• Өнөөдөр 2024-04-25

Л.ЭРДЭНЭ-ОЧИР: "Сүрэг"киногоор би хүүтэйгээ уулзсан

2022-04-22,   1268

  Монголын урлаг, тэр дундаа театрын тайзнаа “боловсорч”, зэвүүн мөртөө жинтэй дүрүүдийг “чимхэж” яваа уран бүтээлч бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Лувсандагвын Эрдэнэ-Очир. Монголын эмэгтэй “Гамлет” тэрбээр хэдхэн хоногийн өмнө  “Сүрэг” хэмээх цоо шинэхэн уран бүтээлийн Монгол ээжийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаад буй юм. Үргэлжид эршүүд, эрэмгий, эсрэг гэмээр дүрээр бидний танил болсон түүний энэ удаагийн дүр үзэгчдэд гэнэтийн, шинэлэг, содон байсан нь илт. Өөрөөр хэлбэл, “Дахиад ямар эсрэг дүрээр гарч ирэх бол” гэж хүлээж суусан үзэгчдийн цангааг тайлж, өр зөөлөн дүрийг ч бүтээж чадах чансаатай жүжигчин гэдгээ дахин нэг батлан харууллаа. “Сэрүүн хасын нууц” жүжгийн хүйтэн хөндий ээж, “Ээжийн дайсан-II” киноны хатуу чанга хадам ээж, “Эхиймаа” киноны шоронгийн атаман зэрэг эсрэг дүрийн гол тоглогч түүнтэй “Сүрэг” кино болон хувь уран бүтээлчийнх нь талаар ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-“СҮРЭГ” КИНОНООС ЭХЭЛСЭН БИДНИЙ ЯРИА-

    -Сайн байна уу. Юуны өмнө шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн тань баяр хүргэе. “Сүрэг” уран сайхны кино бүтсэн түүхийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичсэн байна билээ. Todko Samson-ны таван цуврал романы нэг хэсгээс бүтсэн гэв үү?

     -Баярлалаа. “Сүрэг” кино бол Todko Samson-ны таван цуврал романы нэг болох “Сүрэг” романаас хэсэгчлэн авч, бүтээсэн кино. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеийг “Ногоон дарь эх”-ийн домогтой хослуулан бичсэн зохиол. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хамгийн хүнд хэцүү, хар бараан толбо үлдсэн он цаг болох их хэлмэгдүүлэлтийн үеийг өгүүлнэ. Хүүдээ зориулан кино хийх бодол төрснөөс хойш, бодлоо их удаан дотроо тээж, нэг л өдөр зорьсноо биелүүлнэ гэж итгэж явсан.

Цор ганц хүү минь тэнгэрт хальснаас хойш амьдралын  бүх утга учир алдагдаж,  долоохон настай түүнийхээ хойноос түргэн явах сан гэхээс өөр зүйл боддоггүй явсан үе надад бий. Өмнөөс минь өр урагдаж суугаа  настай ээжийгээ харан өрөвдөж,  хүн шиг чанга гишгээд явах сан гэж хичээн, элдэв ном зохиол уншиж байх үедээ “Ногоон дарь эх” бурханы домгийг олж уншиж билээ.

    Түүнээс хойш би юун төлөө уран бүтээлч билээ, хүүдээ, ээждээ зориулж, над шиг хагацал  үзсэн олон эх, үрд зориулан “Ногоон дарь эх”-ийг дэлгэцэд амилуулах сан гэдэг бодол төрж, түүгээрээ өөртөө хүч өгдөг байв. Ийнхүү бодлоо битүүхэн тээж явсаар нэг өдөр Тодко Самсон гэж зохиолч залуутай уулзан, бодол хүслээ ярьж, нэлээд зүйл ч хөөрөлдлөө. Тухайн үед зохиолч залуу “Сүрэг” романаа бичиж үе л дээ. Тэгээд миний яриаг анхааралтай сонсоод, “Би таныг хүүтэй чинь дахин уулзуулна” гэсэн нь сонин, ид шидийн үг шиг санагдаж билээ. Ингэж л миний өчүүхэн хүсэл зохиолч залуугийн ач тусаар биелэлээ олж, “Сүрэг” кино бүтээгдэх хувь ерөөл, буян ирсэн юм. Эх, үрийн хагацлын гашууныг, их түүхийнхээ хамгийн их харуусал, гунигтай, тэр цаг үетэй жишин тодотгож, ухааны цэц, үгийн уран, сэтгэлийн сайхны дээдээр зохиол бүтээлдээ шигтгээ болгон урлаж өгсөн юм билээ.

  -Уран бүтээл бүр ямар нэгэн санааг илэрхийлж, гүн гүнзгий утгыг нууж байдаг шүү дээ. “Сүрэг” киноны хувьд үзэгчдэд дайх гэсэн санаа нь яг юу байсан бол?

        -Хүн итгэл, бишрэл, оюун ухааны үнэт баялаг, нэгнээ хүндэтгэх сэтгэл зэрэг хүнд байдаг хамгийн эрхэм нандин мөн чанаруудаа гээснээс хэчнээн аймшигтай зүйлс болж байгааг бид өдөр тутамдаа харж, сонсож буй.  Гэтэл  эх орон, өв уламжлал, соёл сэтгэлгээ, нэгнээ гэх хариу нэхдэггүй сэтгэл, зүтгэлийг нэгэн цаг үед хүмүүс амиа зольж үлдээсэн гэдгийг санаж, улам хайрлан, нандигнаж яваасай гэдэг санааг үзэгчдэд хэлэхийг зорьсон. Мэдээж мэргэн үзэгчид өөр, өөрсдийн оюун мэлмийгээр тунгаах болов уу.

     Энэ хүрээд бидний яриа “Сүрэг” киног түр орхиж, түүний уран бүтээлийн сонин сайхан, урлаг руу орсон түүх, аав, ээжийнх нь талаар үргэлжилсэн юм.

-УРЛАГИЙН ХҮН БОЛСОНДОО ҮРГЭЛЖ БАХАРХАЖ, БАЯРЛАЖ ЯВДАГ-

  -Жүжигчин нэг уран бүтээлээс нөгөө уран бүтээлийн хооронд явдаг, тасралтгүй эрэл хайгуул хийдэг байх. Та дараагийн уран бүтээлийнхээ эрэлд гарсан болов уу?

      -Ирэх намар хоёр жүжиг, нэг дэлгэцийн уран бүтээлийг үзэгчиддээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Мэдээж дөхөөд, бэлэн болохоор нь мэдээлэл хүргэх болно.

 -Уран бүтээлч болоход суурь хүмүүжлийг тань тавьж өгсөн аав, ээж хоёр нь том нөлөө үзүүлсэн болов уу. Аав, ээж хоёр нь ямар хүмүүс байсан, юу гэж захидаг байв?

     -Аав, ээж хоёр минь эгэл жирийн ажилчин хүмүүс байсан. Аав барилгын ажил хийж, ээж минь үйлдвэрт ажилладаг байлаа. Долоон хүүхэдтэй айлын дундах охин. Аав, ээж хоёр минь “Бусдыг хүндэтгэж, эв эеийг хичээж яваарай” гэж захидаг байсан. Тэр дундаа ээж минь “Өдөртөө биеэ 13 удаа хянаж байгаарай” гэж сургадаг байсан. Энэ нь бусдыг биш өөрийгөө илүүтэй хянаж, сонсож, өөртэйгээ ажиллаж байгаарай гэсэн санааг хэлж байсан байгаа юм. Тэгэхээр ээжийн минь тэр үг надад хамгийн агуу үг шиг санагддаг. Залуу байхдаа ойлгохгүй “Өдөрт өөрийгөө 13 удаа хянана гэж юу байдаг юм” гэж өөдөөс нь сөргөж байсан үе ч байсан.

