• Өнөөдөр 2024-05-07

Б.БИЛГҮҮН: Циркийн алтан тайзан дээр дэлхийд нэрээ дуурсгах алиалагч болохыг хүсдэг

2022-04-01,   1394

    Эргэлт.мн мэдээллийн сайт олон улсын инээдмийн баярын өдрийг тохиолдуулан залуу уран бүтээлч, циркийн алиалагч Б.Билгүүн буюу Биллитэй ярилцлаа. Тэрбээр өөрийгөө "Олон ястны өлгий нутаг, алс холын баруун хязгаар, Ойрдын хаан Галданбошигтын өлгий нутаг Ховд нутгийн унаган хүү" гэж танилцуулснаар бидний яриа эхэлсэн юм.

-Сайн байна уу, танд олон улсын инээдмийн баярын мэнд хүргэе. Баярын өдөр ажлаа хийгээд, хүмүүсийг инээлгээд л явна уу? 
 
    -Сайн, сайн байна уу. Эргэлт.мн сайтын уншигчдад инээдмийн баярын гэрэл гэгээтэй өдрийн мэнд хүргэе. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас урлагийнхны ажил зогсолттой байсан. Энэ жил ч мөн ялгаагүй ажил харьцангуй бага байна. Гэхдээ зүгээр суухгүй, хүүхдүүдийг баярлуулаад л явж байна. Хүүхэд бол хамгийн гэгээн, хиргүй тунгалаг, тансаг ертөнц байдаг. Би хүүхдүүдийг баярлуулж, тэдэнд инээд хөөр бэлэглэх дуртай.
 
-Уран бүтээлч бүрт урлагийн зам руу орсон сонирхолтой түүх байдаг. Таны хувьд жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?
 
     -Багаасаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Арван жилд байхад "Mongol Tv" -ээр ""Мөрөөдлөөс ч илүү" гээд олон кино гарч байсан юм. Тэр киног үзээд, урлагийн хүний амьдрал, урлагийн сургуулийн тухай гоё мэдрэмж авч байсан. Тэгээд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль ч мөн ийм байдаг болов уу гэж битүүхэндээ бодож явдаг байлаа. Тэгээд л жүжигчний мэргэжлээр сурья, зориод, өөрийгөө сориод үзье гэж шийдэж суралцаад, 2016 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо бол энэ мэргэжлийг сонгосондоо их олзуурхаж, онож гэж боддог. Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, олон хүнээс эрч хүч авдаг сайхан ажил. Мэдээж сайны хажуугаар саар нь бий гэдэг шиг муулж, шүүмжлэх зүйл ч байдаг. Гэхдээ би дурлаж сонгосон мэргэжилдээ хайртай учир төдийлөн шантарч, буцдаггүй.
 
-Таныг хошин шогийн жүжигчин байхад тохирох болов уу гэж  хардаг. Ер нь аль чиглэлийг барьж уран бүтээлд оролцдог вэ?
 
   -Би Аймшгийн кинонд тоглож үзлээ. Киноны бусад төрлийг бодоход, аймшгийн киноны дүр мэргэжлийн уран бүтээлчээс илүү чадвар шаарддаг болов уу гэж боддог. Энэ ч утгаар  өөрийгөө өөрөөр сорьсон, илүү ахиулж, хөгжүүлсэн уран бүтээлд орсондоо баяртай байдаг. Дараа нь өнгөрсөн шинэ жилээр эмоци продакшны "Хүслийн жагсаалт" уран бүтээлд даруу, төлөв залуугийн дүрд оролцон ттоглосон. Жүжигчин ямар ч дүрд хувирч чаддаг, өөрт оногдсон ямар ч дүрийг гаргахыг л эрмэлзэх ёстой гэж боддог. Мөн хүн судлах ухаанд илүү суралцдаг мэргэжил болов уу гэж хардаг юм. Энэ ч утгаар хошин шогийн жүжигчин болье гэвэл чадна гэж боддог. Мэдээж алдаж, онох зүйл байлгүй яах вэ, гэхдээ ямар нэгэн зүйлийг олж харсан цагтаа хийж үзэж л сурдаг болов уу. 
 
