• Өнөөдөр 2024-05-02

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ Л.ХИШИГБАЯР:"ГЭГЭЭН МУЗА" НААДАМД ОРОХ ГЭЖ 10 ЖИЛ БЭЛДСЭН

2022-06-13,   767

   "Гэгээн Муза" Олон Улсын Театрын наадмын хөгжимт жүжгийн төрөлд шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал хүртсэн Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын уран сайхны удирдаач Л.Хишигбаяртай ярилцлаа. Хэдхэн хоногийн өмнө тус наадмын долоон номинацид нэр дэвшин өрсөлдсөн "Хөх нар" жүжгийг үзсэн бөгөөд сонгодог дуурь хэлбэрээр бичигдсэн энэхүү жүжгийн хөгжим зохиомжийн хувьд өргөн цар хүрээтэй, аялгууны хувьд гайхамшигтай уран хөгжмийн дүрслэл сайтай бүтээл болсныг үзсэн хэн бүхэн мэдэх биз ээ.

    -Юуны өмнө танд "Гэгээн Муза" Олон Улсын Театрын Наадмаас шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал хүртсэнд баяр хүргэе. 
 
  -Баярлалаа. Сэтгэл их өндөр байгаа. Аливаа шагнал уран бүтээлчид өгч байгаа том үнэлэмж хэдий ч, нөгөө талдаа олон зүйлийг эрэгцүүлэх бодох, өөртөө шүүмжлэлтэй хандах боломж юм. Хамгийн чухал нь хүрсэн түвшингээ алдахгүй байх, илүү ахисан түвшинд уран бүтээлээ туурвих шаардлага энэхүү үнэлэмжээс урган гардаг юм болов уу. Ер нь бол би шагналыг их баяр баясгалан, мундаг зүйл гэхээсээ илүү хариуцлага л гэж ойлгодог.
 
Манай театр “Гэгээн Муза”-гийн 4 цомыг анх удаа ихэрлүүлэн авлаа. Том амжилт шүү. Ямар нэг томоохон уран бүтээл тууривахад олон хүчин зүйлс нөлөөлдөг. Санхүүгийн асуудал тэр дундаа хамгийн их чухал асуудал байдаг. Энэ удаа аймаг орон нутаг маань ихээхэн анхаарлаа. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Засаг Дарга Р.Сэддорж түүний тамгийн газрын хамт олон маань онцгой анхааран туслаж дэмжлээ. Найз нөхдүүд маань ах дүүс маань сэтгэл гаргалаа. Олон асуудлыг шийдвэрлэж өгснөөрөө өнөөгийн энэ амжилтанд хүрлээ. Баярлалаа.
 
-Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театр  "Гэгээн муза" наадмаас дөрвөн номинацид шагнал хүртлээ.  Таны хувьд энэ удаа анх удаа оролцсон уу?
 
 -Мэдээж анх удаа оролцож байна. Би "Гэгээн Муза" наадамд арван жил бэлдсэн. Арван жилийн хугацаанд бодож, хөгжмөө засаж сайжруулж, бэлтгэж ирсэн.  Уг нь 2013 оны "Гэгээн Муза" наадамд орохоор бэлдэж байсан ч тодорхой шалтгаанаас болоод амжаагүй. Түүнээс хойш гадагшаа ажиллахаар явсан болохоор өнгөрсөн хэдэн жил тус наадамд оролцож амжихгүй л явлаа. 
Гэхдээ энэ жүжгээ нэг өдөр ч орхилгүй цаг л гарвал сайжруулж найруулагч, жүжигчидтэйгээ байнга холбогдож байлаа. Тэгээд энэ жил ирж "Гэгээн Муза" наадамдаа оролцож том зорилго маань биелж, манай театраас шилдэг хөгжмийн зохиолч, эрэгтэй, эмэгтэй гол дүр, туслах эмэгтэй дүр гэсэн дөрвөн номинацид шагнал хүртэж, их олз омогтой буцаж байна.
 
-Арван жил бэлдэж, зорьж байсан гэхээр "Гэгээн Муза" наадмаас шагнал авна гэдэгт итгэлтэй байсан болов уу?
 
   -Тэр бол мэдээж, түрүүлнэ гэдгээ мэдэж байсан. Уран бүтээлчид өөрсдийн хийсэн бүтээлээ төдийгүй бусдын уран бүтээлийг тодорхой хэмжээнд үнэлж, мэддэг байх хэрэгтэй. Тэгээд ч их хөдөлмөр гаргаж, цаг хугацаа зарцуулж ажилласан болохоор амжилт ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Цаашлаад "Хөх нар" жүжгээрээ “Гран При” цомын эзэн болно ч гэж бодож байлаа. Гэхдээ Гранпри шагналыг М.Батболд авьяаслаг залуу найруулагчийн бүтээл "Гэм зэм" драмын жүжиг хүртсэн. "Гэм зэм" бол олон хүний зүтгэл, хөдөлмөр шингэсэн, уламжлалын том асуудлыг хөндсөн инноваци дээр суурилсан их шинэлэг, том хэлбэрийн бүтээл болж чадсан. Зохиолын хувьд ч агуу гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ. Тэгэхээр энэ жүжиг “Гэгээн Муза”наадмын Гранпри шагнал хүртсэн нь нүдээ олсон нүдээ олсон үйл явдал боллоо гэж бодож байгаа.
 
