-Сайн байна уу. Таны "Тамгагүй төр" жүжгийн Ачир, Хүчир хоёрын нярай үеийн биеийг урласан тухай мэдээлэл, зураг цахим сүлжээнд нэлээд цацагдлаа. Уран бүтээлчийн хувьд та өөрийгөө танилцуулаач?
-Сайн. Сайн байна уу. Би Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлаг, уран баримлын ангийг 2011 онд төгссөн. Хийсэн бүтээлүүдээ цахим хуудаст тавиад байхыг хүсдэггүй. Аль болох чимээгүйхэн бүтээлээ хийгээд явахыг л боддог доо.
-Та ямар, ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?
-Би сургуулиа төгсөөд л маргаашнаас нь ангийнхаа гурван залуутай хамт Б.Чингүнжавын хөшөөг бүтээж эхэлсэн. Бид дөрвөн сар гаруй хугацаанд ажиллаж байлаа. Нэлээд ч их юм сурч мэдсэн. Гэхдээ дөнгөж их сургуулиа төгссөн бид “Ажлыг яаж хийдгийг ёстой үзүүлээд өгнө өө” гээд Чингүнжавын хөшөөний ажилд оролцож байсан бол нуруугаа авахуулах дөхөөд л гарч ирсэн дээ.
-Та яагаад уран баримлын ангид сурах болсон бэ. Ер нь баримлаар юм хийх нь таны сонирхол байв уу?
-Энэ бол миний бага насны сонирхол байсан. Би цэцэрлэгт байхаасаа л баримлаар тоглож өссөн. Мөн дүүтэйгээ хамт баримлаар бөх хийгээд ширээ, сандал дээр тавьж хөдөлгөөд хэнийх нь бөх давах нь вэ гээд л үздэг байсан. Үүнээс гадна машин, морь, хонь, ямаа гээд элдэв дүрс их хийдэг байлаа. Энэ мэтчилэн баримлаар удаан юм хийгээд байхаар гарт орчихдог юм билээ. Тиймээс барималд илүү дуртай болсон. Намайг тавдугаар анги байхад Хөдөлмөрийн хичээл дээр багш баримлаар юм хийх даалгавар өгсөн. Тухайн үед манай ангийн нэг хүүхэд баримлаар юм хийчихсэн байлаа. Тиймээс би мөн л хийж үзүүлсэн. Тэр үед ангийнхан болон багш маань надад их урам хайрласан. Тэгээд л би барималчин болно гэж анх бодож байлаа. Ер нь баримлаар бүтээл хийхэд анхаарлаа төвлөрүүлж, сууж сурдаг. Ямар нэг гуравдагч хүчин зүйл байхгүйгээр баримал бид хоёр байж л хүссэн зүйл гарна. Ялангуяа хөрөг хийхэд хүний характерийг /араншин/ гарахад анхаарал маш чухал. Хэрвээ анхаарлаа жаахан л сарниулах юм бол тухайн хүнтэйгээ төстэй болно уу гэхээс характер нь гарахгүй.
-Тэгэхээр орчин маш чухал юм байна даа. Тийм үү?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ ерөнхийдөө бол орчиндоо дасчихдаг. Гэнэт өөр газар хийхээр болчихвол нэг л тухгүй байдаг. Харин хоёр, гурав хоног бүтээл хийхээр тухайн орчиндоо дасчихдаг даа. Ер нь “Дассан газрын давуу зөөлөн” гэдэг шиг дассан газар л хамгийн гоё бүтээл төрдөг, өөрт амар амгалан байдаг.
-Та Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт баримлаар хүүхэд бүтээж оролцсон. Өмнө нь тайзны уран бүтээлүүдэд хэр олон удаа хамтран ажилласан бэ?
-Анх удаа тайзны уран бүтээл дээр ажиллалаа. Өмнө нь хөшөө, дурсгал гэх мэт том хэмжээний зүйл дээр оролцдог байсан. Мөн хүүхдийг бүтээсэн материалтайгаа анх удаа л танилцлаа. Хийж эхлэхэд учрыг нь сайн олоогүй. Харин явц дундаа учрыг нь олж гүйцэтгэсэн. Гэнэт л энэхүү бүтээлийг хийхээр болсон. Энэхүү бүтээлийг хүмүүс үзээд ам сайтай байхыг нь харах сайхан байна.
Хэрвээ анхаарлаа жаахан л сарниулах юм бол тухайн хүнтэйгээ төстэй болно уу гэхээс характер нь гарахгүй
-Цаашдаа тайзны уран бүтээл дээр ажиллах уу?
