• Өнөөдөр 2024-05-09

Д.МӨНХ-ОРГИЛ: Үндэсний бахархал морин хуураа тоосонд даруулсан дурсгалын үзмэр болгох ёсгүй

2022-08-26,   1134

Дэлхийн олон оронд үндэсний хөгжим, урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа цөөн шилдэг хамтлагийн нэг бол “Жонон” билээ. Тэгвэл тус хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой шинэ уран бүтээл болон орчин үеийн монгол урлагийн талаар ярилцлаа.

-“Жонон” хамтлаг сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

                      -Өнгөрсөн арванхоёрдугаар сард Зайсан хиллийн “Z.Terra”-д “Chill Out” цомгийн нээлтээ хийсэн. “Man On the Moon” нэртэй уран бүтээлч найзтайгаа хамт “Gate” цомог гаргасан. Үндэсний хөгжмийг chill out урсгал руу оруулсан цомог байгаа юм.

-Танай хамтлаг яг ямар урсгал чиглэлээр уран бүтээлээ хийдэг вэ. Үндэсний уламжлалт этник урсгал мөн үү?

                      -Яг тийм гэж хэлэх нэг зүйлд баригдсан тодотгол байхгүй. Нэг чиглэл, урсгалд баригдахгүйгээр, аль болох чөлөөтэй уран бүтээл хийхийг эрмэлздэг. Үндэсний хөгжмийг олон талаас нь орчин үеийн залуусын сонирхолд нийцүүлэн хүргэхийг зорьдог. Бид реппер “Big “Gee”-тэй хамтарч хип хоптой үндэсний хөгжмийг хослуулан уран бүтээл хийж цомог гаргасан. Саяхан  “Man On The Moon” хөгжмийн продюсертэй хамтарч chill out төрлөөр уран бүтээл хийлээ. Одоо харин симфони, үндэсний хөгжмийн хоршил нийлэмжтэй орчин үеийн хэлбэртэй “Симфони жонон” гэсэн цомог хийх  санаа байна.

-Танайх ардын хөгжмийн хамтлагуудын анхдагчийн нэг нь мөн үү?

                      -Үндэсний хөгжмийн анхдагч хамтлаг гэвэл  1950 1960-аад оны үед Бөмбөгөр ногоон театрын  Ардын жүжигчин  Л.Цогзолмаа гуайн  тэргүүтэй хэсэг хөгжимчид  “Дагшаа найрал” хөгжмийн хамтлагтай байсан. Тэд ардын цөөхүүл хөгжмөөр баруунын орчин үеийн хөгжмийн урсгал чиглэлд оруулсан жазз хувилбараар тоглодог байсан юм билээ. Бүр нарийн яривал Юань гүрний үед Хубилай хаан ордны үндэсний найрал хөгжмийн оркестр хөгжимчид, үндэсний цөөхүүл хөгжмөөр хоршин бүтээл хийж, тоглож байсан мэдээ, баримтыг хэлж болно.

                      Түүнээс хойш гэвэл “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” хамтлагууд байна. Тэр үеийн хүмүүс “Цаг агаарын ая” гээд байдаг.  Ятга хөгжмийн дөрвөлийн тоглодог “Цэнхэр залаа” ая бий. Тэр яах аргагүй орчин үеийн хөгжим, үндэсний хөгжмийн хоршил байв. 1990-ээд онд гэвэл “Хар чоно” хамтлаг байна. Морин хуур, хөөмий, рок хөгжмийн хувилбарыг хийж Японд болсон олон улсын уралдааны гран при шагналыг хүртсэн байдаг. Түүнээс хойш үндэсний хөгжмийн хамтлагуудын сэргэн мандалтын гэж хэлж болох үеийн гол төлөөлөл яах аргагүй “Алтан ураг” хамтлаг мөн. Тэд үндэсний хөгжмөөр фолк рок чиглэлийн уран бүтээл хийж байсан. Тэгээд  “Домог”, “Жонон” хамтлагууд гарч ирсэн. Тийм болохоор бид үндэсний хөгжмөөр  орчин үеийн урсгал, чиглэлээр бүтээл хийдэг анхдагч хамтлаг бол биш.

