• Өнөөдөр 2024-04-26

ЖҮЖИГЧИН Г.АЛТАНШАГАЙ: Дэлгэцийн бүтээл түлхүү хийж, мэргэжлийн түвшинд ажилламаар байна

2022-05-12,   1231

        Хошин урлагийн тайзнаас “Улсын тэргүүний уран сайханч” хэмээх дүрээрээ анх олонд танигдсан жүжигчин Г.Алтаншагайг өдгөө монголчууд андахгүй. Тэрбээр Монголын хошин урлагт өөрийн орон зайгаа тамгалахаас гадна “Мөрөөдлийн театр”-ыг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Бид энэ удаагийн "Уран бүтээлчийн цаг" булангаараа монголчуудын хайртай, авьяаслаг жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайг урьж, ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

            -Сайн, сайн байна уу.  Сайхан зусаж байна. Хөлөө гэмтээчихээд л эмнэлгээр явж байна даа. Танай сайтын уншигч олонд энэ өдрийн мэнд хүргэе.

-Та сүүлийн үед ямар, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?

           -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Хавтаст хэрэг” олон ангит уран сайхны кинон дээр ажиллалаа. Энэ кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна.

Төрийнхөө алтан соёмботой туганд тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Тиймээс тэднийгээ зөвөөр харуулахыг нэн тэргүүнд зорьж ажилласан

-"Хавтаст хэрэг" киноны цагдаагийн дүрээрээ нийгэмд ямар дуу хоолой хүргэхийг зорьсон бэ?

            -Энэ жил Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөн 100 жилийн ой тохиож байгаа юм л даа. Тиймээс ЦЕГ-аас санаачлаад, “Хавтаст хэрэг” олон ангит киног хийлээ. Энэхүү кинонд Ахмад цолтой Идэр гэдэг залуугийн дүрд тоглолоо. Энэхүү дүрээрээ цагдаагийн ар гэрийн амьдрал, цаг завгүй ажилладаг байдал, хэрэг илрүүлэлт болон хүн бүр мэдээд байдаггүй цагдаа хүний жаргал зовлон, гэмт хэрэг дээр хэрхэн ажилладгийг харуулахыг хичээлээ. Үзэгчид их сайхан хүлээж авсанд баяртай байна. Ялангуяа өнөөгийн нийгэмд цагдаагийн гэр бүл хэрхэн хамтдаа сэтгэл зүрхээ зориулж, гэмт хэрэг илрүүлэхийг зорьдог вэ гэдгийг эерэг талаас харуулахыг зорьсон доо. Шууд үнэнийг хэлэхэд, цагдаагийн алба хаагчдын нэр хүнд өнөөгийн нийгэмд сөрөг байр суурьтайгаар анзаарагдах болсон. Сүүлийн үеийн жагсаал цуглаан, бослого тэмцлээс шалтгаалаад мөрдэстнүүдээ шүүмжлэх хандлага бий болоод байгаа нь нууц биш. Угтаа бол бидэн шиг ажлаа хийгээд явж байгаа хүмүүс шүү дээ. Төрийнхөө алтан соёмботой туганд тангараг өргөсөн цагдаа нар шүү дээ. Тиймээс тэднийгээ зөвөөр харуулахыг, ойлгуулахыг нэн тэргүүнд зорьж ажилласан. Хүмүүс юу ч болоогүй байхад ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдааг гүтгэж, доромжлоод л гар утсаараа бичлэг хийдэг байдал ихэссэнд харамсаж байна. 

-Гар утсаараа шууд бичлэг хийж, хэн нэгэн рүүгээ дайрч байгаа үзэгдлийг та уран бүтээлч хүний хувьд, мөн Алтаншагайгийн хувьд хэрхэн хүлээж авдаг вэ?

            -Нэг талдаа хүний эрх. Бид чинь ардчилсан улсад амьдарч байгаа хойно яалтай билээ. Нөгөө талаас хувь хүний орон зай руу зөвшөөрөлгүй халдаж байна. Ардчилсан улсад хэн нэгний эрх ашгаас болж нөгөө хүний эрх ашиг хохирох ёсгүй. Тиймээс үүн дээр соёлтой, мэдрэмжтэй хандах нь зөв болов уу. Дээрээс нь ямар ч шүүлтүүр, цензургүй мэдээ, мэдээлэл даамжрах боллоо. Бараг л гар утастай болгон сэтгүүлч болж байна. Мэргэжлийн редакц, баг хамт олонгүйгээс болоод зөвөөсөө илүү буруу мэдээлэл нийтэд хүрээд байгаа гэж хардаг. Ямар ч баримт нотолгоогүй мэдээлэл олон нийтэд цацдаг. Үүнийг өсвөр насны хүүхдүүд хараад шууд итгэнэ. Энэ нийгэмд сөрөг нөлөөллийг бий болгоод байна уу гэж хардаг даа. Тиймээс мэргэжлийн редакцын бодлоготой, цензур, анализтай мэдээллийг олж харах нь чухал юм. Нууцгүй хэлэхэд одоо ухаалаг гар утастай хүн бүр л сэтгүүлч болсон юм шиг анзаарагддаг.

-Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ. Цар тахлаас болоод хоёр жил урлаг, соёлын арга хэмжээ хаалттай байлаа шүү дээ?

            -Ирэх намраас шинэ уран бүтээлүүдээ тоглож эхэлнэ. Өнгөрсөн онд манай “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ой болж өргөн, дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Миний хувьд цар тахлын хоёр жилд богино хэмжээний уран сайхны кино буюу контентод цөөнгүй тоглолоо. Мөн энэ зун уран сайхны кино хийх төлөвлөгөөтэй бэлтгэл ажилдаа ороод байна. 

-Та анх УДЭТ-аас ажлынхаа гарааг эхлүүлж, өдгөө “Мөрөөдлийн театр-ыг байгуулаад явж байгаа уран бүтээлч. Тэгэхээр УДЭТ-аас өрх тусгаарлаж, хошин урлаг руу хөл тавьсан гэсэн үг. Нэг үгээр бол сонгодог урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас хошин урлаг руу ороход хүндрэл болон ялгаатай зүйлс гарсан байх. Энэ тухай яриа дэлгээч?

         -Би оюутан байхдаа “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан. Ер нь бол эхний уран бүтээлүүдээ инээдмийн төрлөөр эхлүүлж байв. Мөн дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа УДЭТ-д Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Атга нөж” жүжигт Зэлэмийн дүрд тоглож байлаа. Энэ жүжигт тоглосноор миний Улсын драмын эрдмийн театр ажиллаж гараа эхэлсэн гэж  болно. Драмын урлаг гэдэг жүжигчин хүнээс мэдрэмж шаарддаг. Харин хошин урлаг хурд шаарддаг. Хурд гэдэг нь тэр чигтээ комеди /инээдэм/ байдаг. Үзэгчдийг богино хугацаанд яаж инээлгэх вэ гэдэг нь жүжигчин хүнээс маш их ур чадвар шаарддаг л даа. Манай багш “Жүжигчин урлагийн бүх жанр /төрлөөр/ тоглодог байх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Би багшийн хэлсэн зарчмаар ажиллаж, хөдөлмөрлөхийг хичээж явдаг. Мөн жүжигчин хүн УДЭТ-аар дамжиж гарна гэдэг бол том аз завшаантай зүйл. Яагаад гэхээр теартаас багаар ажиллаж, найруулагчтай ойлголцох гээд олон зүйлийг сурч авдаг. Дурдаад байвал их зүйл бий. Ер нь УДЭТ-т ажиллаад гарах хэд хэдэн их сургууль төгссөнтэй адил боловсрол, чадварыг эзэмшдэг дээ.

Би багшийн хэлсэн зарчмаар ажиллаж, хөдөлмөрлөхийг хичээж явдаг. Мөн жүжигчин хүн УДЭТ-аар дамжиж гарна гэдэг бол том аз завшаантай зүйл

-Та дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж яваа уран бүтээлч. Миний санаж байгаагаар таныг “Мойлхон” уран сайхны кинонд тоглосноор анх дэлгэцийн уран бүтээлээс харсан. Энэхүү кинонд тоглосон түүхээсээ сонирхуулбал?

            -“Мойлхон” уран сайхны киног 2008 онд бүтээсэн. Энэхүү киног Ардын жүжигчин А.Энхтайван ах найруулж, олны хүртээл болгож байлаа. Хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хэлмэгдсэн ястан буриадууд юм билээ. Буриад түмэнд хонь гаргах эрэгтэй хүн олдохоо байтлаа хэлмэгдэлтэд өртсөн түүхтэй. Буриад түмнийг хоморголон устгаж байсан эмзэглэлээр “Мойлхон” киног уран бүтээлчид хийсэн. Найруулагч надад Содном буюу солиот гэдэг дүрийг санал болгосон. Энэ дүр нэлээд өвөрмөц байсан. Эрүүл мөртлөө мэдрэл муутай хүний дүрд тоглох нь содон бөгөөд сорилт байсан. Тиймээс дүрээ их судалж, найруулагчтайгаа ярилцсан. Надад уран бүтээлийн шинэ хуудас, нэг шат ахиулсан сайхан бүтээл болсон гэж боддог. Тиймээс энэхүү кинондоо их хайртай.

-Та дүрийнхээ судалгааг хэрхэн хийдэг вэ?

            -Дүрийн судалгаа хамгийн чухал. Яагаад гэхээр судалгаа хийж байж л тухайн дүр амьтай болж, үзэгчдэд хүрдэг. Би уншиж байсан нэг зүйлээ ярьж өгье, болох уу.

-Мэдээж бололгүй яах вэ?

            -Цагааны Цэгмид гуай дүрийн судалгаандаа их мундаг ажилладаг хүн байсан. Нэг удаа ард иргэдийнхээ дунд нэр хүнд муутай, хөнгөн, хийсвэр хааны дүрд тоглохоор болж л дээ. Тиймээс тухайн хааны дүрээ ширүүн харцтай, хүчирхэг гэхээс илүү хөнгөн талаас нь харуулахыг бодоод л яваад байж л дээ.

 Надад уран бүтээлийн шинэ хуудас, нэг шат ахиулсан сайхан бүтээл гэж боддог. Тиймээс энэхүү кинондоо их хайртай

        Нэг удаа гудмаар явж байтал үс ноосондоо баригдаад, хамуурчихсан гөлөг таарч. Тэр гөлгийг хараад хааны дүрээ ийм байж болох юм байна гэж бодоод тоглосон гэдэг юм билээ. Энэ нь амжилттай болсон. Тэгэхээр яг үүн шиг л жүжигчин хүн өдөр тутмынхаа амьдралаас эрэл хайгуул хийж, аливааг соргог мэдэрч байх хэрэгтэй гэж боддог. Ер нь жүжигчин гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг асуулт нийгэмд яваад байдаг.

-Та энэ асуултад ямар хариулт өгөх вэ?

            -Хүн судлаач хүнийг жүжигчин гэдэг юм.

-Жүжигчин Алтаншагай ах аа?

            -Яасан бэ?

Яах вэ ЕБС болон Их дээд сургуульд байхдаа их сахилгүй талдаа хүүхэд байсан. Харин амьдрал дээр гараад баг хамт олныг толгойлж, удирдаад ирэхээр намба суудаг юм байна

-Та ер нь амьдрал дээр хэр сахилгагүй, дэггүй хүн бэ?

            -Яагаад ингэж асуув.

-Таныг тайзан дээрээс харахад цаанаасаа л нэг дэггүй, төрөлхийн алиа марзан хүн шиг харагддаг Харин сүүлийн үед бүтээсэн дэлгэцийн уран бүтээлүүдээс тань харахаар ноён нуруутай, даруухан эр хүн шиг санагдах юм?

            -Ер нь амьдрал дээрээ даруухан талдаа хүн шүү. Яах вэ, дунд болон их сургуульд сурч байхдаа сахилгагүй талдаа хүүхэд байсан. Харин амьдрал дээр гараад баг, хамт олон толгойлж, удирдаад ирэхээр эрхгүй намба суудаг юм байна. Хүн амьдралынхаа шат бүрд өөрийгөө сонсож, чагнаад өөрчлөлтүүд хийх болдог юм шиг санагддаг. Тиймээс одоо бол уран бүтээл дээр ч тэр инээдмийн төрлөөр гэхээс илүү драмын тал руугаа, дотоод сэтгэл рүүгээ өнгийсөн дүр дээр ажиллах сонирхолтой байна. Нэг үгээр бол илүү мэргэжлийн түвшинд уран бүтээл хийх шинэ гараа эхэлж байна гэж ойлгож болно.

-Тэгэхээр таныг дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллана гэж ойлгож болох уу?

            -Бололгүй яах вэ. Нэгэнт л уран бүтээлчийн амьдрал сонгосон болохоор илүү мэргэжлийн уран бүтээл туурвимаар байна.

Цаг гарган ярилцсан баярлалаа, танд амжилт хүсье.

            -Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 


ЖҮЖИГЧИН Г.АЛТАНШАГАЙ: Дэлгэцийн бүтээл түлхүү хийж, мэргэжлийн түвшинд ажилламаар байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-13 05:50:04
    del: жинхэнэ алиа салбадай заримдаа үзэхээс дургүй хүрдэг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-12 10:45:29
    иргэн: Хэн хориод байгаа юм бэ?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188