• Өнөөдөр 2024-04-26

Ц.БАТ-ОРГИЛ: “Мөнх Тунх” анимейшны анхны ангийг цацчихаад хэдэн минут цахим ертөнцөд ороогүй

2022-06-01,   1572

     Хүүхдүүдийн дуртай “Мөнх Тунх” анимейшны Басар, залуучуудын дунд трэнд болсон “Оннц Дүмд” анимейшны Дамбжаа ноён гэсэн дүрүүдэд дуу оруулсан “Gertoon” анимейшн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Цолмонжаргалын Бат-Оргилтой ярилцлаа. Түүний хувьд багаасаа кино зохиогоод хүмүүст яриад өгчихдөг сэргэлэн хүүхэд байжээ.

 

-Танд өдрийн энэ өдрийн мэнд хүргэе. “Gertoon” анимейшний хүрээнд төлөвлөсөн ажлууд ихтэй, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байх шиг байна. Манай уншигчдад Мөнх Тунх анимейшн яаж үүсэн талаар ярьж өгөөч ?

    - Бид анх “Beer Night” студи дээр “Оннц Дүмд” анимейшнийг хийж байсан.  Тэндээс “Beer Night” тоглоом хөгжүүлэлт хийгээд миний хувьд хүүхэлдэй кино  буюу анимейшныг дутуу хийгээд орхичихсон юм шиг санагдаад байсан юм. Тэгээд өөрөө зохиол бичиж эхэлсэн. Дараа нь хүүгээ төрөхөд хүүхэлдэйн кино хийх хүсэл минь илүү их бадарсан. Тиймээс хоёр, гурван хүнтэй нийлээд анимейшн хийж эхэлсэн, харин одоо манай баг 16 хүний бүрэлдэхүүнтэй өнөр, өтгөн болжээ.

-Оргилсон их хүсэл тэмүүллээр анимейшн хийх ажилдаа шамджээ. Төсөөлсөн шиг нь амархан байж чадсан уу ?

    -Мэдээж анимейшн хийх явц нь анхаарал, тэвчээр шаардсан ажил. Учир нь нэг секундэд хэдэн үйл хөдөлгөөн хийгдэж байгаагаар хүний нүдэнд харагдах уу гэдэг дээр ажиллана. Тэр үйл хөдөлгөөн өмнөх хөдөлгөөнөөсөө ялгарч харагдаж байна уу гэдгийг харахын тулд нэг секунд, бүүр нэг дольтой ажилладаг. Мэдээж олон хүнд зүйл тохиолдож байсан. Гэхдээ өөрсдийн дуртай ажлаа хийж байгаа учир томоохон асуудал байгаагүй ээ. Гол нь бид өөрсдийн төсөөллийн ертөнцийг үүсгэж ажиллаж байна. Анимейшн  бол хязгааргүй орон зай, юу ч дүрсэлж болдог юм.

-Таны хувьд Мөнх Тунх анимейшны ямар дүрд дуу оруулж ажиллаж байна ?

    -Мөнх Тунх анимейшнд  Басарын дүрд хүүхдийн, сахилгагүй зангаа шингээж дуу оруулсан. Өөрийнхөө хоолойгоор Арвай гэж ахынх нь дууг оруулдаг.

-Дуу оруулагч гэдэг ганцхан дүрд дуу оруулдаггүй юм билээ. Олон дүрд хоолойныхоо өнгийг өөрчлөн ажиллах тийм ч амар биш байх. Үүнээс гадна эрэгтэй дуу оруулагчид "байнга хоолойгоо өөрчлөх хэцүү байдаг" гэсэн ?

