• Өнөөдөр 2024-10-06

ЛУУЖИР ЖИЙМИЙ:Зохиолоос минь уншигч өөртөө итгэх итгэл, гайхамшигтай олз олсон мэт догдлол, сэхээрэл авах нь л миний зорилго

2022-05-20,   818

             Эргэлт.мн мэдээллийн сайтын “Уран бүтээлчийн цаг” булангийн энэ удаагийн зочноор залуу зохиолч Луужир Жиймий буюу Л.Мөнхчимэгийг урьж ярилцлаа. Түүний уран зохиолд ямар учраас шунан дурлаж, зохиолч болохын төлөө байгаа бүхнээрээ дэнчин тавин, магад хувь заяагаа ч золиослон хөдөлмөрлөж яваа гэгээн тунгалаг хийгээд зоригтой, бардам замналыг хамтдаа сонирхоцгооё.

-Сайн уу. Уншигчдын, ялангуяа залуу эмэгтэйчүүд, гэр бүл зохиогоод удаагүй бүсгүйчүүдийн сэтгэлээ “уудлалцдаг” зохиолчдын тоонд Луужир Жиймий гэх автор хэдийнэ байр сууриа эзэлжээ гэж анзаарсан. Ийм учраас бүсгүйчүүдийн зовлон, жаргалыг хуваалцдаг, мэдэрдэг зохиолчийг нь олон нийтэд илүү дэлгэрэнгүй танилцуулахыг хүслээ. Уншигчид нь ч хүлээдэг байх гэж бодогдсон?

            -Тийм ээ, би Луужир Жиймий байна. Жинхэнэ нэрийг минь Мөнхчимэг гэдэг бол уран бүтээлийн нэрээ гэрийнхнийхээ дууддаг Жиймийгээр нь өгсөн. Аавыг минь Луужир гэдэг. Би Дорноговийн Зүүнбаян суманд төрж, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд өссөн. Аав минь цэргийн хүн учраас тушаал хаашаа гарна, манай гэр бүл тийшээ нүүнэ. Бид эцэг, эхээс дөрвүүлээ мөртлөө хоёр нь Дорноговьд, хоёр нь Өвөрхангайд төрсөн. Сургуулийн хувьд РТДС-ийг найруулагч мэргэжлээр, сүүлд МУБИС-ийн утга зохиолын ангийг эчнээгээр төгссөн намтартай хүн байна.  

-Утга зохиолын замд хэн, хэрхэн хөтөлсөн бэ?

           -Миний хүүхэд нас тэр чигээрээ номтой нөхөрлөж өнгөрсөн, өрнөсөн. Аав минь уран зохиолд дуртай, гэрийнхээ номын санг сайн номнуудаар үргэлж баяжуулахыг хичээдэг байсан. Тэр ч утгаараа бид ном их уншина, номтой хэрхэн харилцах, хайрлахаа бага байхын л мэддэг хүүхдүүд байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэлх миний амьдрал номон дунд л өрнөж ирлээ. Эхлээд уншдаг байсан бол бичдэг болсон гэсэн үг. Дунд сургуульд байхдаа шүлэг бичнэ, ямар нэг зүйлийн тухай өөрийн эрхгүй л зураглаж, дүрслээд биччихдэг хүүхэд байсан. Сум, аймгийн яруу найргийн тэмцээнүүд, “Хүрэл тулга” наадам гээд утга зохиолтой холбоотой бүх л зүйлд оролцдог, “Мундаг зохиолч болох юм шүү” гэж мөрөөддөг охин байлаа. Хэн ч надад зааж, зөвлөөгүй ч утга зохиолын замналыг би хувь заяаныхаа дуудлагаар олсон гэж боддог. Би хувь заяаны дуудлага байдаг гэдэгт үнэхээр итгэдэг. Хүнд заяагдсан, оногдсон бяцхан авьяасын дөлийг унтраахгүйгээр, бүр улам дүрэлзүүлэн авч явна гэдэг бас хүссэн хүн бүрийн хийж, дааж чадах ачаа биш. Энэ ч үүднээс би өөрийгөө, дотоод хүсэл, мэдрэмжээ сайн сонсож чадсан хүн юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр би найруулагчаар сурч, төгсөж, UBS телевизэд шууд ажилд орсон хүн шүү дээ, уг нь. Гэхдээ л сэтгэлийн минь мухарт зохиол бичих, ямар нэг юм бичих хүсэл минь байсаар байсан. Тэр хүсэл минь намайг “Чи хаана юу хийгээд яваад байгаа юм бэ ээ. Утга зохиол руугаа ор л доо. Чадах юмаа хий, бич” гээд байх шиг маш их адгадаг байсан л даа. “Зохиол бичихийн тулд би юу мэдсэн байх ёстой юм бэ” гэж бодож байгаад нэг л өдөр МУБИС-ийн эчнээ ангид бүртгүүлсэн дээ. Тэр яг миний очих ёстой газар, судлах хийх ёстой ажлууд мөн байсан. Ямар их юм сурсан гэж санана, тэр хоёрхон жилд. Бас ямар мундаг хүмүүстэй танилцаж, ямар их зүйлийн зах зухаас сонсож, ойлгож авсан гэж санана. Утга зохиолд хайртай минь өдөр ирэх тусам өөрт мэдрэгдэж байсан.