-Мэдээж надад тохирсон баримлын чиглэлээр бол ажиллахад татгалзаад байх зүйлгүй. Тайзны уран бүтээл дээр ажиллах давгүй л байдаг юм байна.
-Хийсэн бүтээл нь тайзан дээр тоглогдож байхыг харах ямар байсан бэ?
-Би жүжгээ хараахан үзэж амжаагүй. Гэхдээ урьдчилсан тоглолтуудыг нь бол үзсэн. Би өөрийн гэсэн уран бүтээлдээ нэг их цаг зав гаргаж чадаагүй байна. Яагаад гэхээр хүмүүс “Ийм нэг зүйл хийх гэж байна, туслаач” гэсэн бүтээлүүд дээр ихэвчлэн оролцож байсан. Нэг үгээр өөрийн гэсэн бүтээлээ хийж амжаагүй л явж байна даа.
-Тэгэхээр ямар, ямар уран бүтээлүүд дээр ажиллаж, оролцож байсан бэ?
-Уран барималч А.Очирболд ахын “Андлалын хөшөө”-нд оролцсон. Мөн Шихихутаг гээд хөшөө бий. Энэ хөшөө удахгүй хүрлээр цутгагдаад Монголд ирнэ. Мөн Төрийн соёрхолт барималч Л.Болд ахын удирдлага дор Өвөрмонголын Ордос хотод 10 метрийн өндөртэй бүтээл дээр оролцож байсан. Мөн Өвөрмонголын Альшаа аймагт хуримын ёслол хүндэтгэлийн сэдэвтэй 100 гаруй баримал хийсэн дээ. Ер нь энд тэнд явж захиалгын ажил хийсэн дээ. Үүнийгээ дагаад их ч юм сурсан. Гэхдээ захиалгыг чин сэтгэлээсээ хийх бүтээл гэж хараад хийвэл мэдлэг, боловсрол, чадварыг нэмээд л байна. Харин халтуур гэж харах юм тэгээд л зогсчихно. Тиймээс ч “Тамгагүй төр” жүжгийн хоёр хүүхдийн баримал дээр өөрийн бүтээл шиг л хандаж хийсэн. Ажлаа хийж байгаа нь миний хувьд амралт байдаг. Тиймээс ямар ч бүтээлийг сэтгэл зүрхээ зориулж хийдэг. Мөн хөшөө, дурсгалын том бүтээлүүд надад таалагддаг. Хэмжээ нь хэдий чинээ том байна тэр хэрээр миний сонирхлыг татдаг.
Захиалгыг халтуур гэж ойлгохгүй чин сэтгэлээсээ бүтээл гэж хараад хийвэл мэдлэг, боловсрол, чадварыг нэмээд л байна
-Таны бүтээсэн хоёр хүүхдийн бүтээл цахим хуудаст тавигдсанаасаа хойш олны анхааралд орсон. Хүмүүсийн ихэнх нь магтсан, сайшаасан байсан. Бүтээлийг тань олон хүн мэдээд ирэхээр танд ямар санагдаж байна вэ?
-Би том хэмжээний олон уран бүтээл дээр ажилласан ч гэсэн цахим хуудаст ер нь байршуулдаггүй. Түүнээс биш хийж бүтээсэн зүйл олон л байгаа. Харин энэ удаад цахим хуудсаар найз Г.Мөнхбаатар маань бүтээлийг маань нийтэлсэн. Хүмүүсийн баярлаж, талархаж байгаа сэтгэлд үнэхээр их урам орж байна.
- “Тамгагүй төр” жүжигт хоёр хүүхдийн баримал яагаад хийхээр болсон бэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Би өмнө нь А.Очирболд ахтай хамт ажиллаж байсан. А.Очирболд ах Б.Баатар найруулагчтай найзууд юм л даа. Тэр утгаараа А.Очирболд ахад анх хоёр хүүхдийг бүтээх санал ирсэн юм билээ. Харин А.Очирболд ахын цаг зав нь болоогүй учраас “Намайг хийчих” гэсэн юм. Тиймээс би тэрхүү хоёр хүүхдийн бүтээлийг хийгээд Б.Баатар ахад өгсөн дөө. Энэ бол миний тасралтгүй 11 жил баримлаар бүтээл хийсний үр дүн. Мөн энэхүү бүтээл дээр манай Мо буюу Г.Мөнхбаатар найз минь нүүр хувиргалтыг нь шийдэж өгсөн. Илүү амьд юм шиг харагдуулсан гэсэн үг.
УРАН БАРИМАЛЧ Ж.ТҮМЭНЧУЛУУН: Аль болох чимээгүйхэн бүтээлээ хийгээд явахыг л боддог доо |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |