• Өнөөдөр 2024-04-20

Ц.МӨНХБОЛД: Би гэрийнхээ хамгийн хөгжилтэй, хамгийн худалч хүүхэд нь байлаа

2022-06-07,   1153

            “Яагаад ч юм ярихаасаа илүү боддог болж намба суугаад байх юм” хэмээн инээмсэглэх эрхмийг Цэнд-Очирын Мөнхболд гэдэг. Та бидний мэдэх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд дэлгэцийн уран бүтээлийн анхны дүрээ бүтээж байсан тэрбээр одоо студи байгуулан кино зураглаачаар ажиллаж байгаа билээ.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин мэргэжил эзэмшсэн замналаасаа хуваалцаач?

      -Сайн байна уу, Кино урлагийн дээд сургуулийг 2015 онд жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. 2013 онд анхны кинондоо тоглож байлаа. Одоо бол кино зураглаачаар ажиллаж байна.

-Яагаад жүжигчнээс кино зураглаач болж өөрчлөгдөв?

     -Манай аав зураач, кино зураглаач, ер нь л зураачтай холбоотой мэргэжил. Зүгээр энгийн зураглаач биш, кино зураглаач гэдэг найруулагчийн хүсэж байгаа өнцөг, өнгө төрхийг уран зураг шиг харагдуулахын тулд ажилладаг. Багаасаа л надад "Би урлагийн хүн болох ёстой" гэсэн бодол төрдөг байлаа. Тэгээд урлагийн хүн гэхээр жүжигчин гэдэг үг л орж ирдэг. Арван жилээ төгсөөд ганцхан сургуульд шалгалт өгсөн нь Кино урлагийн дээд сургууль байсан, тэр сургуульдаа ч тэнцсэн. "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд тоглосны дараа өөр хэд хэдэн кинонд тоглосон. Зарим зүйлээс шалтгаалж "Би жүжигчин болж бол чадахгүй юм байна" гэж санагдаж эхэлсэн. Тэгж санагдсан учир нь би өөрөө үнэхээр дуртай байсан бол юу ч хамаагүй хийгээд явах л байсан. Кинонд тоглох санал ирсэн ч тогломооргүй санагдана гэдэг чинь дүр бүтээх нь миний хийх ажил биш гэсэн үг шүү дээ. Би олон ажил хийсэн, Юнител группт менежер, төрийн албанд хүртэл ажилласан. Тэгж байгаад түрүү жилээс кино урлагтаа зураглаачаар ирсэн гэх үү дээ. "Тал нутгийн зомби" кинонд нэг найз минь ажиллаж байгаад, хамтрах санал  тавьж, тус кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан. Дараа нь их сургуулийн найзтайгаа "Молко" киноны зураглаачаар ажиллалаа. Тэндээс “Би зураг авах ёстой юм байна. Миний чадах зүйл, дуртай зүйл зураг, зураглал юм байна” гэж ойлгож, мэдэрсэн.

-Зураглаачаас дахиад өөр ажил хийх болов уу. Мэргэжлээсээ өөр ажил хийх ямар байна вэ?

        -Одоо хувирахгүй байх. Би нэг тийм удаан хүн юм болов уу. Гэхдээ тийм тайван, хүлээцтэй бол биш, аливаа юманд хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Ингээд бодохоор чухал гэж бодсон зүйл дээрээ илүү их төвлөрч боддог бололтой. Би тийм сайн зураглаач биш л дээ. Гэхдээ надаас гарч байгаа чармайлт, уран бүтээлийн эцсийн үр дүн сайн байгаад баяртай байгаа. 

-Жүжигчин учраас хүмүүс танина шүү дээ. Хүмүүсийн таньж, хүндэлж байгааг мэдрэх ямар байдаг вэ?