Хэн ч надад зааж, зөвлөөгүй ч утга зохиолын замналыг би хувь заяаныхаа дуудлагаар олсон гэж боддог. Би хувь заяаны дуудлага байдаг гэдэгт үнэхээр итгэдэг.

-“Чи хаана, юу хийгээд яваад байгаа юм бэ” гэж дотроос минь хэн нэгэн хэлэх шиг болдог байсан гэхээр утга зохиолоос өөр салбарт ажиллаж байжээ?

         -Өмнө нь Онцгой байдлын газарт ажиллаж байлаа. Төрийн, хариуцлагатай алба хашиж байсан тэр цаг хугацаанд надад хүсэл байвч бичих ямар ч цаг зав, боломж байгаагүй. Яг тийм нөхцөл намайг улам бүр бачууруулж, утга зохиолгүй л бол амьдарч чадахгүй гэдгийг алхам тутамд мэдрүүлж, шаналгаж байсан гэх юм уу даа.

           Би нэг л өдөр шийдсэн. Би зохиол бичих гэж л төрсөн, надад өгөгдөл, жаахан ч гэсэн авьяас байна гэж өөртэйгээ яриад гэр оронд хоолгүй болох, байрны зээлийн эргэн төлөлт, өөр бусад хэрэглээний мөнгө төгрөг надад огт хамаагүй, би зүгээр зохиолч болохын тулд өөрийгөө бүрэн зориулж, бүхнийг орхиё гэж шийдээд, гэрээ оффис болгоод, өөрийнхөө захирал, өөрийнхөө ажилтан болсон. Нөхөр маань эхэндээ дургүй байсан л даа. Итгэж өгөхгүй, юу хийгээд байгааг минь ойлгохгүй. Аргагүй шүү дээ, эхнэр нь гэнэт “Би зохиолч боллоо” гээд гэртээ бүгчихээр чинь. Аав минь цэргийн хүн учраас намайг цэрэг, хуулийн байгууллагад ажиллуулах их сонирхолтой байсан. Тиймээс би зохиолч болох гэж байгаагаа анхны номоо гаргатлаа аавдаа хэлээгүй.

-Зохиолчдын амьдралыг бизнес эрхлэгчид ч юм уу хүмүүстэй харьцуулахад харьцангуй орлого бага, ер нь л амьдралын чанарын хувьд тааруу жишээ олон шүү дээ. Ийм байхад зохиолч болчихвол сайхан амьдарч болно гэж яг юу нь итгэл төрүүлээд байсан юм бэ?

       -Миний зохиолч болох мөрөөдөл унтарчихгүй, цогшоод л яваад байсныг би бадамлуулах хэрэгтэй байсан минь л итгэл болсон доо. Бас нэг чухал хүн бий. Онцгойд ажиллаж байхад манай дарга, одоо Онцгой байдлын дэд дарга Ууганбаяр намайг бага сага юм бичдэгийг, уншдагийг мэддэг байсан. Ууганбаяр дарга ч өөрөө мундаг их уншдаг, сайн сэхээтэн л дээ. Дарга нэг удаа “Хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж шүлэг бичиж өгөөч” гэж надаас хүссэн юм. Би ч бичээд өгсөн. Тэгсэн даргад болон эхнэрт нь, гэрийнхэнд нь шүлэг минь их таалагдсан гэнэ. Тэгээд хэсэг хугацааны дараа, би яг өөртөө “Чи зохиолч болохын тулд төрсөн байвал яана. Хайран цаг хугацаагаа дэмий үрээд байгаа юм биш үү” гэж байсан өдөр Ууганаа даргаас “Чиний авьяас, уран бүтээлийг хүндэтгэдэг шүү. Чи үнэхээр зөв, дуртай ажлаа хийж байгаа юу” гэсэн мэйл ирсэн. Тэгээд л би эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Өнөөдрийг хүртэл харамсаж үзээгүй л явна.

Би зүгээр зохиолч болохын тулд өөрийгөө бүрэн зориулж, бүхнийг орхиё гэж шийдээд, гэрээ оффис болгоод, өөрийнхөө захирал, өөрийнхөө ажилтан болсон

-Заримдаа, за бүр ядаж ганц удаа “Би ер нь зөв юм хийж байна уу. Залуу нас, цаг хугацаагаа алдаад ингээд сууж байгаа нь зөв юм болов уу” гэж бодогдож байв уу?

        -Чи намайг зохиолч болохыг ямар их хүсэж байгааг, тэмцэж, хөдөлмөрлөж байгааг мэдэхгүй л байх шиг байна. Нэгэнт өөрийгөө утга зохиолд зориулахаар шийдсэн хүнд тийм дэмий бодол, өөрийгөө өрөвдөж, нялхарч суух цаг хугацаа байхгүй шүү дээ. Яах вэ, заримдаа залхуураад “За өнөөдөртөө унтчихъя. Маргааш л бичье” гээд орондоо орох үе бий. Тэгээд утсаа нээнгүүт л “Таны тэр зохиолыг, номыг уншлаа. Үнэхээр их баярлалаа, өөрийгөө олж харлаа. Одоо би өөртөө ийм өөрчлөлт хийнэ. Надад та урам зориг өглөө”, “Миний эрхэм хүндэт зохиолч минь дараагийн номыг нь тэсэн ядан хүлээе” гэсэн зурвас ирээд л би унтах эрхгүй болчихож байгаа юм. Тийм зүйл сонссон хүн чинь год харайж босоод л, нөгөө зохиолоо илүү гоёор үргэлжлүүлнэ биз дээ. Миний амьдрал нэг иймэрхүү л өрнөж байна.

-Гэхдээ цаана чинь амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Хүүхдүүд, магадгүй байрны зээлийн төлөлт, гэрийн эзэгтэйн ажлууд гээд л?

         -Үнэхээр тийм. Өөртөө маш өндөр шалгуур, хариуцлага, сахилга бат үүрүүлж байж зохиол бүтээлдээ цаг гаргана. Гэртээ, хүүхдүүдээ харж байгаа эмэгтэй хүн үүнийг хэрхэн өөртөө бий болгох вэ гэдэг чинь л гол асуудал. Энэ бол үнэн голоосоо хайртай, дурласан ажлаа хийх тухай ойлголт юм. Би хэчнээн ядарсан ч зохиолоо бичихдээ, үргэлжлүүлэхдээ, засварлахдаа, бүр дуусч байхад нь устгаад дахин шинээр эхлүүлэхдээ огтхон ч ядарч, өөрийгөө хүчилж байгаагүйд л бүх учир байгаа юм. Хар аяндаа, бүр сайн дураараа хийдэг гээд л бод. Зохиолчийн амьдралд өөрийгөө зориулах эр зоригийн тухай, зориулснаа мэдэрч хариуцлагажуулахын тухайг үүнийг хийсэн, хийж яваа хүмүүс л ойлгох ертөнц гэх юм уу даа. Ар гэрийн ажил барагдахгүй, нөхөр хүүхэд, ахуй гээд олон асуудал бий ч зохиолоо бичихийн дэргэд тэр бүгд зохицуулж болох, болдог л зүйлс юм шүү дээ.

