• Өнөөдөр 2024-03-28

GEMLEST: Дуугаараа нийгэмд эерэг энерги түгээхийг хичээдэг

2022-09-15,   1168

   "Уран бүтээлчийн цаг" булангийнхаа энэ удаагийн дугаарт реппер Gemlest буюу Э.Цэлмэгийг урилаа. Түүнийг найз охиндоо зориулж дуулсан “Azure” дуугаар нь уншигчид маань хэдийнээ мэдэх биз ээ. Бид түүнтэй шинэ уран бүтээлийн сонин сайхнаас эхлээд хэрхэн хип поп дуунд дурлаж байсан түүх, найз охиндоо зориулсан дуугаа хэрхэн бүтээж байсан болон цаашдын зорилгынх нь талаар ярилцсан юм. Ингээд уншигч танд ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байна уу. Шинэ уран бүтээлээр уулзахгүй удаан хугацааг өнгөрөөлөө. Сонсогчдодоо дуулгах сайхан мэдээ бий болов уу?

       -Сүүлийн үед өөрийн дуун дээр ажиллахаас гадна дууны инженерээр ажиллаж байгаа. Хамгийн сүүлд гэх “The C” цомгон дээр ажилласан. Одоо өөрийн дуугаа бүтээхээр ажиллаж байна. Гэхдээ надад олон нийтэд цацаагүй долоон дуу бий. Дууныхаа клипийг хийхээр төлөвлөөд л байна.

Би БНХАУ болон Монголын их сургуульд программ хангамжийн мэргэжлээр давхар сурдаг. Төгсөх курс болсноос хойш хичээл, ажил гээд зав таарахгүй яваад л байгаа. Хавар гэхэд хоёр сургуулиа зэрэг төгсөнө. Өөрийн цомгоосоо клип хийх хоёр дуу дутуу байгаа. Тэр хоёр дууныхаа клипийг хийчихээд шинэ дуунуудынхаа клип рүү орно. Би өөрийнхөө цомгийг "Apple music", "Spotify" зэрэг платформд байршуулсан. Тухайн платформоос олон хүнд хүрээгүй байж магад учир хүмүүс намайг "Шинэ уран бүтээл гаргахгүй байна" гээд л байгаа. 14 дуунаас бүрдсэн цомгийн маань 11 нь шинэ дуу.

-Хип хоп урсгалыг хэзээнээс сонирхож, дуртай болсон юм бэ?

      -Багаасаа Болд ахын дууг сонсох дуртай байлаа. Тэгээд дөрөвдүгээр ангидаа Gee, Tsetse ахынхаа дууг сонсож хип хопод дурлаж эхэлсэн. Үргэлжлүүлэн "Vanquish", "Сlick click boom", "Opozit", "Татар" хамтлаг болон Desant, Ka ахын дууг сонсож, хип хоп дуунд эргэлт буцалтгүй дурласан. Монгол репперүүдээс хамгийн их шүтдэг нь Rokit Bay. Rokiy Bay ахаас маш их үлгэр жишээ авч дуу хийх эхлэлээ тавьж байсан.

-Дууг сонсох, дууг бүтээх хоёр эрс ялгаатай. Анхны дуугаа бүтээх гэж их зориг гаргасан байх даа?

       -Анх 13 настайдаа дуу хийж байсан. Утсан дээрээ өөрийн дуугаа бичлэг болгоод, ая тавиад үглэдэг байсан. Аажим аажмаар хип хопыг ганцхан реп биш соёл талаас нь харж, бүтээж эхэлсэн. Манай гэрийнхэн бага зэрэг эсэргүүцсэн ч, дэмжиж байсан. Янз бүрийн студи руу явуулахгүй гээд дуу хийхэд шаардлагатай бүх хэрэгслийг авч өгсөн. Тэгээд л гэртээ дуу хийж, үглэдэг байж байгаад сургуулиа төгсөөд БНХАУ руу сурахаар явсан. БНХАУ-д сургуулийн дотуур байранд ганцаараа хөгжмөө бүтээх гэж олон цаг зарцуулдаг байлаа. Дуу бүтээхдээ аян дээр хэрхэн репээ тохируулж, дуу болгон тордох вэ гэдэг дээр их анхаарч, сайжруулдаг. Би хэрхэн дуу бүтээх талаараа “Youtube”-ээс сурсан. БНХАУ-д байх хугацаандаа өөрийгөө маш их хөгжүүлсэн гэж боддог. Мөн миний бусдад танигдсан “Azure”, “Bad B” зэрэг дуу БНХАУ-ын сургуулийн дотуур байранд бүтээгдсэн.

