• Өнөөдөр 2024-05-11

Б.Үйзэнмаа: Амжилт мэдээж сайхан, гэхдээ амьдрал биш

2020-10-22,   3435

“Над руу битгий ингэж хар” хэмээх анхны киногоороо Баварийн кино наадмаас залуу найруулагчийн шагнал хүртэж, авьяас, бүтээлээрээ дэлхийд танигдаж эхлээд буй Б.Үйзэнмаа  “Хар сүү” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний киногоо гаргаад байна. Уг бүтээлээрээ Берлиний кино наадамд оролцсон агаад “Улаанбаатар” кино наадмын хүрээнд бүтээлийг нь өргөн дэлгэцнээ хүлээн авах гэж байна.  

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.  “Над руу битгий ингэж хар” бүтээл тань Монголд гарснаас хойш дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд та юу хийж амжуулав?

-Сайн байна уу. Энэ хугацаанд Мюнхен хотын театрт нэгэн бүтээлээ толилуулсан. Түүний хажуугаар “Хар сүү” хэмээх шинэ киногоо бүтээж, үзэгчдэдээ хүргээд байна.

-Анхны киногоороо Баварийн кино наадмаас шагнал хүртсэн нь бидний хувьд бахархам үйл явдал билээ. Хажуугаар нь маш том хариуцлага байх? 

-Мэдээж Баварийн кино наадмаас шагнал хүртэх нь сайхан хэрэг. Кино маань хүлээн зөвшөөрөгдөх нь уран бүтээлч хүний хувьд чухал шүү дээ. Гэхдээ ямар ч шагнал миний уран бүтээлд нөлөөлөх ёсгүй гэж би боддог. Бүтээлийг минь үнэлж, шагнахад урам зориг авсан ч дараагийн бүтээлд минь энэ огт хамаагүй байх ёстой. Кино урлагт уран бүтээлчдийн эрх чөлөө маш чухлаар яригдана. Эрх чөлөөтэй байж л санаагаа илэрхийлж чадна. Харин үзэгчдийн хувьд эсрэгээрээ түүнийг нь мэдэрдэг шүү дээ. Тиймээс надад хариуцлага байхгүй, би дуртай зүйлээ л хийнэ. Ямар нэгэн хариуцлага ургуулан бодож түүндээ хайрцаглагдвал тойрогтоо л эргэлдэнэ шүү дээ. Тэгэх хэрэггүй биз дээ.


-“Над руу битгий ингэж хар” бүтээл  таны анхны кино. Кино шүүмжлэгчдээс олон магтаал сонссон. Энэ бүтээлийг тань монголчууд хэрхэн хүлээж авч байв. Тан руу холбогдож сэтгэгдлээ хэлж байв уу?

-Кино театруудад гарсны дараа над руу маш олон хүн холбогдсон. Киногоор хүмүүстэй харилцаа тогтоох нь миний хувьд сайхан байдаг юм. Олон хүн киног маань сайшааж, баярласнаа илэрхийлсэн. Тэр хэрээрээ олон хүнийг цухалдуулж, бухимдуулсан байна билээ. Киноны нүцгэн сцен, бэлгийн харилцаа харуулсан нь онцгүй сэтгэгдэл төрүүлсэн гэж хэлсэн. Надтай ярьсан эмэгтэйчүүдийн зарим нь “Монгол эмэгтэй хүн ингэж болохгүй, ийм байдаггүй юм, өөрийгөө ингэж харуулж болохгүй” гэх мэтээр хориглох янзтай анхааруулж байсан. Харин миний бодлоор энэ үгээр тэд өөрсдийгөө,  хүрээлсэн орчноо, эмэгтэй хүн байх эрхээ хязгаарлаж байгаа нь харамсалтай санагддаг. Нэгдүгээрт, ямар ч зүйлд тэгэх, ингэх ёстой гэсэн хууль байхгүй. Хоёрт, магадгүй эрэгтэй хүн “Над руу битгий ингэж хар“ киног хийсэн бол үзэгчид тэс өөрөөр хандах байсан юм. Харин бүсгүй хүн нийгмийн тогтсон үзэл бодлын эсрэг юм хийхээр (уг нь би юуны ч эсрэг юм хийгээгүй л дээ) бачуурч сандраад байгаа юм. Монгол эмэгтэй хүн ийм байх ёстой гэдгийг сануулж байгаа эмэгтэйчүүдийг анзаарахаар нүүр дүүрэн будаг шунхтай, өндөр өсгийт дээр тогтож ядан эрчүүдийн хойноос гүйж, өөртөө итгэлтэй юм шиг дүр үзүүлнэ. Ингэх нь өөртөө итгэлтэй байгаагийн шинж биш шүү дээ. Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хуучинсаг үзэл бодлоосоо салж, илүү өргөн цар хүрээтэйгээр юмсыг хараасай гэж би боддог.

