• Өнөөдөр 2024-03-29

ПОРОРО ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ДУУ ОРУУЛАГЧ Ч.УНДАРМАА: Дуу оруулагч ямар ч дүрд дуу оруулах чадвар, мэдрэмжтэй байх хэрэгтэй

2022-06-01,   1873

Сайн уу, найзуудаа.
Сайн уу, найзуудаа.
Бүгдээрээ хамт тоглоё.
Сахилгагүй Пороро... 
хэмээн дуулж, олон хүүхдийн бага насны дурсамжид тод гэрэл болон үлдэж,  инээх шалтгаан нь болж байгаа “Бяцхан оцон шувуу Пороро” хүүхэлдэйн киноны гол дүр "Пороро"-д  дуу оруулсан Чулуунцэцэгийн Ундармаатай ярилцсанаа уншигч танд дэлгэж байна. Тэрбээр 2006 онд найзынхаа зөвлөснөөр хоолойгоо шалгуулан тэнцээд албан ёсоор дуу орчуулагчаар ажиллаж эхэлсэн байна.

 

-Сайн байна уу. Юуны өмнө хүүхэд, багачуудын дуртай "Пороро" хүүхэлдэйн киноны дуу оруулагчтай ярилцах гэж байгаа даа баяртай байна. Порород хүүхэд л дуу оруулдаг байх гэж бодож байсан шүү.Та хэзээнээс дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн бэ?

    -"Мюзик Холл" театр кино хөгжмийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Сурсан сургуульдаа тайз, ярианы багшаар ажиллаж байсан. Анх 2006 онд найзынхаа тавьсан саналын дагуу хоолойгоо шалгуулж,тэнцээнд дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн дээ.

-Таны хувьд хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байв?

    -Хүүхэд  байхдаа эмч болно гэж их боддог байлаа. Гэхдээ төгсөх үедээ эрүүл мэндийн шалтгаанаар хичээлээсээ завсардсан. Тийм ч учраас өөр мэргэжил сонгохоор болсон юм. Аравдугаар ангид орох жил дээ жүжигчний дугуйланг амжилтай суралцан төгсөөд, захирлаас нь их сургуульд суралцах урилга авсан. Ер нь урлагийн сургууль төгссөн хүүхдүүдийг дуу оруулагчаар ажилд авах дуртай байдаг. Учир нь, номын дуу сонссон, жүжигчин хүн учраас хийх ёстой зүйлсээ мэдэж байдаг. Дуу оруулагчийг өөр мэргэжлийн хүн хийж бараг л барахгүй ажил шүү.

-Дуу оруулагч мэргэжилтэй болоод хамгийн анх ямар киноны дүрд дуу оруулж байсан бэ?

    -Яг нэрийг нь сайн санахгүй байна. Шинэ жил болох гээд ан амьтад гацуур мод чимэх гэж байгаа талаар гардаг хүүхэлдэйн кино байсан юм. Олон жилийн өмнөх бүтээл болохоор нэрийг нь сайн санахгүй  байна л даа. Ер нь хэчнээн уран бүтээлд дуу оруулсныгаа мартаж орхижээ. Өдөр бүр хийж байгаа ажил учраас дуу оруулсан дүр бүрийг нь тэмдэглэж аваад, мартахгүй дурсаад байх боломжгүй л дээ.

-Та хэрхэн энэ хүүхэлдэйн  кинонд дуу оруулах болсон бэ?

    -Өмнөд Солонгосын брэнд хүүхэлдэйн кино шүү дээ. "Пороро" киноны дүртэй олон бүтээгдэхүүн байгаа Энэхүү брэндийг Монгол Улсад оруулж ирж, хүүхдүүдэд чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх зорилготой байгаа юмгэж Солонгос Улсаас санал тавьж байсан. Тухайн үед ажилладаг байсан студийн найруулагч Олон цуврал үргэлжлэх  хүүхэлдэйн кино байгаа гэж хэлээд бүгд шалгаруулалтад ороод "Миний хоолой тохирч байна" гэсэн хариу авсан. Тэр үед анх удаа хүүхэлдэйн кинонд ам барьж байлаа. Их ур чадвар шаардсан ажил, бид зарим дуугаа дүрүүдийнхээ хоолойгоор дуулсан. Эхний бүлэгт туршилтаар дуу оруулаад  Солонгос Улс руу явуулаад, тухайн компанид таалагдаж, гэрээ хийгээд ажиллаж эхэлсэн. Ер нь 3-4 жилийн турш хийгдсэн ажил даа.

-Өөрийн төрөлх дуу хоолойноос тэс өөр хүүхэлдэйн баатрын дуу авиа гаргахад бэрхшээлтэй зүйл байсан уу?