   -Ингээд аав, ээж хоёр тань таныг хүн болгож, хүмүүжүүлжээ. Дараагийн таны өөрийгөө олсон, хүн болсон, сайн уран бүтээлч болоход тань нөлөөлсөн газар бол театр болов уу гэж бодож байна?

   -Хамгийн анх Хүүхэд, Залуучуудын Театрт ажиллаж байгаад, тус театр татан буугдсанаар “Black box” театрт ажилласан. Театрт олон сайхан уран бүтээлийн дүрд тоглож, үзэгчдийн халуун алга ташилттай тайзан дээрээс үзэгчидтэйгээ уулзсан. Театр бол яах аргагүй хүнийг хүн болгож төлөвлшүүлдэг том их сургууль мөн.

   -Ер нь та ямар учраас урлаг гэх энэ том ертөнцөд хөл тавих болсон юм бэ. Зарим хүний хувьд хэн нэгэн уран бүтээлч хөтөлсөн түүх ч өгүүлдэг юм билээ?

   -Арван жилд байхаас эхлэн урлагийн хүний мэргэжил сайхан санагддаг байсан. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд урлагийн хүн болохоор нэг мөр шийдэж, МҮОНРТ-ийн “Мэлмий” студид “Жүжигчин шалгаруулж авч байна” гэсэн зарын дагуу очиж шалгуулаад тэнцэж байв. Тухайн үед найруулагч Б.Баатар, Ж.Энхжаргал, Б.Бадар-Ууган найруулагч нар шалгаруулж авч байсан юм. Тэгээд тэд хичээл зааж, МҮОНРТ-ийн зохиомжид ажиллуулж, жүжигчний сургалт орж байгаад, жилийн дараа СУИС-д шалгалт өгснөөр жүжигчний мэргэжлийг сонгож байв. Алтан үеийн мундаг найруулагчдын шавь болж,  олон зүйлийг сурч авсандаа баяртай явдаг.

   Урлагийн хүн болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй, харин ч үргэлж бахархаж, баярлаж явдаг. Урлаг гэдэг дэлхий дээр байх хамгийн сайхан зүйл.  Театрт бид олон сайхан уран бүтээлийг амилуулж, нийлж нэгдэж, бүтээж байсан. “Black box” театрт гэхэд бид дэлхийн сонгомол хорь гаруй том бүтээлд ажилласан байдаг. Түүнээс гадна хамтлаг, продакшны драмын төрлийн жүжигт мөн орж ажиллаж байсан.

   -Тайз, дэлгэцийн уран бүтээл мэдээж өөр. Гэхдээ юугаараа өөр вэ гэдгийг тайз, дэлгэцэд тоглож үзсэн уран бүтээлч л илүүтэй хэлэх болов уу. Таны хувьд ямар ялгаа, онцлогийг олж хардаг бол?

      -Тайз бол үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэдэг бол  дэлгэц бол камертай харилцах, хамтрагчтайгаа харилцаж тоглодог. Дэлгэц өчүүхэн зүйлийг ч хэд дахин томруулж харуулдаг бол тайзнаас бид жижиг зүйлийг өөрсдөө хэд дахин томруулж харж, үзэх зэрэг ялгаатай. Тухайлбал, тайзан дээр тоглодог жүжгийг бичээд телевизээр гаргахаар тайзан дээрээс авч байгаа амьд мэдрэмж байхгүй. Тэгэхээр үзэгчдийн орон зай, техникийн асар ялгаатай.

    Бид тайз, дэлгэцийн уран бүтээлч байх тухай яриа өрнүүлж байгаад “Түүнээс тайзнаасаа хэзээ больсон юм бэ, эргээд тайз руу гаа орох уу” гэсэн асуулт тавьснаар зочиноо жаахан бухимдуулсан юм. Учир нь тэрбээр “Тайз, дэлгэц гэж хоёр хуваагдаж, тэлээ хурга шиг хоёр тийш гүйгээд байгаа зүйл биш. Жүжигчин тайзан дээр ч дэлгэцэд ч ажиллана. Түүнээс тайзаа орхиод, дэлгэц рүү ороод, дэлгэцээ орхиод буцаад тайз руу гүйгээд байгаа зүйл огт биш” гэж учирлаж байлаа. Үнэхээр уран бүтээлч хүн аль ч төрөл рүү хөрвөж, найруулагчийн оноосон ямар дүрийг аваад гарах чадвар чансаатай байх ёстой байх. Л.Эрдэнэ-Очир жүжигчний хувьд хөрвөх, ямар ч дүрийг торохгүй давах чадвар, үлгэр дууриалал бий гэдгийг энд мөн цухас өгүүлье.

-ДҮР БУЮУ ТЭР-

   Үргэлжлүүлэн түүний дүрийн онцлог, тоглож байсан дүрийнх нь талаар гурав дахь хэсгийн яриа өрнөлөө.

   -Таны хувьд ихэвчлэн эршүүд, эсрэг дүрд тоглодог. Энэ таны зан чанартай холбоотой болов уу?

     -Ихэнх дүр найруулагчаас ноогдож ирнэ. Хүмүүс нэгнээ гаднаас нь хараад харагдах төрх байдлаар нь, амьдралд өөрийгөө авч явж байгаа хандлагаас нь харах талтай байдаг. Энэ ч утгаар тухайн уран бүтээлчийн гадаад дүр төрх, дуу хоолой, нүдний харц, тоглолт гээх зүйлсэд суурилж, дүр оноогддог болов уу. Харин уран бүтээлчийн эдгээр шинж чанарыг найруулагч олж хардаг. Хүмүүст би жаахан хатуу, ширүүн хүн шиг харагддаг юм шиг байгаа юм. Тэгэхээр харагдах талаас нь эршүүд, эсрэг дүр оноодог байж магадгүй байх.

  -Тоглосон дүрүүдээс нь таны хувьд хамгийн бэрхшээлтэй, хэцүү дүр аль нь байсан бол?

    -Мэдээж амархан дүр гэж байхгүй. Дүр бүхэн өөр, өөрийн бэрхшээлтэй. Уран бүтээлчдийн хувьд тухайн авсан дүрдээ бие, сэтгэл, оюун ухаан бүхнээ зориулдаг. Түүнээс гадна өөрийн оюун санаагаа өөр газар аваачиж, ахуйгаас тасарч бүтээлдээ орж, дүрээ гаргахыг хичээдэг. Үзэж суугаа хүний хувьд магад цаг гаруйн кино амархан санагддаг байж болох. Гэхдээ өөрөөсөө өөр хүнийг бий болгоно гэдэг амар зүйл биш.

Миний хувьд, өөрөө дурлаж, өөрөө өөртөө нээсэн “Гамлет” жүжгийн гамлетын дүр л хамгийн хэцүү байсан байх.

    Түүний хувьд театрт байх хугацаандаа олон арван жүжгийн гол болон туслах дүрд ажилласан. Түүнээс онцолж өгүүлбэл, Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлет, “Солиорол” нэг хүний моно драмын жүжиг. Тэр энэ ганц хүний жүжгээрээ 2015 онд “Гэгээн муза” наадмаас “Моно” жүжгийн эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Харин дэлгэцийн уран бүтээлийн хувьд “Эсү”, “Аав”, “Элэг нэгтэн”, “Шүүдэр дундуур”, “Үхээд өгөөч, хайрт минь”, “Ээжийн дайсан”, “Мам”, “Эхиймаа”, “Хүний цаана-2”, “Хотулун гүнж” зэрэг кинонуудын гол болон туслах дүрд тогложээ.

  -Монголын урлагийн хөгжлийн тухайд уран бүтээлчийн хувьд хэрхэн хардаг бол. Уран бүтээлчдийн бодож, санаж, ажиглаж байх ёстой зүйлийн нэг болов уу?

   -Монголын урлаг дэлхийн урлагаас 50-60 жилээс хоцорч явдаг гэж уншиж байсан. Заримдаа энэ үнэн санагддаг. Тухайлбал, “Black box” театрт дэлхийн хамгийн сонгомол жүжгийг тоглоход, тэд АНУ, Европод аль 50,60 онд тоглогдсон жүжгүүд Монголд орж ирээд, түүнийг хүлээж авах хүлээн авалт нь төдийлөн сайн хэмжээнд хөгжөөгүй байдаг. Мэдээж хэрдээ хөгжөөд л байгаа. Нэг өдөр гэнэт гайхамшгийг бүтээхгүй. Уран бүтээлчид өөрсдийнхөө боломж бололцоогоор чадлынхаа хэмжээнд Монголын урлагийг хөгжүүлэх гээд зүтгэж байна. Бусад уран бүтээлчийн бүтээлийг дэмжиж, урам өгч, баярладаг. Хүн амьд байхдаа төгс төгөлдөрт хүрдэггүй юм гэсэн. Гэхдээ бүх уран бүтээлч өөрсдийнхөө хэмжээнд бүхнээ зориулаад хөдөлмөрлөж байна. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам ахиц, дэвшил нэмэгдээд байгаа гэж боддог.

  -Жүжигчнээр ажиллаж байгаад, кино найруулагчаар ажиллах, продюсер хийх зэргээр хөрвөж ажиллах байдал түгээмэл анзаарагддаг. Таны хувьд киноны найруулагчаар ажиллах бодол байдаг уу?

     -СУИС-д жүжигчин, найруулагч, зохиолч гээд мэргэжлийн ангиуд байдаг. Ямар учраас эдгээр зүйл тусдаа нэг, нэг мэргэжил болоод нэг хүн дөрвөөс зургаан жилийн турш суралцаад мэргэжил болгосон гэдэг учиртай. Миний мэргэжил жүжигчин болохоос найруулагч биш. Гэхдээ урлагийн тогоон дотор чанагдаад явж байгаагийн хувьд заримдаа бодогддог үе бий. Гэвч найруулагч гэдэг хэн дуртай хийдэг ажил биш. Энэ бол байгалиас өгөгдсөн авьяас, чадвар, аливааг харах, хүлээж авах бодол санаа, түүнийгээ бусдад урнаар ойлгуулах зэрэг мэргэжлийн нарийн нандин зүйл учраас үүнийг бүхэл бүтэн салбар, мэргэжил болгож, сургаж төгсгөдөг байх.

-Цаашид уран бүтээлийн богц илүүтэй дүүрэх байх. Бодсон, санасан, үзэгчиддээ барих бэлэг ч их байгаа болов уу?

      -Бодсон, санасан, зорьсон, бэлтгэл ажилдаа орсон уран бүтээл их байна. Тэгээд болоонүй байхад нь задлалгүйгээр нууц хэвээр үлдээе. Алив уран бүтээл тодорхой цаг хугацаатай. Тэр цаг хугацаандаа ар араасаа гараад явах байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

    -Баярлалаа. Та бүхэн ч мөн ажлын амжилт хүсье.

   Ийнхүү энгийн даруу, өөрийнхөөрөө, өөрийнх нь хэлдгээр харахад ширүүн төрхтэй гэмээр энэ эрхэм уран бүтээлчийн үг бүр хүнийг хайрлаж хүндлэх, бусдыг гэж байгаа нь бидний ярилцлагаас тодорхой харах болов уу гэж бодож байна. Тэгээд би түүний тоглосон дүр, гадаад байдлыг нь бодож эсрэг дүрийн эмэгтэй гол тоглогч гэж нэрийдсэн юм.


Л.ЭРДЭНЭ-ОЧИР: "Сүрэг"киногоор би хүүтэйгээ уулзсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188