• Өнөөдөр 2024-03-29

М.БЯМБАА: Бүжгийн урлаг асаад унтрах галын дөл мэт залуу насны мэргэжил

2022-07-10,   846

  Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин, “Хувьсал продакшин”-ы бүжгийн багш, СТА, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа үзэсгэлэнт бүсгүй Мягмарын Бямбаатай ярилцлаа.

   Тэрбээр  “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл”, "Монголын их хатдын туульс" зэрэг бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Шуугиан таригч”, “Cool аав” гэх мэт 10 гаруй кино дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрд тоглосон чамгүй авьяаслаг нэгэн юм.

 

-Сайн байна уу. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр хүргэе. Шагнал авсан сэтгэгдлээ хуваалцаач?

     -Өөрийгөө энэ хүндтэй шагналыг хүртэнэ гэж бодоогүй. Гэнэт л мэдсэн, догдлол дүүрэн итгэж өгөхгүй л байна. Маш олон зүйлийг хийж бүтээсэн ахмад үеийнхнийхээ дунд зогсох мэдрэмж үнэхээр сайхан байсан. Манай мэргэжил бол асаад унтрах галын дөл мэт залуу насны мэргэжил юм. Яг энэ үедээ энэхүү шагналыг хүртсэн нь надад цаашид илүү ихийг хийж бүтээх  урам зориг өгсөн.

-Урлагийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

     - Ер нь яагаад ч юм бүжигтэй холбогдчихдог хүүхэд байлаа. Тухайн үед явж байсан дугуйлангийн багш маань анх Хөгжим Бүжгийн Коллежийн бүжгийн ангид элсэлт авч байна гээд намайг дагуулж очоод шалгуулж байсан. Тэгээд УГЗ Э.Оюун багшийнхаа шавь болон орж мэргэжлийн бүжигчин болох гараагаа тавьж байсан.

-Театрын юу таныг татсан бэ?

      -Миний бодлоор бүжигчин болохыг хүсэж буй хүн бүр л Их театрт орохыг хүсдэг байх. Би анхнаасаа өөрийгөө театрын тайзан дээр зогсож, үзэгчдийн халуун алга ташилтыг сонсож байгаагаар төсөөлдөг байсан. Дөнгөж театртаа ажил ороод хамгийн түрүүнд ирээд, хамгийн сүүлд нь буцдаг байлаа. Бэлтгэлээ тарсан ч сунгалтаа хийж, сураагүй хөдөлгөөнүүдээ давтдаг байсан.

-Анх театрын тайзан дээр гарах мэдрэмж ямар байсан бэ?

    -Би одоо ч анхных юм шиг мэдрэмжийг үргэлж авдаг. Хөшиг нээгдэж тайзан дээрээ гарч олон сайхан хүмүүсийн алга ташилтыг сонсох үгээр илэрхийлж боломгүй тансаг мэдрэмж юм.

 “Бүжгийн урлаг хүний хамгийн яруу тансаг, дайчин шинжийг харуулдаг”

-Шантрах үе байсан уу?

     -Бүжигчин байхаа больё гэж бодож байгаагүй ээ. Гэхдээ бие өвдөх, бэртэл гэмтэл авах, ядрах үеүдэд яах гэж бүжигчин болов доо гэх бодол хааяа төрдөг. Тоглолтынхоо ард гарсны дараа хоосон хөдөлмөрлөөгүй гэдгээ мэдэрдэг. Ер нь мэргэжлийн бүжигчин хүн маш их тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй. Тэгж байж л энэ урлагт үлдэнэ шүү дээ. Урлаг бол ямар ч арын хаалгагүй хэн их хөдөлмөрлөж байна, тэр хүн торойж гарч ирдэг тийм л салбар. Тайзан дээр гоё сайхан харагддаг ч ард нь удаан хугацааны бэлтгэл, хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Үнэндээ олон жил тууштай, шантрахгүй бүжиглэж байгаа хүн маш цөөн.

-Монгол бүжгийн сайхан тал нь  юу вэ?

    -Монгол бүжиг хийморьлог, хурдтай, хүчтэй, намбатай, уянгалаг чанаруудыг нэг дор цогцлоож байдаг. Үндэснийхээ дээл хувцсыг өмсөөд бүжиглэхэд яагаад ч юм омогшил төрдөг.