-Сургуулиа төгссөнөөс хойш хэчнээн уран бүтээлд тоглосон байна вэ?
 
     -2016 онд сургуулиа төгссөнөөс хойш кинонд оролцохгүйгээр хувиараа уран бүтээл хийж, гадаад, дотоодгүй аялна тоглолтоор их явлаа. Сүүлдээ найзтайгаа хамтран продакшн байгуулаад ч явсан байна.
 
-Жүжигчин мэргэжлийн сайхан зүйл нь олон байх. Онцолж та сайхнаас нь яриа дэлгээч?
 
   -Би жүжигчин мэргэжлийг сонгосноос хойш олон хүний над руу харж байгаа харц, энерги, баяр баясал, хүндэлж байгаа хүндлэл, харилцаа гээд олон сайхан зүйлийг мэдэрдэг. Жүжигчнээр сурч төгсөөд, циркийн алиалагч гэх төрлөөр Циркийн компанид жил ажилласан. Эндээс би хүүхдүүдтэй яаж ажиллах, хүүхдийн уран бүтээлд хэрхэн тоглох вэ гэдэг зүйлийг багагүй судлаж, мэдсэн. Түүнээс хойш түлхүү хүүхдүүдэд чиглэсэн, хүүхдэд ойр уран бүтээлийг хийж хүргэх болсон.
 
-Урлагийн замаас гаръя, больё гэсэн бодол байсан болов уу?
 
  -Нэг ч удаа буцах бодол байгаагүй. Магад хэн нэгэн найруулагч надад тохирсон кино хийгээд, жүжигчнээр нь ажиллуулах санал тавьбал дуртай хүлээж авна. Учир нь, би жүжигчин хүн. Уран бүтээлээрээ олонд танигдаж, олны хайр хүндэтгэлийг хүлээж явах хамгийн сайхан байдаг. Олон ч уран бүтээлчээс үлгэр дууриалал авч, илүү урагшаа ахихыг хичээж явдаг. Ер нь уран бүтээлчид нэгнээ хөглөж, хурцалж, урагш түрж байдаг.
 
-Уран бүтээлийн санал хэрхэн хүлээж авдаг вэ, тодорхой шалгуур тавьдаг болов уу?
 
    -Мэдээж хувь хүний орон зай, үнэлэх үнэлэмж гэж бий. Тухайн уран бүтээлийн зохиолыг уншина, найруулагчтай уулзана, баг хамт олонтой танилцана. Зохиолоо уншихад л би чадахаар байна уу, надад тохирч байна уу гэдгийг харж, бодож, мэдэрч байгаад сонголтоо хийдэг.

-Жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол. Та энэ талаар бодож байв уу?

    -Манай аав эрчим хүчний цахилгаанчнаар насаараа ажилласан хүн бий. Одоо ч ажиллаж байгаа. Энэ ч утгаар аав намайг цахилгаан чинь болгоно гэж ярьдаг байсан. Мөн банк, санхүүгийн нягтлан  болгоно гэдэг байсан юм. Гэхдээ би аавынхаа санал болгосон мэргэжлийн алинаар нь ч яваагүй, урлагийн хүний замыг сонгосон.

      -Хүмүүс нэгнээ тодорхойлдог ч хүнийг өөрөөс нь өөр сайн мэдэх хүн ховор болов уу. Та ямар зан чанартай хүн бэ?
 
  -Би хүнд муу санадаггүй, аль болох бусдад туслахыг хичээдэг, сайхан сэтгэлтэй хүн гэж өөрийгөө тодорхойлж хэлмээр байна.
-Уран бүтээлч хүмүүс шүүмжлэлд их өртдөг. Таны хувьд шүүмжлэл, үзэгчдийн сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
 
    -Мэдээж алив нэгэн зүйл сайн, муу хоёр талтай. Энэ ч утгаар муу, чанаргүй уран бүтээл хийх юм бол шүүмжлэлд өртөж, алдаа дутагдлаа дүгнэх нь зүйтэй. Тиймээс аль болох  сайн чадах чинээгээрээ сайн уран бүтээл хийхийг хичээдэг. Нэгэнт жүжигчин мэргэжлийг сонгоод, урлагийн замд хөл тавьсан бол сайн л уран бүтээл хийхийг зорьж, сайн, чадварлаг уран бүтээлч байхыг цаг ямагт эрмэлзэж, явдаг.
 