-Тэгвэл таны киног гаднын үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Надад гаднын үзэгчдийн сэтгэгдэл их сонирхолтой санагдсан шүү. Япончууд гэхэд л дүрүүдийн ганцаардмал байдлыг ихэд анзаарч сонирхсон. Франц, испани хүмүүст нүцгэн гэдэг ойлголт нь “үнэнч, бас эмзэг” гэсэн үгийг илэрхийлэл ба хүн өөрийгөө харуулах хамгийн зөв илэрхийлэл гэж үздэг юм. Сэргэн мандалтын үеийн уран бүтээлүүд надад нөлөөлсөн л дөө. Тэр үед бүтээгдсэн арт зураг, хөшөө баримал, бие бялдрыг магтан дуулсан нь тэдэнд ойртож, ойлгож мэдрэх зорилготой байсан юм билээ. Сэргэн мандалтын үе нь хүн төрөлхтний маш чухал үе байжээ гэж боддог.

-Таны кинонд ЛГБТ асуудлыг тусгасан шүү дээ. Монголын үзэгчид энэ тал дээр зарим нь хүлээн зөвшөөрдөггүй, зарим нь дэмждэг. Та үүнийг хэрхэн хүлээн авсан бэ? 

-Монголчууд эрт дээр үеэс л аливааг хүлээн зөвшөөрдөг ард түмэн байсныг түүхийн олон эх сурвалжаас харж болно.  Чингис хааны түүхээс ч харж болно. Би хувьдаа бага ахуйгаасаа л хүмүүний амьдралын зам, радикал үзэл, яагаад ухаангүй хайрладаг талаар ойлгохыг хичээдэг байсан. Багаасаа тэгш бус байдлыг эсэргүүцэж, алт мөнгөний хойноос шунах нь тийм ч сайхан зүйл биш гэдгийг ойлгосон гэх үү дээ.

Хажууд байгаа хайртай хүмүүсийнхээ амьдралыг сайхан болгохын төлөө чармайж зүтгэх нь чухал шүү дээ. Тийм атал бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх чадалгүй хүний өмнөөс ичдэг юм. Хамгийн гоё сайхан зүйл чинь хайр. Хайрыг хүлээн зөвшөөрөх, эсэх талаар бодох нь цагийн гарз. Би хэн болоод бусдын хайрлах эрхийг боож, хязгаарлах ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй байх.

-“Хар сүү”, “Над руу битгий ингэж хар” кинонд тань шүүмжлэгчид хэрхэн хандсан бэ? 

-“Над руу битгий ингэж хар” киноныхоо дараа би киноны дүрэмд баригдалгүй цааш явахыг эрмэлзсэн. Би киноны хэлийг чухалчилж, түүний төлөө “шатдаг“ юм. Үзэгчид ч хатуу үнэнийг киноноос ойлгодог шүү дээ. “Хар сүү” киноны хувьд үзэгчид эгч дүү хоёрын говь нутагт сууж байгаа хэсэг, орчныг нь маш ойроос, бодитоор мэдэрч байснаа илэрхийлж, мэргэжлийн бус жүжигчдийн авьяас, чадварыг магтаж байлаа. Тэгж магтах нь бараг тодорхой байсан болов уу. Учир нь, киноны маань жүжигчид маш хүчтэй характертай, уран бүтээлдээ хамаг зүрх сэтгэлээрээ оролцсон юм. Тийм чадвартай уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа бахархаж явдаг даа.

-“Хар сүү” кино өмнөх бүтээлээс тань мэдээж өөрийн онцлогтой байх. Энэ онцлогийн талаар  яриач?