-Таныг хүмүүс жүжигчин гэдгээр нь илүү их таньдаг шүү дээ. Анх ямар кинонд дүр бүтээж байсан бэ?

      -Хамгийн анхны уран бүтээл минь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК-ны Ялгууны дүр байсан. Дүрийн санал ирэхэд би чадах болов уу гэж их эргэлзсэн. Сайн баг хамт олонтой ажилласан болохоор их туршлага хуримтлуулж, өөрийгөө шинээр нээж чадсан гэж хэлж болох байх. Үүнээс хойш арав гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

-Тоглохыг мөрөөддөг дүр байдаг уу?

       -Тухайн уран бүтээлийн найруулагч намайг сонгоод нүдэндээ төсөөлсөн тийм дүрүүдийг бүтээх сайхан байдаг. Гэхдээ сэтгэлийнхээ мухарт түүхэн кинонд дүр бүтээхийг мөрөөдөж явдаг.

-Эмэгтэй хүн биеэ яаж авч явах ёстой байдаг юм бол?

        -Хүн ер нь хэчнээн завгүй байсан ч өөрийгөө хаяж болохгүй, өөртөө цаг гаргаж байх хэрэгтэй л дээ. Би урлагийн хүн болохоор үргэлж гоё сайхан харагдахыг хичээдэг. Хүн өөрийгөө голоод ирэхээрээ амьдралын идэвхгүй болж, сэтгэлээр унаж эхэлдэг. Тиймээс одоо байгаагаасаа илүү гоё сайхан болно чадна гэдэгт итгэж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн гадаад үзэмж гоё сайхан байхаас илүүтэй эерэг сайхан бодолтой, хүнтэй боловсон харьцдаг байвал тэр л биеэ зөв авч явж байгаа хэлбэр гэж би хувьдаа боддог.

-Урлагийн хүний ар гэр байх хэцүү гэдэг шүү дээ. Гэр бүл тань хэр ойлгож дэмждэг вэ?

          -Миний сайхан хань намайг өдий зэрэгтээ урлагаар ажиллаж, уран бүтээлээ туурвихад үргэлж ард минь байна. Урлагийн хүний ар тал байна гэдэг үнэхээр хэцүү шүү дээ. Намайг өнгөтэй, зүстэй, инээж, гэр бүлдээ санаа зовохгүйгээр ажлыг минь хийлгэдэгт нь үргэлж талархаж, хайрладаг.

-Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ. Найзуудынхаа талаар яриач?

       -Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл хэврэг гэж ярьцгаадаг шүү дээ. Гэхдээ би тийм азтай хүн юм уу бүү мэд. Миний найзууд бол ид хөдөлмөрлөж, хийж, бүтээж яваа мундаг хүмүүс байдаг. Амьдралын минь бүхий л цаг үеүдэд хамт байж, зовлон жаргалаа хуваалцдаг үнэхээр сайхан найзуудтай гэж би өөрийгөө боддог.

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

    -Би жоохон ааштай талдаа хүн л дээ. Гэхдээ хаана хэн байхаа мэддэг. Хүнийг ялгаварлаж харьцдаг хүнд үнэхээр дургүй. Үргэлж хүмүүстэй мэндэлж, хүндэлж явахыг хүсдэг. Би хувь хүн талаасаа яг байгаараа нэг зангаараа , шударга байхыг эрмэлздэг.

-Бямбаа гэх хүнийг гурван үгээр тодорхойлбол?

    -“Зогсошгүй, Инээмсэглэл, Шударга” энэ гурван үгийг би амьдралынхаа зарчим болгож явдаг. Тэр ч утгаараа намайг тодорхойлох байх гэж бодож байна.

-Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад хандаж хэлэх үг байна уу?

    -Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг шүү дээ. Тиймээс хөдөлгөөн сайн хийж, өөрийгөө хайрлаж, бусдыг хүндэтгэж яваарай.

-Баярлалаа.

 

 


М.БЯМБАА: Бүжгийн урлаг асаад унтрах галын дөл мэт залуу насны мэргэжил
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-07 16:32:48
    Зочин: Сайхан бүсгүй юмаа бүх юм нь тэгш
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188