• Өнөөдөр 2024-05-02

С.БААТАРЦОГТ: “Цасан хуй” туужаа аглаг буйд, сэлүүхэн газар амьдрал өрнөж буйгаар бичихийг хүсэж байсан

2022-06-12,   799

-ЦАСАН ХУЙ ГЭДЭГ НЬ НЭГ ТАЛДАА САЛХИЙГ ИЛЭРХИЙЛЖ БУЙ НЭР Л ДЭЭ-

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ гэх нэрийг утга зохиол шимтэн уншигч, сонирхогчид андахгүй. Энэ хүний амьд ахуйдаа хүмүүсийн оюун санааг тэжээж ирсэн үйл хэргийг хэмжээлж баршгүй билээ. П.Батхуяг багшийн сургааль, эрдмийг өвлөж яваа шавь нарын нэг С.Баатарцогттой зургадугаар сарын 1-ний өдөр ярилцсан юм. Бид багшийнхаа зуслан дээр очиж, тарьж ургуулсан моддыг нь услах зуураа ийн хөөрөлдлөө. “Энэ нийгмийг харахаар маш том ангалын хоёр талд зогсож байгаа ч юм шиг санагддаг. Миний хүүхэд нас, залуу насны нийгэм маш зөрүүтэй, өөр харагддаг. Заримдаа гутрах үе гарахад хүүхэд насныхаа сайхан зүйлсийг боддог” хэмээн ярих залуу уран бүтээлч С.Баатарцогт оюутан ахуй цагтаа өгүүллэг болон жүжгийн зохиолоос бүтсэн “Салхины үүсэл” хэмээх ном хэвлүүлж байсан юм. Харин саяхан тэрбээр “Цасан хуй” туужаа өлгийдөн аваад байгаа билээ.

-Сайн байна уу. Танд юун түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ номынхоо тухай манай сайтын уншигчдад танилцуулахгүй юу?

         -Сайн. Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Цасан хуй” туужийг аглаг буйд, сэлүүхэн газар амьдрал өрнөж байгаагаар бичихийг хүсэж байсан. Энэ тухай бага байхдаа л мөрөөддөг байлаа. Мөрөөдлийн минь биелэл ном болоод гарсан. Гол агуулга, илэрхийлэмж бол хайрын тухай л даа. Бид Солонгосын олон ангит кино болох “Гурван марал од” киног бүгд үзсэн байх. Энэ кинонд тэнгисийн эрэгт аж төрөх асрамжийн газрын хүүхдүүдийн тухай хальт гардаг хэсэг байдаг даа. Тэр зураглалууд миний сэтгэл уягдаад үлдчихсэн. Тэндээс тайвшрал, бие биеэ хайрлах сэтгэлийг илүүтэй мэдэрч байсан. Тиймээс энэ зүйлийн тухай монгол ахуй, монгол хүний сэтгэлгээ, онцлогийг харуулсан зохиол бичих юм сан гэж хүсэж байлаа.

Хожим миний үзэл бодол төлөвшөөд амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж байхад нийгмийн асуудал нэг талдаа маш хүчтэй нөлөөлж эхэлсэн. Тэр бүхнийг уран бүтээлээрээ илэрхийлж гаргахыг зорьсон юм.

Болохгүй зүйл их байгаад бухимдаж байна. Өдөр болгон цахим ертөнцөөс маш хүнд, цочирдмоор зүйлсийг сонсож, уншиж, харж байна

-Залуу уран бүтээлчийн хувьд өнөөгийн нийгмийг хэрхэн хүлээж авдаг вэ?

          -Энэ нийгмийг харахаар маш том ангалын хоёр талд зогсож байгаа ч юм шиг санагддаг. Миний хүүхэд нас, залуу нас гээд маш зөрүүтэй өөр харагддаг. Заримдаа гутрах үедээ хүүхэд насныхаа сайхан үеийг, үйл явдлуудыг боддог. Магадгүй хүн бүхэн л "Миний хүүхэд нас яагаад тийм сайхан өнгөрсөн юм бол" гэж боддог байх. Гэвч муу бүхнийг анзааралгүй, мэдрэлгүй дэндүү сайхан орчинд өсөж, хүмүүжжээ.

Ер нь  хүн бүхэнд  дайраад өнгөрдөг цаг үе, амьдралын жаргал, зовлон байдаг болов уу.

           Одоо бол болохгүй зүйлс их байгаад бухимдаж байна. Өдөр болгон цахим ертөнцөөс маш хүнд, цочирдмоор зүйлсийг сонсож, уншиж, харж байна. Өнөөдөр л гэхэд л “"Эмээлт” захын махнуудад химийн бодис хольжээ” гэдэг гарчиг бүхий мэдээ уншлаа. Үнэхээр бухимдаж, цочирдож хүлээж авсан. Манай аав "Хэд хоног бороо орох юм бол мах усав хийчихнэ" гээд хонь төхөөрөхгүй тэнгэр хангайнхаа аясыг хүртэл хардаг. Усав хийсэн мах амтгүй, чанаргүй гээд л... Бид идээ ундааны соёлыг маш дээдэлдэг ард түмэн. Тэгтэл усав хийх байтлаа химийн хорт бодис дунд хутгаад байж байна. Энэ чинь явж явж нэг хүний асуудал биш, нийтийн асуудал байхгүй юу. Зөвхөн эндээс л ургуулаад харахад нийгэм ямар сонин болчихсон юм бэ. Тэр дундаа одооноос зөв зүйтэй сайхан нийгмийг бүтээхгүй бол бидний үр хүүхэд харанхуй замаар алхана. Тийм болохоор ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэдэг нийгмийн үзэл санаанаас гадна хувь хүнээс бас шалтгаалдаг. Тэгэхээр хувь хувьдаа хөгжиж байж энэ нийгэм урагшлах болох уу гэж боддог.

-Энгийн хүн нийгмийг ийм байна гээд хараад өнгөрөх нэг өөр хэрэг. Харин уран бүтээлч илүү соргог мэдэрч нийгмийг өөрчлөхийн тулд оюун санааны хувьд эрэл хийдэг байх гэж боддог. Тэгэхээр та “Цасан хуй” туужаараа юу өөрчлөх гэсэн юм бэ. Аль эсвэл хэтэрхий хар бараан нийгмийг цагаатгаж, хүүхэд нас руу хөтлөх гэсэн юм уу?

           -Миний “Цасан хуй” тууж бол нэг талдаа хайр дурлалын сэдэв л дээ. Хувь хүн талаасаа би энэхүү уран бүтээлээ бичиж байхад хүнд санагдаж байсан үе байсан. Ер нь хүн бүхэнд  дайраад өнгөрдөг цаг үе, амьдралын жаргал, зовлон байдаг. Бидний ихэнх л суралцаж, оюутан болоод ямар нэгэн мэргэжил эзэмшээд төгсдөг. Энэ үед амьдралын аар, саар зүйлийг аав, ээж нь зохицуулаад өгдөг болохоор нэг их юм боддоггүй юм билээ. Харин төгсөөд нэг их хоосон мэдрэмж төрж байсан. Мэргэжил эзэмших гээд явж байсан минь бодит амьдралтай нүүр тулахыг халхавчилж байсан юм шиг санагдаж байсан. Тэр үзэл бодлоо энэхүү зохиолоороо бас дамжуулж гаргасан байгаа.

Гэр, номын сан хоёрын хооронд цаг гаруй алхдаг байсан. Алхаж байхдаа зохиолынхоо тухай, өнөөдөр юу бичих вэ гээд бодно

-“Цасан хуй” тууж хэзээ таны оюун бодолд төрөөд, хэчнээн жил дуншаад, ном болон мэндэлсэн бэ. Энэ талаар сонирхолтой яриа дэлгэвэл?

