• Өнөөдөр 2024-03-29

Б.БИЛГҮҮН: Эмчийн дүр бүтээхдээ хүний амь аврах хамгийн сайхан зүйл гэдгийг мэдэрлээ

2022-04-15,   2195

          “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй билээ. Залуучуудаар багаа бүрдүүлж, залуу эмч нарын ур чадварыг харуулахыг, яаралтай тасгийн эмч нар хэрхэн, ямар нөхцөлд ажилладаг вэ гэдгийг үзүүлэхийг зорьсон тус киноны уран бүтээлчид үзэгчдээс зэмлэл, магтаал хоёрыг тэнцүүхэн хүртэж яваа. Бид “Уран бүтээлчийн цаг” булангийнхаа энэ удаагийн зочноор “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит киноны резидент эмч Билгүүний дүрийг чадварлаг бүтээсэн Б.Билгүүнийг урилаа. Үзэгчид түүний гэнэн, гунигаа нууж инээдэг харц, бусдад туслахын хүслээр жигүүрлэж явдаг зоригт нь дуртай болов уу. 

         -Сайн байна уу, та. Уншигчид таныг хэдийнэ “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит киноны Билгүүн эмчийн дүрээр мэддэг болжээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

     -Сайн, сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Болдбаатарын Билгүүн гэдэг. “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит киноны резидент эмч Билгүүний гэдгээр нь хүмүүс таньдаг болсон байна лээ. Намайг өөр нэртэй л гэж боддог байх. Гэхдээ манай киноны ихэнх жүжигчин өөрийнхөө жинхэнэ нэрээр кинондоо тоглосон.

-Та ямар мэргэжилтэй вэ. Билгүүн эмчийн дүр таны бүтээсэн хэд дэх дүр вэ?

     -Соёл урлагийн их сургуулийг 2014 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. Өмнө нь оюутан байхдаа МҮОНТ-ийн “Огцом эргэлт” олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан.  “Яаралтай тусламжийн тасгийнхан” кино миний дүр бүтээсэн хоёр дахь уран бүтээл болж байна. 

-“Яаралтай тусламжийн тасгийнхан” кинонд дүр бүтээхээр болсон тухайгаа ярьж өгөөч?

    -Угтаа бол надад мэргэжлээрээ ажиллах бодол байгаагүй. Тиймээс бизнесийн удирдлагаар магистр төгсөөд, хувийн байгууллагад ажиллаж байгаа. Таньдаг хүн маань “Энэ дүр дээр чи л харагдаад байна. Дүрийн шалгаруулалтад ороод үзэхгүй юм уу” гэж санал тавьсан. Тэгээд санаандгүй байж байгаад шалгаруулалтад оролцсон чинь тэнцчихсэн. Тэгээд ахиад нэг удаа жүжиглээд, дүр бүтээгээд үзье" гэсэн бодол төрсөн юм. Мэргэжлийн жүжигчний сургууль төгссөн учраас арай учиртай байх болов уу гэж бодож байсан. Кинондоо тоглоод, олон сайхан чадварлаг уран бүтээлчийн ачаар түүртэх зүйлгүйгээр зураг авалтаа дуусгасан.  Зарим мартсан зүйлээ явцын дунд санаж, зүгширч явсаар зураг авалтаа амжилттай дуусгасан. 

-Мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн бодол тань өөрчлөгдсөн үү. Дахиж дүр бүтээх үү?

    -Киногоо үзсэний дараа урамшаад ч юм уу, "Дахиад дүр бүтээх юм сан" гэж боддог болсон байна лээ. Нэг л санаанд багтаад, гоё байгаа. Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан учраас энэ салбараас би явахгүй. Гэхдээ жүжигчнээрээ ажиллахгүй л болов уу. Харин урлагаасаа хөндийрөхгүй байх, ойрхон төрлийн ажил хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ явцын дунд дүр бүтээх санал ирвэл татгалзах зүйл байхгүй ээ. Сурах зүйл ч их байна даа. 

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ?

    -Долдугаар ангид ордог жил нийгмийн идэвх нэмэгдээд сурагчдын зөвлөлд орсон юм. Ямар нэгэн тэмцээн уралдаанд тасралтгүй оролцдог боллоо. Манай найз бид хоёр сургуулиа төлөөлөөд олон тэмцээнд орж, шагнал авдаг байв. Тайзан дээр гараад жүжиглэсэн тоглолт хийгээд тэр нь хүмүүст их таалагддаг байсан юм. Эндээс л их урам авсан даа. Тайзан дээр гарах, үзэгчдийн алга ташилт гээд гоё зүйлүүдийг нь мэдэрчихсэн, хүүхэд байхдаа. Тэгээд салж хагацахгүй, үргэлж хоёр биеэ дэмжиж явсан найз минь СУИС-ийн найруулагчийн анги, би жүжигчний ангид элсэж орсон. 

