• Өнөөдөр 2024-04-24

ЖҮЖИГЧИН Э.ТӨРБАТ: Алхаж чадахгүй, өвчтэй байхад найзууд минь долоон буудал газар ээлжилж үүрээд, сургуульд хүргэж өгдөг байлаа

2022-09-21,   1827

    “Гэнэтийн зочид” олон ангит уран сайхны киноны Ууганхүү тэргүүтэй дэлгэцийн уран бүтээлийн цөөнгүй дүрээр олонд танигдсан “Х ТҮЦ” продакшны жүжигчин Э.Төрбаттай ярилцлаа.

-Сайн байна уу. Ярилцлагаа таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн тухайгаас эхлэх үү?

          -Би айлын том хүүхэд, таван дүүтэй. Дунд ангид ортлоо бусад хүүхдийн л адил гүйж харайж, тоглодог байлаа. Харин дунд ангид орох жил гэнэт л хоёр хөл маань татаж, хүчтэй өвдөж эхэлсэн. Кальцийн дутагдалд орж, тэгшхэн гишгэж чадахгүйд хүрч, хөл маань X хэлбэртэй болчихсон. Тэгээд найзууд маань өглөө болгон хичээл эхлэхээс цаг гаруйн өмнө манайд ирж, намайг ээлжилж үүрээд хичээлдээ явдаг байсан даа. Манайх сургуулиас нэлээд зайтай. Одоо бодоход тэр үед найзууд минь дэргэд байгаагүй бол би сургуулиасаа завсардаж, сэтгэл санаагаар унах байсан байх.

-Багын найзуудтайгаа холбоотой байдаг уу?

          -Бид одоо ч тухайн үед найзалж байсан тэр хэвээрээ найзласаар л байна. Би өөрийгөө хэзээ ч намайг орхихгүй сайхан найзуудтай, их азтай хүн гэж боддог. Одоо хүртэл найзууд маань намайг хайрлаж, эрхлүүлсээр байгаа. Би машин барьж чаддаггүй юм. Өдөрт олон зураг давхацсан, ачаалал ихтэй, олон газар луу явах шаардлага олон гарна. Тэр бүрд таксигаар явах хэцүү шүү дээ. Тийм үед айзууд маань хоорондоо ярьж байгаад ээлж, ээлжээрээ намайг хүргэж өгнө. Яг олон ах нартай айлын бага хүү шиг байдаг даа.

-Хэзээнээс урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ. Багаасаа мөрөөдөж сонгосон уу?

          -Хөлөө гэмтэлтэй байх үед олон төрлийн эмчилгээ хийлгэхийн хажуугаар хөдөлгөөн хэрэгтэй гэж бодоод хип хоп бүжиг бүжиглэж эхэлсэн. Тухайн үед одоогийн “Punk and rap" хамтлагийн залуус бүжиглэдэг байсан юм. Тэднийг дагаж бүжиглэж явсаар урлагт дуртай болсон доо. Арван жилээ төгсөх үед бие маань бүрэн эдгэрсэн учраас жүжигчин болохоор СУИС-д шалгалт өгч тэнцээд, Н.Ганхуяг багшийнхаа удирдлага дор суралцаж төгссөн.

-“Х ТҮЦ” продакшнд оюутан байхаасаа ажилласан байдаг бил үү?

          -Гуравдугаар курсийн оюутан байхаасаа ажилласан. Намайг дипломынхоо жүжгийг тайзан дээр тоглож байхыг манай хамтлагийн алдарт Чинзо ах маань үзэж таарч, продакшн дээр ирж шалгуулах санал тавьж байлаа. Тухайн үед СТӨ-нд очоод Одноо эгч, Онон ах хоёртой уулзахад “За, чиний тоглолтыг харъя” гээд л хамтлагтаа авч байлаа. Нэг мэдэхэд долоон жил өнгөрсөн байна даа. Анх хамтлагт ороод их эвгүй байсан. Зурагтаар харж өссөн жүжигчидтэйгээ хамт тайзан дээр гарна гэхээс догдлоод, айгаад байсан. Тэр үед хошин урлагийн тоглолт үзэхийн тулд урт дараалал үүсдэг байлаа шүү дээ. Тэр олон үзэгчийг хараад цочирдоно, алга хөлрөөд л. Дөнгөж эхэлж байхад хамгийн арын эгнээний захад бүжиглэдэг байлаа. Жоохон л хөдөлгөөн хийхээр тайзнаас гараад, хөшигний ард орчихно. Тэгсэн ч гэсэн сэтгэлээсээ хичээж, бүжиглэдэг байсан даа. Би л буруу бүжиглэх юм бол тэр тоглолт нурчих юм шиг санагддаг байсан.