-"Гэгээн Муза" наадмын шүүгчид их шударга ажиллаж шагнал ч нүдээ олдог болов уу гэж хувь үзэгчийнхээ зүгээс харсан. Таны хувьд наадам ямар санагдсан бол?
 
     -Их сайхан наадам л даа. Ер нь манай Монголын наадам, уралдаанууд агуулгын хувьд их төгөлдөршиж байна. Ямар нэгэн уралдаан төгөлдөршиж, тод томруун, уламжлалт болох, урт наслах үндсэн суурь нь шүүгчийн үнэн бодит шүүлт, шударга байдал хамгийн чухал нөлөө болж байдаг. Тэгэхээр "Гэгээн муза" наадам 16 жил зохион байгуулагдах явцдаа ямар нэг алдаагүй гаргаагүй болохоор улам улам төгөлдөр болж утга агуулга, ач холбогдлын хувьд өргөжин тэлж байна.
 
-"Хөх нар" жүжгийн хөгжим их өвөрмөц, их өргөн цар хүрээтэй бүтээл байна билээ. Тийм болохоор ч шагнал авахад хүрсэн болов уу. Хөгжмийн утга, агуулгын хувьд их зүйлийг ярих болов уу?
 
     -"Хөх нар" бол Монголын анхны ардчилсан Засгийн Газрын Шүүх Яамны төрийн нарийн бичгийн дарга Дагвасамбуу гэх түүхэн хүний амьдралаас сэдэвлэсэн түүхэн дуулалт жүжиг юм. Энэ жүжигт тухайн үеийн төрийн хүний дотоод мөн чанар хийгээд эмэгтэй хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг харуулдаг. Зохиол маань түүхэн түүхэн жүжиг учраас хөгжмийн хувьд хөнгөн биш илүү суурьтай, драмлаг, сонгодог байх нь зөв гэж зохиосон болохоор бусад жүжгийн хөгжмөөс өөр болсон болов уу гэж бодож байна. "Хөх нар" жүжиг эхлээд цэвэр дуурь хэлбэрээр бичигдсэн. Тэгээд дотор нь зарим нэг утга санааг тодотгох зорилгоор дуулалт жүжиг болгосон юм.
   Хөгжмийн тухайд олон төрлийн хөгжмийн найруулга бий. Хөнгөн жааз, сонгодог төрлийн хөгжим ч орсон байгаа. Жүжгийнхээ үзэгдэл бүрийг өөр өөрөөр хийхийг бодсон.
   Тухайлбал, нэгдүгээр үзэгдэлд үндэсний хөгжмийн хөг айзам, хөдөлгөөнд суурилсан хөгжмийг оруулсан. Энэ хэсэгт Өмнөговь аймгийн хүн ардын дунд байсан боловч өдгөө мартагдсан байсан давриа гэх бүжгийг хөгжмийг зургаан жил хөдөө хөхөрч, гадаа гандаж олон газраар явж судласны үндсэн дээр сэргээн оруулж ирсэн байх жишээтэй. 
 
  Энэ утгаараа говьчууд бид өөрсдийн гэсэн брэнд болсон уран бүтээлийн сангаа баяжуулсан гэсэн үг. Мөн манай Өмнөговь аймаг эртнээсээ шог хошин, харилцаа дууны арвин их уламжлалтай. Энэ хоёрыг нийлүүлээд, нэгдүгээр үзэгдлийг дуу бүжгийн чуулбар маягаар хийсэн. Харин хоёрдугаар үзэгдлээс сонгодог дуурийн хэлбэрийн дуулаачийн элементүүдийг оруулж найрал дууны төрлүүдээр дүр болоод үйл явдлуудаа тодотгохыг зорьсон юм. 
 
-Жүжгийн хөгжмөө хийхэд хэчнээн хугацаа зарцуулсан бол. Нэлээд нухаж, удаан бодож том бүтээл төрөх болов уу?
 
      -Энэ жүжгийн хөгжмийг би сарын дотор бичсэн. Харин арван жилийн хугацаанд бол засаж, янзалж энэ уралдаанд бэлтгэсэн. Ер нь тэгээд хөгжим зохионо гэдэг чинь гар утсан дээрээ ая гиншээнд найруулга хийдэг тийм амархан зүйл биш. Эхлээд зохиолынроо текстийг уншиж анализ хийнэ. Тэгээд аялгуугаа зохиож төгөлдөр хуурт зориулсан клавира хийнэ. За тэгээд л найрал хөгжимд найруулга бичнэ гээд их ажил бий дээ. Одоо ч энэ бүхнийг бүгдийг нь алгасах гээд байдаг болчихсон юм шиг байна. 
 
