• Өнөөдөр 2024-05-02

Т.ЦЭНД-АЮУШ: "Тусгал" жүжгээрээ эмэгтэй хүний оршихуйн асуудлыг хөндсөн

2022-06-11,   1103

         Хүмүүс бид нэг нэгнийхээ амьд тусгал байдаг. Анзаардаггүй ч нэгнийхээ тусгал болж явдаг гэх санааг агуулсан  "Тусгал" хэмээх бага тайзны драмын жүжиг энэ сарын 20-ноос тоглогдохоор зэхэж буй. Бид тус жүжгийн талаар найруулагч Т.Цэнд-Аюуштай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Соёл Урлагийн Их Сургуульд багшилдаг бөгөөд өмнө нь мөн мюзикл жүжгийн найруулагчаар ажиллаж байсан залуу уран бүтээлч юм.

 -Сайн байна уу. "Тусгал" драмын жүжгийг хэзээнээс тавих болов.  Гурав хүний жүжиг их ховор тавигдсан байдаг шүү дээ?

       -“Bee" театрын үүсгэн байгуулагч Д.Мэндсайхан,  жүжгийн зохиолч Н.Болороо эгч анх надад санал тавиад, энэхүү бага тайзны жүжгийг найруулах боломж олгосон. Урьд нь П.Баярсайхан зохиолчийн "Хүн гөрөөс" жүжиг тайзан дээр тавигдаж байсан бол энэ удаагийн "Тусгал" жүжиг хоёр дахь уран бүтээл гэдгээрээ онцлог. Ингэхдээ дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдээд, энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэл ажилдаа орж эхлээд, тун удахгүй үзэгчдэд хүргэх гэж байна.
 
 -Гурван хүний, дан эмэгтэй уран бүтээлчид гэдгээс өөрөөр бусад драмын жүжгээс юугаараа онцлог, шинэлэг байгаа вэ?
 
     -Бага тайзны жүжиг учир цөөн үзэгчдэд тоглоно. Мөн эмэгтэй залуу уран бүтээлчид хамтран тоглож байгаа гэдгээрээ онцлог байх болов уу. Гурван өөр насны эмэгтэй хүний зөрчил, асуудлаар дамжуулан эмэгтэй хүний нөхөрлөл, амьдралын үнэ цэнийг харуулсан. Хамгийн гол нь энэхүү жүжгийн үзэгч өөрөө жүжгийн нэгэн оролцон тоглогч гэдгээрээ онцлог, шинэлэг байна байх. Үндсэндээ жүжгийн үйл явдал Дани улсад өрнөнө. 
  
 -Таны хувьд найруулагчаар нь ажилласан анхны уран бүтээл үү. Дэлгэцийн уран бүтээл найруулж байв уу. Яагаад театрын бүтээл рүү орох болсон бэ?
 
    -СУИС-ийг жүжигчин, найруулагчаар мэргэжлээр төгссөн. Төгсөөд, үргэлжлүүлэн урлаг судлал чиглэлээр магистраа хамгаалсан. Сургуулиа төгссөнөөс хойш ихэвчлэн тайзны уран бүтээлд оролцож, туслах найруулагч, багшлах чиглэлд илүү ажлын туршлага хуримтлуулсан. Төдийлөн кино руу орох цаг хугацаа гарч байгаагүй. Илүү театрт сонирхолтой. Эмэгтэй театрын найруулагч Монголд цөөн байдаг учир өөрийгөө илүү хөгжүүлнэ. Харин кино хийх бодол бий. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Playback” мюзикл жүжиг найруулсан. Энэ жүжиг миний хувьд шинэ сорилт болж, өөртэйгөө ажиллах бодох боломжийг олгож байна. 
 
-Цаг хугацаа зарцуулж, тархи, зүрхээ зориулсан бүтээлээ хүмүүст хүргэх уран бүтээлч хүний гол зорилго байдаг болов уу.  П.Баярсайхан зохиолчийн "Хүн гөрөөс" болон одоо тавигдах гэж байгаа "Тусгал" гээд бага тайзны, цөөн үзэгчтэй жүжгийг хийж байгаагийн гол зорилго нь юу юм бэ?
 
