• Өнөөдөр 2024-04-26

“БУНДЫН ТАМГА" ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Б.ЭРДЭНЭТОГТОХ: Манай хамтлагийнхан уран бүтээлээ хийсээр байх болно

2022-08-26,   887

       “Аниргүй”, “Анхны хайрын түүх”, “Үнсгэлжин” зэрэг радио жүжгээрээ одоогоос 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан “Бундын тамга” хамтлагийн ахлагч Тогтохоо буюу Б.Эрдэнэтогтохтой ярилцлаа. Шүтэн бишрэгч, сонсогчид нь одоог хүртэл тус хамтлагийн шинэ уран бүтээл, өгүүллэгийг сонсохыг тэсэн ядан хүлээж, үгүйлсээр байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.

          “Бундын тамга” хамтлаг тараагүй, одоо ч ойр дотно хэвээрээ байгаа

 

 

-Сайн байна уу. “Бундын тамга” хамтлаг анх хэдэн онд, хэрхэн байгуулагдаж байсан бэ. Та тэр үеийн дурсамжаасаа хуваалцах уу?

          -Манай хамтлаг байгуулагдаад 10 гаруй жил болж байна. 2005 онд ерөнхий санаагаа гаргаж, 2006 онд гишүүдээ сонгож, хамтлагаа бүрдүүлээд, 2007 оноос уран бүтээлээ эхлүүлсэн. Би хамтлагийн ахлагч. Манай хамтлагийн гишүүдийн олонх нь радиод хөтлөгчөөр ажилладаг байсан. Одко, Идэрээ бид гурав ерөнхий суурийг нь тавьж, нэмээд Сумъяа, Ганзо гээд таван залуу нэгдээд хамтлаг болсон. Тэгээд “Дан эрэгтэй гишүүдтэй байж болохгүй юм байна. Эмэгтэй хүний хоолой хэрэгтэй” гээд гурван эмэгтэй гишүүн нэмж, хамтлагтаа оруулсан. Гишүүдээ жүжиглэх тодорхой хэмжээний чадварын шалгуураар сонгож байлаа. Ингээд найман гишүүнтэйгээр хамтлагаа байгуулсан. Хамтлаг гэдэг бол хамтаараа лаг байхын нэр. Дарханд эхний хоёр жүжгээ цацаад л гэрлийн хурдаар хит болсон. Улаанбаатар хотод анх уран бүтээлээ таниулах гэж очиход 12 жүжигтэй, 130 гаруй шүлэгтэй байсан. Бид “101.7” радиогоор анх уран бүтээлээ цацаж, “Их Монгол 99.7” радион студид хамтлагийн маань түүх өрнөж, “Бундын тамга” хамтлагийн нэр орон даяар цуурайтсан даа. 

-Та хамтлагийнхаа нэрний утгыг тайлбарлаж өгч болох уу. Яагаад “Бундын тамга” гэж нэрлэсэн юм бэ?

     -Бунд тэмдэгт зүрхийг илэрхийлдэг. Тэгээд “Бундын тамга” гээд зүрх бүхэнд хүрэх, тамгалах гэсэн утгыг бэлгэдэж нэрээ өгч байсан. Манай хамтлагийн уран бүтээлийн онцлог нь чихээр дамжиж, хүний сэтгэлтэй ажилладаг. Тийм учраас хүмүүс уран бүтээлийг маань чихэвчээр сонсоод, сэтгэлдээ хүргэж, хүлээж авдаг байсан.

-Танай хамтлаг нийт хэдэн уран бүтээлтэй вэ?

   -Манай хамтлаг 56 радио жүжиг, тайзны долоон жүжиг, шүлгийн гурван ном, 300 гаруй шүлэг болон 30 гаруй дуутай. Тухайн үедээ манай хамтлаг арвин түүхтэй, олон ч уран бүтээл туурвисан. Дөнгөж 22, 23 настай залуус залуу насны эрч хүчээр зүтгэж, тодорхой хэмжээнд олны танил болж байсан. Энэ уран бүтээлүүдээрээ тухайн үеийн залуусаа зөв зүйлд уриалж, уйлуулж, дуулуулж, уяруулж явсан түүхтэй. Үүгээрээ урлагийн том орон зайд бага ч гэсэн өөрсдийн орон зайг бий болгосон гэж бодохоор сайхан байдаг.

-Уран бүтээлээ ямар дарааллаар хэрхэн бүтээдэг байсан бэ?

        -Эхлээд радио жүжгийн зохиолыг би бичнэ. Дараа нь зохиолынхоо талаар хоорондоо ярилцаж, дүрээ хуваарилна. Тэгээд дүнрийнхээ дагуу дуу хоолойгоо бичлэг болгоно. Сүүлд нь ая шуум, монтажаа хийдэг байсан. Тэр үед гаргаж байсан радио жүжиг маань цөөн үгээр бол сонсдог кино юм. “Таны төсөөлөлд киног буулгаж байна” гэсэн үг. Мөн манай хамтлагийн радио жүжиг дуутай дуусдаг байсан. Энэ нь хүний сэтгэлд илүү хүрсэн. Тэр үедээ жүжиг болгоныг өөрсдийн дуутай байлгах гэж хичээсэн. Ийм ч учраас манай хамтлаг олон дуутай болсон.  Дууны аяыг нь Одко юм уу, Сумъяа зөвлөлдөж байгаад хийдэг. Манай хамтлагийн уран бүтээлийн ажил болгон нь хоорондоо холбогдож явдаг нь гоё шүү.

-Радио жүжгийн санаагаа хэрхэн олж байсан бэ?