-Олон дуу тань таны найз охинтой холбоотой байдаг. Дуугаараа хайртай, дотнын хүндээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

     -Өөрийнхөө болон өөртэйгөө холбоотой хүмүүсийн талаар дуу бүтээхийг зорьсон. Үзсэн кино, өөр хүний хайрын түүхийн талаар сонсож байгаад дуу бүтээж болно. Гэхдээ киноны зохиолыг эсвэл тухайн хүнд тохиолдсон явдлыг тухайн хүмүүс шиг нь мэдэхгүй, мэдрэхгүй. Иймээс тухайн хүний маш олон мэдрэмжийг яг тэр хүн шиг хангалттай хэмжээнд дуундаа гаргаж чадахгүй. Харин өөрийн хайртай хүний, өөрт тохиолдсон зүйлийн тухай дуулах нь илүү сэтгэлээсээ дуугаа бүтээхэд хүргэдэг. Би аяа сонсож, дууны санаагаа олдог. Үгээ бичиж байхад нүдэнд минь харагдаж байдаг хүн бол миний найз охин. Бид хоёр нэгэндээ амьдралынхаа долоон жилийг зориулж, хамт байна. Ахлах сургуулиас эхэлсэн, өсвөр насны хайр дурлал одоо хүртэл үргэлжилж байна гэж бодохоор үнэ цэнтэй.

Одоог хүртэл “Azure” дуугаа сонсохдоо “Миний хайртай хүн чинь ийм хүн шүү” гэж боддог

-Таны найз охиндоо зориулсан “Azure” дуу маш олон хүний сонорт хүрсэн. Дуу бүтсэн түүхээсээ хуваалцаж болох уу?

    -Найз охинтойгоо ам мурийгаад тэр дууг зориулж, бүтээж байсан. Гомдоосондоо харамсаад ч гэх юм уу. Миний төлөө хийсэн бүх зүйлийг нь бодон, “Би маш олон алдаа, дутагдалтай байхад яаж намайг тийм их хайраар хайрлаад байдаг юм бол доо” гээд тэр хүний намайг гэх хайрыг нь гайхаж бичсэн дуу. Би тэр дуу шигээ л найз охиныхоо тухай боддог. Тэр дууг олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Хол байсан болохоор найз охиндоо л зориулж бүтээсэн. Өсвөр насны хүүхэд байхаасаа л үерхэж, хамтдаа өсөж , том хүн болсон. Биднийг хүмүүс удаан хугацаанд гоё үерхэж байна гэж ярьдаг. Хэчнээн бие биедээ хайртай, үнэ цэнтэй байсан ч удаан хамт байгаад ирэхээр хажуудаа байгаа үнэт эрдэнээ мартах үе бий. Хүн болгонд энэ зүйл тохиолддог гэж боддог. Би заяаны хань гэж байдагт итгэдэггүй. Харин бие биедээ төгс зохицож байж харилцаа удаан хугацаанд үргэлжилдэг гэж итгэдэг. Найз охиныхоо ямар үнэ цэнтэй, миний төлөө юу хийж байсныг түр мартсан үед сонсоход эргээд сануулдаг дуу бол “Azure”.

 

-Бие холдвол сэтгэл холддог гэдэг үг бий. Та хоёр хосын харилцааны нууц жороосоо хуваалцаж болох уу?

