• Өнөөдөр 2024-04-20

SAN JUNIPER: БЭЛТГЭЛИЙН ХҮЙТЭН ӨРӨӨНӨӨС ХАМТЛАГИЙН ЭХЛЭЛ ТАВИГДСАН

2022-09-05,   1490

      Амьд хөгжмийн хамтлагууд дундаас хийл хөгжмийн гоцлолоороо онцгойрдог  залуусын San Juniper хамтлагийн хийлч Б.Баярцэнгэл, төгөлдөр хуурч Д.Лувсандондив нартай хамтлаг, уран бүтээлийн талаар ярилцлаа. Нийгэмд сайн  сайхан бүхнийг түгээхийг хүсдэг тус хамтлагийн үүсэл найзуудын гэгээхэн мөрөөдөл, нөхөрлөлөөс эхэлжээ.

-Урилга хүлээж авсан та хоёрт баярлалаа. Сэтгэлд тод үлдсэн дурсамжтай тайз бий юү. Гарахын хүсдэг тайз байгаа юу?

    -Д.Лувсандондив: Гаднын томхон фестивалиудын тайзан дээр гарч дуулах үеийн мэдрэмжийг мэдэрмээр байна.

    -Б.Баярцэнгэл: Red line хамтлагт байхдаа гэрэлт гудамжны нээлтэд очиж дуулсан юм. Барагцаагаар 10 мянган хүний өмнө тайзан дээр хөгжим тоглож, дуулах сонирхолтой, гайхамшигтай, догдлом байсан. San Juniper хамтлагийн хувьд өөрийнхөөрөө дууны дүрс бичлэгийг хийхийн тулд гэр хороололд зассан тайз хамгийн мартагдашгүй. Бид дүрс бичлэгээрээ онцгой байхыг хүссэн учраас ярилцаад гэр хороололд тайз зассан. Бичлэг хийгдэж эхлэхэд ойр орчмын хүүхдүүд, томчууд гарч ирээд бидний дууг сонсож, бүжиглэж байгааг харах үнэхээр сайхан байсан.

Хийлч Б.Баярцэнгэл

-Хамтлагийн онцлог нь соло хийл шүү дээ. Хийлийг бусад хөгжимтэй нийцүүлэх амаргүй байсан уу?

    -Б.Баярцэнгэл: Миний хувьд багаасаа хийл тоглодог байсан. Өөрөө сонирхлоороо өөр дуун дээр нэмж, зохиомжлон хийлээр тоглодог байлаа. Гэрэлт гудамжны нээлтэд анх удаа амьд хөгжимтэй тоглож үзэхдээ сайхан мэдрэмж авсан. Хийл хөгжмөөр гоцлол хийдэг болъё гэж бодоогүй, явцын дунд ууссан гэхүүдээ. Ер нь хийл соло хөгжим учраас хамтлагийнхаа дуутай нийцүүлэхийн тулд олон  оролдлого, бэлтгэл хийдэг.

    - Д.Лувсандондив: Бусад амьд хөгжмийн хамтлаг ихэвчлэн гитараар дуугаа эхлүүлдэг бол бид хийл хөгжмөөр эхлүүлдэг. Энэ нь дуу эхэлсэн мөчөөс манай хамтлагийг таних боломж олгодог ялгарал.

-Амьд хөгжмийн хамтлаг учраас хөгжмийн хэрэгслийн чанар их нөлөөтэй байдаг байхдаа?

    -Б.Баярцэнгэл: Үеийн үед л байдаг л асуудал юм билээ. Дуугаа сонсогчдодоо чанартай хөгжмөөр, цэвэр дуугаралттай хүргэхийг хичээдэг. Хүмүүс тухайн тоглож байгаа газрын хөгжим, чанга яригчийн чанараас шалтгаалж бидний дуу өөрчлөгддөгийг төдийлөн сайн мэддэггүй. Бид муу хөгжмөө муу тоглож байгаа юм шиг харагддаг.

    -Д.Лувсандондив: Гэхдээ ямар ч муу газар очиж тоглосон ганцаараа биш учраас ханьтай байдаг.

Төгөлдөр хуурч Д.Лувсандондив

-Амьд хөгжмийн хамтлаг учраас бүрэлдэхүүнээрээ л хөгжим тоглохгүй бол дутуу сонсогддог байхдаа. Гишүүн дутуу байгаа үед ямар арга хэмжээ авдаг вэ?

    -Б.Баярцэнгэл: Хамтлаг гэдэг нэг хүний урлаг биш, хамтдаа тоглож байж дуу сайхан сонсогдоно. Гэхдээ хүн учраас асуудал гарах үе бий, тэр үед нь байхгүй гишүүнээ нөхөж, дутуу сонсогдуулахгүй байхыг хичээдэг.

-Нэг дуу гаргахын тулд хэдий хэр хугацаанд бэлддэг вэ?

    -Д.Лувсандондив: Харилцан адилгүй цаг хугацаа шаарддаг юм билээ. Богино хугацаанд бүх зүйл нь тохироод сонсогчдод хүрэх дуу байхад хэдэн сар, жилээр нь хойшлогддог дуу ч байгаа. “Satellite” дуу гэхэд зохиогдоод дөрвөн жил болсон. Гэтэл “U&me” 3-4 хоногт бүрэн дуусчихсан.