-Киноны үйл явдал Монголд өрнөж буй нь онцлог болов уу. Мөн энэ удаагийн бүтээл маань кино продакшны төсөвтэй байсан нь үнэхээр том аз байлаа. Герман Улс уран бүтээлчдийн анхны киног дэмжих сантай бөгөөд уг сангаас миний кино зохиолыг сонгож, төсөвлөж бүтээсэн. Харин “Над руу битгий ингэж хар” киноны хувьд миний дипломын кино байсан учир төсөв, мөнгө муутай байлаа. Жүжигчдэдээ ч цалин олгох боломжгүй ажилласан. Энэ цар тахлын үед “Хар сүү” кино маань Германы кино театруудаар өнгөрсөн наймдугаар сараас одоо хүртэл гарч байгаа нь үнэхээр том амжилт. Германы телевиз киног маань авахдаа надад уран бүтээлчийн хувьд ямар нэгэн болзол, хориг тавиагүй.  Уран бүтээлчийн хувьд энэ бол маш чухал явдал. Хэрвээ болзол, хориг тавьсан бол би кино хийх хэрэггүй л дээ.

-“Хар сүү” киноны санаагаа хэрхэн олсон талаар хуваалцаач?

-Гэр бүлээрээ Герман Улсад ирснээс хойш олон жил энэ санаагаа толгойдоо тээгээд л явсан. Хүүхэд байсан болохоор энэ тухай эргэцүүлдэггүй байж. Гэнэт л өөр хэлээр ярьж сурч, хар үстэй, онигор нүдтэй болохоор бусдад гадуурхагдана. Би өөртэйгөө адилхан царайтай хүүхдүүдтэй нэг ангид сурахыг ямар их хүссэн гээч. Тэгвэл ямар гоё вэ гэж их боддог байлаа. Гэхдээ арьс өнгөнөөр ялгаварлуулж, гадуурхал дунд амьдарч, өссөн нь хүний дотоод мөн чанарыг үнэлж, ойлгоход минь нөлөөлсөн гэж боддог. Хүний ямар царай төрхтэй байх нь хамаагүй, бусадтай харьцах харьцаа л хүнийг тодорхойлдог гэдгийг ойлгосон. “Хар сүү” кинонд бусадтай биеэ тоож харьцсан, бусдыг шүүж буй тухай гарна. Ямар бодол санаа, аль соёл нь илүү юм бэ, энэ ялгаатай байдлыг хэрхэн шийдэх вэ, Монголдоо хэрэв өссөн бол хэн болох байсан бэ зэрэг асуудлыг хөндсөн юм. Хүүхэд байхдаа өвөө, эмээ, ах дүүс, говь нутгаа санахад сэтгэл, зүрх өвддөг байсан өвдөлт миний дотор ул мөр үлдээсэн байх. Тэгж их санаж, бэтгэрсэн хүн өсөж төрсөн нутагтаа очиход яах вэ. Мэдээж багынх нь төсөөлсөн шиг байхгүй шүү дээ.

-Хэрэв Монголдоо өссөн бол ямар байх байсан бол гэж та бодож байжээ. Найруулагч болох байсан болов уу? 

-Мэдэхгүй л юм. Би энэ тухай маш их боддог л доо. Магадгүй дуучин л болох байсан болов уу. Би дуулах дуртай. Харин найруулагчийн хувьд Монголд кино бүтээх нь том зах зээлтэй Германд  кино бүтээхээс илүү хэцүү. Монголд кино урлагийг дэмждэг сан байдаггүй. Би хувьдаа Монголын уран бүтээлчид гадна, дотнын дэмжлэг их аваасай гэж их хүсдэг юм.

 -Киноны бэлтгэл ажил хэзээ эхэлж, хэрхэн бүтээсэн юм бэ? 

