймээр санагдаж, урам зоригтой болсон.

-Таны бусад дуучнаас ялгарах онцлог тань юу вэ?

    -Би дуугаараа дамжуулан гүн гүнзгий утга, санааг илэрхийлэхийг хүсдэггүй. Харин илүү хөнгөн мэдрэмжийг аваасай гэж хүсдэг. Миний дууг сонсоод тухайн хүн тайвширч чадаж байвал хангалттай санагддаг. Би pop punk чиглэлээр дуугаа бүтээдэг. Энэ нь поп болон реп дууны цогц.

-Дуу бүтээх сэдлээ юунаас олж авдаг вэ?

    -Өөрөө үг, ая гээд бүх зүйлийг хийдэг. Гэхдээ үг гэхээсээ илүү аян дээр төвлөрч ажиллах дуртай. Монгол үгэнд тохирох нарийн мэдрэмж шаардах хөг аялгууг хэрхэн бүтээх вэ гэдэг чухал. Уран бүтээлээ бүтээгээд суухаар цагийн баримжаагүй болтлоо төвлөрчихдөг. Дуртай ажлаа хийж байгаа болохоор тэр бүр ядарснаа мэддэггүй. Би “Ямар дуу хийх вэ” гэж удаан боддоггүй. Нэг л мэдэхэд санаагаа олоод, хийчихдэг.

-Дуу хөгжимд дурлаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцвал?

     -Би жаахан байхаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Тэгээд тухайн үеийн хамтлаг, уран бүтээлчдийн дууг их сонсож, дагаж дуулна. Тухайлбал, Outlaw  хамтлаг, “Rokit bay”-ийн дууг илүү их шохоорхож сонсдог байсан. Гэр бүл, найз нөхөд маань их дэмждэг байсан болохоор хойш суулгүй уран бүтээлээ хийж, эргэлт буцалтгүй л дурласан даа.

-Дуу хөгжим таны хувьд?

      -Дуу хөгжим миний амьдралын бүх цаг хугацаанд салшгүй холбогдож, хамт байсан. Иймээс миний амьдралын бүх зүйл бол дуу хөгжим. Дуу хөгжимгүй л бол амьдрал ямар ч утгагүй санагддаг. Дуу хөгжимтэй хамт байж би амьдарч чаддаг.

-Дуу хөгжмийг сонирхлын түвшинд биш мэргэжил болгох шийдвэрээ хэрхэн гаргасан бэ?

     -Солонгост өөр ажил хийж байхдаа л ойлгосон. Дотор гижигдэх шиг тэр мэдрэмж намайг байж суухын аргагүй байдалд оруулж, дуу бүтээх хүсэл оргилж байсан. Өөр ажил хийж байсан ч ямар уран бүтээл хийх вэ гэдгээ байнга боддог байсан. Би дуу хөгжимгүйгээр амьдралаа төсөөлж чадаагүй. Тэгээд л дуучин болохоор шийдсэн дээ. Багаасаа мөрөөдөж байсан мөрөөдлөө биелүүлээд явж байгаа. Иймээс хэдий Солонгост ч гэсэн монгол уран бүтээлчдийнхээ дууг бүтээх студитэй болтлоо хөдөлмөрлөсөн.

-Солонгос Улсад студи ажиллуулахын сайхан болон хэцүү тал нь юу вэ?

     -Монголд үйл ажиллагаагаа явуулдаг студийг бодвол хамрах хүрээ харьцангуй бага. Зардал ихтэй. Урлагийн салбар маш их золиос шаарддаг ч дуртай ажлаа хийж байгаа болохоор шантардаггүй.

-Үлгэр жишээ авч явдаг дуучин бий юү?

      -Би pop punk чиглэлийн дуугаараа дэлхийд танигдсан “Weekend” дуучны дууг сонсох дуртай. Тэр тусмаа түүний "Reminder" дуунд хамгийн их дуртай.

-Танд Монголд ирэх төлөвлөгөө бий юү. Ойрын хугацааны зорилгоосоо хуваалцвал?

-Монголд ирэх зунаас очих төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхдээ бүр илүү олон зүйлд суралцах, ажиллаж, амьдрах зорилготойгоор очно. Ойрын зорилго гэвэл Монголд очихоосоо өмнө цомгийн ажлаа дуусгахыг зорьж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

    -Баярлалаа.


ДУУЧИН XP: Миний дууг сонсоод тухайн хүн тайвширч чадаж байвал хангалттай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-18 18:14:49
    ДУУМАА: МУНДАГ БНА УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛ ДҮҮЛЭН НИС ДҮҮ МИНЬ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-22 08:41:15
    сайнбилэг: Миний хайртай охин дүүгийн минь хүү шүү дээ ёстой сайхан дуу дуулдаг болсон байна лээ дүүгээ санаж байна шүү хайртай шүү уран бүтээлд нь их амжилт хүсье яанаа монголд ирвэл охидууд миний дүүг булаацалдаад сүйд болноо ккк зоригоогоо үнсье эгч нь амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-22 07:33:45
    Оюунбилэг: Ёстой хөөрхөн гоё дуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-21 15:03:19
    Javhlan: Mundag shuu andaa amjilt husie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188