• Өнөөдөр 2024-03-29

Ш.БАДАМРАГЧАА: МИНИЙ ХУВЬД БИЧНЭ ГЭДЭГ АРИУСАЛ

2022-05-14,   1406

   "Бичнэ гэдэг бол ариусал" гэж тэр өгүүлсэн юм. Түүнийг уншигч та "Бяцхан гэрлүүд", "Хүлцэнгүй утопи" яруу найргийн түүвэр, "Амуухай, Өмөөхэй, Цоохой гурвын аялал" хүүхдийн үлгэрийн танин мэдэхүйн ном, "А-Я хүртэлх аялал" хүүхдийн зохиол, "Шигэмүни ой" өгүүллэгийн номоор нь таних бөгөөд магад огт танихгүй уншигч ч бий болов уу. Энэ бол яруу найрагч Ш.Бадамрагчаа.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул тэрбээр нутагтаа чимээгүйхэн уран бүтээлээ туурвиж, хэрдээ жин дарсан бүтээлийг дэлгэчихдэг даруухан уран бүтээлч. Ингээд түүнтэй хотод ирэх үед  нь уулзаж, ийн ярилцсан юм.

  -Сайн байна уу. Хоёулаа таны сүүлд гаргасан өгүүллэг, жүжгээс бүтсэн "Шигэмүни ой" номоос яриагаа эхэлье. Таны хувьд өгүүллэгийн анхны ном юм билээ?

         -Ном бүр төрлөөсөө хамаараад өөр байдаг л даа. Яруу найргийн ном гэхэд л ихэвчлэн дотоод сэтгэлийн минь эмзэглэл, шаналалаас үүдсэн байх нь бий.  Миний  яруу найргийн хоёр түүвэр яг л тийм гуниг, ганцаардал, эмзэглэлээс бий болсон.  Тухайлбал, “Бяцхан гэрлүүд” яруу найргийн номоо хагацал үзээд хэвлүүлсэн юм. Хагацлыг огтоос төсөөлөхгүй явж байгаад гэнэт нүүр тулаад ихэд балмагдсан л даа. Хайртай эмээгээ, аавыгаа энэ ертөнцөөс бүр мөсөн алдана гэдэг амьдралд минь тохиолдсон хүнд, уй гашуу байсан юм. Тэр уй гашуу, ганцаардлыг шүлэг болгоод хэвлүүлчихсэн. Дараа нь мөн яруу найргийн “Хүлцэнгүй утопи” яруу найргийн түүвэр мэндэлсэн юм. Харин хоёр хүүхдийн ээж болоод хүүхдийн ертөнц сонин содон, хачин жигтэй зүйлсээр дүүрэн гэдгийг анзаарч, өөрийн эрхгүй татагдаад хүүхдийн зохиол бичье гэж зориг шулуудсан. Хүүхдийн зохиол бичих хамгийн хэцүү байдаг юм билээ. Миний хувьд яруу найраг хийгээд, өгүүллэг, жүжгийн зохиолоос илүү хүүхдийн ном бичих их адармаатай байлаа. Үндсэндээ үргэлжилсэн үгийн зохиол бичих суурь их өмнөөс тавигдсан гэж хэлж болно. Арваад жилийн өмнөөс гэх үү дээ.

Өмнө нь үргэлжилсэн үгийн зохиол бичих сонирхол байсан ч шууд бичиж болохгүй байлаа. Тэгээд ч 17-25 нас гэдэг бол хүний орь залуу үе бөгөөд шүлэг бичихэд ч их сайхан зохицох нас.

    Харин бие хүнийхээ хувьд төлөвшиж, амьдрал ч тогтон нэг тийм энгүүн сайхан болсон ийм үед л үргэлжилсэн үгийн төрөл зүйлээс өгүүллэг, жүжгийн зохиолыг сонирхсон маань зөв болсон санагдана. “Шигэмүни ой” номд 8 өгүүллэг, хоёр жүжиг орсон. Илүү ихийг оруулмаар байсан ч нэг дор үүцээ задлахыг хүсээгүй. Бас хэн нэгнээс илүү өөр, онцгойрохыг ч хүсээгүй. Зүгээр л зохиолч болох мөрөөдөлдөө ганцхан шат тавьсан хэрэг.

     Бид лаа болон цагаар асдаг гэрэлд ном уншдаг үеийнхэн. Тухайн үед номоос өөр сонирхолтой зүйл ховор байсан шүү дээ. Гэтэл одоо охинд минь сатаарах олон зүйл байна. Энэ цаг үеийн хүүхдүүд хэдийнээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн нь харагдаж байгаа ч шоронд байгаа юм шиг санагддаг. Учир нь хөгжил гэдэг зүйлийг би өөрөөр ойлгодог. Тэр эмзэглэл дээрээс би 21 аймаг, 333 сумыг хүүхдүүдэд таниулах ёстой гэж бодож “Амуухай, Өмөөхэй, Цоохой гурвын ялал” 21 цуврал номыг санаачлан эхний дугаарыг хэвлүүлсэн юм. Монгол улсын 21 аймаг, 330 сумаар аялуулах зорилготой ном юм л даа. Тэгснээр хүүхдүүд гэрээсээ Монгол орноороо аялна. Магадгүй номыг минь уншсан хүүхдүүд "Энэ суманд ийм зүйл байдаг юм байна, очоод үзье" гэх байдлаар монгол орноо танин мэдэж, аялах тэмүүлэлтэй болохыг үгүйсгэхгүй. 

   

   -Таны "Шигэмүни ой" өгүүллэг, жүжгийн номоос онцолж асуумаар байна. Шүлэг, өгүүллэгээс илүү жүжгийн зохиол бичих сонин байсан болов уу?

    -Ердөө ч өөр санагдаагүй. Шүлэг бичиж байгаад хүүхдийн зохиол бичихэд өөр байсан. Хүүхдийн зохиол бичиж байгаад өгүүллэг, өгүүллэгээс жүжиг бичих хүртэл явцад би маш их зүйлийг сурсан. Хоорондынх нь ялгааг маш сайн анзаарч байсан юм. Жүжиг мэдээж өгүүллэгээс тэс өөр ч бичих явцад хүндрэл учраагүй л дээ. Гэхдээ л ахин хэлэхэд би анхлан суралцагч юм. Тиймээс өөрийн олж авсан бяцхан туршлагыг л ярьж байгаа хэрэг шүү. Би багаасаа л уран зохиолд дуртай, хайртай хүүхэд байсан. Багад ээж, аав хоёр маань бидний унших, судлах, бичих, зурах хүслийг маш бодитоор дэмждэг байлаа. Тэгээд л МУИС-ийн эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, гадаадын хийгээд монголынхоо аугаа их бүтээлүүдээс хүртэж явсны буян заяа энэ. Мөн би хүүхдүүдийнхээ аав Б.Мөнхбат хэмээх залууд гүнээ талархаж явдаг. Тэр хүн утга зохиол судлаач мэргэжилтэй. Уран зохиолын их ай саваас болон аугаа Дарамын Батбаяр гуайн сургаалыг тэр хүнээр дамжуулан олсон учраас талархах нь зүй.

Б.Мөнхбат бол Д.Батбаяр зохиолчийн шавь. Надад тухайлсан уран зохиолын багш байгаагүй. Харин би Д.Мөнхбатыг багшаа гэж хэлмээр байна. Их сургуульд байхдаа би утга зохиолын дугуйланд ч сууж үзээгүй юм. Өөрөөр хэлбэл, бичвэр минь аргатай, аятайхан байгаа бол энэ бүхний л ач байх гэж боддог.

  

-БИ БИЧСЭНИЙХЭЭ ХҮЧИНД Л АМЬД ЯВЖ БАЙГАА ЮМ-

-Шүлэг бичиж байгаад үргэлжилсэн үгийн зохиол руу орохоор цаг хугацааны хувьд ч юм уу, өөр зүйл нь юу байсан бол?

     -Шүлэг бол тухайн агшны зүйл гэж хүмүүс ярьдаг. Магадгүй энэ үнэн байх.  Тухайлбал, шүлгийг өмнө минь байгаа ширээн дээрх цэцгийг хараад юм уу, сайхан эмэгтэй эсвэл цас, бороо орж байгааг хараад л сэтгэлийнхээ дуудлагаар бичиж болно. Гэхдээ би сайн яруу найраг хийгээд яруу найрагчдыг мэддэг учраас өөрийгөө яруу найрагч гэх мэтээр дөвийлгөхийг хүсдэггүй.

Шүлэг гэдэг хүнд заавал таалагдах, хүрэх албагүй л байх л даа. Миний тухайд яруу найраг, уран зохиолоор хүмүүсийг гэгээрүүлнэ гэж зорьсон зүйл байхгүй. Чин үнэнээ өчихөд миний хувьд шүлэг бичихэд зовлон шаналлаасаа чөлөөлөгдөөд, бичсэнийхээ хүчинд л амьд байгаа мэт санагдах үе бий. Их л амиа бодсон хүний үг байх аа даа.

   -Бичиж байгаа зохиол, бүтээлдээ хэр удаан хугацаа зарцуулдаг вэ. Удаан бодож, тархиндаа боловсруулж байгаад бичдэг үү, засварлаж, хянаж гаргадаг уу?

     -Би нэг амьсгаагаар бичээд дуусгадаг онцлогтой.  Дутуу үлдээлгүй дуусгадаг. Дутуу орхивол магад  гүйцээж бичиж чадахаа больчихно. Бичсэнээ эргээд харахаар ганц, хоёр үг солих, техник алдаа гэх мэт зүйл байхаас бусдаар харьцангуй гайгүй. Мэдээж ном болгоход бол редактор орно.

  -Эмэгтэй хүн ахуйгаас ангид байх боломжгүй байдаг. Эрэгтэй хүнээс илүү аж ахуйг ажилдаа оролцож, үр хүүхдээ өсгөх асуудал гарч ирдэг. Энэ ч утгаар зохиолч байх, юм бичихэд илүү орон зайн хувьд хумигддаг болов уу . Таны хувьд бичих орон зай хэр байдаг бол?


      -Мэдээж гэр бүлдээ цаг гаргаж, үр хүүхдээ асарна. Гэхдээ бичих хүсэл, санаа сэдэл төрөхөд аль болох шууд бичихийг эрмэлздэг. Ямар ч чимээ шуугиан, тухгүй орчинд бичиж чадна л даа. Гэхдээ л ганцаараа суугаад бүтээл төрөх хүртэл нам гүм байхыг хүсдэг. Мэдээж, тэр бүр хүслээрээ бүхнийг зохицуулаад бичээд байна гэж байхгүй. Ахуй л бол ахуй шүү дээ.

-Хүүхдүүдээс нь яруу найраг, уран зохиолд дуртай зүйл ажиглагдаж байна уу?

      -Хүүхэд бол маш сонин ертөнц. Заримдаа би хоёр хүүхдээ хараад "Ийм сонин жигтэй, ид шидийн гэмээр хүмүүс төрчихлөө гэж үү" гэж бодон, итгэхгүй байх нь  бий. Тэдний ярьж байгаа, юмсыг мэдэрч байгаа нь, гэнэн итгэмтгий, ариун нандин байгаа нь гайхалтай хийгээд их сонин. Охин маань илүү зурах талдаа сонирхолтой, гарын эв дүйтэй. Хүү харин хачин “эмо”. Хүүхдүүдээсээ суралцах үе ч гарна. Заримдаа би хүүхдүүдээ хараад гэм хийсэн мэт мэдрэмж төрдөг. Тэр гэмгүй, гэнэн цагаахан ертөнцүүдийг энэ зовлон зүдгүүртэй ертөнцөд авчраад, зовлон гуниг, ганцаардал гэх зэрэг өөрсдийн мэдэрч байгаа зүйлсийг мэдрүүлнэ гэхээр хэтэрхий амиа бодсон мэт санагддаг.

Хэдийгээр хүмүүс үр удмаа үлдээх ёстой гэдэг ч угтаа өөрсдийн явсан замаар, мэдэрсэн бүхнээр алхуулна гэхээр хэтэрхий амиа бодсон хэрэг л дээ. Хүйтэн хүмүүс, хүйтэн ертөнцөөс би айдаг.

