• Өнөөдөр 2024-04-20

НАЙРУУЛАГЧ С.СУГАРЫН ОХИН ЖҮЖИГЧИН С.БОЛОРМАА: ЗАЛУУСТ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ ДУТАГДААД БАЙНА

2022-04-06,   1501

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар агсны том охин СУИС-ийн багш, жүжигчин С.Болормаатай  “Уран бүтээлчийн цаг” булангаараа ярилцлаа. Тэрбээр “Орхидос” уран сайхны киноны зохиолыг бичиж үзэгчдэдээ толилуулсан юм. Мөн түүний дүү МУГЖ С.Болд-Эрдэнэ гэдгийг тайз, дэлгэцийн уран бүтээл сонирхогч, үзэгчид мэднэ.

          Дөрөвдүгээр сарын 5. Энэ өдөр монголчууд бидний бэлгэдэл ёсоор ханш нээж буй өдөр юм. Нэлээд хуйсгануур салхитай, үүлс хуралдсан өдөр байв. Би хэд хоногийн өмнө утсаар ярьж, СУИС-ийн багш, жүжигчин С.Болормаатай энэ өдөр ярилцлага хийхээр тохирсон юм. Тиймээс утас цохиж хаана байгааг нь асуулаа. Тэрбээр “СУИС-д 15:00 цагт хүрээд ир” гэв. Тиймээс үзэг, тэмдэглэлийн дэвтэрээ аваад түүний ажлыг зорилоо. Монголын урлагийн үе үеийн алдартан, сэхээтнүүдийг бэлтгэн гаргасан урлагийн сургуулийн хаалгаар ороход л цаанаасаа сэтгэлд халуун, дулаан мэдрэмж төрнө. Тус сургуулийн хүүхдүүдээс С.Болормаа багшийн өрөөг асууж, сурагласаар  явсан орлоо. Бид юун түрүүнд мэнд мэдэлцээд яриагаа эхэлсэн юм.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

      -Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Хавтаст хэрэг” олон ангит уран сайхны кинонд тоглолоо. Мөн манай сургуулийг төгсөж байгаа залуу уран бүтээлч Ф.Шиллерийн “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгээр кино хийж байгаа юм. Энэхүү кинонд Миллер хатагтайн дүрд тоглосон. Удахгүй дэлгэцэд гарч үзэгчдийн хүртээл болно. Сүүлийн үед ийм хоёр киноны дүр дээр ажиллалаа. 

Таны “Содура” кинонд бүтээсэн дүр монголчуудын сэтгэлд тод үлдсэн. Энэ дүрийнхээ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

                  -“Содура” киног бүтээхийн тулд бид хоёр жил ажилласан. Би тухайн үед КУДС-д багшилж байсан. Тиймдээ ч цаг зав муутай байдаг байлаа. Тэр үед кино уран бүтээлчид надад дүр бүтээх санал тавьсан би "Зав муутай учраас тоглохгүй" гэж хэлсэн л дээ. Гэтэл намайг "Заавал авна" гэсээр байгаад дүр тоглуулсан даа. Тухайн удганы дүрд тоглоно гэдэг надаас тэс өөр ертөнц байв. Бид бөө мөргөл гэдгийг зах зухаас нь л ойлгож, мэдэж байсан. Тиймдээ ч дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй байлаа. Мөн би өмнө нь Хөвсгөл аймагт ээж, аавтайгаа хүүхэд байхдаа л очиж байсан. Энэхүү киног хийхэд ер нь бол анх удаа л тайгад очсон доо. Миний тоглосон дүр сонирхолтой хэдий ч нэлээд ажиллагаа шаардсан дүр. Жишээлбэл, наад зах нь удган хүн ямар байх ёстой юм гэдгээс эхэлнэ. Дотроо олон янз байдаг юм билээ. Тиймээс хүмүүстэй уулзаж ярилцах, ном зохиол унших, зөвлөгөө авах гэх мэтээр нэлээд судалгаа хийсэн. Жүжигчин хүн судалгаагүйгээр дүр бүтээнэ гэж бараг л байхгүй. Тэр дундаа “Содура” туульсын кино учраас судалгааг илүү их хийх шаардлагатай болж байв.

