• Өнөөдөр 2024-04-29

Б.АНУЖИН: Би өөрийгөө дуу хөгжимгүйгээр төсөөлдөггүй

2022-03-25,   708

“Хөдөөгийн сайхан талыг зорино” дууг “The Voice of Mongolia” шоу дээр чадварлагаар дуулж олны хайрыг татсан Б.Анужинд шүүгч Д.Болд цомог гаргаж өгөхөө амлаж байсан. Тэрбээр амласандаа хүрч түүний анхны цомог гарчээ. Анхныхаа цомгийн гар дээрээ хүлээн аваад байгаа дуучин Б.Анужинтай ярилцлаа.

-Юуны түрүүнд анхны цомгоо гаргасанд баяр хүргэе. Цомгоо гар дээрээ авах мөч ямар байсан бэ?

    -Болд ах "Анужин цомог нь ирсэн шүү" гээд нүүр зурагтай нь хамт өгч байсан. Цомог оо харчхаад “Хөөх ямар гоё юм бэ. Би ингээд өөрийн гэсэн цомогтой болчихлоо шүү дээ” гээд их баярласан. Би сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй хүн л дээ. Дотроо ингээд цийлгэнэсэн мэдрэмж аваад байгаа хэр нь ил гаргаж чадахгүй “баярлалаа” гэж байсан. Уран бүтээлч, урлагт хайртай хүний хувьд бол хамгийн гоё мэдрэмж юм билээ.

-“The Voice of Mongolia” шоуны үеэр шүүгчээс хариугаа сонсох гээд зогсох мөчид ямар сэтгэл хөдлөлийг мэдэрдэг вэ?

    -Хасагдчих вий дээ гэж их айдаг байсан.  /инээх/. Тэмцээнд орох үед өөртөө эргэлзэж эхэлдэг. Өөрийгөө тайвшруулаад гайгүй байхдаа гэж бодож байгаа боловч хасагдах гээд байгаа юм шиг, надад аль нэг чадвар нь байхгүй юм шиг санагдаж өөртөө эргэлзэх үеүд гарсан. Гэхдээ тэр сандрал болгон дараа  нь бодоход гоё дурсамж болсон доо.

-Шоуны үеэр хамгийн их дурсамж үлдээсэн зүйл юу байсан бэ?

    -Яг “battle”-ийн шатны үеэр  арын өрөөнд багаараа суугаад маазарч инээлдээд, өглөөнөөс орой хүртэл бэлтгэл  хийгээд ядарч байгаа хэдий ч нэгнийгээ дэмждэг, халуун дулаан уур амьсгалтай байсан. Цаашлах тусам улам өрсөлдөөнтэй болж нэгнээсээ юм аа нууна. Гэхдээ энэ бүгд нөхөрсөг өрсөлдөөн, байнга завгүй бүгд бэлтгэл хийгээд цаг явах тусам улам чадвартай болдог. Ер нь шоуны  үйл явдлууд бүгд сайхан дурсамж болсон доо.

-“B” продакшны уран бүтээлч болох танд ямар өөрчлөлт, түлхцийг өгсөн гэж боддог вэ?

    -Манай продакшн хүнийг маш хөдөлмөрч болгож өгдөг, заадаг, урагшлах хүч өгдөг. Продакшны бусад уран бүтээлчдийн гаргасан дууг сонсоод өөрийгөө илүү хичээж, суралцах ёстой гэсэн ойлголтыг, мэдрэмжийг авдаг.

ХИЧЭЭЛ,КАРЬЕР ХОЁРЫГ ХАМТАД НЬ АВЧ ЯВАХЫГ ХИЧЭЭДЭГ

-Төгсөх курсийн оюутан юм байна лээ. Уран бүтээлийнхээ хажуугаар хичээлээ хэрхэн зохицуулж байна?

   -Жоохон хэцүү шүү. Би бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөх гэж байна. Хичээлээ хийгээд, дуугаа дуулаад явахаар аль нэг нь жоохон цалгардах гээд байдаг талтай. Хичээлдээ төвлөрөх гэхээр  урлагийн карьер унах гээд, урлагтаа анхаарах гэхээр дүн буурчих гээд байдаг. Гэхдээ хамтад нь амжуулаад явахыг хичээдэг дээ.

-Оюутан насны дурсамжаа хэр цуглуулсан бэ?

    -Коронавирусын хөл хорионд оюутан байх хугацааны хоёр жил өнгөрлөө.Цахимаар хоёр жил хичээлүүдээ үзсэн. Одоо ингээд дөрөвдүгээр курсээ төгсөөд явна гэхээр дурсамж бага учраас таагүй л байна. Манай анги сургуульдаа хамгийн нэгдмэл, тэргүүлэгч анги.Ингээд дөрөвдүгээр курст ороод ирсэн чинь  манай ангийнхан аав, ээж болоод цаанаасаа намбалаг болчихсон.

