• Өнөөдөр 2024-05-15

Ш.ЦОГТХҮҮ: Эмээлээ үүрээд гадаад руу явж байлаа

2022-04-01,   714

Морин циркийн захирал, ”Хан монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүтэй ярилцсанаа уншигч танд дэлгэж байна. Ш.Цогтхүү нь "Монголын морьтны гайхамшиг” үзүүлбэрийг дэлхийд гайхагдтал нь хөгжүүлэхийг хүсдэг бөгөөд зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөж буй нэгэн. Тэрбээр өнгөрсөн онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор энгэрээ мялаасан юм. Бид энэ удаа түүний шинээр барьж буй циркийн барилга болон монгол морины тухай хөөрөлдлөө. 

-Сайн байна уу. Та сүүлийн үед морин үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байна уу?

              - Би циркийн мэргэжлийн жүжигчин хүн. Тиймээс сайхан үзүүлбэр үзүүлэхийг бодолгүй яах вэ. Зүгээр нэг тоглолт, үзүүлбэр үзүүлэхээс илүү тоглолт хийхийн тулд байгууламж барьж байгаа. 80 жилийн түүхтэй циркийн уран бүтээлчид тоглолт хийх орон савгүй болсон шүү дээ. Тиймээс би Өлзийт хороололд бичил цирк барьж байна. Энэ цирк баригдсанаар ганц би биш бусад уран бүтээлчид тайлан тоглолтоо хийх бүрэн боломжтой болох юм. Мөн аялал жуучлалын оргил үе болох зуны улиралд хамтарч тоглолт зохион байгуулах боломж нээгдэнэ. Бид үүгээр ганцхан морин циркийг биш бусад төрөл/жанр/-ын үзүүлбэрүүдийг үзүүлэх, бэлтгэх юм. Өнөөдрийн байдлаар циркчид тоглолт хийх газаргүй болсныг бүгд мэднэ. Нэг үгээр бол циркчид хаягдсан, орхигдсон шүү.

-Таны барьж байгаа циркийн байгууламж хэдийгээр ашиглалтад орох вэ?

              -Төлөвлөгөө ёсоор бол 2021 онд ашиглалтад орох байсан. Гэвч цар тахлын улмаас хил барилгын ажил зогсож, төлөвлөгөө хойшлогдсон. Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100, циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой давхацсан. Тэр үеэр ашиглалтад оруулж циркийн шинэ тоглолтоор үзүүлбэр үзүүлэх санаатай санаатай байсан. Тиймээс энэ жилийн есөн сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай явагдаж байна. “Хан монгол морин цирк болон театр” гэдэг нэр цирктэй өгөх өгнө гэж бодож байгаа. Яагаад гэсэн бэ гэхээр ганц циркийн үзүүлбэр биш бусад салбарын уран бүтээлчид театрын хэмжээний тоглолт явуулах боломжтой юм. Мөн мориор сонгодог хэмжээний тоглолт үзүүлнэ гэж төлөвлөж байна.  үүнээс гадна олон улсын театрууд ашигладаг сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулна.

 

 Нэг үгээр бол циркчид хаягдсан, орхигдсон шүү

-Та өмнө морин циркийг амьтны цирк болгон хөгжүүлэх санаа өвөртөлсөн гэж хэлж байсан юм билээ. Энэхүү цирк байгуулагдсанаар та бараг зорилгодоо хүрч байгаа юм биш үү?  

              -Гол нь наад асуудал чинь байхгүй юу. Социализмын үед цирк олон төрлийн амьтантай байлаа. Хэрвээ хөгжлөөр явсан одоо ч олон амьтантай байх байсан болов уу. Аса цирк амьтанд элээтэй байгуулаг гээд амьтангүй цирк болгочихсон. Нэгт хот суурин газар, хоёрт амьтны үнэр танар, баас шээс, хоол, тэжээл гээд амьтан оруулахыг хориглосон. Харин манай шинэ театр хотоос зайтай, амьтан байх бүрэн боломжтой.

-Та циркийн уран бүтээлч хүний хувьд Аса циркийн талаар ямар байр суурьтай байдаг вэ. Д.Дагвадоржийн хувийн байгууллага болсон гэх юм л даа. Хэр үнэний ортой вэ?