Тэр үед кино уран бүтээлчид надад дүр бүтээх санал тавьсан ч би татгалзсан

-Та дүрээрээ юу илэрхийлэхийг зорьсон бэ. Мөн удган хүний ямар зан чанарыг үзэгчдэд үзүүлэхийг бодож ажилласан бэ?

                  -Бид бөө мөргөл  гэхээр хүн харааж, ерөөдөг гэх буруу ойлголттой л байсан. Социализмын үед энэ талаар ямар ч төсөөлөл байсангүй шүү дээ. Судалгаа хийхээр дотроо олон янз байдаг юм билээ. Цагаан, хар, шарын гэх мэт. Мөн зад хийдэг бөө гэж байдаг юм байна. Тухайлбал, 13 зууны үед дайсны цэргүүд довтлон  ирж байхад зад хийж шуурга, гал гаргаж, битүү манан татуулдаг байсан гэнэ. Зохиолын хувьд миний дүр задын  төрлийн эмчилгээ хийдэг бөө. Тиймээс энэ талыг түлхүү харуулахыг хичээсэн. Бөө, бөө л гэж яриад байдгаас эцсийн эцэст адилхан л хүн шүү дээ. Миний дүрийг нь бүтээсэн удган хийдгээр үр хүүхэдгүй ч гэсэн тухайн омог, отогынхоо ээж нь болж байгаа учраас эх хүн талаас харуулах ёстой  гэж бодсон.

Таныг үзэгчид Монгол ээжийн дүрийг их сайхан бүтээдэг гэдэг юм билээ. Хүний сэтгэлд хоногштол  эх хүний дүрийг бүтээнэ гэдэг мэдээж асар их хөдөлмөр шаарддаг байх тийм үү?

               -Нас ахиад юм уу, сүүлийн үед дандаа л ээжийн дүрд тоглож байна. Ээжүүдийнхээ дүрийг адил төстэй биш, тэс өөр харагдуулах юмсан боддог. Уран бүтээлч хүний хувьд тоглож буй бүхий л дүрээ сайн гаргахыг зорьдог.  Шинэ уран бүтээлд дүр авах нь нэг талдаа баяр байдаг. Би олон сайхан дүр бүтээсэн гэж ярих нь хаашаа ч юм. Яагаад гэхээр миний багш Ардын жүжигчин Ц.Гантөмөр бараг 300 гаруй тайз, дэлгэцийн уран бүтээл дээр ажилласан байдаг хэдий ч "Би гарын арван хуруунд багтахаар дүр бүтээсэн” гэж ярьдаг. Тэгэхээр дүрд тоглоно, дүр бүтээнэ гэдэг өөр л дөө. Дүр бүтээх нь илүү нарийн ажиллагаа шаарддаг. Тиймээс өнөөдрийн хувьд өөрийгөө дүр бүтээсэн гэж ярих нь арай өрөөсгөл юм шиг санагдаж байна.

Д.Намдаг гуай “Авьяас бол агуу их эмзэглэл” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг бодож явдаг. Мэдээж тодорхой хэмжээний авьяас байгаа учраас уран бүтээл гарч байгаа

-Уран бүтээлч хүний “эмзэглэл” гэж ярих юм. Энэ тал дээр та оновчтой хариулт өгөх болов уу?

             -Д.Намдаг гуай “Авьяас бол агуу их эмзэглэл” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг дотроо бодож явдаг. Мэдээж тодорхой хэмжээний авьяас байгаа учраас уран бүтээл гарч байгаа. Авьяас байхгүй бол уран бүтээл хийнэ гэж хол шүү дээ. Тэгэхээр миний ойлгож байгаагаар уран бүтээлч хүн бусдаас илүү эмзэглэх ёстой гэж боддог. Нэг үгээр бол дотоод сэтгэлийн эмзэглэлтэй байх ёстой. Би жүжигчний уран чадварын багшийн ажил хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс ч оюутнууддаа эмзэглэл гэж юу болох талаар хэлдэг. Тэр дундаа “Энэ нийгэмд болж байгаа үйл явдал, хүний зовлонг өөрийн юм шиг хүлээн авч эмзэглэж, шаналж, юу хийх вэ гэдэг бодол, эрмэлзэлтэй байгаарай” гэж захидаг. Мэдээж жүжигчин хүн нийгэмд болж буй үйл явдлуудад нөлөө үзүүлэхийн тулд улстөрчид шиг ухуулж, ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бидний гол зэвсэг уран бүтээл. Уран бүтээлээр л эмзэглэлийг харуулахыг бодно. Би сая “Хавтаст хэрэг” киноны зургадугаар ангид тоглосон. Охиныхоо өмнөөс хэрэг хүлээгээд шоронд ордог ээжийн дүр. Зохиолыг нь анх уншихад хэцүү байсан. Тиймээс тогломооргүй санагдсан даа.

 

Зохиолыг нь анх уншихад хэцүү байсан. Тиймээс тогломооргүй санагдсан.

-Яагаад тогломооргүй санагдсан юм бэ?

                 -Хүнд санагдсан. Нэгэнт л тоглоно гэж хэлсэн болохоор тоглохоос өөр арга байхгүй. Жүжигчин хүн айж, ичээд "Энэ дүр надад зохихгүй. Би гоё л дүрд тоглоно" гэж хэлэх эрх байхгүй. “Хавтаст хэрэг” олон ангит кинонд  миний тоглосон ээжийн дүр яг бодит болсон явдал. Ямар ч ээж үр хүүхдийнхээ өмнөөс ял үүрэх байх. Миний амьдралд ийм үйл явдал тохиолдсон бол хүүхдийнхээ өмнөөс хэрэг хүлээх байсан болов уу. Ер нь энэ нийгэмд эмзэглэх зүйл асар их байна. Жишээлбэл, хүүхдийн хүчирхийлэл, албан газрын ажлын дарамт, архидалт, гэр бүл салалт, ажилгүйдэл гэх мэт. Бид харин үүнийг мэдэхгүйгээр дөжирчихсөн байна. Тиймээс ийм л байх ёстой мэт хүлээн зөвшөөрч болохгүй зүйлээ хүлээн зөвшөөрөөд амьдраад байна. Үүнийг уран бүтээлээр дамжуулж ямар сөрөг үр дагавартай болохыг харуулахыг зорьдог.

          Станиславский системээр жүжигчин бүтээж буй дүрээрээ амьдрах ёстой гэж заасан байдаг. Тиймээс худлаа тоглож болохгүй шүү дээ. Ялангуяа кинон дээрээ худлаа тоглоно гэдэг бүдүүлэг хэрэг. Зарим кинонд бэлэн нулимс ашигладаг хүмүүс харж л байсан. Би бол тэгж чадахгүй юм билээ. "Худлаа тоглож болохгүй" гэж багш заасан. Би багшийнхаа хэлсэн зарчмыг баримталж яваа уран бүтээлч хүн.

-Сүүлийн үед хэдэн дүрс бичлэг эвлүүлээд кино хэмээн дэлгэцэд гаргаж байна гэх шүүмжлэл залуу уран бүтээлчдэд хаяглагдах болсон. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?

              -Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Сайн кинонууд гарч байна. Сайны хажуугаар саар муу кино ч гарч байна. Энэ тал дээр шүүмжлэлтэй хандах зөв. Гэвч кино шүүмж бичдэг мэргэжлийн шүүмжлэгч байхгүй. Ямар ч уран бүтээл гарч байсан шүүмж дагаж явах ёстой. Тэгж байж л уран бүтээл зөв голдиролдоо орно. Шүүмж бол буруу зүйл огт биш. Тиймээс ч уран бүтээлч хүний хувьд шүүмж илүү хөгжөөсэй гэж боддог доо. Дүрс эвлүүлээд кино гэж ярьж байгаа зүйл ч ажиглагдаж байгаа. Сүүлийн үед кино уран бүтээлчдийг дэмждэг продюсерын баг бий болсон. Энэ нь сайшаалтай. Харин шүүмж талаас хэлбэл бэлтгэл дутуу байна. Зохиолын тал дээр дутмаг ажиллаад байгаа юм шиг санагддаг.  

