• Өнөөдөр 2024-04-26

Ц.ТЭЛМҮҮНБАЯР: ЯЗГУУР УРЛАГИЙГ МЕТАЛТАЙ ХОСЛУУЛАН УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ

2022-08-11,   995

        "The Voice of Mongolia" шоуны оролцогчдоос содон дуу хоолойгоороо шүүгчид төдийгүй үзэгчдийн сонорыг мялааж, сэтгэлийг татаж чадсан оролцогч бол Ц.Тэлмүүнбаяр билээ. Шоуны онцлох оролцогч байсан тэрбээр Истанбул хотноо ажиллаж, амьдарч байна. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "The Voice of Mongolia" шоунд оролцох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ. Таны өвөрмөц дуу хоолой олон хүний анхаарлыг татсан шүү дээ?

    -Би Соёл урлагийн их сургуулийн Үндэсний язгуур урлагийн ангийг хөөмийч мэргэжлээр төгссөн. “Metal deathcore” буюу хүнд метал урсгалаар дуулдаг. 2018 онд анхны “The Voice of Mongolia” шоу болоход метал урсгалын дуугаар оролцож, “Battle” шат хүртэл өрсөлдсөн. Шоунд оролцоно гэсэн бодол тийм их байгаагүй ч сонгон шалгаруулалт болж байгааг дуулаад “Ер нь яагаад “deathcore” урсгалаар дуулж тэмцээнд оролцож болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Тэгээд л оролцсон хэрэг. 

-Та нэгдүгээр шатанд дуулсан дуугаараа олны анхаарлыг татсан шүү дээ. Тэр үед хүмүүсээс ирсэн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авсан бэ?

    -“Blind audition” буюу нэгдүгээр шатанд оролцож байх үеийн дүрс бичлэг цацагдсаны дараа урам өгсөн сайхан сэтгэгдэл их ирсэн. Учир нь, “The Voice” шоуны түүхэн дэх хамгийн анхны Deathcore дууг би дуулсан. Гэхдээ түүнийгээ дагаад сөрөг сэтгэгдлүүд ч байсан. Монголын сонсогчдод энэ төрлийн хөгжим сонсох, хүлээж авах чадвар арай суугаагүй байсантай  холбоотой̆ байх. Гэсэн ч олон хүнд ийм төрлийн хөгжим байдаг, хэн ч энэ хөгжмийг сонсох боломжтой гэдгийг бага ч гэсэн харуулсан гэж боддог.

-Монголчуудаас гадна гаднынхан таныг нэлээд дэмжиж байсан?

    -Бодсоноос олон орны иргэд эерэгээр хүлээж авч байсан. Энэ урсгал нь хөгжмийн ертөнцөд ямар том байр суурь эзэлж байдгийг харуулсан жишээ юм даа. Хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байхад “Хөөх, Монгол Улс чинь бараг интернэт байдаггүй газар биз дээ. Энэ урсгал хөгжих боломжтой гэж үү” гэсэн сэтгэгдэл цөөнгүй байсан. Энэ сэтгэгдлээс гаднынхан монголчуудын тухай ямар ойлголттой  байдаг нь мэдэгдэж байгаа юм. Тиймээс энэ хөгжмийн урсгалыг хөгжүүлэх бодитой зүйл хийх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн.

-Метал урсгалын хөгжим сонсдог ч дуулж чадах нь цөөхөн шүү дээ. Хэрхэн дуулж сурсан бэ?

   -Энэ урсгалын дууг дуулахад их хэмжээний энерги зарцуулагддаг юм шиг санагддаг. Амьсгал авахаас эхлээд амнаас авиа болж гарах хүртэл их олон шат дамжлагатай техник байдаг. Миний хувьд сонсголоороо л дагаж орилсон, бараг өдөр шөнөгүй бэлдсэн дээ. Гэхдээ тэр үед яг өөрийн гэсэн техникээ олоогүй арай жаахан буруу дуугараад байсан юм шиг санагддаг байсан. Хөөмийч хүний хамгийн эхэнд сурах зүйл нь зөв амьсгаа байдаг. Энэ сурсан техникээ дуулалтдаа ашиглаад, яг өөрийн дуулах хэв маягаа олсон гэж боддог.