-За, би бууж өгье өө. Чи үнэхээр зохиолч болохоор шийдэж, зорьж, хөдөлмөрлөж, мөрөөдөж, тэмүүлж яваа хүн юм байна аа. Амьдралын бодит мөн чанарыг мэдсээр байхад тэнгэрийн гэмээр зүйл яриад, дүр эсгээд байдаг цөөн ч гэлээ хүмүүс байдаг учраас чамайг зохиолч болохын төлөө жинхнээсээ хөдөлмөрлөж байгаа юм уу эсвэл бусдын анхаарлыг татах гээд элдэв юм зохиож ярих нь уу гэж сорьсон хэрэг л дээ, уучлаарай?

          -Томчуудын дэргэд би зохиолч гэж ярих нь зохисгүй ч сургуулийг нь төгсөөд, амьдралынхаа арав гаруй жилийг зөвхөн бичихэд бүрэн зориулж яваагийн хувьд би өөрийгөө зохиолч мөн гэж хэлнэ. Харин сайн зохиолч уу, муухан бичигч үү гэдгийг уншигчид тодорхойлох байх. Хамгийн зөв, үнэн тодорхойлолтыг уншигчид л өгнө шүү дээ.

           Би сүүлийн гурван жил жилд хоёр ном бичиж байна. Хэрвээ болдог сон бол түүнээс олныг бичмээр байвч зохиол, бүтээл гэдэг өөрийн цаг хугацаатай, өөрийн орон зай, амьтай зүйл л дээ. Миний санаснаар болдог бол би буулгаад л сууж байх сан. Даанч тийм биш. Гэхдээ би өдөр бүрийг миний бичих цаг хугацаа гэж бодож, яарч бичдэг.

Хэчнээн ядарсан ч зохиолоо бичихдээ, үргэлжлүүлэхдээ, засварлахдаа, бүр дуусч байхад нь устгаад дахин шинээр эхлүүлэхдээ огтхон ч ядарч, өөрийгөө хүчилж байгаагүйд л бүх учир байгаа юм

-Дийлэнх зохиол тань бүсгүйчүүдэд урам зориг өгөх, тэдний итгэлийг асаах тухайд байдаг. Энэ нь зах зээлээ дагасан сэдвийн маркетинг үү, эсвэл цэвэр онгод, авьяасынх уу? 

           -Миний бичсэн, одоо бичиж буй сэдэв бол хүчирхэг бүсгүйчүүд өөртөө байгаа гайхамшиг, далд авьяас, хүч чадал, урам зоригийн дөлийг олж харалгүй, нээж чадалгүй ахуйдаа дарагдчихаад цаг, минутаар бөхөх гээд байгааг сэрээх тухай агуулгууд. Үүнийг би “Аан, бүсгүйчүүд ийм юм бичвэл уншина. Ном маань олноороо зарагдаж, би мөнгөтэй болно” гэж зориуд төлөвлөж бичдэггүйд бас учир бий. Энэ бол энэ цаг хугацаанд миний бичих ёстой, бүсгүйчүүдэд хүргэх учиртай даалгавар гэж боддог. Тийм ч учраас бичигддэг байх.

          Миний хувьд “Чи ямар ном уншихыг хүсэж байна вэ” гэж өөрөөсөө асуудаг. Би ном уншсаны дараа, кино үзсэний дараа, хүнтэй уулзсаны хойно ямар нэг сайхан зүйл сэтгэлд минь үлдээсэй гэж хүсдэг. Ямар нэг өгөөжтэй, олз олсон юм шиг баяр хөөртэй, өөрчлөлт ийм амархан гэж үү гээд өндийх сэдэлтэй үлдээсэй гэж хүсдэг. Тэгээд өөртөө зориулж бичдэг. Тэгээд ч энэ дарамттай, ачаалалтай, зовлон зүдгүүртэй нийгэмд бүсгүйчүүд, охид, эмэгтэйчүүд, уншигчид бас л нэг дарамт, хар бараан зүйлийг мөнгөөрөө худалдаж аваад яах юм бэ, тийм биз дээ.

             Хүчирхийлэл, хар бараан, хүнд хэцүү амьдралын тухай бичиж болно. Гэхдээ би бичиж яах юм. Энэ миний хийх ажил биш. Уншигчдад дарамт, сэтгэлийн шарх өгөх, үлдээхийн тулд би зохиолч болох ёсгүй гэж боддог. Харин миний бичсэнийг уншаад баяр догдлол, өөртөө итгэх итгэл, ямар нэг гайхамшигтай олз олсон юм шиг догдлох, сэхээрэх, өөртөө өөрчлөлт хийх, өөрийнхөө хүчийг уншигч маань мэдрэх нь л миний зорилго. Тэр олон шөнө, цаг наргүй сууж байгаагийн минь гавьяа ердөө энэ. Зарим эмэгтэй өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бүр цааш нь далд хийчихсэн, үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө л амьдарч байвал гээд өөрийгөө бүрэн хаячихсан байдаг. Тэднийг сэрээхийг, ганцхан амьдрах гэж ирэхдээ чи юу хийх гэж ирсэн юм бэ гэдгийг нь сануулахыг хүсдэг. Би өөрийн цагийг авч үлдэхийг хүсдэг шигээ бусдыг ч бас өөрийнхөө цагийг эдэлж, баяр жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Хүн сэхээрэх, өөрчлөхдөө тулбал ганцхан өгүүлбэр, бүр үгнээс өөрчлөгдөнө. Энэ тухай би бодит түүхүүдээс сэдэвлэсэн “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” номондоо бичсэн.

а “Би жилд хоёр ном гаргаж байгаа” гэж байсан. Зохиолын сэдэв, бичих үйл явц, хэвлүүлэх гээд бүгдийг нарийн төлөвлөж бүтээдэг хэрэг үү?

           -Хүмүүс онгодоо орохоор ч юм уу, үйл явдалдаа хөтлөгдөөд бичсээр дуусгалаа гэдэг бол миний хувьд арай өөр арга барилтай. Зохиолоо эхлээд сэтгэлдээ бичдэг. Үйл явдал, дүрүүд, дүрүүдийн амьдрал, өрнөл гээд бүгдийг нь сэтгэлдээ төсөөлөн бодож, бичдэг. Хэзээ нь, хэн нь юу гэж хэлэх вэ, ямар үг хэлэх вэ гэдгийг нь хүртэл дотроо бодож, хоёроос гурван сар өөр дотроо амьдруулсны, хувь заяаг нь шийдсэнийхээ, дуусгасныхаа дараа буулгадаг. Нэгэнт асар их бодож, шүүсийг нь шахсан зохиол учраас маш хурдан буудаг. Үгээ гүйцэж бичиж чадахгүй тохиолдол ч гарна.

-Дүртэйгээ хамт хэр шаналдаг вэ?

        -Хөгжмөө сонсоод, уусаад ирэхээр аяндаа л дүртэйгээ хамт уйлаад, баярлаад, үзэн ядаад юм юм болно. Ер нь дүр бүхнийхээ зовлон, жаргалыг биеэрээ мэдэрч, хань болдог гэж болно. Сүүлийн ном болох “Ганцаардаагүй”-г дуусгасны дараа би маш их шаналсан, шархадсан. Хүнд байсан шүү, хэд хоног. Өгье гэж шаналдаг ганц зүйл бол хайр. Ийм хайрын тухай шатаж, бэтгэрч бичих гоё боловч шархираантай байлаа. Хэвлэлтэд шилжүүлэх гээд сүүлийн уншилтаа хийчихээд сууж байсан тэр цаг мөчүүд үнэхээр хэцүү байсан. Гол дүрийн Саруулыгаа үхүүлсэндээ харамсаад байгаа боловч тэр дүр өөрөө үхэхээс өөр аргагүй, дүр маань бараг надтай “Би ингэмээр байна. Би ийм зүйл хүсэж байна” гээд яриад байх шиг, өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэж төгссөн дөө.