     -Нэгдүгээрт шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих, тэр дундаа театрын салбарт эмэгтэй уран бүтээлч, найруулагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол зорилготой. Театрт ихэвчлэн эрэгтэй найруулагч илүү байдаг шүү дээ. Олон улсын театрын наадамд оролцохоор эхний урилга хүсэлтээ илгээсэн. Ирэх арванннэгдүгээр сард Энэтхэгийн театрын наадамд оролцохоор төлөвлөн ажиллаж байна.Мөн манай оронд шинэ театрууд төрөн гарч, шинэлэг урсгалаар бүтээн туурвиж байна. Бага тайзны театрууд хөгжих цаг нь бүрдсэн. Орчин цагийн үзэгчдийн боловсрол ч дагаад дээшилж байна. Тиймээс театрын салбар өрсөлдөх чадвартай байх, цаг үеэ мэдэрдэг байх хэрэгтэй болов уу.
 
-Хүмүүсийн мэддэг их цөөн найруулагч байдаг. Мэдэхгүй олон ч найруулагч бий. Найруулагчийн хувьд , уран бүтээлчидтэйгээ хүмүүст хүрэх талд хэрхэн ажиллаж байгаа бол?
 
     -Манай театрын удирдлагын зүгээс нэгэн эрсдэлтэй алхмыг хийж байгаа нь олонд танигдаагүй залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн. Хэдийгээр хүмүүсийн сайн таних уран бүтээлчдээр багаа бүрдүүлж ажилласан бол театрт илүү хэрэгтэй ч гэсэн үндсэн зорилго маань залуу уран бүтээлчдийг дэмжиж, өөрсдийн үзэгчээ бэлдэх учир эрсдэлтэй ч жүжгээ тавьж байгаа.  
 
-Гурван өөр насны эмэгтэй дүр бий юм байна. Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
 
   -Театр болон төслийн багийн хамт олон надад жүжигчдээ өөрөө сонгох боломжийг олгосон. Дүрүүддээ тохирох жүжигчдийг хайж, тодорхой хэмжээнд судалгаа хийгээд залуу жүжигчин Ц.Болорцэцэг, Б.Баяржаргал, энэ жил дөнгөж сургуулиа төгссөн А.Энхжин гээд гурван өөр насны залуу уран бүтээлчдийг сонгоод ажилласан. Мөн туслах найруулагч Н.Баясгалан, тайзны зураач Т.Отгонжаргал нар мөн энэ жил сургуулиа төгсөж байгаа залуу уран бүтээлчид. Бүгдийнх нь анхны тайзны уран бүтээлч болж байгаа. Өөрөөр хэлбэл, шинэ залуу, хийж бүтээнэ гэсэн уран бүтээлчдийн гал халуун эрмэлзлэл дээр бүтэж байгаа юм.
 
-Бага тайзны, цөөн уран бүтээлчтэй байхад илүү амар байдаг уу. Эсвэл илүү уран бүтээлчтэйгээ тулж ажиллах, нягт байх гээд ур чадвар их ордог уу?
 
    -Мэдээж цөөн уран бүтээлчтэй тулахад илүү амар байдаг. Нөгөө талаар бага тайзны жүжгийн нэг онцлог нь тайз, үзэгч хоёр их ойрхон байдаг. Тэгэхээр жүжигчдийн ур чадвар дээр илүү тулж ажиллах үүднээс том сорилт бий. Нөгөө талаар залуу уран бүтээлч учир туршлага дутмаг. Тиймээс энэ бүх орон зайгаа нөхөх үүднээс илүү ажиллагаа, бэлтгэл орж байгаа. 
 
-Ярилцсан танд баярлалаа.
 
-Баярлалаа
 

Т.ЦЭНД-АЮУШ: "Тусгал" жүжгээрээ эмэгтэй хүний оршихуйн асуудлыг хөндсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-17 16:08:22
    Tselmegnar : Mny bagsh vnheer sn shv tsaashdyn uram bvteeld amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-17 16:08:21
    Tselmegnar : Mny bagsh vnheer sn shv tsaashdyn uram bvteeld amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188