-“Жонон” хамтлагт үндэсний хэдэн уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглодог вэ?

 

-Манай хамтлагт хоёр морин хуур, ятга, ёочин, лимбэ, басс гитар, төгөлдөр хуур буюу даралтад хөгжим, бөмбөр зэрэг хөгжмийн зэмсэг байна.

 

-“Алтан ураг” хамтлаг үндэсний хөгжмөөр орчин үеийн цахилгаан хөгжим шиг тоноглодог. Танай  хамтлагийн хөгжмийн дуугаралт үүнтэй  ижил, төстэй юү?

                      -Бид үндэсний хөгжимд нэмэлт өсгөгч тоноглол хийдэггүй. Уламжлалт хэлбэр, хийц, дуугаралтыг нь өөрчилдөггүй.  Үндэсний хөгжим ямар байх ёстой вэ. Яг тэр хөгжмийн мастеруудын урласан уламжлалт хэлбэрээр нь байгаа.

-Сүүлийн хоёр жил ковидын хөл хорионоос болоод хил гааль хаагдлаа. Гадаадын хөгжмийн наадмуудын урилга ирж байна уу?

-Ковидоос болоод олон гадаадын тоглолтууд цуцлагдсан. Ирэх аравдугаар сард гадаадын эхний тоглолтоо Өмнөд Солонгосоос эхэлнэ. Харин гадны хөгжмийн наадмуудад тэр болгон оролцоод байдаггүй. Оролцохыг ч зорилго болгодоггүй. Урилга ирвэл хүлээж авалгүй яахав. Бид эх орноо, ардын хөгжмөө сурталчлахыг илүүд үздэг. Бид гол төлөв гадны зочид, төлөөлөгчдөд зориулсан тоглолтод түлхүү оролцдог.

-Хөгжмийн бүтээлүүдээ та нар өөрсдөө зохиож найруулан тоглодог уу. Хөгжмийн зохиолчдын бэлэн бүтээлийг авдаг уу?

                      -Өөрсдөө ч зохиож найруулна, бэлэн бүтээлийг ч авч тоглоно. “Сэрсэн тал”, “Жалам хар”, “Тан руу нүүж явна”, гэх мэт зохиолыг аль болохоор хүмүүст хүргэх зорилгоор шинэ гарч буй цомогтоо заавал аль нэгийг нь оруулахыг зорьдог.  Хамтлагийн зохиолуудыг гол төлөв манай лимбэчин, хөгжмийн зохиолч, нэлээн хэдэн киноны хөгжмийг хийсэн Цогбаяр маань бичиж, найруулга хийдэг.

-Киноны хөгжим гэснээс та нэлээн хэдэн кинонд  дүр бүтээж, тоглоод амжсан байдаг шүү дээ?

                      -Кинонд дүр бүтээж, тоглосон гэдэг надад арай хатуудах, ахадсан зүйл болох байх. Жаахан ичмээр санагдаад байдаг юм. Кинонд оролцсон гэвэл илүү таарах болов уу. “Ах дүүс” гэдэг киноны зураг авалтад оролцсон. Түүний дараа “Soulmate” өсвөр насныханд зориулсан кинонд гүйцэтгэх продюсер, зургийн даргын ажлыг  гүйцэтгэж оролцлоо. Кино урлаг гэдэг их гоё ертөнц юм билээ.  Киноны ертөнцийн сайн сайхан, хүнд хэцүү, бэрхшээл саадыг бага боловч  мэдэрч үзэх хобби хөтлөөд байдаг юм. Холевудын “Марко Поло” киноны хоёр дахь сизэний зураг авалт нь Унгар Улсад явагдсан. Тэр зураг авалтад Хувилай хааны ордны хөгжимчин болж бөмбөр цохиж зураг авахуулсан.  Манай “Жонон” хамтлаг, “Х ТҮЦ” хамтлагийн “Солиот эх” кино болон “Явуулын хүн”, “Буруу өрөг”  зэрэг нэлээд хэдэн киноны хөгжмийг зохиол бүтээлд  оролцсон.

