• Өнөөдөр 2024-05-12

Э.ДАШЗЭВЭГ: Орон нутгийн театрт найруулагч хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш

2022-03-31,   894

      Бид энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Э.Дашзэвэгтэй хөөрөлдлөө. Тэрбээр саяхан МЗЭ-ийн гишүүн болж, үнэмлэх, тэмдгээ авсан гэнэ.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Орон нутгийн театрт ажиллах ямар байна вэ?

         -Сайн, сайн байна уу. Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Одоо бол хот, хөдөө гэж байхгүй болсон. Яагаад гэхээр УДЭТ-ын болон орон нутгийн театруудын цалингийн шатлал, дүн адилхан болсон. Тийм ч учраас би орон нутаг, хот гэж ялгаж ярих дургүй.

Миний хувьд уран бүтээл хийх гэхээр үнэхээр хүндрэл гарч байгаа нь нууц биш. Хамгийн том хүндрэл нь төсөв, мөнгө байдаг. УДЭТ 300 сая төгрөгөөр жүжиг бүтээж байхад орон нутгийн театрууд 10 сая төгрөг ч хүрэхгүй зардлаар жүжиг тавьж байна.

-Орон нутгийн театр анх бодож, төсөөлснөөс хэр өөр байв. Өөрийн хүссэн уран бүтээлээ хийхэд хүндрэл гарч байна уу?

           -Би нутгийнхаа театрт 2016 оноос хойш ажилласан. Орон нутагт ажиллана гэдэг тийм амар зүйл биш. Аймгуудад хөгжимт драмын театр, чуулга гэсэн хоёр театр байна. Жишээлбэл, Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий аймагт чуулга байна. Харин бусад аймаг нь хөгжимт драмын театртай. Хөгжимт драмын театрууд дотроо дуу, бүжиг, драм, аж ахуйн анги гэсэн бүтэц зохион байгуулалтай байдаг. Эдгээр ангиуд өөр өөрсдийн уран бүтээлийг хийхээр оролдож байна. Миний хувьд уран бүтээл хийх гэхээр үнэхээр хүндрэл гарч байгаа нь нууц биш. Хамгийн том хүндрэл нь төсөв, мөнгө байдаг. УДЭТ 300 сая төгрөгөөр жүжиг бүтээж байхад орон нутгийн театрууд 10 сая хүрэхгүй төгрөгөөр жүжиг тавьж байна. Хөрөнгө оруулалттай болж чадахгүй байна. Уул шугамдаа бол манай аймагт барилга, байгууламж, хотод байгаа шиг кино театр, усан бассейн, спортын заал гээд бүгд байна. Ер нь бүхий л бүтээн байгуулалт нь хөгжсөн гэж болно. Харин хүн нь хөгжөөгүй. Хөгжлийг өндөр барилга, өргөн замаар төсөөлж байгаад үнэхээр их эмзэглэж явдаг. Яагаад хөгжлийг хүмүүс өндөр байшингаар төсөөлж байна гэхээр урлаг нь хөгжөөгүй байхгүй юу. Тэр дундаа театр нь хөгжөөгүй. Уг нь бол урлагаар дамжуулж, хүмүүст соён гэгээрлийг хүргэнэ биз дээ.  

- Тэгвэл цаашдаа орон нутгийн театрт ажиллах төлөвлөгөөтэй байгаа юу, эсвэл хотод ирж уран бүтээлээ хийх бодол бий юү?

        -Өвөрхангайн театраа ажиллахгүй яах вэ дээ. Хотод ажиллахаар том, хөдөө ажиллахаар жижигхэн болчихдог юм байхгүй шүү дээ. Орон нутагт ажиллахад олон давуу тал бий.

 

Залуусыг орон нутагт ажиллаж бага ч болов соёл түгээхэд гар бие оролцоосой гэж боддог.

 

-Шууд хэлэхэд орон нутагт голдуу хүнд, хэрцгий гэмт хэрэг гардаг. Тиймээс малчид, орон нутаг дахь залууст театрын урлагаар дамжуулан соён гэгээрэл, өр үөөлөн сэтгэл, уярал, тайвшралыг танин мэдүүлэхийн тулд ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Нэг талаар зөв үү?