-Монголд метал урсгалаар дуулах сургалт явуулдаг газар байхгүй шүү дээ. Та өөрийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж, заах талаар бодож байв уу?

    -Ер нь бодож байгаагүй юм байна. Өөрөө ч хүнд заах хэмжээнд хүртэл сурч амжаагүй гэж боддог доо.

-Метал урсгалын ямар хөгжим анх сонсож байсан бэ. Юу нь таны сонирхлыг тэгж их татсан юм бол ?

    -Анх “Suicide silence-You only live once” гэдэг дууг сонсож байлаа. Тэр үед төрсөн мэдрэмжийг ямар ч үгээр  илэрхийлж чадахгүй байх. Дууны хэв маяг, дуугаралт, утга агуулга, өгч байгаа санаа, гадаад төрх гээд бүх зүйл нь таалагдсан. Дурлаж сонсоход хөгжмийн дуугаралт хамгийн их нөлөөлсөн дөө.

-Хүмүүсийн дунд метал урсгалын талаарх буруу ойлголт их байдаг шүү дээ. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

    -Одоо бол хүмүүсийн харах өнцөг арай өөр болж байгаа юм шиг санагддаг. Мэдээж дунд нь орж үзээгүй хүмүүс харсан, сонссоноороо л төсөөлж боддог байх. Миний хувьд тийм зүйлд ерөөсөө ач холбогдол өгдөггүй.

-“The Voice of Mongolia” шоуны үеэр ирсэн сэтгэгдэл дундаас таны хувьд хамгийн хөгжилтэй санагдсанаасаа хуваалцахгүй юу?

    -Ихэнх хөгжилтэй сэтгэгдлүүд монголчуудаас ирсэн. Тэр дундаас хамгийн хөгжилтэй нь “Үгтэй байсан юм уу, сайн хөөмийлж байна” гэсэн сэтгэгдлүүд байсан.

-Метал хөгжим илүү хөгжсөн орнуудад очиж, уран бүтээл хийж, тэмцээнд оролцох талаар бодож байсан уу?

    -Монгол Улсад метал урсгал анх гарч байсан үеэ бодвол ойлгож хүлээж авах хүмүүс нэмэгдэж, харьцангуй сайн хөгжиж байгаа. Мэдээж гадаадын улс оронд тэмцээн уралдаанд оролцохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ оролцох цаг нь арай болоогүй байх. Тэр үе хүртэл өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа.

-Одоо ямар ажил хийж байгаа вэ. Уран бүтээлээ хийж байгаа юу?

    -Одоо Истанбул хотод хувиараа шивээс хийгээд, хөгжмөө сонсоод, өөрийгөө хөгжүүлэн амьдарч байна.

-Эх орондоо буцаж ирэх төлөвлөгөө байгаа юу?

    -Эх орондоо очно. Монголдоо очоод өөрийн хамтлагаа бүрдүүлээд, метал, язгуур урлаг хослуулсан сайн уран бүтээлүүд хийнэ гэж төлөвлөж байгаа.

-Яагаад заавал хөөмийгөөр суралцсан юм бэ?

    -Үндэсний язгуур урлаг хөөмий нь монголчуудад ямар үнэ цэнтэй урлаг болохыг маш сайн ойлгосон. Хөөмий нь ганц хөгжим, аялгуу гэхээсээ илүү монгол хүний сэтгэлгээ, хэв шинжийг агуулсан оюуны шавхагдашгүй бүтээл гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа.




 


Ц.ТЭЛМҮҮНБАЯР: ЯЗГУУР УРЛАГИЙГ МЕТАЛТАЙ ХОСЛУУЛАН УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188