-Та болон танай “Жонон” хамтлагийн уран бүтээлчид хаана хөгжмийн боловсрол эзэмшсэн хүмүүс вэ?

 

-Манай хамтлагийн ихэнх нь хуучин Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид суралцаж байгаад Соёлын коллеж шинээр байгуулагдахад шилжиж очин дуу хөгжмийн багш гэсэн мэргэжлээр суралцаж төгссөн хүмүүс.

 

-Найрал хөгжмийн цохилох зүрх нь бөмбөр гэдэг. Бөмбөр илүү сонсгол, ур чадвар, мэдрэмж шаардсан хөгжим. Та яагаад энэ хөгжмийг сонгох болов?

                      -Манай аав “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн ахлагч, төгөлдөр хуур тоглодог хүн. Миний дээд талын ах “Жери” хэмээх Мөнхбат бөмбөр тоглодог байсан юм. Манай гэр бүл дотор хөгжимчид байсан нь надад сэдэл болж хөгжим рүү татагдах үндэс болсон байх.

-“Жонон” хамтлаг хэзээ байгуулагдав?

                      -Соёлын коллежид сурч байсан нэг ангийн найз нар хамтарч тайлан тоглолт хийсэн үеэс эхлэлтэй. Тайлан тавьсны дараа тэр бүрэлдэхүүнээрээ албан газруудын баяр ёслолын үйл ажиллагаанд халтуур хийх маягаар хэд хэдэн удаа тоглолт хийх боломж гарсан. Түүний дараагаас ер нь хамтлаг болоод цаашдаа явбал ямар вэ гэж ярилцаад шийдвэр гаргасан. Тухайн үед 23-24 настай дэврүүн гэгээлэг мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуусын сонголт байлаа. Гэхдээ тэр үед бид үндэсний хөгжмийн “Алтан ураг” хамтлагийг сайн мэддэггүй л байж. Биднийг хамтлаг байгууллаа гээд хөөрч явах үед “Алтан ураг” хамтлаг “Унага төрөв” гэдэг цомгийнхоо нээлтийг хийж байсан байдаг.  2006 онд “Жонон” хамтлагийг байгуулсан гэхээр одоо 16 жил өнгөрсөн байна.  Ардын хөгжимдөө дуртай, сонирхолтой болохоор өдий хүртэл уран бүтээл хийж явна. Энэ хугацаанд бид уран бүтээлээ тасралтгүй, таслалгүй, завсарлага авалгүйгээр явжээ. Манай хамтлаг 4-5 цомогтой. Хоёроос гурван бүрэн хэмжээний тоглолт хийсэн. Гадаадын 20 гаруй улсад тоглосон, чамлалтгүй түүхийг бүтээж чаджээ.

-Танай хамтлагийн анхны бүрэлдэхүүн өөрчлөгдсөн үү?

                      -Анхны бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Ер нь Монголын бүхэл салбарт тулгардаг бэрхшээл мэргэжлийн боловсон хүчин. Мэргэжлийн уран бүтээлчдийг байнга тогтоож барина гэдэг хэцүү.  Цалин мөнгө, ахуй хангамж, гэр бүр төлөвлөлт гээд саад бэрхшээл, тулгамдсан асуудал их. Эмэгтэй хөгжимчид хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Хүүхдийг хүн болгон төлөвшүүлж, хүмүүжүүлэх хүнд ажлыг нуруундаа үүрч яваа хүмүүс.  Ар гэрийн амьдрал ахуйгаа гээд уран бүтээлээсээ хөндийрөх нь их байдаг. Мөн залуу хүүхдүүд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх гээд уран бүтээлээсээ хөндийрэх нь бий. Хамтлагийн орлого тогтвортой биш, хэлбэлзэлттэй байдаг нь нөлөөлж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн ковидын үед урлагийнхан тэг зогсолт хийлээ. Ийм эрсдэлтэй амьдралыг сонгохгүйн тулд тогтвортой орлоготой амьдралыг сонгож байгаа уран бүтээлчдийг буруутгах арга байхгүй. “Жонон” хамтлагаас гарч, орсон гишүүдийн шалтгаан өөр өөр. Хамтлагийн гишүүд солигдсон ч уран бүтээлийн агуулга солигдоогүй үргэлжилж байгаа.