БИЛГҮҮН ЭМЧИЙН ДҮР ХАР БАРААН БҮХЭНД ГЭГЭЭ НЭМЭХ ҮҮРЭГТЭЙ

-Эмчийн дүрд тоглох ямар байсан бэ?

    -Мэргэжлийн кино гэдэг өөрөө их хүндрэлтэй зүйл юм билээ. Бусад киноны хувьд дүрийн судалгаагаа хийгээд тоглож болно. Мэргэжлийн кино гэдэг нь эмч хүний дүрд тоглож байгаа бол яг эмч болох ёстой, эмч мэргэжлийг судлах ёстой болно. Нэг ажилбар хийвэл яг эмч шиг л харагдахгүй бол болохгүй. Тиймээс кино багийн жүжигчид Хоёрдугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хагас жилийн хугацаанд мэргэжлийн эмч нартай хамт дадлага хийж, сувилагч нартайгаа харилцаж үзсэн. Хэрэв тэгээгүй бол зүгээр зохиолын уншлага хийчихээд камерын урд гарсан бол бүтэхгүй асуудал болох байсан. Миний хувьд бусад жүжигчдээ бодвол дадлагад гарах хугацаа нь бага байсан. Яагаад гэвэл хуульдаа  резитенд эмч шийдвэр гаргаж болохгүй, санал оруулж, өвчтөн үзэж болдог. Тийм учраас бусад дүр шиг олон сар дадлагад гарч сургалтад суух шаардлага байгаагүй. Би гурван сар дадлага хийсэн.

-“Яаралтай тусламжийн тасгийнхан” киноны Билгүүн эмчийн хувьд гэрэл гэгээ, инээд нэмсэн дүр байсан. Тийм дүр гаргах ямар байв?

     -Эхэндээ эвгүй байсан. Найруулагч зураг авалт эхлэх үед “Бид том жүжиглэлт огт хийхгүй. Жүжигчид маш энгийн, даруухан байна. Энгийн хоёр хүн ярьж байгаа юм шиг явагдана” гэсэн заавар өгсөн. Харин ганц миний дүр дээр “Билгүүн хэтрүүлж жүжиглэж болно, илүү жүжиглэ” гэсэн. Тэр үед дотроо бодсон л доо “Энэ кино бол энгийн хөнгөн хэмнэлтэй драм төрлийн кино. Гэтэл би ганцаараа хэтрүүлж жүжиглээд өөр харагдчихвал яах вэ” гэж бодсон. Сүүлд нь кино телевизээр гараад үзэж байх даа тэгж айхтар хэтрүүлээгүй, тааруулаад тоглосон юм болов уу гэж дүгнэсэн. Манай найруулагч “Ийм хүнд хэцүү газарт инээд бэлэглэдэг нэг хүн байдаг. Тэгсэн хэрнээ бусдаас илүү онцгойрдоггүй. Яг тийм уналтад орсон үед нь бусдыгаа уриалж, инээд бэлэглэдэг. Эмч нарын тухай кинонд өвчин, үхэл, зовлон шаналал гэх мэтчилэн олон хүнд зүйл гарна. Яг энэ дээр чиний дүр ганц гэрэл гэгээ болох юм шүү” гэж хэлж байсан. Тодорхой хэмжээний үүрэг хариуцлага юм даа.

 

-Эмч мэргэжлийг зүгээр харж байгаад илэрхийлж гаргах хэцүү гэлээ. Хамгийн хэцүү нь ямар хэсэг байсан бэ?

      -Хүний зүрх зогсоод цэнхэр код буюу багаараа сэхээн амьдруулах ажиллагаа хийдэг хэсэг байдаг. Кинон дээр 3-5 минутын үйл ажиллагаа харагдаж байгаа. Гэхдээ бид тэр хэсгийн зургийг авахын тулд бүтэн өдөржин дадлага хийсэн. Амьд хүн дээр жүжиглэлт хийж байгаа, хоолойнд нь гуурс тавина, бодитой харагдуулах хэрэгтэй гээд олон зүйл байсан. Тэр зураг өглөө таван цагт дууссан. Ганцхан хэсгийн зураг авалт ч гэсэн бодит харагдуулахын тулд 20 гаруй цаг зураг авалт хийсэн.

-Залуу жүжигчдээс гадна туршлагатай жүжигчид ч байсан. Их зүйл сурч, туршлага хуримтлуулсан уу?