Ямар ч ээж үр хүүхдийнхээ өмнөөс ял үүрэх байх. Миний амьдралд ийм үйл явдал тохиолдсон бол хүүхдийнхээ өмнөөс хэрэг хүлээх байсан болов уу. Ер нь энэ нийгэмд эмзэглэх зүйл асар их байна

Мөн манайхан шүүмж бичихээр их эмзэг хүлээж авдаг. "Намайг мууллаа, биднийг мууллаа" гэх мэт. Яах вэ зарим шүүмж арай л хэтэрхий байдаг л юм. Мэргэжлийн талаас биш зориуд уран бүтээлчдийг унагаах гэсэн мэт байдаг нь үнэн. Мэргэжлийн үүднээс бичээгүй шүүмж асар их хортой. Үзэгчийн үүднээс шүүмж бичихээр хүчтэй нөлөөлж чадахгүй. Сайн кино уран бүтээл төрх тал руу нь чиглүүлж чаддаггүй.  

Залууст маань “Эх оронч” сэтгэлгээ дутаад байна

 - Та уран бүтээлчээс гадна ирээдүйн жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй олон залуусыг сургаж яваа багш. Тиймээс уран бүтээлч болохоор тэмүүлж буй оюутнуудыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

             -Багшийн хувьд ч тэр, нас тогтоод явж байгаа хүний хувьд ч тэр залуучуудад юу дутагдаад байна гэдгийг анзаардаг. Залууст “Эх оронч” сэтгэлгээ дутаад байна. Оюутан залуусыг ажиглахад холливуд, алдартай жүжигчин болохыг л ярьж байгаа байхгүй юу. Цаана нь уран бүтээлч хүний үүрэг хариуцлагын талаар мартчихаад байгаа юм. Яг жинхэнэ монгол жүжигчин ямар байх ёстой бэ гэдгийг танин мэдэж, судалж, бүтээх ёстой. СУИС-ийн зорилго нь Монгол уран бүтээлчдийг бэлтгэх шүү дээ. Монгол жүжигчид бусад орны жүжигчдээс юугаараа онцлогтой, давуу, өвөрмөц вэ гэдгийг л зааж сургах ёстой.

-Та уран бүтээлч хүн. Уран бүтээлчдийг бэлтгэн гардаг багш шүү дээ. Тэгэхээр шавь нарынхаа хийсэн уран бүтээлийг үзээд хэрхэн хүлээж авдаг вэ?  

                    - Би КУДС-д байхдаа таван анги төгсгөсөн. СУИС-д багшлаад 2021 онд нэг анги төгсгөлөө. Шавь нар маань өөр өөрсдийнхөө зам мөрийг хөөгөөд амьдарч л байна. УДЭТ, орон нутгийн театр болон продакшнд ажиллаж байгаа. “Этик” продакшны А.Энхжин, мөн УДЭТ ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч болсон Б.Одгэрэл, Цэрэндорж, Ганчимэг гээд шавь нар маань уран бүтээлээ олны хүртээл болгоод явж байна. Шавь нарынхаа уран бүтээлийг үзээд бахархал төрдөг. Заримдаа ч бас уур хүрнэ шүү дээ. Яг өөрийнхөө жүжгийг үзэх гэж байгаа юм шиг догдолдог. Өмнөөс нь айна, ичнэ. Алдаатай, оноотой зүйл байлгүй л яах вэ. Манай А.Энхжин сая “Мардай” уран сайхны кино бүтээсэн. Хийцийн хувьд тун дажгүй болсон байна лээ. Зохиолын хувьд надад нэлээд логик алдаатай зүйлүүд ажиглагдсан. Жүжигчний тоглолтын хувьд асар өссөн харагдсан. “Мардай” киног хийсэн хүүхдүүд маань өмнөх уран бүтээлүүдээсээ өсөж дэвжсэн байгааг хараад баярласан. Манай багш “Жүжигчний ажил гэдэг үргэлж суралцаж явдаг ажил” гэж хэлдэг байлаа. Энэ бол яг үнэн. Уран бүтээлээ сайн хийгээд, амжилттай яваа шавь нараа хараад үнэхээр бахархдаг.  Гэхдээ шавь нараа дэргэд нь бол магтахгүй шүү дээ. Дотроо бол баярлаж өгнө дөө.

