• Өнөөдөр 2024-05-10

Б.Бат-эрдэнэ: Үл анзаарагдах гоо сайхан үргэлж хажууд ургаж байдаг

2020-11-07,   1290

Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ 2007 оноос хойш медиа арт, контемпорари зэрэг олон төрлөөр уран бүтээлээ туурвиж, 20 гаруй үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн билээ. Түүний урлангаар зочилж, бүтээлийн үзэл санаа, илэрхийлэмжийн талаар хөөрөлдсөн ярилцлагаа хүргэж байна.

-Шинэ үзэсгэлэн гаргасанд баяр хүргэе. Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоо динамик арт дээр ажиллаж байна. Юмс хэрхэн хөдөлгөх тухай бүтээл хийж байна даа.

-Энэ жил “Parallel болон “Spirit of Gobi” зэрэг үзэсгэлэнд таны бүтээл тавигдлаа. Инстоляцад хамгийн чухал нь үзэл санаа байх. Бүтээлийн тань үзэл санааны талаар ярилцъя?

-“Параллел” ч тэр, “Spirit of Gobi” ч тэр шүүмж огт биш. Нийгэм ямар чиглэл рүү явж байна, хөлбөрөлтэй эсэх, сэтгэлгээндээ гацаж байна уу, үгүй юу гэдэг санааг тусгадаггүй л дээ. Магадгүй деталиудад байж мэднэ. Нөгөө талаар хүн аз жаргалтай амьтан. Гоо сайхан мэдрэх хэрэгтэй шүү дээ. Тэр тал руугаа түлхүү ажиллахыг хичээдэг. Үл анзаарагдах гоо сайхан гэдэг хажууд чинь ургаж байдаг шүү дээ. Байгалийн хаа нэгтээ нуугдмал гоо сайхан байдаг гэдгийг өөрийн сурч боловсорсон мэргэжил болон медиа эксперименталь төрлийн судалгаагаар илэрхийлж байгаа юм.

-Инстоляц туршилт дээр суурилдаг шүү дээ. Та ямар туршилт хийж байна вэ?

-Зарим туршилтад мөнгө зарцуулна. Заримд нь бол үгүй. Хүн өөрөө материал шүү дээ. Хүн сэтгэлгээний материалтай амьтан. Бүтээл хувьд яг ийм материалаар, ийм бүтээл хийнэ гэдэг нэг ёсондоо байх боломжгүй л дээ. Би хувьдаа энэ бүтээл маань ямар материал дээр буух вэ гэдгийг хайж, эрэлхийлж байдаг. Сэтгэлгээ, өгүүлэмж нь материалаа олдог юм шиг санагддаг. Материалаа байнга хайж байдаг даа.

-Сэтгэлгээндээ төсөөлөөд материал дээр буухад зөрдөг тал бий байх?

-Байнга л зөрж, тэмцэлдэнэ шүү дээ. Гадаа гарахад дулаахан биш бол түүнтэй зохицдог шиг л.

-Хөл хорионы үед та хоёр ч үзэсгэлэнд бүтээлээ гаргалаа. Энэ бүтээлүүд таны бодолд хэр удаан явж бүтэв?

-Хийж бүтээсэн нь хоёроос гурван сарын дотор материал дээр буулгасан. Энэ нь механик үйл ажиллагаа л даа. Өөрийн сэтгэлийг “копи паст” хийж байгаатай адилхан. Үнэн мэдрэмжийг хайж байгаа шүү дээ. Харин тэр сэтгэлийг олно гэдэг бол магадгүй илүү өнгөрсөнтэй холбогдох байх. Таван настай өөрийнхөө тухай санах ч юм уу. Түүнээс биш нийгмийн өөр урсгалын юмыг дуурайхаас татгалздаг юм. Өөрөөсөө хайна гэдэг сэтгэлгээний хувьд миний амьдрал болж таараад байгаа юм. Амьдралаа эргэн харж, энд тэндээс нь шүүж, гэрэлтэй хэсгийг нь гэрлээр, бараан хэсгийг нь бараанаар бүтээж, таашаал болон бараан зүйлийг мэдэрснээ буулгадаг. Угтаа мэдрэмжээ л хөгжүүлэх асуудал шүү дээ. Бүтээл гарах цагтаа гараад л явж байна.