-Бүх юм их хурдан болж өнгөрсөн дөө. Зохиолоо бичиж дуусгаад, сангаас дэмжлэг аван ажил эхэлсэн юм. Дараа нь хоёр долоо хоногийн турш говьд киноны төлөвлөгөөгөө боловсруулж, хаана, ямар айлд зураг авалт хийх вэ, киноны дүрдээ хэнийг тоглуулах вэ, гээд бэлтгэл ажлаа хийж дуусгасан даа. Дууны оператор Удо, зураглаач Свен бид гурав гээд маш цомхон баг ажилласан. Надад ингэж ажиллах нь илүү чухал байлаа. Зураг авалтын үед өөрчлөлт оруулж, өөрийнхөөрөө байх боломжийг олгодог юм. Монгол дахь продакшны ажлыг миний ах Б.Чингүнжав гүйцэтгэж, хэлний асуудал дээр минь тусалсан. Би монгол хэлний нарийн ширийн зүйлсийг зөв ойлгож илэрхийлэх тал дээр дутагдалтай учир манайхан байнга инээж, шоолно шүү дээ. Ахин дурдахад цомхон багаар ажиллах нь үнэхээр чухал. Малчидтай ажиллаж байхад киноны багийн ажил хойш тавигдах ёстой гэсэн дүрэм баримталж ажилласан. “Анхаар, бид зураг авалт хийж байна” гэж бусдын ажлыг цалгардуулах нь буруу. Би угаасаа ийм юманд дургүй. Малчдын амьдралын хэв маягт орж, дэг журам, өдрийн хэмнэлд нь орох хэрэгтэй байсан. Харин кино бол дараагийн ажил. Гүү саах хэрэгтэй гэвэл өөр юм төлөвлөсөн байсан ч гүү саахыг нь хүлээнэ. Тэвчээр болон уян хатан байдал л биднийг зорилгод минь хүргэнэ гэдгээ ойлгосон. Зураг авалтын үед бие биетэйгээ дотно байх, хэн хэндээ үнэнч, сэтгэлээсээ ажиллах нь хамгаас илүү чухал гэж боддог.

-Таны кинонд Германы алдарт жүжигчин Франц Роговский дүр бүтээжээ. Энэ жүжигчинтэй хэрхэн холбогдож, кинонд тоглох үйл явдал яаж өрнөв. Яагаад түүнийг сонгох болов? 

-Би Францтай өмнө нь танилцсан. Мань эр нэгэн кино наадмаар надад шагнал гардуулахад танилцаж байлаа. Түүнээс хойш бид хамтарч ажиллах хүсэлтэй явсаар “Хар сүү” кинонд энэ боломж олдсон юм. Франц нэг тийм орчныг үүсгэх чадвартай содон жүжигчин. Зураг авалтын үеэр мэргэжлийн, тайван байдаг хэр нь яг дүрдээ орохоороо их эрчтэй, мэдрэмжтэй болчихдог. Түүний жүжиглэлтэд хэзээ ч дунд зэрэг гэх зүйл байдаггүй.

-Энэ кинонд тань ёс заншил, консерватив үзэл санаа туссан гэсэн. Энэ санааны талаар лавшруулж асуумаар санагдлаа?

-Тодруулах юм бол энэ кинонд хоёр өөр соёлд нийгэмшсэн эгч дүүс удаан хугацааны дараа уулзана. Хоёр талаас харахад хэн нь хэнийгээ түрэмгийлээд байгааг хэлэхэд хэцүүхэн. Барууны соёлд нэвтэрсэн дүү нь өөрийн төрөлх зан, инстинктдээ эргээд нэвтэрч буй, нөгөө талд говийн эгч нь өөрийн мэдэхгүй нэгэн зан чанараа өөртөө нээж буй. Гэхдээ энэ мэдрэмжээ хэрхэн ойлгохоо мэдэхгүй байгаа тухай өгүүлнэ.

Ёс заншил, бидний дунд хэвшмэл болсон зүйлс, асуудлуудыг ил болгох нь зүйтэй гэдэг санааг гаргаж ирсэн юм. Тэгж байж л одоо цагт тохирох үгүйг нь, зөв, бурууг нь олж харна шүү дээ.

Үүнээс гадна, өөрийгөө шүүж, би хэн бэ гэдгээ олж нээх хэрэгтэй гэсэн санаа. Эгч дүүс нэгнээ үгүйсгэж чадахгүй учир тэдний ертөнц, бодол санаа нь холилдож эхэлнэ.

-Таны Монголоо гэсэн сэтгэл бүтээлд тань мэдрэгддэг ч зарим талдаа шүүмжлэлтэй ханддаг зүйл бий байх?