     -Миний дүр 25-26 насны хүний дүр. Би чинь өөрөө 30 настай. Тэгэхээр манай залуу жүжигчид 20 гаруйхан настай хүүхдүүд байгаад байдаг. Яг дүрээрээ бол заримаас нь дүү, дийлэнхтэй нь чацуу, ганц нэгээс нь ах болж тоглосон. Амьдрал дээрээ бол би чинь ах нь болохоор надаас зөвлөгөө авна. Надаас туршлагатай ах эгч нар байгаа, тэд маш их түшигтэй. Камерын өмнө олон гарсан хүний хувьд туршлагатай учраас надад зөвлөнө, яг тэр зөвлөгөө авсан хэсгүүдийг киноны дараа харахад үнэхээр тэдний зөв байсан. Нэг нэгэндээ дээд доод үе гэсэнгүй гоё хамт олон байсан. Яаралтай тусламжийн тасгийнхан киног хийх гэж хоёр жил болсон. Энэ хооронд найз нөхөд, гэр бүл, ах дүү шиг болсон. Тийм учраас нэгэндээ зөвлөгөө өгөхөд ямар ч асуудал байгаагүй.

-“Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит кино бусад ижил төрлийн киноноос юугаараа онцгой вэ?

     -Манай кинон дээр гарч байгаа бүх тохиолдол бодит, болж байсан явдал байсан. Жишээ нь, түргэний тэрэг осол хийж байгаа тэр жижигхэн хэсэг хүртэл бодит жишээ байсан. Согтуу залуу эхнэрээ алчихаад сүх бариад зогсож байгаа тэр хүртэл бодит үйл явдлаас сэдэвлэсэн. Бидний “Яаралтай тусламжийн тасгийнхан” киног хийж байгаа гол зорилго иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох. Гол  дүрийн жүжигчний ах нь шүд, буйлны хавдраас болж амиа алдаж байгаа хэсэг байдаг. Тэр үзэгдэл дээр бид “Бидний тоогоогүй жижигхэн зүйлээс болж амиа алдах эрсдэлтэй шүү. Битгий тоохгүй орхиорой, дур мэдэн эмчилгээ битгий хийгээрэй” гэсэн санааг л үзүүлэхийг зорьсон. Тэрнээс биш, эмч нь алдаа гарсан, ажлаа буруу, дутуу хийсэн гэсэн санааг гаргаагүй.

МЭРГЭЖЛИЙН ХЭЛЛЭГ ХЭЛЭХЭД ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙСАН

-Хүмүүс "Яаралтай тусламжийн тасгийн тухай киног арай хэтэрхий налгар, тайван, бодит байдлаас амархан байдлаар харагдуулж байна" гэж шүүмжилж байх шиг байсан. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

    -Хүмүүс ийм хандлага гаргасан. “Яаралтай тусламжийн тасаг ийм тайван байдаггүй” гэж энэ бол зөв. Хүмүүст тэгж тайван харагдсан байж магадгүй. Ингэж харагдахад хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн байх. Бид цар тахалтай байх үед эмнэлэг дээр зураг авалтаа хийсэн. Тиймээс хүмүүс олноор нь цуглуулж болохгүй. Бүүр яг олон хүн хэрэгтэй зураг авалтын үеэр халдвар хамгаалалтыг бүрэн сахисан. Эмнэлгээс тодорхой хугацаанд зураг авалт хийхийг зөвшөөрсөн учраас тэр хугацаанд зураг авалтаа бүрэн хийхийн тулд аль нэг жүжигчин халдвар аваад байхгүй байх үед зохиол газар дээрээ өөрчлөгдөж байсан. Киноны нэг анги 45 минут байдаг, эхний долоон ангийн турш бүтэн нэг сарын үйл явдал өрнөж байгааг харуулдаг. Тэгэхээр маш бага хугацаанд  эмч хүний амьдралыг харуулах хэрэгтэй болсон. Кино дээр ганцхан эмнэлгийн хэсэг явахгүй, ар амьдрал, хөгжилтэй хэсэг, чөлөөт хэсгүүд гарна. Киногоо баяжуулахын тулд бүх талаас нь харуулах хэрэгтэй. Угаасаа монголчууд эмч нарыг ямар хүндрэлтэй, ачаалалтай нөхцөл байдалд ажилладаг вэ гэдгийг мэддэг.

-Зураг авалтын үед болсон хөгжилтэй зүйлээсээ хуваалцахгүй юу?

       -Эмч нарын мэргэжлийн хэллэг их хүнд байдаг юм билээ. Эмч нарын хувьд өдөр тутамдаа хэрэглэж байгаа учраас “Сайн уу” гэдэг үг шиг хэлэхэд амархан болсон байдаг. Харин бидний хувьд өөр шүү дээ, хэлэх гэж их хичээнэ, хичээгээд хэлчихээд хуурамч харагдана. Зураг авалтын үед заавал нэг нь мэргэжлийн хэллэг хэлэх болдог, хэлэхдээ алдана, буруу дуудна тэгээд бүгд инээчихэж байгаа юм.