-Хаа сайгүй л төрөл бүрийн гэмт хэрэг гарч байна. Би залуучуудыг боловсрол эзэмшээд, нутагтаа ирж соён гэгээрлийг түгээгээсэй, түүчээ нь болоосой гэж боддог. Энэ нийгэмд ийм нэг буруу, муйхар ойлголт байдаг. Ямар гэхээр орон нутагт хэдэн малчин, хар ажилчид амьдрах ёстой юм шиг. Гэтэл үгүй шүү дээ. Энд Монголын соёл иргэншил, ёс заншил, уламжлал хадгалагдаж байна. Тиймээс шинэ уран бүтээл хийх санаа, уламжлалт сэтгэлгээг олж авах бүрэн боломж бий. Мөн уран бүтээлчдийн оюун санааг сэргээх онгон дагшин байгаль хүлээж байна. Иймд залуусыг орон нутагт ажиллаж, бага ч болов оюун санааны соёл түгээхэд гар, бие оролцоосой гэж боддог.

- Та Монголын соёл, гэгээрлийн салбарын сод төлөөлөл, гярхай судлаач, хурц шүүмжлэгч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч П.Батхуяг багшийн шавь. Оюуны санааны том сэхээтэн хүний шавийн хувьд багштайгаа ямар, ямар уран бүтээл дээр хамтран ажиллаж байв?

        -Миний багш бол Пүрэвхүүгийн Батхуяг. Би оюутан байхдаа багшийнхаа өрөөнд байнга ордог, ер нь амьдардаг байсан. Намайг нэг өдөр ортол багшийн өрөөнд яруу найрагч Х.Эрдэнэбаатар агсан ирчихсэн юм яриад сууж байна. Гэнэт нөгөө хоёр чинь нэлээд ширүүн маргалдаж эхэлсэн. Багш тэр үед “Би чамайг бодвол багшийн хөрөг зургийг өрөөндөө залсан хүн шүү” гэсэн. Ингээд л тэр хоёрын маргаан өндөрлөсөн дөө. Харин өнөөдөр би багшийнхаа зургийг өрөөндөө өлгөчихөөд сууж байна. Би саяхан МЗЭ-ийн гишүүн боллоо. Намайг элсэхэд тодорхойлж өгсөн хүн бол багш. Надтай бурхан болохоосоо өмнөхөн уулзаад “Дашзэвэгээ юу ч хийхгүй бол оюун санаа гансардаг юм шүү” гэж хэлсэн. Мөн “Багш нь он гараад л өвөө боллоо” гээд инээмсэглэж явсан даа. Гэвч үнэхээр итгэхэд бэрх харамсаад ч барахгүй, гатлахгүй зүйл болчихлоо. Багшийн зааж сургасан, хэлж зөвлөж байсныг бодоход өөрийн эрхгүй нүднээс нулимс урсчихдаг.  Уран бүтээлийн хувьд багш “Чи энэ хоёр жүжгийг тайзанд амилуулаарай” гэж өгсөн байгаа. Цаг нь ирэхээр тайзанд тавих болно. Багшийнхаа “Дүр бүхэн минийх” жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байлаа. Энэ жүжиг бол цаг хугацааны драм юм.

Одооноос уран бүтээлд нэлээд эрчимтэй орох санаатай байна

-Багштайгаа хэрхэн танилцаж байсан бэ. Багшаасаа сурсан мэдсэн болон хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