-Зохиол, бүтээлээ бичихдээ хамгийн их анхаардаг, өөртөө дахин дахин сануулдаг зарчим ч юм уу бий юү. Жишээ нь, ийм сэдвээр бичихгүй ч гэдэг юм уу?

          -Үг амьтай, хувь заяатай, шидтэй байдаг тухай багш нар маань ярьдаг байсан. Тухайн үед нэг их ойшоож, ойлгодоггүй байсан бол одоо итгэдэг болсон. Зохиолчид зохиолынхоо үгэнд, үйл явдалд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэдэгтэй ч санал нийлдэг. Бидний бичиж байгаа зүйл ёр, зөгнөл болох ч боломжтой. Үг, зохиол, ном бүр өөрийн хувь заяатай гэдэгт итгэдэг. Зарим ном хэвлэлтээс гараад л дуусчихдаг бол зарим маш их найдвар тавьж байсан ном маань борлогдохгүй, эздэдээ хүрэхгүй байх тохиолдол ч байдаг. Тэгэхээр үгийн амь, ид шидийн хүчийг биширдэг. Нөгөө талаас үүндээ уягдаад, хязгаарлагдаад, айгаад ч юм уу бичихээс зайлсхийж, орхиж туйлширдаггүй.

-Зохиолоо бичихдээ өөртөө ямар нэг орчин бүрдүүлдэг зуршилтай юу?

        -Бичих үеийн зуршил гэвэл анхилуун гоё үнэртэй лаа асааж, хөгжим сонсох. Хөгжимгүйгээр би юм бичиж үнэхээр чаддаггүй. Хөгжим бол миний дотнын хамтрагч, миний онгод юм уу даа. Би Игорь Крутойн бүх аяз, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн бүх аялгууг хэдэн сая удаа сонссоноо ч мэдэхгүй байна. Аязандаа ууссаар, ахин дахин сонссоор байгаад л зохиол, бүтээл минь төрдөг дөө. Миний ажлын хамгийн идэвхтэй цаг бол шөнө. Үүр гэгээртэл, таван цаг хүртэл сууна гэдэг миний жирийн л нэг ажлын цаг байдаг.  Харин энэ үед миний үнэнч туслах бол компьютер. Зохиол, санаагаа гараар тэмдэглээд, бичээд байдаггүй. Харин Крутойг би намайг зохиолч болоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч гэж хэлнэ.

Аязандаа ууссаар, ахин дахин сонссоор байгаад л зохиол, бүтээл минь төрдөг дөө

-Зохиолч, уран бүтээлч бүхэн нэрийг нь мөнхлөх шилдэг, сонгодог бүтээл бичихийг, туурвихыг хүсдэг. Та ч мөн хүсдэг байх?

         -Уран бүтээлчдэд өөрийн цаг хугацаа, цагийг эзэгнэх он жилүүд, бүтээл гэж бий. Миний хувьд цагийг эзэгнэх гэх мэт том зүйл ярих болоогүй ч яг энэ цаг үед л би маш их, бүр өөртөө байж болох хүч чадлынхаа хэмжээнээсээ ихийг зарцуулан хөдөлмөрлөх, бичих ёстой гэж боддог. Энэ ч үүднээс өөрийгөө дайчилж байна.