-Та мэдрэмжээ хөгжүүлэх гэж ярилаа. Урьд нь видео арт төрлөөр бүтээл хийж байсан. Энэ хүрэх хүртэл урт зам туулсан байх. Мэдрэмжээ хөгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх үйл явц хэрхэн өрнөв?

-Би сургуулиа төгссөнөөс хойш найман жил уран бүтээл хийгээгүй. Амьдралд, практикт сурах зүйл их байлаа. “Hero” энтертайнмент студид ажилд ороод зураглаач, оператороор ажиллаж байсан юм. Студи маш хурдтай ажиллаж, өдөр бүр шинэ юм хайж байдаг. Шинэ зүйл хайж байдаг учраас их юм сурсан байх. Түүнээс улбаалаад би өөрийнхөө планыг тавьж үзье гэж шийдсэн юм. Миний хувьд янз бүрийн чиглэл рүү хувирч байгаа нь өөрийгөө олон талаар илэрхийлэх шаардлага бий болохоор тэр байх. Зүрх зураад л хайрыг илэрхийлдэггүй. Гоо сайхныг матер дээр олон хэлбэрээр буулгаж байгаа нь олон жанр руу ороод байгаа юм шиг санагдаж байгаа юм. Зөөлөн, хүнд хүчирхийлэл үзүүлдэггүй, тулгаж хүчээр ойлгуулахгүй гэсэн нэг л зүйл угтаа яваад байгаа юм.

-Та найман жил өөр мэргэжлээр ажиллаад урлагийн салбарт хөл тавьсан. Энэ нь юутай холбоотой вэ?

-Олон хүний үгийг сонссонтой л холбоотой. Жишээ нь Б.Балжинням найруулагч, Д.Лувсаншарав гуай зэрэг уран бүтээлч юу ярьж байна. Тэдний үг яагаад хүчтэй байгаа юм. Тэд үгийг хаана ашиглах вэ гэдгээ мэдтэлээ хөгжсөн байгаа юм. Энэ л надад чухал. Найман жилийн хугацаанд олон юм бичсэн. Олон юм бичихээр нэг юм ойлгоно шүү дээ. Би бүтээлээ хийе гээд л гарсан. Бүтээлээ хийсэн.

-Материалтай холбогдож бүтээлээ хийхэд хүндрэлтэй зүйл бий юу?

-Материалдаа захирагдана шүү дээ. Жишээ нь урьд нь хийсэн шигээ дахиад давтах боломжгүй. Нэг зургийг хоёр дахь удаа зурахгүйтэй адил инстоляц ч гэсэн нэг л гарна. Өөр газар, өөр үзэсгэлэнд гаргахад бүтээлийнхээ амин сүнсийг нь өөрчлөх талаар бодож эхэлдэг. Инстоляц оронзайлаг урлаг болохоор шинэ ямар зүйлийг илэрхийлж болох уу гэж бодохоос бүтээл өөрчлөгдөж эхэлнэ дээ. Дахин давтагдашгүй гэдэг зүйлд л захирагдаад байгаа юм. Энэ дахин давтагдашгүй чанар нь бүтээгчтэй л холбоотой.

-Шинэ зүйл туршихад туршилт тань оновчгүй болох, алдах тохиолдох бий байх. Та хэр их алдаж байв?

-Зөндөө л бүтэлгүйтнэ. Нэг удаа олон төрлийн механизмийг задлаад буцаж угсарч чадаагүй. Үүнээс “On and off” гэдэг бүтээл төрж байлаа. Жижигхэн деталь төмөрт хүртэл өгүүлэх түүх бий. Хуучны юм яагаад ажиллаж болохгүй гэж гэсэн концепцтой социализмын үеийн хуучин техник төхөөрөмжийг задалж, тэндээс нэг бүтээл хийе гэж бодсон юм. Хөгшчүүл маань яагаад тэтгэвэртээ гараад л гадаа даам, шатар тоглоод суух ёстой гэж. Тэд нарт ч бас бидэнд үгээ хэлэх хэрэгцээ бий.  Ийм утга илэрхийлэх гээд задлаад үзсэн ч буцаад угсарч чадаагүй. Түүнээс “On and off” гэдэг бүтээл гарсан даа.

-Бүтээлийн тань санаа сонирхолтой санагдлаа. Шинээр гаргасан үзэсгэлэнгийн санааны талаар тодруулж асууя?

-“Spirit of Gobi” үзэсгэлэн дээр мод төмөр хоёроор бүтээлээ хийсэн. Бидний мэдээллийг хэн нэгэн үүсгээд, хаашаа явуулахыг удирдаад байгаа мэт санагдсан юм. Тоглоом тоглоод байгаа юм шиг. Чиний хаашаа явахыг бүх мэдээллийг үүсгэчихсэн байдаг мэт. Тэгсэн ч үүний ард юу үлдэх вэ гэхээд чи өөрөө л үлдэнэ. Гэтэл зөв мэдээлэл ирсэн, үгүйг мэдэх гэсээр байтал амьдрал дуусчихдаг талаар хөндөхийг хичээсэн. Нэг талдаа бид нийгмийн бүтээл шүү дээ. Чи өөрийгөө бүтээж, хүсэж байгаа зүйл рүүгээ л явна гэсэн утгатай. Энэ үзэсгэлэнд “Хоосон үгс” гэдэг бүтээл байгаа. Хүмүүс фэйсбүүкээр хайр зарлаад, сайхны тухай ярьсан ч үйлдэл дээрээ хэнийг хайрлаад байгаа юм бэ. Бидний үг, үйлдэл, хэрэглээ гурав маань зөрөөд хоосон болгочихож байгаа юм. Үг үйлдэл болгон нь зөрөөд юу ч яриагүй хоосон юм шиг болчихдог. Концепц нь цаасан хайрцаг доторх хоосон үгс. Бүтээлийн гаднах жижиг жижиг цагаан цаас нь устгал юм л даа. Үг үсгийг хэрчдэг цааснууд байгаа юм. Ямар ч зохиолыг тийш нь оруулчихаар жижиг, жижиг хэсэг болчихно. Тэрийг уншиж чадахгүй, нийлүүлж ойлгуулж чадахгүй тийм нийгэм болж байна уу даа гэсэн бодлоор хийсэн юм. М.Тэнгис гээд хүүхэд өөрөөр тайлбарласан байна лээ. Гэхдээ тэр хүний өөрийнх нь л өнцөг шүү дээ. Харин миний өнцгөөс ингэж хийсэн. Инстоляц асуулт тавих болохоос “Би ингэж бодож байна” гэж бүтээх хэрэггүй гэж боддог. Уран бүтээлчид түүхээр, цаг үеэр үзэл бодлоо тайлбарлаж ирсэн шүү дээ.

-Таныг контемпорари уран бүтээлч гэж нэрлэж болох уу?

-Контемпорари гэдэг үг яг хаанаас үүсэлтэй гэдгээс хамааралтай. Би контемпорари үед төрчихсөн ч одоо эхэлж байж болно шүү дээ. Тодорхойлолтоо л мэдэх хэрэгтэй. Медиа уран бүтээлч, контемпорари уран бүтээлч гэдэг ойлголт ээдрээтэй. Би өөрийгөө тодорхойлж чадахгүй. Орчин үе гэдэг ойлголт Монголд өөрөөр хувирч, Азид өөр болчихдог. Аль хэдийн Монголд эхэлчихсэн, хөрсөн дээр буучихсан зүйлийг контемпорари гээд байгаа юм. Энэ цаг хугацааны ялгаа хэцүү л дээ. Мэргэжилтнүүд нь өөрсдөө тайлбарлах байх. Бид цаг үеийнхээ юмаа хийж байгаа юм.

-Монголд үүнийг тайлбарлах урлаг судлаач мэргэжил дутмаг байгаа юм шиг?

-Тэд дөнгөж эхэлж байгаа юм. Залуухан, 20 гаруй насны хүүхдүүд л байгаа. Монголд гэнэт контемпорари урлаг орж ирснээс хойших үеийн урлаг судлаач хүүхдүүд гэсэн үг л дээ. Өөрийн цагтаа сурч яваа хүмүүс бүтээлээ ойлгохын тулд мөн чанараараа амьдрах ёстой байхгүй юу. Огт байхгүй гэсэн зүйл үгүй. Юм хийх гээд цагаа хүлээгээд байж байгаа.

-Таныг бүтээлийг олон газраас хүмүүс ирж үзэж байна. Танд үзэгчдийн сэтгэгдэл хэр мэдрэгдэж байна вэ?

-Бүтээлийг шүүж байгаа нь энгийн л үзэгдэл. Түүнээс сэргээш авна. Гэхдээ хамгийн гоё үзэгчид нь жаахан хүүхдүүд. Үзэсгэлэнд орж ирсэн хүүхдүүд юу мэдрэх гээд байгаа нь сонирхолтой санагддаг. Тайлбарыг уншиж чадахгүй. Яг цэвэр бүтээлтэй харьцаж байгаа юм. Зөв, буруу юм хийж дээ гэхээс илүү бүтээл маань мэдрэмж өгч байвал надад илүү сайхан байдаг. Тэр хүүхдийг юу мэдэрч байгааг мэдэхгүй ямар нэгэн юм мэдрээд байгааг анзаардаг. Зарим хүн “Урлагийн биш хүн орж ирэхээрээ чиний бүтээл дээр алмайраад зогсчихдог” гэж хэлж байсан. Мэдэхгүй юм. Би өөрөө ч хийж чадаагүй юмаа алмайраад хараад суудаг. Надаас гараад байна уу, аль эсвэл би үйлдэгч болчихоод байна уу гэсэн асуулт төрдөг.

-Таны “Параллел” дээр гарсан бүтээл өнгө, өнгөөр бороо ороод ч байгаа юм шиг, ховсдох шинжтэй байсан?

-2017 онд “Арт Монголиа”-гийн үзэсгэлэнд “Цуурай” бүтээлээ хийх гээд концепцоо бичиж байлаа. Том бүрээ, жижиг бүрээний хооронд хөндлөн утас татаад, түүнийгээ нэхэж том даавуу хийе гэсэн зорилготой байсан. Бүтээлдээ гэрэл тусгая гээд проектор ашиглахад заавал бүгдийг нь оёх шаардлагагүй болсон. Утаснууд үлдсэн нь илүү гоё болсон юм. Бүтээлийнхээ нэрийг нь чөлөөтэй орхисон. Дараагийн “Харанхуйлал” ажил болохоор хүний бүтээсэн юман дээр ажилласан юм чинь байгалийн бүтээсэн зүйл дээр туршиж үзье гэж шийдсэнээс төрсөн. Байгалийн нэлээн хэдэн материал дээр туршиж үзсэн л дээ. “Харанхуйлал” бүтээлдээ засвар хийж, график оруулахад надад илүү ойр мэдрэгдэж байлаа. Бүтээлийн цаана “Мандала” буюу цаг тооны хүрд бий. Цаг тооны хүрдийг харуулсан хосгүй үнэт үзмэр Г.Занабазарын музей дээр бий. Тэнд бурхдын эсвэл хүний ертөнцийг дээрээс нь харсан хийсвэр хотыг босгочихсон байгаа юм. Тэр нь ховсдох чанартай болчихож байгаа юм л даа. Зарим хүнд зүгээр гоё сайхан ёлканы тоглоом шиг бүтээлийг маань харагддаг юм шиг байна лээ. Бааранд тавьчихвал яасан юм гэсэн санаа ирж байсан. Бааранд тавивал диско болоод л дуусна шүү дээ.

Би сүүлд Норвегийн Тромсё хотод туйлын туяа харсан юм. Тэндээс ирээд монголчуудад туйлын туяаг харуулъя гэсэн зорилготой “Параллел”-д тавьсан бүтээлийг хийсэн. Туйлын туяа хүнийг мансууруулж, ховсддог тэр мэдрэмжийг бүтээлдээ гаргахыг хичээсэн. Угтаа байгалийг байгаль бусаар гаргаж байна гэсэн утгатай.

-Биенналийн наадамд таны бүтээлийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Тэдний үзэж байгаа зүйл нь өөр. Өөр гэдэг нь ямар ч нүд, чих, ам, дүрс байхгүй тийм зүйлийг үзэж байна. Хүний сэтгэлгээг сонсож, мэдэрч, өнгийг таньж буй нь сонин санагдсан л даа. Норвеги үзэгчдийн сэтгэгдэл хүчтэй санагдсан. Үзэсгэлэнгийн нээлт болж байхад бүтээлийн үзэх боломжтой хэсэгт дөрөв, таван хүн хаатал нь суусан. Би “Яагаад ингэж байгаа юм” гэж асуухад “Манай үзэсгэлэн олон хоног гарна. Энд чөлөөтэй, мэдрэх зүйлээ тайван мэдрэг” гэх хариулж байлаа. Манайд бол шахсаар байгаад гаргачихна шүү дээ. Бүтээлд хайртай, хүндэлдэг санагдсан. “Удаан үзэх нь чухал биш, залуучууд үзэж байгаа нь чухал. Гоё болоод л үзэж байгаа юм” гэсэн тайлбар өгч байсан.

-Та бүтээлүүдийнхээ санааг хэрхэн олж байсан бэ?

-Сэдэл гэж ярих байх. Санаа бол тархинд байнга л явж байдаг. Түүнээсээ сэдэв олдог гэх үү дээ. Заримдаа материалаа олон талаас нь хараад шөнө унтахдаа барагцаална. Багаасаа зүүдээ манадаг хүүхэд байлаа. Баримлын шавар олдох болов уу, олдвол ингэж хийнэ дээ гээд зүүдэлдэг байсан даа. Бүтээлээ агаар дээр төсөөлж, зүүдлээд цааш нь үргэлжлүүлдэг. Энэ санаанууд ихэнхдээ бүтэлгүйтнэ л дээ. Зүүд биш, зүүдлэхээс өмнөх хэсэг гэх юм уу даа. Зүүрмэглээд унтахын зааг дээр боддог бодлоосоо сэдэл олоод үргэлжлүүлж санаагаа олдог.  

-Уран бүтээлчийн хувиас үзэгчдэдээ хэлэхийг хүссэн үг танд бий юу?  

-Хүмүүс үзэсгэлэн бага үзэж байна, бүтээлийг буруу ойлгохчих вий, ойлгохгүй өнгөрчих вий гэсэн бодлоосоо одоо салах хэрэгтэй. Учир нь залуус маань үзэсгэлэн үзэж байна. Бид үзэсгэлэн үзэж байгаа хүмүүсийн мэдээллийг бид цуглуулж үзсэн. Эмэгтэйчүүд их үзэж байна. Зөвхөн уран бүтээлч ч биш эмч, эдийн засагч, бизнесмэн зэрэг олон янзын хүмүүс үзэж байна. Магадгүй цар тахлын үед бидний үүрэг гарч ирсэн байж мэднэ. Яаж үзэх нь хамаагүй үзэсгэлэнгийн хаалгаар хүмүүс орж байна. Тэр хаалгаар орсон хүмүүс ямар нэгэн энерги аваад л гарна. Нэг удаа үзсэн хүн хоёрдахь удаа ирж байна. Гэхдээ би хүний өмнөөс ярих дургүй. Манай залуучууд ингэж байна гэдэг ч юм уу. Тэгж хамруулж ярихаас илүү залуучуудынхаа үзэл бодлыг сонсвол нэгнээ ойлгож эхлэх юм шиг санагддаг юм. Тэр нь алдаатай ч байж болно. Жишээ нь ард түмэн дорой байна гэхээр би ороод явчихаж байгаа юм. Гэхдээ сэтгэлгээний хувьд дорой байна гэдэг өөр хэрэг. Ингээд л хамаатуулаад ярьчихаж байгаа юм. Бидний далд ухамсарт нөлөөлж байгаа мэдээлэл, мэдлэгийн үнэ цэн бурхан болоод байна. Бид шилжиж байгаа соёлд амьдарч буй болохоос үүгээр далимдуулж сэхээтэн биш, дорой байна гэж ярих хэрэггүй гэж боддог юм. Зөвөөр ойлгож харах хэрэгтэй. Тэгвэл сайхан болчихно гэж боддог шүү.  


Б.Бат-эрдэнэ: Үл анзаарагдах гоо сайхан үргэлж хажууд ургаж байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-16 17:44:37
    Demjigch: Mundag zaluu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188