    -Дуу оруулахдаа тухайн үед мэдрэгдэж байгаа мэдрэмжээрээ дагана. Хамгийн анх олон дүрд хоолой өөрчлөхийн тулд “Оннц Дүмд” анимейшн  Дамбжаа, Гомбожоо, Сандаг гурав хамт  суугаад яриад гурван өөр хоолой гаргах хэрэгтэй болсон. Хүн бүрийн хоолойнд арилахгүй нэг өнгө байдаг, тиймээс дүрүүддээ өөр, өөр хоолойгоор сонсогдохын тулд тухайн үеийн мэдрэмж, ааш зан дээр нь ажиллаж эхэлдэг.  Ааш занг нь өөрчлөхөөр өөр хүн байна гэж хүлээж авдаг.  Эмэгтэй дуу оруулагчид хоолойгоо өөрчилж хүүхдийн дүрд дуу оруулах боломжтой. Гэтэл эрэгтэй хүний хоолойны өнгө нэг бүдүүрсэн бол нарийсгах боломжгүй төвөгтэй байдаг.  Тэгэхээр хоолойны өнгөнөөс илүү ааш зан дээр нь ажиллаж эхэлнэ гэсэн үг л дээ.

-Ямар зан, раншинтай хүүхэд байв. Үүнээс гадна мэргэжилээ хэрхэн сонгож байсан бэ?

    -Багадаа их чөлөөтэй, найзууд дундаа маазарч инээлдэж байдаг, нийтэч хүүхэд байсан. Сэтгэл түгшээсэн зүйлд дургүй хүүхэд байлаа. Багадаа хамаатныхаа дүү нарыг цуглуулж байгаад кино зохиогоод ярьчихдаг. Кино зохиол, шүлэг бичдэг байсан минь их нөлөөлсөн байх.

-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Яагаад кинонд дуу оруулахаар болсон бэ?

    -Ажлын байран дээр гарсны дараа л хүн өөрийгөө мэдэрдэг юм билээ. Сэтгүүлчээр ажиллах гоё байсан ч график талын зүйл илүү их намайг татсан. Тэгээд татагдсан зүйлээ хийж эхлэхээр бүх зүйлийг эхнээс нь сурах шаардлагатай болсон. Дуу оруулах, зурах гэх мэтчилэн ажлууд ар, араасаа гарч ирсэн. Дараа нь “Мөнх Тунх” анимейшн хийгдэж эхлэхэд бүүр ч их ажилтай  болсон, зохиол бичих, найруулга хийх гээд бүр их зүйл сурч байгаа  юм. Тэгээд сэтгүүлчээс зохиолч, найруулагч болж байлаа. Анхны дуу оруулсан мэдрэмж  үнэхээр гоё, дуу оруулалтын өрөөнд найруулагч шилэн цонхны цаана намайг сонсоод би  микрофон дээр яриагаа эхэлсэн чинь найруулагч чимээгүй  инээх гэж хичээж байгааг хараад илүү их урам авсан. Тухайн мэдрэмжээрээ зохиол дээр байгаа үгээ илүү сайжруулж хэлнэ. Дуу оруулагч жүжигчин байна гэдэг камерт дүрс бичигдэхгүй учраас хүний ичих булчирхай ажиллахгүй. Миний царайг олон хүн харахгүй учраас хүссэн дуу авиагаа гаргахын тулд янз бүрийн сонин, хачин царай гаргана.

-Уран сайхны кино болон анимейшнид дуу оруулах хоёр өөр техник шаардах байх. Уран сайхны кинонд дуу оруулж байхад дуу оруулах жүжигчин ээ харж, сонсож дуу оруулдаг. Тэгвэл анимейшнд хэрхэн дуу оруулдаг юм бэ?

    -Энэ тал дээр бол хүндрэлтэй зүйл байхгүй миний оруулсан дуун дээр анимейшн зурагддаг. Дуу оруулагч эхлээд өөрийнхөө мэдрэмжээр зохиолоо уншиж амилуулаад дараа нь “Энэ үг хэллэг дээр ийм царай гаргасан байх” гэх төсөөллөөр анимейшны царай төрх, үйл хөдлөл зурагддаг.

-“Мөнх Тунх” анимейшн олон хүнд хүрч байна. Олон хүнээс сайшаал хүртэж, хүүхэд бүр үзэж, дууг нь даган дулж байна шүү дээ. Энэ амжилтаа хараад ямар мэдрэмж авдаг вэ?