-Одоо хоёулаа жүжгийн утга агуулгын тухай яриагаа үргэлжлүүлье. Жүжгийн агуулга, хэлэх гэсэн санаанд тулгуурлаж, суурилж хөгжмийн зохиол төрөх болов уу. Яагаад "Хөх нар" гэж нэрлэсэн бэ?
 
     -Хүн төрөлхтний амин чухал зүйл бол хайр байдаг. Гэтэл бидний энэ хайр, итгэл үнэмшил өнөөдөр байхгүй болсоор байна. Учир нь үнэн биднээс, хүмүүс үнэнээс зугатаж байна. Хүн төрөлхтөн үнэн гэх аугаа зүйлийг олж харах нь улам л цөөрөөд байгаа. Гэхдээ бие дээрээ гашуунаар мэдэрч харамсалтайгаар явцгааж л байна. Ер нь худал хуурмаг зүйлс амьдралд ойртохоор энэ амьдрал өөрөө өнгөгүй болдог. Тэр ч бүү хэл нар хүртэл бүүдийн хөх өнгөтэй болдог. "Хөх нар" жүжгийн сүүлийн үзэгдэлд гол дүрийн хатан маань өөрөө буруугүй боловч ертөнцийн бүх бурууг өөртөө аваад Гэлэнмаа болон муу үйл бүхнийг уучлан бүхний төлөө залбирснаар амьдралд гэрэл гэгээ ирж буйгаар энэ зохиол төгсдөг.

-ДУУРИЙН ДУУЛААЧ МЭРГЭЖИЛ МИНЬ "ХӨХ НАР" ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ХӨГЖМИЙГ ХИЙХЭД ДАВУУ ТАЛ БОЛСОН-

 
-Таны хувьд хэчнээн жил хөгжмийн зохиолчоор ажиллаж байна вэ. Таны удамд урлагийн хүн бий юу?
 
  -Өмнөговь аймагт төрж өссөн. Тэгээд 14 настайгаасаа эхлэн хөгжимтэй зууралдсан хүн. Мэдээж удмын авьяас, өгөгдөлийг минь харж мэдэрч хөгжүүлсэн арван жилийн дуу хөгжмийн багш Ч.Хүүхэнхүү, мэргэжлийн багш МУ-ын Ардын багш, МУГЖ О.Ичинхорлоо нар маань маш их нөлөө үзүүлсэн л дээ. СУИС-ийн эрдэмтэн багш нарынхаа зааж сургасан хөгжмийн их боловсрол намайг хөгжмийн зохиол оролдох боломжтой болгосон. Дээр нь дуулалт жүжгийн бүтээл бичихэд  давуу тал болж байгаа нэг зүйл бол би өөрөө дуурийн дуучин мэргэжлээр төгссөн явдал юм. 
 
-Уран бүтээлчийн хувьд их бодож бүтээлээ гаргах уу, эсвэл өөр онцлог бий болов уу?
 
-Мэдээж бодно. Тархиндаа удаан бодож байгаад нэг л суудаг төрлийн хүн юм шиг байгаа юм. Юмсыг ажиглаж, олж харсан санаагаа дотроо бодож, тархиндаа удаан боловсруулж байгаад хийдэг гэсэн үг.
 
-Одоо та нэг зорилгодоо хүрлээ. Цаашид илүүг хийх хариуцлага ч бий болсон. Хийхээр төлөвлөж байгаа томоохон бүтээл бий болов уу?
 
  -Батмөнх даян хааны тухай дуурь эхлүүлсэн байгаа. Одоогоор энэ л их том бүтээл болох болов уу. Монголын түүхэнд амьдрал нь их ээдрээтэй, том ч хааны тухай юм, Тэр хэрээр илүү өндөр түвшний ажил шаардагдах болов уу гэж бодож, хичээж байгаа.

  Л.Хишигбаяр хөгжмийн зохиолч бид олон зүйлийг ярьсан ч энэ удаад түүний "Гэгээн муза" наадамд оролцсон бүтээл, хувь хүн, цаашид юу хийхээр зорьж байгаа талаар нь ийн товч ярилцлаа. Өмнөговь аймагт өсөж, төрж, удмын дуулах авьяас өвлөгдсөн энэ эрхмийн бүтээлүүд говийн өнгө аяс илүү шингэсэн, цаанаа нэг зөөлөн, уянгалаг, намуухан аян данг бүтээлдээ шингээж өгдөгөөрөө онцлогтой байна. 


ШИЛДЭГ ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ Л.ХИШИГБАЯР:"ГЭГЭЭН МУЗА" НААДАМД ОРОХ ГЭЖ 10 ЖИЛ БЭЛДСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 09:24:13
    Иргэн: 10 жил ч арай юу юм бэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-13 12:21:07
    Зочин: Оронд нь авгайгаа Эмээлтийн хужаад бавуулсан бол хэдэн цаастай болох байж
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188