              - Би Цирк хувьчлагдсанаас хойш энэ ажлаа эхлээгүй. Өмнө нь биеэ даагаад гараад явчихсан. Яагаад гарсан бэ гэхээр морин циркээ хөгжүүлэх, олон улсад танин мэдүүлэх санаатай. Цирк анх хувьчлан авахдаа сайхан сайхан юм яриад тэр биеллээ олоогүй болохоор хүмүүс янз бүрийн л юм ярьдаг байх. Би одооны балгас болсон байгааг арай өөрөөр хардаг. Дагвадорж аваргад бодсон, төлөвлөсөн зүйл байсан л байлгүй. Тэр бодсон зүйл хөрөнгө мөнгөнөөс болоод гацсан байж болно. Би циркийг шинэчлэн засварлаад илүүл том болно гэдэгт итгэж байгаа. Хэрвээ буулгах байсан бол дээврээс эхлээд нураах байсан байлгүй дээ.

морин циркээ хөгжүүлэх, олон улсад танин мэдүүлэх санаатай

-Монгол морин цирк гадаад орнуудын морин циркээс ямар давуу талтай вэ. Мөн хэр ялгаатай, онцлогтой вэ?

              - Морин циркийн хувьд ямар төрлөөр хөгжиж байна гэдгээр ялгаа нь гардаг. Тухайлбал, 80 жилийн түүхтэй цирк маань морин үзүүлбэрийг орос школ/суурьтай/ сургалтыг үзүүлдэг байлаа. Орос бол дэлхийн  циркийг тодорхойлж өгдөг улс. Энэ улсаас суралцсанаас гадна монголчууд адууны соёлтой орон. Тиймээс монгол морин цирк бусад орноос юугаараа ялгарах вэ, ямар онцлогтой байх вэ гэдгийг ерөнхийд нь тодорхойлсон. Тэр л жишгээрээ явж байна. Манай морин циркчид Солонгос Улсын Чежү арлын аялал жуучлалын брэнд болчхоод байж байна. Би анх 24 жилийн өмнө тэрхүү Чежүд байлаа. Тэрхүү газар бид юугаар онцлог байсан гэхээр циркийн урлагийн гүйцэтгэгч биш. Харин жүжигчилсэн зохиолын хэлбэрт ороод морин циркийг жүжгийн урлагтай хослуулан найруулж тавьсан. Нэг үгээр бол тайзны шоу болгож чадсан нь онцлогтой болсон.

-Та Монгол Улсыг төлөөлөөд Унгар Улсад болсон морин тойруулгын уралдаанд оролцож байсан шүү дээ. Гадны хүмүүсийн морины соёл танайхаас хэр өөр вэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

              Унгар улсад манай морин циркийн хоёр ч баг амжилттай ажиллаж байгаа. Тус улсын морин циркийн багтай хамтран ажиллаж шоу үзүүлбэр хийж байна. Ингээд харахаар манай улсын жүжигчид дэлхийн морин циркийг тодорхой хэмжээнд тодорхойлох өндөр түвшинд хүрчээ. Мөн Чежү аралд байгаа уран бүтээлчид маань өдрийн гурван тоглолттой байдаг. Энэ өсч, дэвших, чанар чансаатай байх гол түлхүүр нь болдог. Үүнээс гадна цирк бол хэл яриа шаарддаггүй биеэр үзүүлдэг урлаг. Тиймээс циркийн ажлын байрны орон тоо дэлхийгээр дүүрэн бий.

 

Орос бол дэлхийн  циркийг тодорхойлж өгдөг улс. Энэ улсаас суралцсанаас гадна монголчууд адууны соёлтой орон

-Та анх хэрхэн морин цирктэй холбогдож байв?

              -Монгол Улсын гавьяат жүжигчин  Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн биеэ даасан сургууль байсан. Ардчиллаас хойш Хөгжим бүжгийн сургуулийн бөөрөнд наалдаж циркийн тэнхим болсон. Уг нь бол дөрвөн жил сургаад диплом олгодог сургууль байлаа. Тэр л сургуулийг морин жүжигчний мэргэжлээр төгсөж байсан. Сургуулиа төгсөөд циркид очиход гарын арван хуруунд багтах морин циркийн жүжигчинтэй байлаа. Мөн тодорхой хэмжээний морьтой. Циркт биднийг “Нарлаг Монголын моринд гарамгай залуу” гэдэг нэртэйгээр шавь сургалтаар бэлдэж байсан. Социализмын үед бүхий л юм сайхан байлаа. Харин 1990-ээд оноос цаг хүндэрч морьтой циркийн үзүүлбэр тоглох боломжгүй болсон. Тиймээс цалингаас цалингийн хооронд амьдардаг байв. Мөн дотооддоо жижиг тоглолт болохоор л оролцдог байсан. Тухайн үед цалингийн хүртээмж асар муу ч байлаа. Тиймээс мориндоо тэжээл авч өгөх мөнгөгүй л байсан үе. Манай циркчид биеэ дааж гадаад орнуудаар тоглолт хийгээд явж байхад морио аваад явж чаддаггүй байлаа. Дотооддоо зохион байгуулагдаж байгаа жижиг тоглолтуудаар өдөр хоногуудыг аргацаасан хэцүү л цаг байсан даа. Тэгээд морио авч явж чадахгүйгээс хойш хүний нутагт очоод морийг нь сургаж тоглолт хийх зарчим баримталсан. Энэ нь уран бүтээлчдээс асар их ур чадвар шаардаж байлаа. Яагаад гэхээр хэдий сайн жүжигчин байсан ч гэлээ морио сургаж чадахгүй бол хэн ч биш шүү дээ. Эмээлээ үүрээд гадаад руу явж байлаа.