         -Би СУИС-ийн ТУС-ийн жүжигчний ангийг 2014 онд төгсөх курсэд байхдаа багшийн “Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээнд зориулав” номыг уншиж дуусаад эргүүлж, тойруулан харж байтал гар утасных нь дугаар бичээстэй байсан. Тэгэхээр нь шууд л залгасан. Утсаа авахаар нь “Би жүжигчний ангийн төгсөх курсийн оюутан байна. Таны бүтээлүүдээр диплом хамгаалах гэсэн юм” гээд шууд л хэлсэн дээ. Гэтэл багш “Өрөөнд ороод ир” гэсэн. Тэгж анх танилцаж байлаа. Уулзаж ярилцаад, дипломоо багшийн багш Дарма Батбаяр гуайн бүтээлээр хамгаалахаар болсон. "Д.Батбаярын жүжгийн зохиолуудын онцлог” гэсэн сэдэвтэй дипломын ажил бичиж хамгаалж байлаа. Багшийг багштайгаа шил юм хуваан хүртэж байхад би хундагалж өгч байсан. Энэ миний сэтгэлийг дүүргэдэг хамгийн сайхан дурсамжийн нэг.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

           -Цар тахлаас болоод хоёр жил ямар ч уран бүтээл хийсэнгүй. Одооноос уран бүтээлдээ нэлээд эрчимтэй орох санаатай байна. Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн агсны тухай түүхэн жүжиг хийх санаатай байгаа. Энэ жүжиг улсыг хамарсан томоохон жүжиг болох байх. Мөн Л.Ванган гуайн “Арвайхээрийн тал” жүжгийг контенпорари хэлбэрээр хээр талд орчин бүрэлдүүлээд тавихаар төлөвлөж байна. Чадах эсэхээ сайн мэдэхгүй байгаа. Мэдээж чадахын төлөө явна даа.

Орон нутагт хэдэн малчин, хар ажилчид амьдрах ёстой юм шиг ярих юм. Үгүй шүү дээ.

-Уран бүтээл туурвихын сайхан зүйл нь юу вэ. Таныг энэ талаар сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

-Би энэ асуултад товчхон хариулт өгье. Жүжиг тоглогдож дуусаад хамгийн сүүлд “Найруулагч Э.Дашзэвэг” гэж дуудуулаад, тайзан дээр гарах л хамгийн сайхан мэдрэмж байдаг. Энэ нь миний уран бүтээл хийж чадсаны л гайхамшигт чанар болов уу. Ер нь үзэгчдийн өмнө ёслох хамгийн гоё. Урлаг өөрөө тэр чигтээ мэдрэмж юм.

-Уран бүтээлч хүний оюун санаа үргэлж сэргэг байдаг болов уу гэж боддог. Өдөр тутмын амьдрал, нийгэмд өрнөж буй олон асуудлыг хэрхэн харж, үнэлэлт дүгнэлт хийдэг вэ?

     -Миний хувьд хүний оюун санаа хэзээ ч хоцрогдохгүй гэж боддог. Хүн хоол идэхдээ ч, өвс зулгаах үедээ оюун санаагаараа л үйлддэг. Тийм ч учраас нийгэмд өрнөж буй олон зүйлийг сэргэгээр анзаарч уран бүтээл болгох нь чухал.  

- Та манай сайтын уншигчдад гэр бүлээ танилцуулж болох уу?

        -Ямар сайхан асуулт вэ. Би гэр бүлээрээ бахархаж, онгирох дуртай. Би хүний оюун санааг эмчлэх гэж яваа найруулагч хүн. Харин эхнэр минь хүний биеийг эмчилдэг эмч. Хоёр сайхан хүүхэдтэй. Нэг үгээр бол эмчийн гэр бүл гэж болно. Гоё байгаа биз дээ.

-Орон нутгийн боловсролын салбар нэлээд шүүмжлэл дагуулдаг. Та хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаардаг вэ?

-Би бүү хэл Монгол Улс даяараа хүүхдийнхээ боловсролд анхаарах ёстой санагддаг. Урлагаар хүнийг уйлуулж, дуулуулж болно. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр урлагаар дамжуулж хүүхдэд боловсрол олгох хэрэгтэй. Үүнээс биш хот, хөдөө хаана боловсрол эзэмших нь хамаагүй. Архи ууж, тамхи татаж болохгүй гэдгийг урлаг л харуулна. Өөр юу ч биш. Харуулж, үлгэрлэсэн ч бүрэн байж чадахгүй. 

 


Э.ДАШЗЭВЭГ: Орон нутгийн театрт найруулагч хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-31 13:24:58
    Sh.Chime: Mundag zaluu shvv amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188