-Говийн бүс нутаг, өнгө, сайхан хэл яриа, тэр их хайрлал, энэ бүгд миний нэгэн хэсэг мөн. Монгол орон, соёлгүйгээр амьдралаа төсөөлшгүй. Эх орноосоо хол, Европ тивд амьдарснаар Монголоо гэсэн сэтгэл маань илүү их болсон уу гэхээс багасаагүй. Эцэг эх минь говьд өссөн болохоор энэ нутаг бүр ч илүү дотно санагддаг юм. Мэдээж надад Монголыг харах хэдэн өнцөг бий. Яг юунд нь шүүмжлэлтэй хандаж байгааг хэлж мэдэхгүй ч “Над руу битгий ингэж хар” киног гаргасны дараа эмэгтэй дүрийг “Монгол эмэгтэйн төрхийг үгүйсгэсэн” гэж шүүмжлэлтэй хандсан. Яагаад тэгж хэлснийг нь одоо хүртэл ойлгохгүй л байна. Яг ямар хууль дүрэм, хаана ийм тийм байх ёстой гээд заачихсан байдаг юм бол. Тийм юм байгаа юм уу гэхээр үгүй. Зүгээр л хэвшил дасал болсон бодит бус маяг төрх нь л байгаа юм.

Харин “Хар сүү”  киног Монголын үзэгчид хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй ч кино театруудаар гаргахыг уран бүтээлчийн хувьд хүсэж байна. Би энэ бүтээлээрээ зүгээр л Монголын сайхан байгалийг үзүүлэхийг хүсээгүй. Гадаад, дотоодын олон уран бүтээлчид сайхан байгалийг нь  ашиглаж зөндөө кино бүтээл хийсэн шүү дээ. Гэхдээ манай улс түүнээс илүү сонирхолтой, олон давхаргатай, нийлмэл зүйл бий. Би киноны зураг авалтын хувьд хатуу, догшин мэт боловч говь шиг олон өнгөтэй, хүмүүсийн духны үрчлээ шиг олон түүх төсөөлөн бүтээсэн юм. Зүгээр л нэг байгалийн ерөнхий зураглал биш, романтик бус, харин ч эсрэгээрээ шулуун шударга, бодит байдлыг харуулахыг хичээсэн.

-Үзэгчид таныг чадварлаг уран бүтээлч гэж хардаг. Гэтэл энэ хүртэл амжилт гарахад олон зүйл нөлөөлсөн байх?

-Би амжилт гэдгийг хэрхэн тодорхойлохоо сайн мэдэхгүй л байна. “Над руу битгий ингэж хар” киногоороо хэд хэдэн шагнал авсан. Надад сайхан л байсан. “Хар сүү” киног маань бас л Берлиналд сонгогдоход сайхан санагдсан.

Гэхдээ надад энэ бүх амжилтаас илүү говьд багаараа хамтран ажиллаж, нэгэн бүтээлийн төлөө нэгдэж чадсан нь хамгийн сайхан, дахин давтагдашгүй мэдрэмж. Тэр үнэлж баршгүй тэмцэл, алдаж оносон цаашдын уран бүтээлд маань эрч хүч, урам зориг өгч байна.

Киногоо ахин үзэхэд камерын цаана юу болсон, яаж бүтээж байснаа нэг нэгэнгүй санадаг юм. Амжилтад хүрэхэд  цомхон багатай байх нь хамаагүй. Чамайг дэмждэг, тусладаг хүмүүс л чиний ард зогсож байдаг. Хэрвээ өөртөө итгэж, өөрийгөө зөвөөр үнэлж чадаж байвал үргэлж л амжилттай явна. Зөвхөн кино ч биш, бүх зүйлд. Амжилт гэж үүнийг л хэлэх байх.

-Кино зохиолоо өөрөө бичиж, өөрөө дүрээ бүтээж, найруулдаг найруулагч цөөхөн. Ингэж ажиллахын давуу тал нь юу вэ? 

-Би өөрөө зохиолоо бичиж, найруулж, кинондоо дүр бүтээнэ гэж бодож төлөвлөөгүй юм. Энэ бүхэн явцын дунд л болсон зүйл. Хэрэв нэгнээ ойлгодог кино зохиолчтой танилцсан бол өөрөө зохиол бичихгүй л байсан байх. Жүжиглэх ч адил. Би хувьдаа ажлын хуваарилалт гаргаж  кино хийх хэрэггүй гэж боддог юм. Юу хэрэгтэй байна, түүнийг л хийх хэрэгтэй. Дүр бүтээж байхдаа би олон зүйлд суралцсан. Найруулагчийн зүгээс жүжигчдээсээ яг юу хүсдэгээ мэдэрч, ямар сэтгэгдэлтэй, юуг бодож санаж байгааг нь ойлгосон юм. Камерын урд гарахад тэр жижигхэн зүйл намайг шахаж, боогоод байгаа мэт санагдсан нь сонирхолтой байсан. Зураг авалтын үед харах өнцгөө олж, өөрөө зохиомжилно. Зохиол бичихэд ч мөн ялгаагүй. Кино бүтээлээ бүх талаас нь харах боломжтой байдаг болохоор өөрийгөө сорьж буй хэлбэр юм.

-Эсрэгээрээ ингэж ажиллах нь найруулгадаа сайн анхаарч чадахгүй байх тал бий юү?

-Найруулагч ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн дүрэмд баригддаггүй учир надад ингэж ажиллах нь илүү амар. Оюутан байхдаа даалгавартаа маш олон ном, кино зохиол уншдаг байсан юм. Тэгэх ч ёстой. Кино урлагийн түүхийг олон талаас нь судалж, ойлгож, харьцуулах хэрэгтэй нь мэдээж шүү дээ. Харин энэ бүгдийг уншиж байхдаа өөрийн гэсэн кино хэлээ олох ёстой гэдгийг ойлгосон. Кино хэлээ олоход тань ямар ч ном тус болохгүй. Тэр номыг мөн л шинийг эрэлхийлсэн хүн бичиж байгаа. Ном уншиж, суралцах нь чухал ч эцсийн эцэст хүн өөрөө л энэ дэлхийд байр сууриа олох ёстой шүү дээ. Тэгж байж эрх чөлөөтэй болно. Би ингэж л найруулагч болохын төлөө зүтгэж явна.

-Таны бүтээлүүдэд та өөрөө хэр их тусдаг вэ? 

-Ойлгомжтой, миний тусгал кинонд маань бий. Тэгсэн хэдий ч тэд бол миний судалж, харьцуулан, зохиосон дүр, характерууд шүү дээ. Би дүрүүдээ өөртэйгөө харьцуулж бүтээсэн болохоор би байгаа. Харин дүр бүтээхдээ өөрөөсөө болон бусад хүнээс харсан туршлага дээр үндэслэсэн.

-Танд арт киногоор дамжуулан тусгахыг хүсдэг санаа байдаг байх?

-Үгүй байх аа. Миний хувьд “Над руу битгий ингэж хар” киног хийсэн ч, “Thor” баатрын тухай кино хийсэн байлаа ч адилхан л хүсэл, зорилготой байна. Энд ялгаа байхгүй. Учир нь, кино өгүүлэл, хүүрнэх арга барил нь чухал юм. Олонх найруулагч хэлэх санаагаа л чухалчилдаг байх.

-Зарим уран бүтээлч кино зураг авалтын үед зохиолоо өөрчлөх тохиолдол бий шүү дээ. Таны хувьд кино төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? 

-Гэнэтийн өөрчлөлт хийх тохиолдол олон бий. Зураг авах өдрөө хүртэл өөрчилж байсан удаатай. Малчидтай ажиллахад, ялангуяа мал, амьтад кино зурагт ороход, цаг агаарын шалтгааны улмаас гээд өөрчлөх тохиолдол гарна. Манай гол дүр Гүнсмаа надад таван сард жирэмсэн болсноо хэлсэн юм. Есдүгээр сард зураг авалт эхлэх гэж байхад шүү дээ. Тэгэхэд нь шинэ нөхцөл байдалтайгаа уялдуулж зохиолоо өөрчилсөн.  Зураг авалтын үед том гэдэстэй болсон байна шүү дээ. Хамгийн чухал нь Гүнсмаа маш мундаг жүжиглэлттэй, хүчтэй энергитэй болохоор дүрдээ заавал тоглуулах хэрэгтэй байсан юм. Гүнсмаагийн аль ч зүгт туяаран гэрэлтдэг нь зураг авалтын үеэр оргил цэгтээ хүрсэн. Үнэхээр давтагдашгүй авьяастан. Хэрэв энэ үгийг түүнд хэлэх юм бол нүдээ эргэлдүүлээд л өнгөрөх байх даа.

-Бүтээл төрөхөд хамгийн чухал хэсэг нь аль юм бол?