 Шавь нараа дэргэд нь магтахгүй шүү дээ. Дотроо бол баярлаж өгнө дөө

- Аав тань яг одоо таны багшилж байгаа сургуульд багшилж олон сайн уран бүтээлчдийг бэлдсэн. Та манай сайтын уншигчдад аавтайгаа өнгөрүүлсэн нандин дурсамжаасаа хуваалцаж болох уу?                     

               -Миний аав СУИС-д багш тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Эцсийн амьсгалаа хураатлаа урлагийн төлөө хөдөлмөрлөсөн хүн дээ. Хүүхэд залуучуудын театр, орон нутгийн театруудад ажиллаж уран бүтээлчдийг бэлтгэж байсан. Монгол тайз, дэлгэцийн залгамж халааны хэдэн үеийг бэлдсэн уран бүтээлч, багш гэж би хувьдаа боддог. Багасаа л аавынхаа яриаг нь сонсоод л заавар, зөвлөгөөнийх нь дагуу ажиллаж, амьдраад өдийг хүрсэн. Аав хүн харахад хатуу, дуу цөөтэй. Энэ аавын араншин л даа. Аав хүүхдүүддээ нэг ч удаа гар хүрч байгаагүй. Нэг л чанга дуугарахад нам болно доо. Байнга уурлаад байдаггүй. Нэг уурлахаараа жинтэй уурладаг болохоор үг нь хүчтэй хүрдэг байсан. Дурсамж гэвэл бид нарыг зуны улиралд байнга хөдөө авч явдаг. Ах дүү нарынхаараа орно, амарна. Мөн амралтын өдрүүдээр байнга ууланд дагуулж алхдаг байсан. Бага байхдаа эрхлүүлсэнгүй гээд гомддог байсан л даа. Яагаад ингэдэг юм бол гэж боддог байлаа. Одоо эргээд бодохоор өөрөө өөрийгөө авч яв гэдгийг л зааж өгч дээ. Хэрэв юм л бол гүйж очоод уйлаад байдаг байсан бол нялцгар болох байсан биз.

Хүн байхгүй болчихсон хойно нь хорвоо ертөнцөд ямар үнэтэй байсныг нь ойлгодог юм байна. Бурхан болсных дараа зарим хүний муу зүйлүүд илэрдэг. Аавынхаа тухай бусдаас сонсож, хүмүүст өгсөн ач тусыг нь мэдээд "Ямар зөв хүн юм бэ, ямар азаар ийм аав надад заяагаа вэ, ямар азаар ийм хүний хүүхэд болж төрсөн юм бэ" гэж бахархдаг болсон.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 

 


НАЙРУУЛАГЧ С.СУГАРЫН ОХИН ЖҮЖИГЧИН С.БОЛОРМАА: ЗАЛУУСТ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ ДУТАГДААД БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-06 09:36:18
    irgen: Setguulch ni yamar ih aldaatai bichdeg yuum be, ugend dagavar gej baidgiig meddeg hun uu, ugui yu, Hunii yarisan zuiliig utgagui bolgoj bna sh dee. Setguulch nar ugiin utga, zov bichih durem juram meddeg yumuu, er ni. Baahan ug niiluuleed bichchihdeg humuus niitleg baina aa.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188