• Өнөөдөр 2024-04-20

Б.ОДМАНДАХ: “Хохирогч" киноны хэсэгт "Хонин цагаан үүл" дууг өөрийн өнгө аясаар дуулсан

2022-09-12,   2987

   Хөгжмийн зохиолч Б.Бадарууган агсны “Хонин цагаан үүл” дууг залуус хоёр, гурван хувилбараар шинэчлэн дуулсныг уншигч та сонссон байх. Эдгээрээс хамгийн содон буюу эмэгтэй хувилбараар дуулсан нь залуу дуучин Б.Одмандах. Түүнтэй тус дууны шинэ хувилбар болон уран бүтээлийнх нь талаар ийн ярилцлаа.

    -Сайн байна уу. Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.  “Хонин цагаан үүл” дууг өөрийн өнгө аясаар шинэчлэн дуулсан байна. Энэ уран бүтээлээр нь дахин уулзаж байгаад баяртай байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас нь яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

          -Сайн, сайн байна уу. Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. “Хонин цагаан үүл” дууг өөрийн өнгө аясаар шинэчлэн дуулсан байгаа. Сүүлд “The voice” шоуны оролцогч Э.Алтаннамар ахтайгаа хамтран хуримын болон хайрын тухай дуу гаргахаар ажиллаж байна. Удахгүй үзэгч, сонсогчдодоо хүргэнэ ээ.

    -Б.Бадар-Ууган агсны “Хонин цагаан үүл” дууг эмэгтэй хүний хоолойгоор сонсох өөр мэдрэмж байлаа. Таны хувьд энэ дууг хэрхэн дуулах болсон бэ. Хэн санал тавив?

         -Энэхүү уран бүтээлийг дуулах саналыг “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки ах тавьсан. Учир нь, “Хонин цагаан үүл” дуу “Хохирогч” киноны аравдугаар ангийн хэсгийн утга агуулгад тохирч байсан. Тэгээд л тухайн хэсгийн ард, киноны хэсэг болгон дуулсан нь хүмүүст их хүрсэн. Тэр хэсгийг үзсэн хүмүүсээс “Бүтэн хувилбарыг нь сонсмоор байна. Дүрсжүүлээч” гэсэн хүсэлт, сэтгэгдэл их ирсэн. Удахгүй дүрсжлүүлэн хүргэх болно. Мөн  “Яг түүн шиг” шоуны Ч.Мишээлтэй андуурсан сэтгэгдэл ч байсан.

    -Б.Наранзун хөгжмийн зохиолчтой уулзаж, дуулах зөвшөөрөл авсан болов уу?

     -Б.Наранзун ахтай уулзаагүй. Жүжигчин Б.Амарсайхан ах уулзаж, холбогдон, зөвшөөрөл авсан байх гэж бодож байна.

    -Таны хоолой хүчтэй сонсогддог. Харин “Хонин цагаан үүл” дуунд их сайхан зөөлөн өнгө аяс сонсогдож байсан. Энэ дуу ардын дууны өнгө аястай мөртлөө эстрадын дуу шиг санагддаг. Таны хувьд ямар санагдсан бол?

       -“Хонин цагаан үүл” дуу нь тухайн  цаг үед баймааргүй, ирээдүйг зөгнөсөн өнгө аястай уран бүтээл юм шиг санагддаг. Дууных нь утга агуулга нь хайртай хүнтэйгээ хамт байж чадахгүй тухай өгүүлдэг. Аялгуу нь харин тухайн цаг үеэсээ түрүүлж алхсан гэмээр санагддаг.

  -Дуучин хүн тухайн дууг дуулахдаа ямар нэгэн зүйлийг мэдэрч, тэр мэдрэмжээрээ дуулдаг болов уу. Таны хувьд ард түмний хайртай энэ дууг дуулахдаа ямар мэдрэмж төрж байсан бэ?

     -Миний дуулсан хувилбарт арын суурь хөгжим нь нэг тийм хүнд мэдрэмжтэйгээр хийсэн байгаа. Сонссон хэн ч гуниглахаар, хоолойд нь ямар нэгэн зүйл торох өнгө аястайгаар хоолойныхоо темперийг тааруулж ажилласан. Дууны мэдрэмжийн хувьд тухайн үеийн үйл явдал нь ойр байсан учир дуугаа өөрийн болгож, мэдэрч дуулсан гэж бодож байна. Дууны хувьд үнэхээр л “Ханилахын заяа дутлаа” гэсэн шиг нэг тийм мэдрэмжийг авсан болохоор гаргаж дуулахад дөхөм байсан.

  -Дуулахын хажуугаар хөгжим тоглодог шүү дээ. Дуу, хөгжим хоёроо хослуулж байна уу. Аль нэгт нь анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юу?

     -Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд флейт хөгжимчин мэргэжлээр төгссөн. 2019-2022 он хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Сүлд чуулгад хөгжимчин, давхар дуучин мэргэжлээр ажиллаж байгаад, одоо хувь уран бүтээлч болсон байгаа. Цаашид дуугаа барьж уран бүтээлээ хийнэ.

-Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн юм билээ. Мэргэжлээрээ дуулах бодол байдаг уу?

       -Монгол Улсын Консерваторыг 2019 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийн удирдлагад төгссөн. Мэдээж мэргэжлээр нь төгссөн болохоор дуулах хүсэл бий. Гэхдээ багаасаа поп, эстрад чиглэлээр дуулах хүсэлтэй байсан болохоор энэ дагуу түлхүү ажиллана гэж бодож байгаа.

-Б.Одмандах дуучин өвөрмөц хоолойтойгоос гадна имиж стиллээрээ содон харагддаг. Энэ тухай яривал?

      -Би дуртай хувцсаа өмсдөг. Хар өнгийн савхин хувцсанд дуртай. Айхтар стилл имиж бүрдүүлсэн зүйл байхгүй ээ. Гэхдээ ирээдүйн уран бүтээлүүдийнхээ хувцас стилл имижинд түлхүү анхаарч ажиллана.

-Хэнээс үлгэр дуурайлал авч, ямар дуучныг сонсох дуртай вэ. Мөн таныг урлагт хөтөлж, үлгэрлэдэг хүн бий юу?

       -Багаасаа л дэлхийн рок попын том оддыг сонсож өссөн. Сүүлийн үед гэвэл карор их сонсож байгаа. Дээрээс нь Dua lipa гээд дуучны бүх дууг нь сонсдог. Ер нь цаашид хичээгээд Монгол Dua lipa болохыг хүсдэг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Урлагийн хүний хувьд завгүй хувиартай байдаг байх?

      -Өмнө нь Цагдаагийн Сүлд чуулгад ажилладаг байхад мэдээж өглөө эрт босно. Ажлаас гэр маань жаахан зайтай болохоор эрт босож, ажилдаа очно. Тэгээд хувиарын дагуу бүх ажлаа хийнэ. Ажлын цаг дуусахаар оройн цагаар ганц нэг лоунж, газруудад гэрээтэйгээр дуулаад л гэртээ харьна. Ер нь найз нөхөдтэйгээ ч уулзах завгүй ажилладаг.

 

-Залуу уран бүтээлчийн хувьд  ямар зарчмыг баримталдаг вэ?

   -Зарчим гэхээс илүү дуучин хүн их боловсон байх хэрэгтэй гэж боддог. Мөн дуугаа зөв сонгож дуулах ёстой юм болов уу. Дуулж байгаа дуунаасаа амьдрал нь шалтгаалдаг гэдэгт итгэдэг. Энэ ч утгаар гэгээлэг дуу дуулахыг эрмэлздэг.

-Та "The voice" шоунд оролцохдоо бие давхар байсан шүү дээ. Одоо хүү нь том болсон байх?

      -Хүү маань 2018 онд "The voice" шоуны үеэр мэндэлсэн. "The voiсе" шоуны тайзан дээр "Ээжийн бүүвэйтэй хорвоо" гэх дууг ээжтэйгээ хамт хэвлийдээ дуулж байлаа. Одоо дөрвөн настай том эр болсон. Саяхан "Damla" чихэрний рекламанд анх удаа тоглосон юм. Тэгсэн найруулагчийн хэлсэн үгэнд маш сайн орж, "Чадах болов уу даа" гэсэн бодлыг минь нам дартал мундаг жүжиглэж байсан. Хүүгийн сайн ээж, ээжийн сайн охин болж амьдрах гэж хичээж явна.

-Хүү нь одоо ээжийгээ дуулж байгааг хараад юу гэж байна?

    -Надаас илүү мундаг дуучин болох гэж байгаа юм байлгүй. Гэрт дуулахаар "Чимээгүй бай" л гэдэг дээ /инээв/. Өчигдөр Соёлын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд дагуулаад очсон юм. Тэр үед анх удаа тайзан дээр дуулахыг минь харсан. Тэгсэн "Ээж ёстой супер байлаа" гэсэн. Хүүгийнхээ ингэж хэлэхийг анх удаа сонссон болохоор их баяртай байгаа.

-Уран бүтээлчдийн завгүй сарууд эхэлж байна. Таны хувьд юу төлөвлөж, бодсон байгаа вэ?

     -Одоогоор эхлээд Э.Алтаннамар ахтай дуулсан дуугаа үзэгч түмэндээ хүргээд, өөрийн соло дуугаа гаргана гэсэн бодолтой байна. Тэгээд уран бүтээлдээ шаргуу орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн энэ онд багтааж, өөрийн ерөнхий стилл имиж, дуулах байдлаа шинээр олж нээх, гаднах төрхөндөө анхаарах зэрэг зүйлийг төлөвлөсөн байна.

  -Ярилцсанд баярлалаа

             -Баярлалаа


Б.ОДМАНДАХ: “Хохирогч" киноны хэсэгт "Хонин цагаан үүл" дууг өөрийн өнгө аясаар дуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-12 18:45:08
    Ганмягмар : Сайхан ярилцлага болжээ. Мундаг, амжилт хүсье ээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188