      -Бид өөр өөр оронд байгаад таван жил болж байна.   Бид хоёр хоёулаа гадаадад байдаг байхад хамгийн ихдээ гурван сар уулзахгүй байдаг байсан. Харин би Монголд найз охин Солонгос Улсад есөн сарын хугацаанд уулзаагүй байж  байгаад аялан тоглолтоор явахдаа уулзсан. Хол байхын хамгийн хэцүү нь итгэлцэл. Хүний хардалт хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Сэтгэлдээ “Миний хайр намайг  хуурах хүн биш дээ” гэж итгэхэд л хангалттай. Алсын зайнд үерхэж байгаа бол нэг нэгнийхээ өмнө хариуцлагатай байх нь чухал.

-Та цаашдаа ямар талдаа уран бүтээлээ бүтээнэ гэж бодож байгаа вэ. Цацагдаагүй дуунууд нь юуны талаар вэ?

    -Төрөл бүрийн өнгө аястай дуунууд байгаа. Тухайлбал, хайрын, сексийн, зугаа цэнгэлийн талаар гэх мэтчилэн дуунууд бий. Би гурван жилийн хугацаанд өөрийгөө хэн бэ, ямар хүн бэ гэдгээ дуугаараа дамжуулж харуулж чадсан гэж бодож байна. Эхлээд өөрийгөө хувь хүн талаас харуулах зөв юм байна гэж санагдсан. Харин одоо нийгэмд уриалсан санаатай, олон нийтэд хандсан уран бүтээл хийхийг зорьж байгаа. Олон нийтэд хандсан уран бүтээл хийдэг хүмүүсийг мөнгөний төлөө хийж байна гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл бид хахаж цадсан мөнгөтэй болохоор дуу хийж байгаа хүмүүс биш. Бусдын л адил хөдөлмөрийн үр шимээ хүртэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө олох шаардлагатай тулгардаг. Бага багаар нийгэмд хэрэгтэй санаа түгээсэн дуу бүтээнэ гэж бодож байгаа. Мөн найз охинтойгоо хамт дуу бүтээнэ гэж бодож байгаа. Түүнчлэн, дууны инженер талдаа ажиллах сонирхол бас бий.

-Дуугаараа дамжуулан ямар санааг илэрхийлэхийг зорьж байгаа вэ?

     -Би Монголчууд маань соёлтой байгаасай гэж боддог. Нийгмийн талаас илүү хувь нь сөрөг сэтгэгдэлтэй хүмүүс байгаа нь харамсалтай. Тийм болохоор өөрийн дуугаар дамжуулан жаахан ч эерэг энерги түгээж, нэгнийхээ хийсэн зүйлийг үнэлдэггүй юмаа гэхэд муухай үгээр харааж шүүмжилдэггүй байгаасай гэсэн санааг илэрхийлэхийг зорьж байна.

-Хип хоп дуучин  байхын сайхан тал нь юу байдаг вэ?

    -Хүмүүс намайг анх таньж эхлэхэд гоё байсан. Би удаан хугацаанд дуугаа бүтээж байж, олонд танигдсан. Би өөрийн хийж бүтээсэн хөдөлмөрөөрөө бахархдаг. Гэхдээ сэтгэл ханаагүй. Цаашдаа өшөө илүү хүмүүс миний дууг сонсдог, хүндэлдэг байгаасай гэж хүсэж байна. Мөн миний шүтэж, дууг нь сонсож өссөн хүмүүс намайг бага ч гэсэн таньж байгаа нь сайхан.

-Ярианыхаа төгсгөлд сонсогчдодоо хэлэх үг бий юу?

      -Удаан хугацаанд хүлээлгэж байгаад уучлаарай. Удахгүй шинэ уран бүтээлүүдээр уулзацгаая. Миний дууг сонсож, намайг үргэлж дэмждэг сонсогчдодоо баярлалаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

      -Баярлалаа.


GEMLEST: Дуугаараа нийгэмд эерэг энерги түгээхийг хичээдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188