             -Ямар ч зохиол бичихэд эхлэл гэдэг чухал. Эхлэл гоё байвал зохиол цаашаа хөвөрч, урсдаг. Би энэ зохиолын санаагаа 2018 онд олоод анхны мөрөө хатгасан. Их сургуулиа төгссөнийхөө дараа энэ санаагаа зохиол болгоно гээд бодоод явж байсан. Харин эхэлснээсээ хойш дунд нь гацчихсан юм л даа. Тиймээс 2019 оноос ерөнхийдөө тууштай сууж, бага багаар бичээд байлаа. Мөн нэг хэсэг ажил хийхгүй, өглөө болгон Хүүхдийн төв номын санд очиж суудаг байсан. Өглөөний хэдхэн цагийг өөртөө зарцуулна. Гэр, номын сан хоёрын хооронд цаг гаруй алхдаг байсан. Алхаж байхдаа зохиолынхоо тухай, өнөөдөр юу бичих вэ гээд бодно.

“Цасан хуй” зохиолын гол дүрийн залууд богинохон хугацаанд тохиолдсон зүйл насан туршид нь сэтгэл, зүрхэнд нь мөнхөрч үлдэнэ гэдэг ямар гайхалтай, үнэ цэнтэй байгааг хүмүүс уншаад ойлгох биз ээ.

-Өнөөдрийн нийгэм яг үнэндээ таны хэлдгээр хар бараан нь илүүтэй байна. Ийм хар бараан дундаас таны гэгээн хайрыг олж, харж “Цасан хуй” туужийг бичсэн тань сонирхол татаж байна л даа?

              -Миний хувьд хайр дурлал дээр хүмүүс илэн далангүй байх ёстой юм шиг санагддаг. Ер нь хайр дурлал гэдэг өөрөө их гоё зүйл шүү дээ. Би хайрыг нэг талдаа хүнд маш гоё хүмүүжил олгодог гэж боддог. Хайр дурлалгүйгээр энэ хорвоо ертөнц оршин тогтнох ямар ч үндэс байхгүй. “Цасан хуй” зохиолын гол дүрийн залууд тохиолдсон үйл явдал богинохон хугацаанд болоод өнгөрнө. Тэр богинохон хугацаанд болоод өнгөрсөн зүйл насан туршид нь сэтгэл, зүрхэнд мөнхөрч үлдэнэ гэдэг ямар гайхалтай, үнэ цэнтэй байгааг хүмүүс уншаад ойлгох биз ээ.

-“Цасан хуй” туужийг бичиж байхдаа зохиолынхоо дүрээр амьдрах тохиолдол гарч байсан уу. Дүрийнхээ өмнөөс шаналж, тайтгарч, юмс үзэгдлийг мэдэрч байв уу?

             -Энэ зохиолын гурваас дөрвөн жилийн хугацаанд бичсэн. Мэдээж өдөр болгон зууралдаад л нэг нэг өгүүлбэрээр ахиулаад байна гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар дүр бүрийнхээ амьдралаар амьдарч, өмнөөс нь сэтгэж, хэлэх үгийг нь хүртэл цэгнэдэг байлаа. Үүнээс гадна төсөөлж байсан дүртэй минь ойролцоо хүн энд тэнд таарах тохиолдол гардаг. Зарим дүрүүдээ энэ нийгмээсээ л хайсан. Бичихгүй өдөр маш олон байсан ч зохиолынхоо тухай бодохгүй өдөр гэж байгаагүй.

Асрагч ээжийн өмнөх амьдрал, дүү нартаа хэлж амжаагүй үгс гээд л тэр бүхнээ дэлгэж чадалгүй хөөрхий хувь тавиланд хучуулдаг.

-“Цасан хуй” зохиолын нэг дүрийг амилуулаад тантай уулзуулах боломж олговол та хэнтэй нь уулзах вэ?

          -“Цасан хуй” зохиолд асрагч ээж гээд дүр гарч байгаа л даа. Тэр дүртэйгээ л уулзаж сайхан ярилцаж суумаар байна. Яагаад гэхээр тэр дүрээ жаахан дутуу илэрхийлсэн ч шиг санагдаад байдаг юм. Зохиолын гол шугамаа алдахгүйн тулд хөөрхийлөлтэйгөөр төгсгөхгүй бол болохгүй байсан. Хамгийн сүүлд гол дүрийн Уужим гэж залуутай уулзахад ухаан санаа нь эрүүл биш болчихсон маш өрөвдөлтэй харагддаг. Асрагч ээжийн өмнөх амьдрал, дүү нартаа хэлж амжаагүй үгс гээд л тэр бүхнээ дэлгэж чадалгүй хөөрхий хувь тавиланд хучуулдаг.

 

Миний хувьд хайр дурлал дээр хүмүүс илэн далангүй байх ёстой юм шиг санагддаг

-Таны өмнө нь гаргаж байсан номны нэр “Салхины үүсэл”. Одоогийнх “Цасан хуй” гэхээр таны хувьд салхи ямар нэг учиртай байх гэж бодлоо. Тэгэхээр таны хувьд салхи гэж яг юу вэ?

           -Би анхныхаа номд нэр өгөх гээд төөрөлдөж байгаад хоёр хүний яриан жүжгээрээ нэрлэсэн. Тэгээд л Салхины үүсэл гэдэг ном маань бүтсэн. Уг бүтээлдээ би салхийг өөрийнхөөрөө илэрхийлэхийг зорьсон. “Салхи хорвоо ертөнцийг ариусгаж байдаг. Салхи ертөнцийг үүсгэсэн. Салхины эрч сулрахаас салхи хэзээ ч зогсдоггүй. “Цасан хуй” ч гэсэн нэг талдаа салхиа л илэрхийлж байгаа.

-БАГШ МИНЬ ШАВЬ НАРЫГАА ИЛҮҮ ЧАНАРТАЙ БҮТЭЭЛ ТУУРВИХЫГ НЬ ХАРАХ, ТҮҮГЭЭРЭЭ БАХАРХАЖ СУУХ ХҮСЭЛТЭЙ БАЙСАН ДАА-

-Төвдөд хэчнээн жил болсон шавилж, эх орондоо ирээд хамгийн түрүүнд ээж, аавдаа мөргөдөг шүү дээ. Үүнтэй адил өөрийгөө уудалж, оюун санаагаа зарцуулж бичсэн энэхүү туужаа та багшийнхаа гар дээр тавьж чадсангүй. Номоо хэвлэлтээс аваад багшийгаа  үгүйлж, санаж, дурсав уу?

           -Би хотод ирж үзээгүй байж байгаад есдүгээр ангид сурахаар анх ирж байлаа. Олигтойхон идээшиж чадахгүй байсаар хүрээ хотоос нутаг руугаа буцсан. Миний төсөөлсөн шиг, хүсэж мөрөөдөж байсан газар биш байсан. Энэ хүмүүс биднээс ямар өөр юм бэ гэдгийг өсөж төрсөн газраасаа холдоод мэдсэн л дээ. Үүний дараа арга буюу боловсрол эзэмшихээр нэг ёсондоо аав, ээжийнхээ гар дээрээс их сургуульд орсон. Тэр үед ижий, аав шиг минь дотно санагдсан хүн бол П.Батхуяг багш маань юм. Багшийн уран бүтээлүүдийг уншихаар хурц ширүүн, өөрийн хэлэх гэсэн үзэл бодлоо маш хүчтэйгээр илэрхийлж чаддаг. Нийгмийн том дуу хоолой болсон хүн байсан. Харин хувь хүн нь маш зөөлөн, ямар нэг зүйлд хүлээцтэй байж чаддаг. Мөн хүнийг ойлгож, ярилцаж чаддаг. Энэ бүхэн надад үнэхээр гоё, гүн сэтгэгдэл үлдээсэн. Зарим үед найз шиг байж чаддаг үнэхээр гайхалтай хүн байсан шүү, багш минь. Номоо хэвлэлтээс авчихаад хамгийн түрүүнд багшийнхаа номын өргөөнд залсан. Энэ гайхалтай эрхэм хүмүүнд “Цасан хуй” туужаа гардуулж өгч чадаагүйдээ маш харамсалтай байгаа. Гэхдээ яах вэ, багш минь биднийг дээрээс хараад хэрхэн хөдөлмөрлөж, амь зууж, оюун санаанд нь ямархан өөрчлөлт орж байгааг харж байгаа гэж бодож байна.

Багшийн уран бүтээлүүдийг уншихаар хурц ширүүн, өөрийн хэлэх гэсэн үзэл бодлоо маш хүчтэйгээр илэрхийлж чаддаг. Нийгмийн том дуу хоолой болж чаддаг хүн байсан

-Таны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу вэ. Энэ талаар яриа дэлгэж болох уу?