    -Б.Баярцэнгэл: Дуу цаанаасаа төрөх хугацаатай юм билээ. Яаж ч бүтээх гээд болохгүй дуу ч байдаг. Тэгэхээр сайн дуу гаргахын тулд тухайн дуу дуунд хугацаа өгөх хэрэгтэй. Өөрийнхөөрөө дуу олон хувилбартай байсан. Нэг удаа бэлэн болоод нийтэд хүргэх гэж багаа цуцалсан. Тэгээд дахин одоогийн хувилбараар нь бичүүлж байлаа.

-Дуугаа зохиохдоо ямар зохион байгуулалттай ажилладаг вэ?

    -Б.Баярцэнгэл: Ерөнхий санаа гаргасан хүн илүү удирддаг. Гэхдээ хамтлаг учраас хүн бүрийн бодлыг сонсож, оруулахыг хичээдэг.  

-Хийл хөгжмөөс гадна онцгойрдог зүйл байгаа юу?

    -Д.Лувсандондив: Их гэгээлэг хамтлаг байхыг зорьдог. Дуугаараа дамжуулж сайн сайхныг түгээхийг хүсдэг.

    -Б.Баярцэнгэл: Нийгэм угаасаа уур, бухимдал ихтэй байна шүү дээ. Тийм байхад нь нэмж хүнд дуу дуулах хэрэггүй.

-Урам зориг өгдөг эерэг хандлага, сэтгэгдлүүдээс хуваалцвал ?

    -Д.Лувсандондив: Сэтгэлд үлдсэн олон сайхан урмын үгийг сонсож байсан. Бүгд хамтлагийг маань дэмжиж байгаа учраас сайхан.

    -Б.Баярцэнгэл: Манай хамтлаг урлагийнхан дундаа залуу үеийнхэнд ордог.Нэг удаа Харанга хамтлагийнхантай нэг өрөөнд сууж байсан юм. Тэгсэн намайг хараад “Чи San juniper хамтлагийн хийлч байна шүү. Энэ хамтлагийн дуунууд сайн шүү” гэж хамтлагийнхдаа санал болгож байсан. Хүндэлж явдаг хүнийхээ амнаас хамтлагийнхаа нэрийн сонсож, магтуулна гэдэг маш том урам юм билээ.

-San juniper хамтлаг тогтвортой үйл ажиллагаа явуулахад тусалдаг үндэс нь юу вэ?

    -Б.Баярцэнгэл: Манай хамтлаг нөхөрлөл дээр үүссэн. Олон жил найзалсан учраас нэгнийхээ занг мэддэг болчихсон. Тайзан дээр гарахад San juniper бол нэг хүн л гэсэн үг. Гэтэл нэг гишүүн нь байхгүй бол гаргүй, хөлгүйтэй л ижилхэн. Мөн хамтлагийнхаа зорилгыг нэг болгож тодорхойлж, нэг л зүг рүү алхдаг байх хэрэгтэй юм билээ.

    -Д.Лувсандондив: Миний хувьд хамтлаг их тэнцвэртэй юм шиг санагддаг. Идэрээ бид хоёр дотогшоо ааштай бол, Баагий, Тэгшээ хоёрын хувьд хэлэх гэсэн үгээ хэлчихдэг учраас нэгнийгээ нөхөж, ойлголцоход их хурдан байдаг.

-Хамтлаг тарах талаар ярих хүртэл томоохон саад, бэрхшээлтэй учирч байсан уу?    

    -Б.Баярцэнгэл: Саяхан маш жижигхэн үл ойлголцлын шийдэхгүйгээр удаан явчихсан. Тэр үл ойлголцол дээр өөр үл ойлголцол нэмэгдээд л байсан. Бидэнд тохиолдсон тэр асуудлыг ярилцаж шийдээд, дахин ямар нэгэн үл ойлголцол гарвал ярилцаж байхаар шийдсэн.

-Анх эхэлж байх үед нь саад бэрхшээл тулгарч байв уу?

    -Д.Лувсандондив: Хамтлаг бүрд хамгийн эхэнд тулгардаг асуудал нь бэлтгэл хийх заал, хөгжим байдаг. Бид бүгдийг нь тэгээс эхэлсэн, тэр нь одоо бодоход сайхан дурсамж болсон байдаг. Өөрийнхөөрөө дууг гаргахад хамтлагийн дундын хадгаламжаас гаргаж байлаа.

    -Б.Баярцэнгэл: Өвөл, цэв хүйтэн байранд бэлтгэл хийхээр ирсэн залуус хамтлагийн суурийг тавьж байлаа. Бид ямар нэгэн энтертайнментад  харьяалагддаггүй, бие даасан хамтлаг. Тиймээс хамтлаг тусдаа өөрсдийн хөрөнгөтэй байх их чухал юм билээ. Бид амжилт олох эсэхийг нь мэдэхгүй зүйлийн төлөө их зоригтой хөдөлсөн. Мөн хамтлаг хоорондын ойлголцол их чухал юм билээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.




 


SAN JUNIPER: БЭЛТГЭЛИЙН ХҮЙТЭН ӨРӨӨНӨӨС ХАМТЛАГИЙН ЭХЛЭЛ ТАВИГДСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-05 11:38:10
    БҮҮЖЭЭ: Залуус нэг хэсэг нь шуурга уруудаж байхад нөгөө хэсэг нь сөрж сайн сайханд тэмүүлж хийж бүтээх хүсэл зорилготой ажиллаж байгаад нь талархаж байнаа..Том амжилтанд хүрэх замаа зөв сонгожээ баяр хүргье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188