          Миний хамгийн шилдэг, намайг уншигчдын дунд үүрд үлдээх хамгийн сайн зохиол минь төрөөгүй л байна. Хэзээ төрөхийг нь хэлж мэдэхгүй ч би шилдэг бүтээл бичнэ гэдэгтээ итгэдэг. Бүр мөрөөддөг. Тэр тухай бодохоор хамаг биеийн шар үс минь босож, догдолдог гээд л бод. Мөрөөдөхгүйгээр, төсөөлөхгүйгээр ямар ч зүйл бий болохгүй гэдэгт итгэдэг хүний хувьд үргэлж сайн сайхан зүйл, бүр би хэзээ ч биелүүлж чадахгүй ч байж мэдэх том том зүйлсийн тухай, мөрөөдөж байгаа өөрөөсөө ч ичмээр агуу зүйлсийн тухай мөрөөдөх хэрэгтэй гэж боддог. Мөрөөдөх сайхан шүү дээ. Мөрөөдөл юм чинь биелэхгүй байлаа гээд чамаас юу ч унахгүй, чи хохирохгүй. Харин ч мөрөөдлийнхөө хүчээр баяр жаргалаар зүрх сэтгэл чинь цэнэглэгдэж, тэр гэгээн эрчим чамд бий болно гээд бод л доо. Тийм ч учраас би “Мөрөөдөгч” гэж ном бичсэн шүү дээ.

-Мөнхчимэгийн мөрөөдөл тэгвэл юу юм бэ?

        -Олон гэгээн, тоо томшгүй том мөрөөдөл бий. Ганцханыг нь хуваалцъя гэж бодлоо. Би төрсөн өдөр бүрээрээ уншигчдаа баярлуулахыг, уншигчидтайгаа баярлахыг хичээдэг. Миний төрсөн өдрөөр зөвхөн миний уншигчид, миний зохиолыг уншихыг хүссэн мянган хүн баярт минь ирсэн байгаасай гэж мөрөөддөг. Бодоод үз л дээ, Луужир Жиймийгийн зохиолыг унших гээд мянган хүн зогсчихсон, гарын үсэг авах гээд дарааллаад зогсож байна гээд. Надтай хамт, миний төрсөн өдрийг тэмдэглээд баярлаж байна гээд төсөөлөөд үз дээ. Гоё байгаа биз.

Миний төрсөн өдрөөр зөвхөн миний уншигчид, миний зохиолыг уншихыг хүссэн мянган хүн баярт минь ирсэн байгаасай гэж мөрөөддөг

-“Би зохиолч боллоо” гээд нэг л өдөр гэртээ суучихсан эрх танхи мөртлөө зоригтой эмэгтэйд “Арыг минь бат даана” гэж итгэсэн хүн байсан нь лавтай. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

           -Би өөрийгөө худлаа ч таниагүй гэж боддог. Яагаад гэхээр би хожуу хүнтэй суусан ч гэлээ яг надад, миний дуртай орон зайг бий болгох гэж төрсөн юм шиг, намайг ойлгох, хайрлах гэж л надтай учирсан гэмээр хүнтэй гэрлэсэндээ үргэлж талархдаг. Намайг жинхэнэ онгироож, өөрийнхөөрөө дураараа байх боломжийг олгож, мандааж, бадрааж, цэцэглүүлдэг. Би нөхрийнхөө дотоод ертөнцөд дурласан. Ямар гоё тайван, баялаг, гэгээн юм бэ гэж одоо ч дотроо дуу алдан бодож, анзаарч, хайрладаг. 
         
Миний зохиол, бүтээлүүдийн анхны уншигч нь манай нөхөр байдаг. Түүнийг би уншигчийн нүдээр харж, туршиж, аждаг. Юун дээр баярлаж, яахаар нь зэвүүцэж, юуг нь хүлээн зөвшөөрч, ямар сэтгэл хөдлөл гаргаж байгааг нь анзаарахын тулд уншуулдаг. Нөхөр маань санаа бодлоо хэлдэг л дээ, гэхдээ би өөрийнхөөрөө л дуусгадаг. Өөрөөр хэлбэл, зохиолчийнхоо хувиар би нөхрөө уншигч болгож бас давардаг, ашигладаг гэх үү дээ. Миний нөхөр сэтгүүлч мэргэжилтэй, “Монголын үнэн” сонинд ажилладаг Б.Мөнхзул гэж залуу бий. Намайг хайрлах, ойлгох гэж төрсөн юм уу гэмээр сайн хүн.

-Хүндэлж, үлгэр дууриалал авдаг уран бүтээлч, зохиолч цөөнгүй байх. Бас уншдаг номын тухайд?

