-Сайн байна уу. Та бүхэн манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Г.БАТЗАЯА: Сайн байна уу. Намайг Г.Батзаяа гэдэг. Кино найруулагч мэргэжилтэй. “Ганцхан шалтгаан” киноны найруулагчаар ажилласан.
-Б.БОЛДБААТАР: Намайг Б.Болдбаатар гэдэг. “Бид Хэд Нэгдэл”-ийн уран бүтээлийн найруулагчаар ажилладаг. Одоо кино театрын дэлгэцнээ гарч буй “Ганцхан шалтгаан” уран бүтээлийн найруулагчаар Б.Батзаяа найруулагчтай хамтран ажилласан байгаа.
- “Ганцхан шалтгаан” кино театрын дэлгэцнээ гарч байгаа. Энэхүү уран бүтээл хэрхэн бүтсэн бэ, хоёр найруулагч ажилласан юм билээ?
-Г.БАТЗАЯА: Энэ кино бол дан залуучууд, тэр дундаа өөрсдийн хүсэл мэдрэмжид хөтлөгдсөн залуус хамтдаа нэг баг болон бүтээсэн. Мэдээж нэг уран бүтээлийн ард гарахад нэг сэтгэл, зорилготой байж , нэгдэж чадсанаар тухайн кино амжилттайгаар үзэгчдэд хүрдэг болов уу гэж боддог. Залуу хүний аливаад тууштай байх, шантралгүйгээр зорих урам зоригийг сэргээсэн, хөглөсөн уран бүтээл болсон байх гэж итгэж байгаа. "Ганцхан шалтгаан" киноны найруулагчаар Г.Батзаяа, Б.Болдбаатар хамтран ажилласан бол продюсераар нь М.Аззаяа, Б.Болдбаатар нар хамтарч ажилласан. Харин эх зохиолыг кино зохиол болгох ажлыг бид хамтран хийсэн.
Киноны зураг авалт сарын хугацаанд үргэлжилсэн.
-Б.БОЛДБААТАР: Г.Батзаяа нэг орой “Чамайг энэ киноны төсөл”-д оролцуулмаар байна гэхэд гайхсан. Манай киноны продюсер М.Аззаяа, найруулагч Г.Батзаяа нар оюутан цагийн найзууд. Харин М.Аззаяа бид хоёрын хувьд хэдийн гар нийлж ажилладаг хамтрагчид байв. Тэгээд л М.Аззаяа намайг эл кинонд хамтран ажиллах санал гаргасан юм билээ. Тэгээд "Бид Хэд Нэгдэл"-ийн продюсер Л.Дашдооровтой ярилцаад манайхан бүтэн багаараа уг кино төсөлд оролцож хамтдаа бүтээхээр зорьсон юм.
Зураг авалт нь өнгөрсөн оны зун хийгдсэн. Эвлүүлэг, дуу оруулалт, хөгжим, дууны найруулга, өнгө тохируулга зэрэг пост продакшны ажлыг өнгөрсөн есдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл хийсэн.
-Энэхүү киногоор ямар санааг илэрхийлэхийг зорьсон юм бэ. Хүмүүс үзээд мэдээж өөр өөрийнхөөрөө санаа сэдэл авч, ойлгож ухаарах байх. Гэхдээ гардаж хийсэн уран бүтээлчдийн хувьд ямар санааг гаргахыг зорьсныг мэдмээр санагдлаа?
-Г.БАТЗАЯА: Гаднаа тэр бүр харагддаггүй ч хүн бүхний дотор олон шалтгаан бий. Тэгвэл тэдгээр олон шалтгаанаа даваад гараарай, өөрийгөө олоорой, хайгаарай. Мөн энэхүү уран бүтээлээр хүмүүст зүгээр л хайрыг мэдрүүлэхийг хүссэн.
-Б.БОЛДБААТАР: Залуусын амьдралд нийгмийн байдал, хүмүүсийн хэвшмэл ойлголт, уламжлалт сэтгэлгээ хэрхэн буруугаар нөлөөлж байгааг залуус үүнээс хэрхэн ангижирч, өөрсдийгөө чөлөөлж байгааг харуулахыг зорьсон.
-М.АЗЗАЯА: Амьдарч байгаа бүх цаг мөчөө хайрла, өөрийгөө хайрла, тэгээд хажуудаа байгаа хүндээ урам зориг өгч, хайрлаж байгаарай. Амьдралд олон саад бэрхшээл байсан ч даваа сорилтыг давж, амьдрах нь чухал гэсэн санааг энэхүү уран бүтээлээр гаргахыг зорьсон.
-Монгол кинонууд шил дараалан гарч, нэгнээсээ ялгарахгүй зохиол, найруулгатай боллоо гэсэн шүүмжлэл бий. “Ганцхан шалтгаан” кино бусад уран бүтээлээс юугаараа онцлог бол?
-Г.БАТЗАЯА: Бидний эл бүтээлийн нэг онцлог нь дүрүүдийн хувьд өмнө нь огт кинонд тоглож байгаагүй шинэ дүр төрх, хоёр найруулагчийн хамтдаа сүлэлдэж, бүтээсэн найруулга, залуусын мэдрэмж зэргээр ялгарах болов уу гэж бодож байна. Миний хувьд найруулагчаар ажилласан анхны кино.
Өмнө нь дандаа кино маркетинг, продюсер чиглэлээр ажиллаж байсан. Бусад кино, уран бүтээлд ажиллаж суралцаж, олж харсан зүйлсээрээ эл бүтээлээ хийхийг зорьсон. Мэдээж өөр байх, өөрөөр сэтгэхийг хичээсэн.
-М.АЗЗАЯА: Киноны баг хамт олны хувьд залуу уран бүтээлчид нэгдсэн нь “Ганцхан шалтгаан” киноны нэг онцлог болж байгаа болов уу.
-Залуу уран бүтээлч, найруулагч хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг болов уу?
-Г.БАТЗАЯА: Кино бүтээх нь бидний хувьд хамгийн жаргалтай, зугаатай өдрүүд байдаг. Харин түгээх, бусдад өөрсдийгөө бодитоор үнэлүүлэх нь жаахан төвөгтэй байдаг. Гэхдээ бүх уран бүтээлчдийн зовлон ижил болов уу гэж бодож байгаа учир шантрах бус, цаг нь ирэх хүртэл тэмцэх нь л сайхан санагддаг.
-Б.БОЛДБААТАР: Бид кино бүтээхдээ багагүй хугацаа зарцуулсан ч уран бүтээлээ кино театрт хүлээлгэж өгөх болон үзэгчдэд түгээх талдаа бага зэрэг алдаа гаргасан. Манай кино танхим дүүргэлт сул байгаагаас болж удахгүй театраас буух гэж байгаа. Гэсэн ч киног маань үзсэн хүмүүс танхимаас сэтгэл хангалуун гарч ирж, сэтгэгдлүүдээ илэрхийлж байгаад баяртай байгаа.
Нэг ч гэсэн хүнийг амьдралд бууж өгч, өөрийгөө нийгмийн урсгалд алдах гэж байхад нь сэдэл өгч, эргээд итгэл найдвар, зорилго мөрөөдөл рүү гээ тэмүүлэх сэдлийг өгсөнд баяртай байгаа.
"ГАНЦХАН ШАЛТГААН" КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧИД: Г.Батзаяа өвдсөн үеийнхээ сэтгэлзүйгээр энэхүү киноны зохиолыг бичсэн |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |