• Өнөөдөр 2024-04-25

П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Эмэгтэй хүн өөртөө хайртай байх хэрэгтэй

2022-05-10,   5532

   -АНУ РУУ ЯВАХ ШИЙДВЭР ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ ЭРГЭЛТИЙН ЦЭГ БАЙСАН-

               Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа цуурайтуулсан үзэсгэлэнт эмэгтэй болох жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр өөрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр АНУ-ыг зорьж, улмаар “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, түрүүлсэн авьяаслаг нэгэн юм. Бид түүнээс АНУ-д амьдрахын давуу тал, уран бүтээлийн цаашдын зорилго, эх орондоо ирсэн сэтгэгдэл зэргийг нь хуваалцсан юм. 

-Та АНУ-д амьдраад хэдэн жил болсон бэ. Эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

               -Мэдээж маш сайхан байна. Хүн бүхэн эелдгээр угтаж, урмын үг хэлж, халуун дотноор хүлээн авсан. Би Монголдоо ирээгүй хоёр жил гаран болсон байна. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгджээ. Өмнө нь би Монголд байхдаа эх орон ч хүн биш байсан юм шиг санагддаг. Тэгсэн хүний нутагт очоод яагаад ч юм Монголоо их санагдаг юм билээ. Гадаад дахь сургууль амарсан учраас энэ хугацаанд нь төлөвлөсөн ажлуудаа амжуулахаар эх орондоо ирээд байна. Өнгөрсөн хоёр жил  цар тахлын улмаас хоригдсон гэж хэлэхэд буруудахгүй байх. Зорьж ирсэн ажлуудаа цэгцлээд буцах төлөвлөгөөтэй байгаа. Ирээд долоо хонох гэж байна. Үнэхээр сайхан тав, тухтай байна даа.

- Та яагаад  АНУ-ыг сонгож суралцахаар болсон юм бэ?

               -Магистрт суралцах зорилготой АНУ руу явсан. Хамгийн том зорилго гэвэл англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн. Мөн явахаасаа өмнө төлөвлөж байсан нэг зүйл минь “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох байсан юм. Одоогоор дөнгөж эхний зорилгоо биелүүлсэн байна. Ер нь хүн жаахан амжилтдаа хэзээ ч ханах ёсгүй гэж боддог. АНУ руу явахгүйгээр эх орондоо сайхан амьдарч болох байсан. Гэхдээ тус сонголтыг хийсэндээ би харамсдаггүй. Харин ч баярладаг. “Би чадаж байна” гэж бодоод өөрийгөө хөгжүүлэхгүй орхисон бол өнөөдрийн энд суугаа Шүүдэрээ байх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Залуу хүн бүр өөрийн мэдэхгүйг мэдэж, чадахгүй зүйлээ чаддаг болохын тулд зоригтой шийдвэр гаргах ёстой. Миний хувьд магад АНУ руу явах шийдвэр нь өөрийгөө өөрчлөх эргэлтийн цэг байсан болов уу гэж бодож байна.

-Та өнгөрсөн өөрийгөө хэрхэн өөрчилж чадсан гэж боддог вэ?

               -Өмнө нь би өөрийгөө голдог, хэл мэдэхгүй гэдэгтээ үнэлэмжээ бууруулдаг байсан. АНУ руу явсан нь надад олон боломж нээж өгсөн. Өөрийнхөө юу хүсэж буйг тодорхойлсон, цаашдаа хэрхэн амьдрах баримжааг бий болгож чадсан. Тухайлбал, англи хэлээ сайжруулж, зорьсон тэмцээндээ амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг дуудуулсан гээд олон эерэг өөрчлөлт гарсан байна.

-“Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаас түрүүлсэн анхны хүн нь та шүү дээ. Өөрөөрөө бахархах сэтгэл мэдээж төрсөн болов уу?

               -Маш том хариуцлага байсан. Нөр их хөдөлмөрийн үр шим бодитоор гарсан гэж би хувьдаа бодож байна. Олон улсын тэмцээнд оролцоно гэдэг нь туршлага хуримтлуулах, олонд зүйлд суралцах боломжоор хангадаг юм шиг санагддаг. Энэ тэмцээн 33 жилийн турш тасралтгүй болсон уламжлалт миссийн тэмцээний нэг гэдгээрээ онцлог бөгөөд тавигдах шаардлага өндөртэй юм билээ. Миний хувьд маш өндөр зардлыг гаргаж, мөн хичээл зүтгэлээ зориулж энэхүү тэмцээнд оролцсон. Тэгээд хичээсэн зүйлийнхээ үр шимийг хүртээд явж байна. Мөн энэ тэмцээнд түрүүлсэн мисс нь урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэг хүртдэг. Урлагийн сургуулийн тэтгэлэг авна гэдэг ховорхон боломж. Зорилготой, тууштай байж хөдөлмөрлөсний хүчинд Урлагийн сургуулийн тэтгэлгийг авч чадсан. Миний гаргасан амжилт бол зөвхөн нэг удаад дурдагдаад, шагнагдаад өнгөрөх зүйл биш. Дараа, дараагийн энэ тэмцээнд оролцохыг хүсэж буй монгол охиддоо гүүр нь болсон байх гэж бодож байгаа. Тэмцээний бэлтгэлийн үеэр монгол хүн, Монгол Улсаас оролцож байгаа гэж хэлэхээр үл тооцсон, жижиг ядуу орон гэх мэтээр гадуурхсан, цөөнгүй зүйл тохиолдсон. Энэ болгоныг даван гарч, монголчууд гэдэг чинь ийм мундаг хүмүүс байдаг гэдгийг баталж чадсандаа баяртай байгаа.

Монголынхоо нэрээр л дуудуулах нь маш том хариуцлага хүлээсэн мэт, бахархах, омогших мэдрэмж төрж байсан. Тиймээс байж болох бүхий л чадлаараа хичээсэн дээ. Цаашдаа ч гэсэн гаргасан амжилтаа бататгаж, анхны гэдэг тодотголоо алдахгүйг хичээж байна.

-Та өөрийгөө аливаа зүйлд хэрхэн бэлддэг вэ. Таны ямар зан чанар хамгийн их нөлөөлдөг вэ?

               -Надад байдаг нэг зан гэвэл зорьсон зүйлдээ тууштай байж чаддаг. Энэ зан минь л намайг хурцалж, шантарсан ч босох хүчийг өгдөг. Жишээлбэл, би долоо хоногт гурван удаа фитнесээр хичээллэдэг. Надад фитнес модель болох хүсэл байхгүй ч би өөртөө амласан болохоор нэг удаа хойшлуулсан бол заавал нөхөж хийдэг. Энэ мэт өөртөө өгсөн амлалт, дотоод зорилгоо ухамсарлачихвал ямар ч зүйлд тууштай байх суурийг нь бэлтгэдэг байх.

-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ. Багынхаа мөрөөдлийг биелүүлж чадсан уу?

               -Арван жилдээ их даруухан, байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүүхэд байсан. Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явж эхлээд яриа хөөрөөтэй, багаар ажиллаж сураад л нүүр хагарсан даа. Багадаа гоё дүрэмт хувцас өмссөн онгоцны үйлчлэгч болох юм сан гэж боддог байсан. Тэгээд л бусдын адил ямар нэгэн зорилгогүйгээр багш, эмч гоё гэж бодсон бүх мэргэжлийн хүн болно гэдэг байсан. Арай томроод нэг удаа өөрийгөө модел болсон байна гэж зүүдэлж байсан юм. “Өөдөөс минь олон камераар зургийг минь аваад, үсээ янзлуулаад, нүүрээ будуулдаг хүн болсон байна” гэж ээждээ хэлэхэд манай ээж “Модел гэдэг чинь цаанаасаа төрсөн байдаг юм, миний охин шиг бондгор, намхан хүн модел болохгүй шүү дээ” гэж байсан. Тэгээд л 16 настайгаасаа “Шилмэл загвар агентлагт явж, Энхмаа багшаасаа тайзны алхаа болон модел хүнд байх ёстой анхан шатны мэдлэгийг суралцаж байлаа. Тухайн үед сурсан зүйлс миний амьдралд одоо ч хэрэг болдог.

 -ХҮНИЙН СУРСАН ЗҮЙЛ ОДОО БИШ ЮМ АА ГЭХЭД  ДАРАА НЬ ЗААВАЛ ХЭРЭГ БОЛДОГ ЮМ БИЛЭЭ-

-Таныг тууштай, хөдөлмөрч эмэгтэй гэж боддог. Та эрч хүчээ юунаас авдаг вэ?