    -Яах вэ, ганц нэг хүн танина, “Жүжигчин бил үү” гэж асууна. Гэхдээ тэр нь надад сонин санагддаг. Миний хувьд олны танил болох дуртай биш, танигдмааргүй байдаг.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

    -Хамгийн хөгжилтэй, хамгийн худалч хүүхэд нь байлаа. Яагаад ч юм их худлаа ярьдаг хүүхэд байсан. Хүүхдийн өссөн орчин амьдрал, зан авирт нөлөөлдөг гэж үнэн. Одоогийнх шиг байнга амттан, гоё сайхан юм гэрт нь байнга байдаггүй. Тэгэхээр гоё юмтай айлд орохоороо сонин содон юм ярьж өгөөд идэх юм авдаг. Хүний ая талыг олж, аргалж сурсан тийм л хүүхэд байсан даа. 

-Одоо худлаа ярьдаг уу?

    -Одоо бол аль болох худлаа ярихгүйг хичээнэ. Гэхдээ бүүр худлаа ярихаас өөр сонголтгүй үе ирнэ. Гэхдээ тэр нь бусад хүнд  гэм хоргүй, цагаахан яриа байдаг.

-Анх тоглосон киноныхоо тухай дурсамж яриач?

    -Сайхан дурсамж шүү. Хоёрдугаар курс төгсөх жил сургууль дээр урлагийн наадам болоод тэр наадамд Д.Ганцэцэг эгч шүүгчээр ажиллаж байсан юм. Тэр үеэр Ганаа эгч дүрийн сонгон шалгаруулалтад орох санал надад тавьсан. Тэр шалгаруулалтад тэнцээд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинондоо тоглоод, нэг сая төгрөгийн цалин авч байлаа. Тэр үед чинь дотроо “Хөөх, ямар их мөнгө вэ” гэж бодоод, ямар их догдолж байсан гээч. Кино маань дараа жилийнх нь есдүгээр сард нээлтээ хийж, олон хүнд хүрсэн. Жүжигчин хүн чинь сайхан хувцаслаж, сайхан харагдах ёстой. Гэтэл би тийм биш байсан. Энгийн л өөрийнхөөрөө хувцасладаг гэх үү дээ. 

-Кинонд тоглоод олны танил болоод очихоор ангийнхан нь хэрхэн хүлээн авсан бэ?

    -Манай сургуулийн хүүхдүүд надад дургүй, намайг нэг их зантай амьтан гэж хардаг байсан байх. Тэр үед кинонд тоглож, олны танил болсноороо онгирох ёстой байжээ. Гэхдээ манай багш нар их дардаг байсан, тэр нь ч зөв байж.

-Нэг уран бүтээл, нэг кино хийх гэж цаг хугацаа их, баг хамт олноос тэсвэр тэвчээр шаарддаг юм билээ. Гэхдээ цалин, үнэлгээ муу байдаг. Энэ тухайд хэлэх зүйл бий юү?

    -Их завгүй байдаг ч тэгж ажиллах нь их буруу. Тэгж ажиллаж байгаа нь зөвхөн мөнгөтэй холбоотой шүү дээ. Миний харж байгаагаар кино хоёр төрөлтэй байна. Хэдий хүн урлаг хийж байгаа ч амьдрах хэрэгтэй. Бага зардлаар кино хийгээд тэр мөнгийг нь 1-2 нугалаад авмаар байдаг. Гэтэл тэгж хийсэн кино юм болдоггүй. Үүнээс болж л муу уран бүтээлүүд гардаг. Нөгөөх нь бол байгаа бүхнээ зориулсан юухан нь ч хүний сэтгэлд хүрээд байгаа уран бүтээлүүд юм. 

-Анх жүжигчин мэргэжлийг сонгоход, одоо кино зураглаачаар ажиллаж байгааг гэр бүлийнхэн нь хэр дэмжсэн бэ?

       -Манай гэр бүл миний юунд ч оролцдоггүй. Одоо бол эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байна. Удахгүй хоёр дахь хүүхэд минь төрнө. Аав, ээж хоёр минь миний амьдралд оролцдоггүй. Намайг “Ажилд ор, мөнгө ол” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Нөгөө талаар би тиймэрхүү асуудал гаргадаггүй болохоор надад итгэдэг байх.

-Одоо хийж байгаа ажилд нь жүжигчин мэргэжил эзэмшсэний тус гарч байгаа юу?