-Өнгөрсөн жил “Гэнэтийн зочид” олон ангит уран сайхны кинонд гол дүр бүтээсэн шүү дээ. Гол дүрд, тэр тусмаа олон ангит кинонд тоглоход ямар байсан бэ?

          -СУИС-ийг төгссөн цагаасаа хойш киноны арын албанд ажиллаж, туслах дүрд тоглож, камерын ард жүжигчдийг дуурайж, жүжиглэж үздэг, хэзээ нэг киноны гол дүрд тоглоно доо гээд найз нартайгаа ярьдаг байсан хүн чинь бөөн баяр болсон. Гэхдээ зураг авалтын эхний хэд хоног үнэхээр их сандарсан. Манай “Гэнэтийн зочид” кино мэргэжлийн дөрвөн камераар зэрэг бичсэн. Ихэнх кино хоёр камераар л хийгддэг. Туршлага бага, дээрээс нь дөрвөн камертай ажиллах эхэндээ хэцүү байсан. План, гэрлээсээ гарах, хамтрагчаа таглах гэх мэт бэрхшээлүүд их гарч байлаа. Харин хорь гаруй хоногийн дараа дасчихсан.

-Одоо нээлтээ хийх гэж байгаа киноны тань дүр “Гэнэтийн зочид”-ын Ууганхүүгийн дүрээс тэс ондоо санагдсан. Шинэ киноныхоо дүрийн талаар манай уншигчдад яриач?

          -Жүжигчин хүн бүрийн дотор эсрэг дүр бүтээх гэсэн нууцхан хүсэл байдаг байх. Тэр хүслээ эрт биелүүлсэндээ баяртай байгаа. Найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Дайрлага” гэх кинонд Дүүрэн гэдэг оюутан залуугийн дүр бүтээсэн. Хүнийг хүн үгээрээ хэрхэн эвдэж болдог тухай, түүнээс болж хүний сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөж, амьдрал нь сүйрч болохыг харуулсан дүр. Хүмүүс энэ киног үзээд намайг үнэн сэтгэлээсээ үзэн ядвал би их баярлана. Тэр л жүжигчин хүний үүрэг шүү дээ.

-Монголын жүжигчдээс хэнээс нь илүү үлгэр дуурайлал авдаг вэ?

          -"Нэг л хүнийг сонго" гэвэл Т.Бархүү ахыгаа илүүтэй хүндэлж явдаг. Хүмүүс Бараа ахыг “Ноён хариуцлага” гэж дууддаг. Сүүлд бид хоёр “Төлөөс” УСК-нд хамт ажилласан юм. Шөнө нь “Фауст” жүжгийн бэлтгэлдээ явдаг хэрнээ зургаан цагт зургийн талбай дээр бүх зүйлээ бэлдчихсэн сууж л байдаг. Унтдаг юм болов уу гэж гайхмаар. Би байсан бол аль хэдийнэ ядраад уначих байсан байх.

-Одоо тайзны уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

          -Риакшн продакшны “ЧИ НАДАД ХАЙРТАЙ“ мюзикл жүжигт ажиллаж байна. Есдүгээр сарын 15-нд нээлтээ хийгээд, МҮЭСТО-нд тоглогдож байгаа. Эргэлт.мн сайтын уншигчид та бүхэн хүрэлцэн ирээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

 


ЖҮЖИГЧИН Э.ТӨРБАТ: Алхаж чадахгүй, өвчтэй байхад найзууд минь долоон буудал газар ээлжилж үүрээд, сургуульд хүргэж өгдөг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-21 23:43:01
    eee: sn uneher sn******** bandi odo l malni mongolchud hair duralal gej hutsad bga bolhos uhsen elentsegni hair bhaw de hugshin awgai******** zalu 2-n horond... unig bichsen ged zargaödarai lalrin jujigchin nertei alia salbainud min...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-21 23:40:05
    eee: naad barhugedeg aalz chin mergejlin biye unekegch ******** yum vhin munguni tulu untahgui bj chadna shu de... yamar jil tegj noirgui yawj bga bish neeh ih teged gaihad bh shardlagagui shu shu bandihan min.. naad barhuu gedeg ******** chin eurod bhda l bi odonchimeg naramsolongo 2-n negtei zawal suj bj mini tsashdin yaj amidrah n shaltgalna gedeg bsan bandin suganshu de
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188