-Монголын ихэнх хамтлаг, дуучид гадаад нэртэй болчихсон. Харин үндэсний урлагийн хамтлагууд монгол нэртэй байдаг нь их сайхан сонсогддог. “Жонон” гэдэг нэрийг яагаад сонгов?

-Манай хамтлагийн морин хуурч Д. Мөнхсайхан “Жонон” гэдэг нэрийг өгсөн юм.  Бид хамтлагийн нэрийг нэлээдгүй хайсан. “Инвэшн” гэдэг нэрийг өгч үзсэн.  Үндэсний урлагийн хамтлагт гадаад нэр нэг их зохимжгүй санагдаад өөрчилсөн. “Жонон” гэдэг нэр утга учрын хувьд хоёр, гурван салаа утгатай. Бид болохоор морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж өгсөн юм. Нөгөө салаа утга нь эзэн хааны угсаа залгамжлах  ханхүү  жонон, хаан болох уламжлалтай. Аль ч талаар нь бодсон жонон гэдэг их утга бэлгэдэлтэй нэр.

-Та сүүлийн үед продюсерын  ажил хийж байна уу?

                      -Надад зөвхөн ардын хөгжмийн чиглэл, урсгал гэж явцуурхах бодол байдаггүй. Бусад чиглэлийн уран бүтээлчдийг ч гэсэн дэмжиж, хөгжүүлэх юмсан гэсэн мөрөөдөл далдхан сэтгэлд байдаг юм. Өнгөрсөн жилээс эхлэн бусад төрлийн тоглолтуудын найруулагч, продюсерийг хийж байгаа. Хоёр найзтайгаа нийлээд “333 энтертаймент” байгуулаад явж байна. Бид өнгөрсөн зургадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа” тоглолтод ажилласан. “Vandebo”, “Gangbay”, “Ginjin”, “Ms.M”, “Fla” зэрэг  залуу уран бүтээлчийн шоу тоглолтыг  хамтран амжилттай зохион байгуулсан. Энэ сарын 26 ны өдөр “Triple X” гээд  тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Үүний дараа “Татар”, “Лумино” тоглолтыг хамтран зохион байгуулна.

-Танай “Жонон” хамтлаг реп, хип хоп, рок хамтлагуудтай хамтарч уран бүтээл хийсэн байв уу?

                      -“NMN”-тэй хамтарч цахилбаа гэдэг дуу гаргасан. Монгол реппер “Big Gee” найзтайгаа хамтарч цомог гаргасан байгаа. Монголын үндэсний хөгжмийг сонсож, судалдаг хүмүүс “Хүннү” рок хамтлагаар дамжиж дэлхий даяар сонирхогч, сонсогчид их боллоо. Энэ амжилтыг  цаашид тогтвортой хадгалж, үндэсний хэв шинжтэй уран бүтээлчдийг гарган ирж, монгол урлагийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Монгол үндэсний бахархал морин хуур хөгжмөө  тоосонд даруулсан дурсгалын үзмэр болгох ёсгүй.  Хааяа боловч эгшиглүүлж, гэрийн жавраа үргээж, хөгжимдөн, дуугаргадаг байгаасай. Морин хуурын хоёр чавхдас морины сүүлний хялгас болохоор амьд эгшиг гаргадаг өвөрмөц аялгуутай байдаг юм шүү дээ. Монгол урлаг мандан бадраг.

 

 


Д.МӨНХ-ОРГИЛ: Үндэсний бахархал морин хуураа тоосонд даруулсан дурсгалын үзмэр болгох ёсгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-29 21:01:59
    Хишигжаргал : Шавиараа бахархаж байна. АМЖИЛТ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188