             -Би нэг талдаа багшийнхаа нөхөөс нь байхгүй юу. Ер нь маш олон нөхөөс байж л энэ агуу хүнийг орлох болов уу гэж боддог. Багшийгаа бурхан болсны дараа сэтгэл санаагаар маш их унасан. Багш амьд ахуй цагтаа “Чи магистртаа гялс сур. Би чамайг удирдана. Хоёулаа гоё бүтээлтэй төгсөнө. Чи бол жүжгийн зохиол илүү сайн бичнэ” гэдэг байсан. Тэгээд би магистраа багшаараа удирдуулаад хамгаалахаар болоод байсан ч харамсалтай зүйл тохиосон. Тиймээс сургуулиа хаяна гээд шийдчихсэн байлаа. Гэтэл СУИС-ийн ТУС-ийн захирал Д.Даваасүрэн намайг дуудаж “Чи магистраа заавал төгс. Чамд энэ хавар их сургуульд багшлах цаг зав хэр байна” гэсэн. Би ч өөрийнхөө бодлыг үнэнээр нь хэлсэн. Гэтэл Даваасүрэн захирал “Юу гэж ингэж болох юм бэ. Бид П.Батхуяг гэдэг хүний үйл хэргийг үргэлжлүүлэх, үзэл санааг нь дэлгэрүүлэх хүнийг хайж байна. Тиймээс энэ хүний шавь нараас нь сургуульдаа авч үлдье гэж бодож байгаа” гэсэн. Хэсэг хугацаанд нухацтай бодож үзсэнийхээ дараа би их сургуульдаа багшлахаар шийдсэн. Магистрын сэдвээ хүртэл өөрчлөөд, багшийнхаа жүжгүүдийг судалж, шинжлэхээр болсон.

 Багшийгаа бурхан болсны дараа сэтгэл санаагаар маш их унасан

              Манай багш үнэхээр хурдтай хүн байсан. Уран бүтээл дээр ч, ажил хэрэг дээр ч хурдан шуурхай хүн байлаа. Хэдэн жилийн өмнө “Аз хур” номын дэлгүүр, “Монголын Зохиолчдын Эвлэл” хамтраад “Монгол тууж” уралдаан зарласан байсан. “Багш тэр уралдаанд өгөхөөр нэг зохиол бичиж байгаа гэсэн юм. Сэдэв, санааг нь асуутал "Нохойтой тууж бичиж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “Би ч гэсэн нохойтой зохиол бичиж байгаа” гэлээ. Гэтэл багш “Тэгвэл хоёулаа хэн нь илүү болохоо харъя” гэж билээ. Багш ч цаг тухайд нь “Нохой далайн зомгол” нэртэй туужаа бичиж дуусгасан. Тэр уралдаанд хоёрдугаар байр эзэлснийг санаж байна. Би яах вэ хойш сууж, төгсгөж чадахгүй байсаар зохиолоо дуусгаагүй. “Нохойн жиг” хэмээх бас удаан дуншсан туужаа, нэг өгүүллэгийн түүврийн хамт ирэх намраас гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь багшийн хүсэл шавь нарыгаа өөрөөс нь илүү бүтээл туурвиасай гэж хүсдэг байсан. Тиймээс ч “Та нар надаас илүү зохиолч болох ёстой. Чадахгүй бол миний шавь гэж хэлээд ямар ч хэрэггүй” гэдэг байсан. Анзаараад байхад зарим багш шавийгаа өөрийнхөө доор байлгахыг хүсдэг юм билээ. Харин манай багш шавь нарыгаа илүү чанартай бүтээл туурвихыг нь харах, түүгээрээ бахархаж суух хүсэлтэй байсан даа.

 

 


С.БААТАРЦОГТ: “Цасан хуй” туужаа аглаг буйд, сэлүүхэн газар амьдрал өрнөж буйгаар бичихийг хүсэж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 22:54:36
    Одоо боль: Энэ худлаа шаасан хөөрсөн хүүхдүүд боль. Одоо хөрсөн дээрээ буу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188