     Ингэж бодохоор би гэм хийсэн мэт санагддаг. Хэрэв би одоо хүүхэд төрүүлэх байсан бол би татгалзаад, бараг хүүхэдгүй амьдрах байсан болов уу. Харин азаар ч гэх юм уу, хоёр үр минь юу ч мэдэж, таниагүй хорь гаруйхан насанд минь ирсэн болохоор баяртай байдаг. Тэгэхээр одоо тэдний өмнө том хариуцлага хүлээж, чадах чинээгээрээ хөгжүүлж, өөрсдийнхөөрөө амьдрахад нь тусална гэж боддог.

    -Сая та яриандаа зовлон, шаналлын тухай дурдлаа. Бичиж, туурвидаг хүмүүс үхлийн тухай бодох нь энгийн ажил мэргэжилтэй хүнээс илүү байдаг болов уу. Магадгүй шүлэг бичихэд тийм бодол төрж байсан болов уу?

      -Үхлийн тухай бодол төрж байсан ч үхэх оролдлого бол хийж байгаагүй. Үнэхээр хэцүү, сэтгэлийн гүн шаналалд орох үе байсан. Гэхдээ одоо бол үхлийн тухай өдөрт боддог. Нэг талдаа бясалгал юм л даа. Үхэл гэдэг ертөнц үргэлж зэрэгцээд явж байхад яаж бодохгүй байх билээ. Гутарч, гуньсан үедээ үхлийн тухай бодохоос илүүтэй аз жаргалтай үедээ бодож үзвэл их сонин.

     -Мэдээж яруу найраг, уран зохиол гэх зүйлийг тодорхойлж хэлэх аргагүй байх. Гэхдээ хүн бүр өөрийнхөөрөө ойлгон тайлбарладаг болов уу. Таны хувьд бичих туурвих гэдэг зүйл ер ямар ойлголт вэ?

     -Бичих, туурвих бол нэгэн төрлийн ариусал байх. Мэдээж бид шууд гэгээрэх боломжгүй.

Гэхдээ гэгээн амьдрах сайхан гэж боддог. Болдог бол гэгээрчихмээр л байна.

   Гэхдээ гэгээн амьдрах гэдэг өөрөө маш том агуулгатай. Миний бичсэн өгүүллэгийг хүн уншаад сэтгэлд нь бяцхан гэгээ татаж, эсвэл илбэдүүлсэн мэт хэсэгхэн хором боллоо гэвэл надад сайхан санагдана. Нөгөө талаар яруу найраг, ер бичиж, туурвиж байгаа зүйлээрээ заавал хүнд юм өгч,  миний номыг уншаарай гэж шаардах боломжгүй гэж ойлгодог. Мэдээж хэний ямар бүтээл унших нь уншигчийн өөрийнх нь сонголт. 

-Уран бүтээлчид зохиол бүтээлээ бичих үедээ ямар нэгэн зуршилтай байдаг шүү дээ. Танд зуршил бий болов уу?

      -Надад айхтар зуршил гэх зүйл байхгүй ээ. Дээр хэлсэнчлэн бичихийг хүссэн үедээ ширээнд суугаад шууд бичдэг онцлогтой. Нөгөө талаар айхтар цаг хугацаанд баригдаж, төлөвлөгөө гаргадаггүй. Тухайлбал, энэ жил тэдэн шүлэг, өгүүллэг бичнэ гэх зэргээр төлөвлөгөө гаргадаггүй. Ерөөс бичмээр санагдсан үедээ шууд бичнэ. 

      Ийм нэг даруухан уран бүтээлчтэй ярилцахад бичих хүсэл мөрөөдөл дүүрэн байгаа нь анзаарагдсан юм. Түүний өгүүллэгүүд өөрийн гэсэн өнгө аястай, үг хэллэг, хэлэх санаатай, хамгийн гол нь түүний сэтгэлгээ, юмсыг харж байгаа өнцөг бүрэн шингэсэн бүтээл болсон мэт санагдсан. Үнэхээр түүний "Адилгүй" өгүүллэг шиг юм бүхэн адилгүй, өөрсдийнхөөрөө оршдог. Үүнтэй адил түүний бүтээлүүд бусдаас өөр, түүний хэлдгээр ариусаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байна лээ. Дахиад олон бүтээлийг нь уншигчидтайгаа хамт хүлээж байя.


Ш.БАДАМРАГЧАА: МИНИЙ ХУВЬД БИЧНЭ ГЭДЭГ АРИУСАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188