        Миний санаанаас гардаггүй нэг инээдтэй зүйл болсон юм. Зураг авалтад орох гэж нэг жүжигчин ах ирчихсэн, цаана нь тайз засаад, бид хэд наана нь байж байсан. Гэтэл тэр ах надад “Миний дүү чинь төрөлхийн өгөгдөлтэй хүн юм аа” гэж байна. Би чинь дотроо “Жүжигчний өгөгдөл авьяастай гэж байгаа юм байна” гээд их гоё төсөөлөөд “Яаж байна, ах аа” гээд асуусан чинь “Миний дүү чинь төрөлхийн долигонуур өгөгдөлтэй юм байна. Төрөлхийн долигонуур царайтай. Гэхдээ миний дүү бүүр төгс, хүмүүст нэг бол долигонуур царай эсвэл хоолой заяадаг юм. Чамд хамтад нь заяасан байна. Чи цүнх баригч болсон бол хол явах хүүхэд байжээ” гэж хэлээд тэнд бөөн инээд болж байсан. Тэр одоо болтол миний санаанаас гардаггүй юм.

-Дахин кинонд тогловол ямар дүр бүтээхийг хүсэж байна вэ?

     -Би өөрөө цуврал алуурчинтай кинонд дуртай. Тиймээс цуврал алуурчны дүр бүтээхийг хүсдэг. Гэтэл миний өгөгдөл хөгжилтэй, эгдүүтэй төрхтэй, жүжигчин хүний хувьд  өөрөөсөө тэс өөр хүний дүр бүтээж байж чадвараа илүү гаргах байх гэж боддог. Би хэрэв "Яаралтай тусламжийн тасгийнхан" киноны Билгүүн эмчийн дүрээр олонд танигдчихаад цуврал алуурчны дүрд тоглоод хүмүүст итгүүлж чадах юм бол надад өөртөө итгэх итгэл илүү төрөх байх.

-Энэ киноны гол зорилго үзэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох шүү дээ. Тэгвэл энэ кинонд тоглосны дараа танд ямар өөрчлөлт гарсан бэ?

      -Ямар ч зовиурыг хойш нь тавьж болохгүй гэдгийг ойлгосон. Ойр хүрээллийн хүмүүстээ дандаа зөвлөдөг болсон. Жаахан ч гэсэн зовиур илэрсэн л бол эхлээд ажиглаад, дараа нь заавал эмнэлгийн байгууллагадт хандах хэрэгтэй гэдгийг хэлж ойлгуулдаг болсон. Би л гэхэд кинонд тоглож байж Урьдчилсан сэргийлэх тасаг байдгийг мэдсэн шүү дээ.

-Кинон дээр гарсан бүх зүйл бодит жишээн дээрээс үндэслэсэн гэсэн. Тэр тохиолдлуудаас хамгийн эмзэглүүлсэн нь юу байсан бэ?

      -Намайг хамгийн их эмзэглүүлсэн зүйл нь архины цагаан солио тусаад, эхнэрээ алчихсан явдал. Тэр бол үнэхээр харамсалтай хэрэг. Энгийн залуу гэр бүл байж байгаад нөхөр нь архинд ороод, архины цагаан солио тусаад эхнэрээ хөнөөчихсөн. Тэрийгээ өөрөө ч мэдэхгүй “Унтаад сэрэхгүй байна” гээд зогсож байдаг. Яг тэгж хэлсэн гэж байгаа байхгүй юу, тэр үнэхээр харамсалтай байсан.

-Эмчийн дүрд тоглоод, эмч мэргэжлийн үнэ цэн, сайхан зүйлийг нь мэдэрсэн  үү?

      -Хүний амь аврах хамгийн сайхан зүйл юм билээ. "Яаралтай тусламжийн тасаг" кинон дээр ачаалалтай ажиллаад, орой нь бөөндөө сууж байхад Ундраа эрхлэгч надаас “Билгүүнээ ядарч байна уу” гэж асуухад нь би “Ядарч байна, гэхдээ гоё ядарлаа” гэж хэлдэг. Тэр үгийг би найруулагчид өөрөө хэлж байгаад хэлэхээр болсон. Яагаад тэр үгийг хэлмээр санагдсан бэ гэвэл сэхээн амьдруулах хийгээд зогссон байсан зүрх дахин цохилох мэдрэмж хамгийн гоё санагдсан. Хүний амь аврах, хүнийг эрүүл өвчингүй болгоод нөгөө хүнээ эрүүл явж байгааг нь харах, баярлалаа гэдэг үг сонсох бол эмч хүний хамгийн том урам зориг юм билээ. 

-Ярилцсанд баярлалаа. 



 


Б.БИЛГҮҮН: Эмчийн дүр бүтээхдээ хүний амь аврах хамгийн сайхан зүйл гэдгийг мэдэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188