    -Уран бүтээлчдийн дүрийнх нь зорилго дээр арай илүү ажиллаж, тусалж өгмөөр санагддаг. Жүжигчин хүн зорилготой тоглох ёстой. Эмчийн дүр бүтээж байгаа бол шалдан зогсож байсан ч чи эмчээр л харагдах ёстой. Найруулагч, зохиолч хэлэх ёстой үгийг нь биччихсэн байгаа. Гэхдээ хийх ёстой үйлдэл бүрийг нь найруулагч хэлж өгөхгүй. Харин жүжигчид өөрсдийн хүслээр, төсөөллөөр, ур чадвараар дүрээ бүтээх, амилуулах, тоглох ёстой. Дүр дээрээ ажиллах, зорилготой байж чадахгүй байгаа зэрэг зүйлсийг жүжигчдээс анзаардаг ч найруулагчийнхаа хажуугаар орж, илүү үглэх нь зохисгүй санагддаг. Иймээс жүжигчин болъё гэж зорьж л байгаа бол зорилготой, илүү хөдөлмөрч байгаарай л гэж хэлмээр байна, залууст. 

-Хүүхэдтэй болж байгаагаа мэдэх, төрснийх нь дараа харах гоё байсан уу?

      -Их сонин мэдрэмж авдаг юм билээ. Эхнэрийнхээ гэдэс рүү хараад "Энэ дотроос миний хүүхэд гарч ирнэ" гэж бодохоор гайхмаар мэдрэмж байдаг. Ер нь анх жирэмсэн болсныг нь мэдэх хамгийн гоё байдаг юм билээ. Нэг тийм итгэмээргүй санагдаад, ер амьдралдаа авч байсан хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг тэр байсан. 

-Зураглаач болохоосоо өмнө нэг уран бүтээлд тоглосон байсан уу?

    -“Түүх мартахгүй” уран сайхны кинонд Цэдэнбал даргын туслахын дүр миний царай төрх адилхан байсан учраас тоглосон. Түүхэн кинонд тоглох сайхан байсан.

ТОГЛОСОН КИНОГОО ҮЗДЭГГҮЙ

-Жүжигчин хүн бүрд бүтээхийг хүссэн дүр байдаг шүү дээ. Таны хувьд дахиад кинонд тоглох санал ирвэл тоглох уу, ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

        -Киноны санал ирвэл зохиолыг нь уншина, зохиол нь таалагдвал тоглоно. Миний хувьд нэг тийм зэвүүн дүрд тоглохыг хүсдэг. Киноны төгсгөлд тэсрэлт хийхээр дүр. Хүмүүст сайн хүн гэж харагдаж, хайрлагдаж байгаад төгсгөлд нь хамгийн муу хүн нь байдаг. Эсвэл хүн бүрт хамгийн хогийн хүн шиг харагдаж байгаад үнэхээр сайн хүн байдаг. Тийм л дүр бүтээхийг хүсэж байна. Гэхдээ би өөрөө кинонд тоглохгүйгээр шийдсэнээсээ хойш жин нэмээд, одоо бол өөрийгөө голж эхэлсэн. Гэхдээ зарим эрэгтэй жүжигчний хувьд нас, царай  нь тогтоод урлагийн карьер нь эхэлдэг гэдэг юм билээ.

-Өөрийнхөө тоглосон киног үзэх ямар байдаг вэ?

      -Ёстой киногоо үзэхгүй шүү дээ. Нэг тийм, хоёр төмрийг хооронд нь зурахад гарах дууг сонсоод бие эвгүйрхдэг дээ, яг тэр мэдрэмжийг авдаг. Өөрийнхөө тоглосон киног бүтэн үзсэн тохиолдол байхгүй, ичээд байдаг юм. Нүдээ алгаараа хаагаад, хурууныхаа завсраар киногоо үзнэ.

-Кино зураглаачийн ажлын онцлог нь юу юм бэ ?