-Жүжигчин бүрт бүтээх сэн гэж дотроо бодож явдаг дүр байдаг байх. Таны хувьд тоглохыг хүсдэг дүр бий болов уу?
 
    -Мэдээж уран бүтээлч хүн бүрт бүтээхийг хүсдэг дүр бий байх. Би юу ч чадахгүй мөртлөө далдгар, бүтээнэ гэсэн гэгээн, цайлган, цагаан сэтгэлтэй залуугийн найрсаг, нөхөрсөг дүрийг бүтээхийг хүсдэг.
 
 
-Уран бүтээлчид нэгнээ хөглөдөг гэж та яриандаа хэллээ. Ямар уран бүтээлчдээс үлгэр дууриалал авдаг вэ?
 
     -Үлгэр дууриалал авдаг олон жүжигчин бий. Монголын урлагт чадварлаг, чансаатай уран бүтээлч их. Тухайлбал, Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай ах, жүжигчин, найруулагч Б.Тамираа ах байна. Ер нь фантастик продакшн их чадварлаг уран бүтээлчидтэй, сайн уран бүтээлийг хийдэг, сайхан хамт олон гэж хардаг. Би уран бүтээлд нь орж ажиллаж байсан. Мөн жүжигчин Цэрэнболд ахаасаа үлгэр дууриалал авч, тоглосон кинонуудыг нь үзэх дуртай. Улсын драмын театрт "Ромео, жульетта" жүжгийг үзэж байгаад Тодоог ямар гоё тоглолттой жүжигчин бэ гэж харж байсан. Ингээд нэрлээд байвал дуусахгүй байх шүү.
 
-Хэн нэгнээс сонсож байсан, амьдралдаа зарчим болгож явдаг сайхан үг, магтаал бий болов уу?
 
-Хүнд муу зүйл санахгүй явж байвал аяндаа болно гэж боддог.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаач?
 
     -Монголдоо нэртэй, дэлхийд данстай чадварлаг жүжигчин болохыг хүсдэг. Эсвэл Циркийн алтан тайзан дээр дэлхийд нэрээ дурсгасан алиалагч болохыг хүсэж, мөрөөддөг.
 
   -Инээдмийн баярын энэ өдөр хамтран нэг салбарт зүтгэж байгаа урлагийнхандаа мэнд дэвшүүлээд яриагаа өндөрлөх үү?
 
      -Монголын урлагт зүтгэж байгаа чалварлаг ах, эгч, дүү, найз нөхдөдөө олон улсын инээдмийн баярын галтай цогтой мэнд дэвшүүлье. Бүгдээрээ эрүүл, саруул байж аз жаргалтай, тэнгэрт байгаа од лугаа гэрэлтэж байх болтугай. Бүх уран бүтээлчийн царайнд үргэлж инээд, мишээл тодорч явахыг хүсэн ерөөе. Намайг урьж ярилцсан танай хамт олонд баярлалаа.

   -Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 


Б.БИЛГҮҮН: Циркийн алтан тайзан дээр дэлхийд нэрээ дуурсгах алиалагч болохыг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-04 17:48:56
    Зочин: Одоо өөрчлөгдчсөн блгүй. Дунд сургуульд бхдаа жижкэн юм үнэн пээдгэр том дуутай нөхөр бсан шүү. Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-01 18:40:55
    Эрка: Дүүдээ томоос том амжилт хүсье мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-01 12:37:44
    Батжаргал: Миний хүү мундаг шүү сансан бүхэн чинь биелэх болтугай хайртай шүү хүүдээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188