        -Би тийм нэг ондоо, өвөрмөц, зэвүүн уран бүтээлчдэд дуртай. Өөрийнхөөрөө, гоё харизмтай, нэг тийм бардам, омголон, уяхан зөөлөн, гэгээн, ил цагаан, нууцлаг гээд сэтгэлдээ дэлхий, ертөнцийг багтаачихсан уран бүтээлч ямар олон гээч.  Төрийн соёрхолт С.Саранцацралт эгчийг, тэдний гэр бүлийг үнэхээр шүтдэг. Бүтээл бүрийг нь хараад л баймаар ямар тансаг, өөр ертөнц гэж санана. Яруу найрагчдаас Б.Батзаяа, хөдөө амьдардаг П.Нямлхагва гээд бас нэг яруу найрагч байна. Ямар өөрийнхөөрөө, ямар өөр ертөнцүүд гээч. Ондоо хэвээрээ байхыг би бүх хүнд хүсдэг. Бүр илүү ондоошихыг, өвөрмөц байгаагаасаа битгий ичээсэй, засаж залруулаасай гэж хүсдэг.

        Үлгэр жишээ авдаг, оюун санааны охь дээжээс нь хүртэхгүй, уншихгүй бол болохгүй сонгодог бүтээлүүдийг унших дуртай ч зохиолоо бичиж байхдаа хэний ч бүтээлийг уншдаггүй. Үеийнхэн, дэлхийн утга зохиол хаана, хэрхэн явааг тандах, анзаарах зорилгоор бусад зохиолчийн бүтээлийг зохиолоо бодож эхлээгүй байхдаа уншдаг.

       Харин хүндэтгэж, сэтгэлдээ дандаа талархаж явдаг хүмүүсийн хувьд Утга зохиол шүүмжлэгч С.Энхбаяр багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Хөвсгөл багш, хүүхдийн зохиолч Д.Оюунбадрах багш, намайг анх тоож, “Өөр өнгө” цувралдаа багтаасан Б.Галаарид багш нарыгаа хэлнэ дээ. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Д.Хишигт багшийгаа би илүүтэй онцолж, баярлаж явдаг. Баримтат киноны мастер, багш минь надад маш олон зүйлийн учгыг тайлж олох, бодох, ухах, судлах ухааныг үйлдэл, үгээрээ зааж өгсөн. Ийм сайхан хүмүүсийн сэтгэлийн гэгээ байхад би бас муу юм бичиж болохгүй гэж эрхгүй бодогддог.

Бид өөр олон зүйлийн тухай удтал ярилцсан ч энэ удаагийн ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Учир нь, түүний хамгийн сайн бүтээл өөрийн он цагаа олон “төрөхөд” бид дахин ярилцана. Түүнээс “Баярлалаа” хэмээн инээгээд гарч одохынх нь өмнөхөн ““Зохиолч болно оо” гэж зориглосноосоо хойш “Чи чадлаа шүү дээ” гэж өөрийгөө урамшуулж, баярлуулсан уу” гэсэнд “Яг үнэн, хүн өөрийгөө шагнаж, өөртөө баяр хүргэж чаддаг байх хэрэгтэй. Би зохиолч болсноосоо хойш оны сүүлчээр өөртэйгээ болзож, өнгөрч буй жилд юу хийсэн, хэрхэн амжуулсан бэ гэдгээ заавал дүгнэж, цэгнэдэг. Бүр хайж, судалж байгаад хамгийн гоё стейктэй ресторанд ганцаараа суугаад, төлөвлөгөөгөө бичиж, скочдоод, өөрөөсөө нуусан цаасаа гарган дүгнээд, ахиад шинэ мөрөөдөл, төлөвлөгөөгөө бичих шиг жаргал, догдлом цаг мөч ховор шүү дээ. Ингэж л өөрийгөө шагнадаг даа” хэмээн бүр нэг сэтгэл дүүрэн инээж зогссон билээ.


ЛУУЖИР ЖИЙМИЙ:Зохиолоос минь уншигч өөртөө итгэх итгэл, гайхамшигтай олз олсон мэт догдлол, сэхээрэл авах нь л миний зорилго
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-10-07 13:46:42
    DR. UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188