-Бүх юм нь цогцоороо байж л сайн бүтээл төрнө дөө. Миний бодлоор кино бүтэх хамгийн чухал хэсэг бол яагаад энэ тухай хийх гэж байна, яаж хийх вэ гэсэн санаагаа гаргаж, үндэс сууриа сайн тавих хэрэгтэй байх. Постпродакшны ажил сайн байж болно. Гэхдээ “хоосон самар“ хэзээд мэдэгддэг шүү дээ. Энэ тухайд театрт очиж үзэж байна уу, хэр их хүн үзсэн байх нь огтхон ч хамаагүй.

-Бүтээлд тань илүү, дутуу “уянга” байдаггүй. Та харуулах гэснээ “шударга” үзүүлдэг мэт санагддаг? 

-Тэр үнэн байх шүү. Надад шударга байдал л чухал.

-Монгол уран бүтээлч Германд уран бүтээлээ туурвихад хүндрэлтэй зүйл байсан уу? 

-Яах вэ дээ, хүүхэд насандаа өдөр бүр гадуурхагддаг байсан. Энэ үед ах эгч хоёр маань л надад үлгэр жишээ болдог байлаа.

Гэрээсээ гараад л гаднын хүн болчихдог учир 200 хувь мэрийх хэрэгтэй байсан. Бусад хүн 70 хувь л мэрийхэд хангалттай байхад шүү дээ. Тэгсэн ч хичээх нь хангалттай биш байсан. Тэр үе миний амьдралд хатуу боловч сайн сургамж болсон гэж боддог.

Яагаад гэвэл тэр бүр асуудлыг тоодоггүй, өөрийнхөөрөө байхыг сурсан юм. “Чи юу ч биш. Чи юу ч биш хэвээр байх болно. Тийм учир чи хийдгээ л хий” гэдэг шиг. Нэгэн мундаг кино уран бүтээлч “Чамд ганц ч боломж байхгүй, тэрийг ашигла!” гэж хэлсэн байдаг. Хэрвээ намайг гадуурхдаг хүмүүсийн үгээр явсан бол би хэзээ ч “Над руу битгий ингэж хар” киног хийхгүй байсан юм. Зөв үедээ өөртөө итгэж, зөн билгээ дагах нь чухал юм билээ. Өвөг дээдсээсээ  авсан монгол талын хүч үүнд л байдаг гэж итгэдэг юм.

-Таныг олон улсын уран бүтээлч гэж хэлбэл санал нийлэх үү?

-Тэгж хэлж болно. Кино уран бүтээлч. Олон улсын гэдэг тал дээр бид бүгд л олон улсын, интернациональ хүмүүс шүү дээ. Хил хязгаар, улс орон гэдэг ойлголт бол үнэндээ зохиомол бүтцүүд.

-Гэр бүлийнхэн тань урлагийнх байх нь сайхан байдаг уу. Гэхдээ нөгөө талдаа илүү сайныг бүтээх сэдэл өгдөг байх?

-Үгүй ээ, манай гэр бүл, эцэг эх, ах эгч нар бүгд амбицийн эсрэг талд байдаг хүмүүс. Манайхан амьдралд юу чухал вэ гэдэг тал дээр өөр өөрсдийн үзэл бодолтой. Амжилт мэдээж сайхан. Гэхдээ амьдрал биш. Амьдрал гэдэг бол тэнгэр газар, нар, сар тэгээд дунд нь бид. Ингээд л боллоо. Энэ бодлыг минь манай гэрийнхэн бүгд дэмжих байх аа.

-Уран бүтээлч хүнд хоёр тал байдаг юм шиг. Өөрийн харсан зүйлээ тусгах, эсвэл уран бүтээлээрээ эрэл хайгуул хийдэг мэт. Таны уран бүтээлийн илэрхийлэл нь аль нь вэ?

-Энэ тал дээр би аль аль нь гэж хэлэх байна.

-Дараагийн уран бүтээлийнхээ ажилд шамдаж эхэлсэн үү?

-Би байнга л бичиж, уншиж суудаг. Өөр уран бүтээлчийн кино зохиолыг уншиж байгаа. Магадгүй кинонд нь тоглочихож ч мэднэ. Харин өөрийн уран бүтээлийн хувьд эхлээд зохиолоо гаргах л хэрэгтэй байх.

Б.Үйзэнмаа: Амжилт мэдээж сайхан, гэхдээ амьдрал биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188