    -Бүгд дуу оруулагч, жүжигчдийн ур чадвараас хамаарах зүйл л дээ. Хүүхдийн хоолойгоор дуулна гэдэг хэцүү, огт төсөөлөлд буухгүй байсан. Дуулж байгаа дуу нь бидний мэддэг дуу биш. Солонгос хэлнээс орчуулсан дуу болохоор ая дээрээ үг нь багтахгүй эсвэл дутах асуудал их гарсан. Дуугаа бичүүлэх гэж олон хоног болсон. Сүүлдээ бүүр хүндрээд ирэхээр нь найруулагч дууны дугуйлангийн хүүхдүүдийг урьж дуулуулсан юм. Тэдгээр дуу олон хүнд хүрсэн, дан ганц хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс дуулаад явж байдагт баяртай байдаг. Хүүхэлдэйн киноны эхлэл болон төгсгөлийн дууг өөрсдөө дуулсан.

-Киноны явцад бага насны хүүхэд дуу оруулж, оролцсон тохиолдол байсан уу?

    -Бүгд мэргэжлийн дуу оруулагч жүжигчид байсан. Хүүхэд оролцуулаагүй ээ.

-Та дуу оруулсан өөр уран бүтээлүүдээ дурдвал?

    -Боловсрол телевизэд ажиллаж байх хугацаанд бямба гараг бүр шилдэг уран бүтээлийг, алтан үеийн мундаг жүжигчидтэй хамтран дуу оруулдаг байлаа. Жишээ нь “Сая долларын бүсгүй” киноны гол дүрийн эмэгтэйд дуу оруулж байсан даа. 

-Поророгийн хоолойг дуу оруулалтаас өөр үед ашигласан тохиолдол танд байдаг уу?

    -Манай дүүгийн хүүхэд "Пороро" хүүхэлдэйн кинонд  дуртай гар утсаар байнга үздэг. Мөн наадаг зурагт тоглоом нь байдаг юм билээ. Дүүгийнхээ гэр бүлтэй хамт гадуур явж байгаад эцэг, эх хоёр нь дэлгүүр ороод жаахан удсан чинь хүүхэд  уйлаад, яаж ч аргадаад уйлах нь  зогсдоггүй. Тэгэхээр нь Поророгийн хоолойгоор  Найз аа яагаад уйлаад байгаа юм бэ гэсэн чинь гайхаад машин дотор хайгаад, над руу нэг хараад хөөрхөн байсан шүү. Удалгүй аав, ээж хоёр нь орж ирэхээр нь юу болсон талаар хэлсэн чинь Та дахиад нэг дуудаад үзээчгээд дахиад дуудсан чинь Энэ хүнээс гараад байгаа юм уугээд нүд нь тормолзож ирээд хараад, аав ээж хоёр нь Ийм уран бүтээлч бидний хажууд явж байсан байна гээд сайхнаар хүлээж авсан шүү.

-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?

    -Хүүхдүүд маань  ээжээрээ бахархаад ангийнхандаа Энэ кинонд дуу оруулсан хүн нь манай ээж гэж хэлэхээр Үгүй. Жаахан хүүхэд байж таарна гээд итгэдэггүй гэсэн. Тэгэхээр манай охин Үгүй ээ. Үнэн хэрвээ итгэхгүй бол манайд  очоод сонсооройгэдэг юм билээ. Манай эмээ хүртэл намайг таниагүй. Эмээгийнхээ гэрт телевиз үзэж суутал миний дуу оруулсан кино дэлгэцээр гарч байсан. Тиймээс Би дуугарч байна гэсэн. Гэтэл эмээ нэг том харсан аа битгий худлаа яриад бураад бай гэсэн дээ. Миний хань бол дэмждэг, тусалдаг. Тулгуур түшигтэй хүн бий. 

Өдгөө 16 жил дуу оруулахдаа өөрийн  дуу оруулсан уран бүтээл бүртээ баярлаж, гуниглаж, жаргаж байсан болов уу гэж бодогдлоо. Бяцхан  хүүхэлдэйн баатарын хоолойгоор өсвөр насны дэггүй залуу, эсвэл “Сая долларын бүсгүй” шиг хүчирхэг эмэгтэйн дүрд ч тэр чадварлагаар дуу оруулжээ. Үргэлжлүүлэн бидний яриа цааш ийнхүү өрнөлөө. 

БИ ДУУ ОРУУЛАГЧ БОЛОХЫН ТУЛД 99 ХУВИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАН

-Олон дүрд дуу оруулах үед хоолой ядрах, өвдөх үе байдаг уу?

