• Өнөөдөр 2024-05-02

Хунгийн чуулга

2022-05-28,   422

Арвайхээрийн намар ирчихсэн арван сарын сүүлч үе. Багачууд сургууль, цэцэрлэгтээ ороод жигдэрчихсэн цүнх үүрсэн хүүхдүүд хичээлээ тараад бөөн бөөнөөрөө явцгаана. Зарим нь хөл бөмбөгийн болон сургуулийн биеийн тамирын ногоон талбайд тоглон наадаж харагдана.Сургуулийнхаа үүдэнд хичээлд орох ээлжээ хүлээн зогсож байгаа нь ч байна. Тэднийг ерөнхийд нь харвал цэцгийн мандал лугаа адил өнгө алаглах юм. Хүүхдүүдийн өвөө эмээ, аав ээж, ах эгч нар нь авч дуустал хонь хурга нийлэх адил шагшаан шуугиан огтхон ч үл тасарна.

  Би энэ удаагийн томилолтын ажлын хүрээнд биеийн тамирын зааланд багийн иргэдтэй уулзалт хийгээд Арвайхээрээс аажуухан гарсан юм. Нар уулын цаагуур орохын урдхантай Сангийн далай нуурны хөвөөнд түр зогслоо. Сангийн далай нуур Арвайхээрээс зүүн тийш нийслэл орох замд цэлэлзэн байдаг билээ.Хун цэн тэргүүтэй усны шувууд олноороо цуглардаг монголын төв нутгийн нэгэн сайхан нуур юм. Манай нутгийнхан Сангийн далайг зүгээр л Далай гэж голцуу нэрлэнэ. Энэ удаа далай маань үнэхээрийн шагшаан би шуугиантай угтлаа. Түрүүхэнд олон хүүхдийн шуугианд сэтгэл сэргэж хөгжүүн явсан би байгалийн бас нэг содон үзэгдлийг хараад арай л дуу алдсангүй. Далай захаасаа хөлдөж зөвхөн өрх л үлджээ. Тэр олон мянган шувуу өрхөн дээр ээлжлэн нисэн буун, цас мөсөн дээр хөлөө ээлжлэн холхино. Хоногийн 24 цагт  хором ч тасрахгүй шуугилддаг юм хэмээн далайн хөвөөнд миний буусан нутгийн айлын эзэн ярьсан юм.

     Шувуудын тэр их ганганааг сонссон шиг уруул чимчигнүүлсэн намрын айраг ууж өрхийн тэргүүнтэй нутаг усны сонин ярилцаж суухдаа би санаандгүй санаа алдаж билээ.

         Цаг орой болж бүрхэг тэнгэрт од ч харагдахгүй нөгөө шувуудын дуу улам чанга , улам гунигтай болох шиг гэрт айраг ууж суугаа хэдэн хүн ч бас түрүүчээсээ гуниглангуй болсон шиг санагдана.Гадаа улам харанхуй болжээ. Миний  явах цаг болж тэргэндээ суулаа. Шувуудын үл тасрах гунигт, түгшүүртэй ч гэмээр дуу шуугиан сонсогдсоор л. Тэр байтугай хот хүрээ орох урт замын туршид сэтгэл зүрхэнд буцаж байгаа цаг, ус далай гатлан гатлан ирсэн шувууд , аливаа амьтан унасан төрсөн нутгийн тухай зогсолтгүй ямар нэг юм өгүүлсээр л байх шиг санагдсан.Бмд амралтгүй давхисаар Лүн суманд ирэв. Туулын хөвөөнд түр зогслоо.Голын ус зайрмагтан мөстжээ.Тэр жил энд нүд шиг өчүүхэн харзан дээр хоцорсон ганц өнчин хунг хараад сэтгэл юутай их шаналж байснаа сэтгэл хөндүүрлэн дурслаа.

    Сар дээр хөөрчээ. Шөнө дунд өнгөрч буй бололтой. Хэнтэй ч яримааргүй, ганцаархнаа голын хөвөө дагаад л алхаад баймаар байсан.

 Тийнхүү алхаж явахад Сангийн далайн хун чуулахыг үзсэнээс үүдэн бодол ивлэж нэгэн шүлгийн мөр зүрхэнд минь буусан юм.

Сангийн далайн хун чуулахыг үзлээ би

Сар өвөрлөн мэлтгэнэх хорвоогийн их усан

Сангийн далай нуурынхаа хөвөөнд очлоо би

Сангийн далайн нуурынхаа хөвөөнд очсоны хэрэг

Сайхан хун цэн чуулж байхтай таарлаа

Хувьтай нутгийн минь зун илүү сартай болсон ч

Хун цэнгийн сүрэгт эс илүүдсэн байна

Салшгүй нутагтаа хоргодсон хун цэнгийн чуулга

Сангийн далай нуураа цайртал хучсан байна

Голдоо өрхтэй нуурын мөсөн дээр

Гоёхон жигүүрээ дэлгэх нь биесээ нөмөрлөх мэт ээ

Хос хосоороо тэд бие биенээ аргадаж

Хошуугаараа шүргэлцэх нь энхрийлэн үнсэлцэхийн адил аа

Тэнгэрт үүл бараалж хүйтэн салхи үлээвч

Тэсвэр ихт шувууд шаагин шуугьсаар л..

Хариугүй жаахан өндөг эхээс анх унасан

Хальсаа цоолоод нэг л өдөр ангаахай болсон

Сөөг дэрсэнд гүйж явсан

Сөөсгөр багын минь нутаг энэ дээ гэх шиг ганганалдах юм

Эх нутагтаа ингээд сайхан баймаар байдаг

Энэрэлгүй цас жавар өдөр өдрөөр наашлаад байдаг

Өдөлж гүйцээгүй дэгдээхийнүүд нь зутраад байдаг

Өргөн далай руу зоръё гэхлээр

Өөрийнхөө нуураад эргэж зугтаад байдаг

Өөрцгүй шувууд хүртэл зовлон байх юмаа

Зэвэргэн шөнийн харанхуйд үр удмаа дагуулж

Зэллээд шувууд нэг л мэдэхэд явчихна аа

Нууран дээр бараа ч үгүй, чимээ ч үгүй

Нугас галуу хун цэн аль нь ч үгүй

Цурав үрсээ хойтон хавар болтол

Цугий нь хүлээх эх мэт сангийн далай мэлтийнэ

Хээлэндээ зарагдсан унага нутгаа гүйхийн цагт

Хэн ч зогсоодоггүй монгол түмэн билээ

Эвий үрсийг минь замд нь бүү саатуулаасай гэж

Эх болсон Сангийн далай залбирч байгаа санагдана

 


Хунгийн чуулга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188