               -Алдаад үзсэн, алдаан дээрээсээ суралцах гэж хичээдэг. Дахиж алдахгүй юм сан гэсэн бодолтой аливаа зүйлд өөрийн үүрэг, хариуцлага, эрхийг мэддэг. Өөрийн хэлсэн зүйлдээ үнэн байдаг хүмүүст дуртай. Хэлэх гэсэн зүйлээ шулуухан хэлчихдэг, мөрөөдөмтгий түүндээ хүрэх гэж тууштай зүтгэдэг эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлох юм байна. Ямар ч зүйлийг яаж харах өнцөг чухал гэж боддог. Амьдрал гэдэг чинь богинохон. Энэ богино хугацаанд аз жаргалтайгаар харвал аз жаргалтай, хэцүү гэвэл хэцүү. Тиймээс ямар байлгахыг хүсэж буй өнцгөөрөө харах нь чухал. Өнгөрсөн хугацаанд П.Шүүдэрцэцэг гэдэг хүн өөрийн үнэт зүйл, үнэ цэн, хэмжүүрийг тунгааж, өөртэйгөө ярилцаж тодорхойлж чадсан байх гэж бодож байна.

-Сүүлийн үед монгол залуус гадаадируу явахыг хүсэх болсон. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

               -Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх нь чухал. Гэхдээ хууль бусаар битгий харлаж үлдээсэй гэж хүсдэг. Эх орноосоо явахдаа сурах зорилгыг тээж явсан бол сурах зүйлээ сурчхаад эргээд ирдэг байгаасай. Гадаад л сайхан амьдрал байгаа мэт битгий хандаасай, эх орондоо сайхан амьдрах олон боломж байгааг судалж боломжоо эрэлхийлэх нь чухал. Нөгөөтэйгүүр залуусын хүсэл мөрөөдөл боломжийг битгий устгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл олон хүнд бүрдээгүй боломжийг бүрдүүлж гадаадад оччихоод хууль бусаар амьдарч болохгүй. Өөрийн зорилго үнэт зүйлийнхээ төлөө хүчирхэгээр тэмцээрэй л гэж хэлмээр байна. Өнөөдөр магадгүй чамд гадагшаа сурах мөрөөдөл байдаг бол мөнгө, хэлний мэдлэггүй зэрэг зүйлсээс битгий төвөгшөөгөөрэй. Чи тууштай байж чадвал боломж үргэлж байдаг. Харин боломжоо бүрдүүлээд гаднын улс руу явсан бол эх орондоо ирж сурсан, мэдсэн зүйлээ үндэслүүлэх хэрэгтэй байх. Миний хувьд ч мөн адил мастертаа суралцаж төгсөөд Монголдоо ирж сайхан амьдрах хүсэлтэй байдаг. Одоо байгаа өөрийн төвшний ахиулж, шинэ зүйлд өөрийгөө туршиж, туршлагажсаны дараа өөрийн  ур чадварыг харуулсан бүтээлүүдээр үзэгчидтэйгээ уулзах байх гэж боддог доо.

-Таны бодлоор хүчирхэг эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

               -Намайг “Зөвхөн өөрийгөө л хайрладаг эмэгтэй” гэж ярьдаг олон хүн байдаг юм билээ. Хэрэв би өөрийгөө л ганцхан хайрладаг байсан бол миний хажууд гэр бүл, найз нөхөд минь үлдэхэд хэцүү. Юмыг гаднаас нь хараад дүгнэх нь буруу. Мэдэхгүй бол чимээгүй л байх хэрэгтэй гэж боддог. Хүн өөрийгөө хайрлахгүй байж, өөрөөсөө илүү бусдыг хайрлана гэдэг юу л бол. Миний хувьд эмэгтэй хүн өөртөө л хайртай байх хэрэгтэй. Би өөртөө маш их хайртай. Өөрийгөө хайрлаж сурсан хүн л бусдыг хайрладаг. Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийгөө сонсох, таньж мэдэх, ярилцах, цагаа зарцуулахын л нэр гэж би ойлгодог. Зөвхөн гоё сайхан байх гэхээс илүүтэй өөрийгөө юу хийвэл аз жаргалтай болдог, ямар тохиолдолд сэтгэл гунддагаа ойлгох, мэдрэх нь чухал. Энэ бол хүчирхэг байхыг хүсдэг ч бай үгүй ч бай эмэгтэй хүн бүрд байх ёстой зан чанар гэж боддог.

-ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Өнөөдрийн П.Шүүдэрцэцэг гэдэг хүнийг бүтээсэн зүйлс юу вэ?