    -Урлагын сургуульд сурч байсан учраас хоолойгоо гэмтээхгүйгээр ярих техникийг сурсан. Гэхдээ хүн учраас ханиад хүрэх, хоолой өвдөх асуудал гарна. Мөн амралт өгөхгүйгээр олон киноны уншилт ар, араасаа ирэхэд хоолой сөөж ядралт авч эхэлдэг.

-Пороро хүүхэлдэйн кинонд дуу оруулж байх үед дурсамжтай явдал тохиолдсон уу?

    -Хүүхэлдэйн кино учир олон дүртэй, зарим дүр дээр эрэгтэй, эмэгтэй аль хоолойгоор явах нь мэдэгдэхгүй туслах дүрүүд гарч ирдэг. Тэгээд эмэгтэй юм байна гэж бодоод дуу оруулаад 2-3 анги нь бэлэн болчихсон байтал  нөгөө дүр нь эрэгтэй дүр болж таардаг. Тэгээд “Эр, эм нь мэдэгдэхгүй сонин юм бэ” гэж инээлдээд дахиад эрэгтэй хоолойгоор дуу оруулсан даа.

-"Пороро" хүүхэлдэйн киноны Поророгийн дүрд зөвхөн дуу оруулсан уу, нэмэлт дуу оруулах дүр авсан уу?

    -Хүүхдүүдийн дуртай олон алдартай хүүхэлдэйн кинонд дуу оруулсан. Нэг кинонд зөвхөн нэг хүн сонгож аваад дуу оруулна гэж байхгүй. Ер нь өсвөр насны эрэгтэй хүүхдийн дүрийг эмэгтэй дуу оруулагчид авдаг.  Поророгийн динозавр найз “Кронг”-д дуу оруулж байсан жүжигчин гадаад улс руу явсан учраас би дуу оруулсан. Адилхан насны хоёр хүүгийн дүр учраас яаж ялгаж дуугарах вэ гэж их бодсон. Хөөрхий "Кронг"  нээх их юм яриад, ажиллагаа нэхээд байдаггүй.

-Дуу оруулагч хүнд заавал байх ёстой чадвар гэж бий юу?

    -Ажиллаж байгаа хүний хувьд анзаарч харснаар дуу оруулагчид хувийн тоглолт гэж байхгүй. Хүмүүс надаас Та нар дуу оруулахаасаа өмнө киногоо нэг удаа үздэг үү, үгээ уншиж бэлддэг үүгэж их асуудаг. Яг үнэндээ бидэнд өмнө нь үзэх, текст унших зав байдаггүй. Найруулагч үг өгнө, дэлгэцэд дүрс гараад чихэвчээр дууг нь сонсоод ажиллаа хийнэ. Сонсгол, нүдний хараа хоёрыг ашиглаад тухайн дүр уйлах уу, инээх үү, Сайн байна уу гэдэг үгийг ямар сэтгэлийн илэрхийлэл гаргаж хэлэх гэж байна гэдгийг асар богино хугацаанд мэдрэх хэрэгтэй болдог.

-Дуу оруулагч болоход ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байсан уу?    

    -Анх хоолойгоо бичүүлээд сонсон нэг л онцгүй санагдаж байлаа. Намайг дуу оруулж байхад О.Оюун эгч  манай студид ирээд надад Чи  дуу оруулах төрмөл хоолойтой хүн биш. Сонин, содон хүний чихэд наалдахгүй тийм хоолойтой. Тэгэхээр эртхэн өөр ажил хийгээрэй гэж хэлж байсан. Тэр үед би “Яагаад хүнд  нэг хувийн авьяас байж болно. Үлдсэн 99 хувь нь хичээл зүтгэл, хөдөлмөр байна гэж бодоод хичээж эхэлсэн. Хээн сарын сарын дараа О.Оюун эгч Чамд нэг хоолойны зөв  өнгө байгаа тэр өнгийг барьчих гэж хэлсэн. Тэр үгнээс  цааш үргэлжлүүлэх  урам авч байсан даа. Ер нь миний  хоолойны өнгө  хэзээ ч залуу сайхан, гунхсан эмэгтэйн дүрд тохирохгүй. Эсрэгээрээ хэрүүл хийдэг, танхай дунд насны эмэгтэй дүрд илүү тохирдог доо.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

    -Баярлалаа. Амжилт хүсье.

Дүрс бичлэг: https://fb.watch/cP5d6hKSs5/


ПОРОРО ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ДУУ ОРУУЛАГЧ Ч.УНДАРМАА: Дуу оруулагч ямар ч дүрд дуу оруулах чадвар, мэдрэмжтэй байх хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188