    -Би их сонирхолтой байдлаар санаагаа олж байсан л даа. Нэг өдөр орон дээрээ хэвтэж байх үед телевизээр кино гарч байлаа л даа. Би нүдээ аниад, киног сонсоход төсөөлөлд минь бууж байсан. Тэгээд би "Бид FM сонсож байгаа. Тэгвэл яагаад хүмүүст зориулаад сонсдог кино хийж болохгүй гэж” гээд бодсон. Тухайн үед янз бүрийн зохиомжууд радиогоор явдаг байсан. Мэдээж тодорхой хэмжээнд өрсөлдөгч байлгүй яахав. Манай хамтлаг цогц бүрэлдэхүүн бүрдүүлснээрээ бусдаасаа ялгарсан. Хоолой давтахгүйгээр хүн болгон өөрийн дүр дээр  ажилладаг байсан. Радио жүжиг маань хамгийн ихдээ цагийн хугацаанд сонсогчдод хүрдэг байлаа. Манай хамтлагийнхан богино хугацаанд чамлахааргүй тооны уран бүтээл бүтээсэн

-“Бундын тамга” хамтлагийн олон дуу хит болж байсан. Тэр дундаас “Аниргүй” дуу бүтсэн түүхийг манай уншигчидтай хуваалцаж болох уу?

    -Тэр үед  “3310” гээд утасны мессэж хамгийн ихдээ 60 гаран үг бичээд дуусчихдаг байлаа. Би “Аниргүй” дууны эхний хэсэг буюу

Уйлахад нулимсыг арчих чи дэргэд минь байх уу

Учирсан энэ хайрын эзэн нь чи л байх уу

Хайраа чи наддаа хайртай юу, хамтдаа хоёул амьдрах сан

Нээрээ чи надтай хамт байх уу, насан туршдаа жаргах сан гэж 3310 утасны мессэж хэсэгт бичээд, текст бичих тоо нь дуусаж байсан.  Өөрөөр хэлбэл, цаашаа зохиож болох байсан ч ингээд дуусдаг. Хамтлагийн гишүүн Сумъяа маань ая зохиож өгсөн.

-Танай хамтлаг тараагүй, нэг нэгэнтэйгээ холбоотой байгаа юу. Одоо та болон хамтлагийн гишүүд тань юу хийж байгаа вэ?

   -“Бундын тамга” хамтлаг тараагүй одоо ч ойр дотно хэвээрээ байгаа. Гишүүн болгон маань амьдралынхаа жолоог атгаж яваа. Олонх нь урлагтайгаа ойр ажиллаж байна. Миний хувьд Дархан-Уул аймагт “107.5” радиог ажиллуулж байгаа. Би анхны дэлгэцийн бүтээлийн зохиол буюу аймшгийн киноны зохиол бичиж дуусгалаа. Энэ жилийн сүүлчээр юм уу, ирэх жилийн эхээр кино театруудад тавигдах байх. Дарханд ирсэнээсээ хойш бие дааж, 18 дууны үг, аяыг бичлээ. Сүүлд “Хэнзхэн” гээд киноны дууны шүлгийг бичсэн. Үүнээс гадна бясалгал хийх хоббитой болсон. Хамтлагийн гишүүдийн хувьд гэвэл Ганзо буюу А.Гантулга маань БНСУ-д сурангаа, шоу менежерээр ажиллаж байна. Одко буюу Б.Мөнх-Од “AVA” нэртэй видео продакшнтай болсон. Сумъяагийн хувьд хөгжмийн продюсер болсон. Аагий болон Чимгээ маань хүүхдээ харангаа хувь хувьдаа бизнес эрхэлж байна. Нямка бол кино найруулагчаар сурч, төгсөөд ажиллаж байгаа. Идрээгийн хувьд гэвэл Дархан-Уул аймагт цахилгааны инженер болсон.

-“Бундын тамга” хамтлаг цаашдаа хамт уран бүтээл хийх үү. Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?

   -Бид хамтлагаараа уран сайхны кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн орон даяар манай хамтлагийн нэрэмжит ковер дууны уралдаан зарлахаар зэхэж байна.  Түүнчлэн ярьдаг кино контентоо үргэлжлүүлэн хийхээр ярилцаж байгаа Бид одоо илүү мэргэжлийн түвшинд чанартай контент бүтээхээр зорьж байна. Бас хамтлагийн дуучин Сумьяа цомог гаргахаар ажиллаж байгаа. Миний хувьд зохиосон дуугаараа Дархан-Уул аймагт мини тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Мөн “49” нэртэй сэтгэхүйн аймшгийн кино маань тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.

-Ярианыхаа төгсгөлд та хамтлагийнхаа фенүүдэд хандаж юу хэлэх вэ?

  -Манай хамтлагийнхан уран бүтээлээ хийсээр байх болно. “Бундын тамга” хамтлагийг дэмжиж, хамтдаа байдагт баярлалаа. Тухайн үед бүгд хүүхэд байсан бол одоо цөмөөрөө аав, ээжүүд болсон байх. Гол нь та бүхний, сонсогчдынхоо сэтгэлд бид жижиг ч болтугай орон зай эзэлсээр байгаа гэж би хувьдаа итгэдэг. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

     -Баярлалаа.

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Г.Хэрлэн

 


“БУНДЫН ТАМГА" ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Б.ЭРДЭНЭТОГТОХ: Манай хамтлагийнхан уран бүтээлээ хийсээр байх болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-26 09:42:53
    Иргэн: Боль гээд байгаа юм уу?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188