    -Би гэрэл зураг авахдаа тааруу. Гэхдээ кино зураглаачийн хувьд чи өөрийгөө ямар нэгэн байдлаар төсөөлнө дөө, “Би ийм машин аваад тэр машинаасаа ийм хувцастай бууж ирнэ” гэх мэтээр. Энэ төсөөллийг төсөөлөх үед ямар мэдрэмж өгч байгаагаас шалтгаалж, харж байгаа тэр өнцгийг зураглаач гаргадаг. Зохиолч жүжигчин киноныхоо зохиолыг уншаад төсөөлсөн дүрслэл нэг өөр, зохиолчийнх, найруулагчийнх өөр ингээд тэр кино багт ажиллаж байгаа хүн бүрийн төсөөлөл, өнцгөөс кино бий болдог. Ер нь зураглаач зохиолоо уншаад тэр киног сэтгэхүй бодолдоо үзсэн анхны үзэгч нь байдаг.

-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж, юуг хамгийн түрүүнд захина гэж боддог вэ?

      -Би охиноо бол хоол хийж, гэр цэвэрлэж сураасай гэж боддоггүй. Дүүгээ сайн хараасай ч гэж хүсдэггүй. Учир нь, дүүгээ харах гэж миний охин төрөөгүй. Айлын бэр болж, хоол хийж амьдруулахын тулд л хүүхдээ хүмүүжүүлж, өсгөх ёсгүй. Манай охин одоохондоо зураг авах, зураг зурах дуртай. Ирээдүйд юунд дуртай болохыг нь мэдэхгүй. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл нь ирээдүйд ямар хүмүүстэй найзалж нөхөрлөх бол гэдэг байна. Охиноо том болохоор өөрийнх нь сонирхлоор л явуулна гэж боддог доо. 

 ОХИДОО АЙЛ БЭР БОЛГОХ ГЭЖ ӨСГӨХГҮЙ

-Хамт ажиллаж байгаа багийнхнаасаа их зүйл сурдаг уу?

     -Олон ажил сольж хийхдээ тэр ажил болгоноосоо “Яг ийм юм сурчихлаа” гээд гарахгүй ч далд ухамсартаа ямар нэгэн  зүйлийг сурчихсан л байдаг. Энэ хамт олноос их зүйл сурна. Ямар нэгэн зүйлийн талаар ярьж байгаад хамт ажилладаг хүн маань миний гаргаж чадаагүй, төсөөлгүй хувилбарыг гаргаад ирдэг. Тэр үед  “Би яагаад энэ санааг олж гаргаж чадсангүй вэ” гээд бодно, нөгөө хүнээсээ суралцана. Миний хувьд одоо ярихаасаа бодох нь илүү болж, өөрийнх эрхгүй намба суучихаж.

-Таны хувьд урам гэж юу вэ?

    -Хамгийн гоё юм. Миний хувьд урмаар л амьдарч байна. Миний эхнэр надад харамгүй урам хайрладаг. Би чинь жаахан юман дээр л баярладаг хүн. Намайг баярлахаар манай эхнэр дагаж баярлана, ингээд жаахан юман дээрээс л амьдрал маш гоё санагдана. Хүнд урам өгөх үнэхээр хэрэгтэй юм билээ. Би одоо л хүнд урам өгч сурч байна.

-Хоёулаа нэгэнт урмын талаар ярьсан юм чинь залуучууддаа хандаж үг хэлээд яриагаа төгсгөх үү?

    -"Өөртөө үнэнч найз нь байгаарай" гэж хэлмээр байна. Өөрийгөө шүүмжлээд, урамшуулдаг үнэнч найз нь байгаарай. Нэг удаагийнхаа алдааг мартах гэж хичээгээд “Би дахиж тэгэхгүй юм чинь санамааргүй байна” гэж өөрийгөө хаацайлдаг биш, “Чи үнэхээр тэнэг зүйл хийсэн, дахиж алдаа гаргахгүйн тулд үргэлж чамд сануулна” гээд өөртөө үнэнчээр ханддаг байх хэрэгтэй.  Юу ч байсан хийж чадах чадвартай, ус шиг л байх хэрэгтэй.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Танай хамт олонд ажлын амжилт хүсье, баярлалаа.



 


Ц.МӨНХБОЛД: Би гэрийнхээ хамгийн хөгжилтэй, хамгийн худалч хүүхэд нь байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188