    -Үгээр  хэлэмгүй мэдрэмжийг авсан. Үе давж, даалгавар биелүүлдэг тоглоом тоглоод ялсны дараа нэг аз жаргалтай мэдрэмж авдаг. “Мөнх Тунх”-тай хамт манай баг түүхийн нэг хуудсанд үлдэж байгаа юм.

-Дуу оруулагчийн хувиар  тохиолдож байсан сонирхолтой, хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач ?

    -“Оннц Дүмд” анимейшны Дамбжаа ноёнд дуу оруулдаг байхад найз нөхөд гэр бүлийн гишүүд хэн нэгэнд мэндчилгээ хэлүүлнэ. Тэр дундаас хөгжилтэй ч гэх үү, харамсалтай ч гэх үү нэг явдал болсон. Эхнэртэйгээ танилцаж хүүхэдтэй болоогүй байсан үе. Нэг бүсгүйтэй харьцдаг, мессеж бичдэг байсан юм л даа. Тэгсэн нэг өдөр “Та Дамчаа ноёныхоо хоолойгоор манай найз залууд мэнд хүргээд өгөөч” гэдэг юм даа. Би чинь бүр танилцаад  их дажгүй явж байна гэж бодож байсан бүр гайхширч, байдалд орж байсан даа.

-“Мөнх Тунх” анимейшнд олон дуу байгаа.  Дуугаа хэрхэн хийдэг вэ ?

    - Дуу хийх бол бидний хамгийн дуртай ажил. Манай дууны найруулагч Түвшин гэж залуу бий. Бид СУИС-д суралцаж байхдаа “Дуу хийдэг өрөө” гэж нэрлэсэн өрөөтэй байлаа.

-Энэ их ажлын ард гарахад сайн сайхан, гунигтай гээд олон л асуудал байсан байх. Эндээс хамгийн дурсамжтайгаа ярьж өгөөч?

    - Энэ хугацаанд хэцүү, буцаад явмаар шантарсан үе тохиогоогүй. Учир нь биднийг нэг хүсэл тэмүүлэл, дуртай ажил минь холбосон. Саад бэрхшээлийн хувьд  сар бүр тавигдах цалин хэрэгтэй, санхүүгийн тал дээр жаахан хэцүү байсан. Гэхдээ “Чи хамгийн хайртай юм аа хийдэг бол, амьдралдаа ганц ч цаг ажиллахгүй” гэж миний хамгийн дуртай үг шиг, гэрээсээ ажил дээрээ ирэх, буцаад явах тэр цаг мөч адилхан л гэр шиг байдаг. Ажлын хамт олон ах дүү шиг л байна.  

Чи хамгийн хайртай юм аа хийдэг бол, амьдралдаа ганц ч цаг ажиллахгүй

   Хамгийн эхний анги олон нийтэд цацаад бүгд цахим хэрэгслээ унтраагаад 10 гаруй минут суусан. Нэг бол тэсрэлт хийж гарч ирнэ эсвэл бүтэлгүйтнэ.  Ийм л хоёр зам байсан. Төслөө эхлүүлэх гээд хэдэн сар цалингүй ажиллачихсан, санаа зовнил ихтэй л байсан даа.
Сууж байгаад буцаад онлайн болох үед дандаа эерэг сэтгэгдэл байсан нь  их эрч хүчийг өгсөн.

-Цаашдын зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ ?

    -“Мөнх Тунх” анимейшны  100 анги гарна, тэгээд  дараагийн 100 ангийн төлөвлөгөөний ажилдаа орно. Мөн бид насанд хүрэгчдэд зориулсан “Come at me bro” анимейшн гаргахаар бэлдэж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.




 


Ц.БАТ-ОРГИЛ: “Мөнх Тунх” анимейшны анхны ангийг цацчихаад хэдэн минут цахим ертөнцөд ороогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-30 13:05:50
    Амжилт хүсье: good job байсан шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188