               -Манай ээж, гэр бүлийнхэн, найзууд маань дэмждэг учраас би өдий зэрэгтэй, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж нисэж чаддаг байх гэж боддог. Би ер нь олонтой байх дуртай хүн л дээ. Яагаад гэвэл би айлын ганц. Миний хувьд хамт олон, найз нөхөд гэдэг маш том байр суурь эзэлдэг. Тийм ч болохоор би тэдэндээ хайр, халамж, цаг хугацааг зориулж чаддаг гэж дүгнэдэг. Нүүрэн дээр бүх зүйлийг нь үнэнээр нь хэлж чаддаг нөхөрлөл удаан хугацаанд үргэлжилдэг байх. Ер нь би чинь өөртөө маш үнэнч хүн. Энэ занд минь миний эргэн тойрны хүмүүс тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Өнөөдрийн энд байгаа аз жаргалтай, өөрийнхөөрөө гэрэлтэж буй намайг бүтээсэн зүйл бол гомдоосон, итгэл алдаж орхиод явсан хүмүүс, үргэлж дэргэд минь байгаа дотнын найзууд, гэр бүл минь юм. Би ер нь өөрийн өнгөрсөндөө хорогдож, шаналах дургүй. Одоо цагтаа аз жаргалтай амьдрахыг илүүд үздэг. Мөн хийсэн үйлдэлдээ харамсаж өнөөдөр олдож буй цагийг зориулахыг хүсдэггүй.

-Та хайрыг юу гэж тайлбарлах вэ?

-Хүн бүр өөрийн өнцгөөр тайлбарлах байх. Харин миний хувьд хайранд итгэлцэл хамгийн чухал. Итгэхгүйгээр тэр хайр цааш үргэлжлэхгүй байх. Хажуудахдаа л итгэнэ гэдэг шиг итгээд алдсан олон хүмүүс байдаг. Би өөрөө төгс нэгэн биш, учир нь  алдаж яваа эмэгтэйчүүдийн төлөөлөл болохоор сайн тодорхойлж чадахгүй байна. Гэхдээ амьдрал гэдэг чинь гүнзгий, том далай. Энэ дотор яаж сэлэх нь тухайн хүнээс шалтгаална. Жинхэнэ хайрыг юугаар ч орлуулшгүй. Мөн энэ бол хайр гэж харуулж, ойлгуулах зүйл байдаггүй. Зөвхөн хүний сэтгэл дотор оршдог нандин зүйл гэж бодож байна.

-Таны цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу вэ?

               -Уран бүтээл, киноны саналууд ирсэн. Гэхдээ удаан хугацаанд уран бүтээл дээр ажиллаагүй болохоор эргэлзэж байна. Өөрийгөө хангалттай болжээ гэж бодтолоо, тасралтгүй тууштайгаар ур чадвараа хөгжүүлсээр байх болно. Мөн өөрийгөө шинээр бүтээж байгаа учир сайхан мэдрэмж төрж байгаа. Цаашдаа урлагийнхаа чиглэлээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй. Сурсан зүйлсээ ашиглаж, уран бүтээл ч туурвих битүүхэн хүсэлтэй явдаг. Өөрийн хүсэж буй өнцгөөр соён гэгээрүүлэх бүтээлээр уулзана гэдэгтээ итгэлтэй байна.

-Энэхүү ярилцлагыг уншиж буй залууст хандаж хэлэх зүйл байна уу?

               -Залуус чадварлаг болсон нь гудамжаар явахад хүртэл мэдэгдэж байна. Хоорондоо англиар мэтгэлцэж, өдөр тутамдаа хэрэглээ болгож чадсан юм шиг санагдсан. Мөн залуу хосууд, гэр бүл төлөвлөлтөө зөв хийж битгий хүүхдүүдийг өнчрүүлээсэй гэж боддог. Яагаад гэвэл өнчин хүүхдүүдийн төлөөлөл нь би өөрөө учраас, энэ бүхнийг туулахад ямар байдгийг бодитоор үзсэн болохоор өөрийн үзээгүй, элэг бүтэн сайн сайхан амьдралыг бүтээгээсэй л гэж хэлмээр байна. Би ч бас сайн сайхан гэр бүл бий болгохыг хүсдэг. Эцэст нь, монголчууд бид оюуны чадамж өндөртэй мундаг хүмүүс. Тиймээс өөрт өгөгдсөн зүйлийг зөвөөр ашиглаж амьдралдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдраарай гэж хэлье.

-Ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

-Баярлалаа.

 

П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Эмэгтэй хүн өөртөө хайртай байх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-13 17:34:53
    Атабэн: Мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-10 15:05:32
    Пүрэвсүрэн: Үнэхээр мундаг эгч юмаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188