-Тэгэхээр занг нь мэдэхгүй морийг сургахад хэр их цаг зарцуулдаг вэ. Тэр дундаа монгол морь биш шүү дээ. Тиймээс хүндрэл хэр гарч байсан бэ?

              -Хүний нутагт очоод дахин шинээр суралцаж эхэлсэн. Морийг богинохон хугацаанд яаж сургаж болох уу, яаж хурдан тоглолт орох уу гэдэг бидний ур чадвараас хамаарна. Анх Чежүд очоод морийг нь хоёр сарын дотор сургаж “Морьтны гайхамшиг” гэдэг тоглолт хийж байлаа. Түүнээс хойш гурвуулханаа эмээлээ үүрч очоод тоглолт хийсэн.  Үүнээс хойш бага багаар хөгжсөөр өнөөдөр Чэжү арлын аялал жуучлалын гол үзүүлбэр болсон байна. Одоо 40-50 хүнтэй бүрэн хөтөлбөрөөр тоглолт хийж байгаа. Мөн зуны улиралд БНХАУ-ын зарим хотуудаар тоглолт хийдэг.

              Морь бол хүнтэй адилхан янз, янз л байдаг. Тиймээс мориноосоо шалтгаалаад сурц нь өөр байдаг. Анх эмээлээ үүрээд гадаад руу явж байлаа. Надад морийг нэг өдөрт сургаад тоглолтод орж байсан удаа бий. Нэг өдөрт сургана гэдэг бол хүнээс асар их чадвар шаарддаг. Морийг бүрэн сургахад дунджаар 14 хоног шаардлагатай.

Дотооддоо зохион байгуулагдаж байгаа жижиг тоглолтуудаар өдөр хоногуудыг аргацаасан хэцүү л цаг байсан даа

-Та өөрийн гэр бүлээ манай сайтын уншигчдад танилцуулж болох уу?

              - Бололгүй яах вэ. Ах нь гэргийтэй танилцаж, нэг гэрт ороод хорвоогийн жаргал, зовлонг туулж л явна даа. Дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болж амьдралд дүүрэн жаргалтай яваа. Эхнэр маань оёдолчин. Том охин маань миний мэргэжлийг уламжлаад явж байна. Авьяас, чадвар сайтай. Морь бүү хэл тэмээн дээр тоглолт хийдэг. Энэ тоглолтоороо Америкийн алдартай том циркид дөрвөн жил ажилласан. Одоо бол айл гэрийн эзэгтэй болоод жаахан хөндийрсөн байгаа. Удаах хоёр минь морин циркээр суралцаад явж байгаа. Миний шинээр хөгжүүлэх гээд байгаа морьт харвааны төрлийг хоёр минь сайн эзэмшиж чадаж байна. Миний гаргаж чадаагүй амжилтыг хүүхдүүд маань чадаж байгаад сэтгэл дүүрэн байдаг. Яг өөрөө амжилт гарсан мэт л мэдрэмж төрнө шүү дээ. Миний гол зорилго бол морин циркийн болон морьт харвааны үзүүлбэрийг өндөр түвшинд хөгжүүлэх. Тиймээс залуучуудад хүний өөрийн гэлтгүй мэддэг, чаддаг бүхнээ заана. Өөрийн театраа байгуулагдахаар санаандаа хүрсэн тоглолт хийж үзэгчдээ харуулна гэж боддог.

 


Ш.ЦОГТХҮҮ: Эмээлээ үүрээд гадаад руу явж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188