-Анужингийн хамгийн их урагшлах хүч урам авдаг хүн хэн бэ?

    -Надад хамгийн их хүч өгдөг хүн бол ээж. Миний хажууд байж надад зөвлөж байгаа нь их хүчтэй нөлөөлдөг. Өөр хүн “Зүгээр дээ” гэх  юм уу эвийлсэн мэдрэмж өгөх үед өөрийгөө хэн ч бишээр мэдрээд байдаг. Ээж,  хүүхдийн ордны багш С.Ганчимэг, Д.Болд ах гэсэн гурван хүн миний амьдралд зайлшгүй, салшгүй холбоотой. С.Ганчимэг багш намайг дуу, хөгжимтэй холбосон, Д.Болд ах мөрөөдөлд минь хүргэж ирээдүйг минь өнгөлж байгаа. Ээж минь үргэлж дэмжиж одоо ч хажууд байсаар байна.

-Багадаа ямар хүүхэд байв. Урлагийн хүн болно гэж бодож байсан уу?

    -Хүүхэд байхдаа сансрын нисгэгч, судлаач  болно гэж боддог байлаа. Тэгсэн чинь дуучин урлагийн хүн болчихсон/инээх/.  Бас бизнес удирдлагын чиглэлээр төгсөх гэж байна. Багадаа их ноомой хүүхэд байсан юм. Өвөө амьтай хүүхэд учраас өнгөрснийх нь дараа бага зэрэг бүрэг болсон байх. Зургаадугаар ангид байхдаа ангиараа Хятад Улс явсан юм. Тэгсэн манай ангийн хүүхэд надаас “Чи аль анги юм, хэн гэдэг юм” гэж асууж байсан. Тэр үед л өөрийгөө хэнд ч танигддаггүй юм байна гэсэн мэдрэмж аваад биеэ дааж, олон хүнтэй найз болж эхэлсэн.

ДУУЧИН БАЙНА ГЭДЭГ МИНИЙ ХАМГИЙН ДУРТАЙ ЗҮЙЛ

-Таны хувьд дуу хөгжим гэдэг ямар утгатай вэ?

   -Урлагын хүн бүр адилхан мэдэрдэг байх. Дуулах бол миний хамгийн дуртай зүйл, энэнээс л салах юм бол би гэдэг хүн байхгүй болчих юм шиг санагддаг. Би өөр мэргэжил сонгоод явбал тэр би биш болчихно. Би хичээл хийхээрээ бага зэрэг залхуураад удаашралтай хийдэг. Гэтэл хэчнээн ядарсан ч дуу хөгжим хийхээсээ залхуурч байгаагүй.

-Дуу хөгжмөөс өөр сонирхол байгаа юу?

    -Олон хүнд хэлээд байдаггүй ч усан будгаар зураг зурах дуртай. Тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэл их хөтөлдөг. Төлөвлөгөөний дагуу ажил бүтэх дуртай гэх юм уу.  Дэвтэр дээр бичсэн хүслүүд минь биелээд байхаар илүү урам авдаг.

-Шаргуу зантай бололтой?

   -Дуртай зүйлдээ их шаргуу зан гаргадаг хичээнгүй, дургүй юман дээрээ удах гээд байдаг талтай.

-Анужингийн нэрийн хуудас болж олон хүнд хүрч, таниулсан дуу гэвэл ямар дууг нэрлэх вэ?

    -Энэ их инээдтэй л дээ “Хөдөөгийн сайхан талд зорино” дуугаар намайг олон хүн мэддэг.  Хүмүүс “Чи нээрээ хөдөөгийн сайхан талд зорино дууг дуулдаг Анужин мөн биз дээ” гэдэг. Гэхдээ хамгийн анх“The Voice of Mongolia” шоу дээр Д.Болд ах энэ дууг дуулахаар болсныг хэлэхэд  гайхаж хүлээж авч байсан. Гэртээ очоод ээждээ “Д.Болд ах надад энэ дууг дуул гэсэн, яагаад надад энэ дууг өгчхөв өө намайг хасах гээд байна уу” гээд их юм бодсон. Гэхдээ би заавал дуулна гэж өөртөө амласан. Маргааш бэлтгэл дээрээ очоод Д.Болд ахтай хэрхэн дуулахаа ярилцаж найруулаад шууд дуулж байлаа.

-Ярилцсанд баярлалаа амжилт хүсье                          

    -Баярлалаа

О.Эрдэнэтунгалаг
 


Б.АНУЖИН: Би өөрийгөө дуу хөгжимгүйгээр төсөөлдөггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188