• Өнөөдөр 2024-04-29

ЖҮЖИГЧИН Б.ОДГЭРЭЛ: Манай залуу уран бүтээлчид гал шиг дүрэлзэж, гайхамшигтай эрч хүчтэйгээр түрэн орж ирж байгаа

2022-03-23,   1576

          Фёдор Михайлович Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан “Гэм зэм” жүжгийг тайзнаа "амилуулаад" буй билээ. Тус жүжигчид Порфирий Петрович хэмээх мөрдөгчийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Одгэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа таны бүтээсэн Порфирий Петровичийн дүрийн тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү. Энэ дүрийн дотоод мөн  чанарын тухай дэлгэрэнгүй яриа дэлгэж болох уу?

                   - “Гэм зэм” жүжигт Порфирий Петрович гэдэг эрэгтэй мөрдөгчийн дүр дээр ажиллаа. Тэр дундаа эзэмшсэн мэргэжилдээ нэлээд туршлагатай 60 орчим настай хүний дүрийг гаргахаар оролдсон. Зохиолч, найруулагчдын надад итгээд “Энэ дүрийг гаргаж чадна” гэж өгсөнд баяртай байгаа. Мөн “Гэм зэм” жүжигт тоглосноор өөрийн ур чадварыг нэлээд ахиулсан. Мэдээж туршлага багатай залуу жүжигчин учраас илүү хичээх, дүр дээр ажиллах шаардлага гарсан. Порфирий Петрович бол маш ухаалаг мөрдөгчийн дүр л дээ. Жишээлбэл, Раскольниковыг хүн алсныг мэдэж байдаг. Шууд барьж аваад хорих эрх байгаа боловч үйлдсэн хэргийг нь өөрөө нь хэлүүлж амь насыг нь аврах туйлын зорилготой байсан. Тиймээс би мөрдөгчийн арга ухааныг олон талаар харуулахыг хүссэн.

-Та энэхүү дүрээр үзэгчид юуг ойлгож, мэдрээсэй гэж хүссэн бэ?

               - Фёдор Михайлович Достоевский “Гэм зэм” романаараа тухайн цаг үеийнхээ ядуу, зүдүү амьдралыг тусгаж харуулж байсан. Тиймээс манай баг зохиолын задаргаа дээрээ дүр болгон дээр ярилцсан. Ер нь ганц мөрдөгчийн дүр гэлтгүй энэхүү роман нь өөрөө хүний мөн чанар, сэтгэл, зүрх түүнд нөлөөлж байгаа нийгмийн өнгө аяс, хүнийг гэмт хэрэг хийтэл нөлөөлж байгаа байдал зэрэг нь өнөөгийн нийгэмд ч хөндөгдөж байгаа асуудлууд байсан. Магадгүй Фёдор Михайлович Достоевскийн бусад зохиолчоос ялгардаг зүйл нь хүний мөн чанарыг дээдэлж, гэмт хэрэгтнүүдийг 100 хувь муугаар гаргадаггүй. Харин ямарч зүйлд хоёр тал байдгийг өвөрмөц бичсэн зохиолч байсан болов уу гэж бодож байна.

        Өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлж байгаа шулуун шударга хүмүүсийн нийгмээр гадуурхаж, бялдаг, бялдууч байдлаар уусгахыг хүсдэг болчихсон                

                       Өнөөгийн нийгэмд “Гаднаас нь хараад энэ  муу хүн, алуурчин, гэмт хэрэгтэн” гэж шууд дүгнэх нь их. Тиймээс бусдад нөлөөлж байгаа нийгмийн үйл явц болон шимэгч хорхойнуудад хүний төлөө үгээ хэлж байгаа нь хохирогч болон үлддэг. Шуудхан хэлэхэд, буруу зүйл хийж байгаа хүнд шүүмжлэл хэлэх эрхгүй болчихсон нийгэм. Жишээлбэл, даргадаа санал бодлоо хэлэх боломжгүй. Мөн төрийн ямар нэг байгууллагад ороод “Танайх ийм, ийм зүйлээ зөрчиж байгаа юм биш үү” гэж хэлэхэд буруутан болоод хоцордог.  Тиймээс хүмүүс чин үнэнээс холдчихсон. Өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлж байгаа шулуун шударга хүмүүсийг нийгмээс гадуурхаж, бялдаг, бялдууч байдлаар уусгахыг хүсдэг болчихсон. Тиймээс хүний мөн чанараас холдож байгаад эмзэглэдэг.

-Тэгэхээр та хэр зөөлөн сэтгэлтэй вэ?

                        -Би хүний агуулгад /дотоод сэтгэл/ дуртай л даа. Тиймээс агуулга нь зөв, ариухан гэгээлэг байвал хүний ямар алдаа дутагдалтай байх нь надад хамаагүй. Миний хувьд бусдыг маш хурдан уучилдаг. Намайг зөөлөн сэтгэлтэй гэж би ч тэр, тойрон хүрээлж байгаа ойр дотнын хүмүүс маань хэлнэ.  

- Таныг жүжигчин мэргэжлийн тухай сонирхолтой яриа дэлгэх болов уу гэж бодож байна?

                        -Өдөр ирэх тусам мэргэжлээрээ бахархаж байгаа. Миний эзэмшсэн мэргэжил дүр дээр ажилладаг. Хүн судалдаг мэргэжил. Тиймээс тайз, дэлгэцийн уран бүтээл ч гэлтгүй амьдралд минь маш их хэрэг болдог. Яагаад гэхээр нэг уран бүтээлд тоглохын тулд дүр дээр маш их судалгаа хийдэг. Үүнийг дагаад цаг, хөлс хөдөлмөрөө зарцуулж ажилладаг. Энэ бүгдээс нийгмийг харах хандлага, хэн нэгнийг хайрлах сэтгэл, ойлгож харилцах мэдрэмж төрж байдаг. Ер нь бол сэтгэл зүрх гаргахгүй уран бүтээл дээр ажиллана гэдэг ямар нэгэн амжилтыг араасаа дагуулахгүй. Би бүхнийг гэгээлгээр харах дуртай. 

Эмэгтэй хүний тэвчээр, хатуужил, оюуны бядыг Оюумаагийн дүр багтаасан байдаг. Энэ нь надад баатарлаг эмэгтэй дүр шиг санагдсан

- П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжигт Оюумаагийн дүрийг бүтээсэн. Энэхүү дүрийнхээ тухай яриа дэлгэвэл?

                        -Домог болсон агуу найруулагч Б.Мөнхдорж багштайгаа ажиллах хувь тохиосон. Оюумаагийн дүрд болон “Bee theatre”-ын хамт олонтой нэгэн цул болж, уран бүтээл дээр ажилласандаа үнэхээр их баяртай байдаг. Миний хувьд уран бүтээлч хүн ямар нэг дүрийг голох ямар ч эрх байхгүй гэж боддог. Тиймээс олны хэсэг байна уу, туслах, гол дүр байна уу чин сэтгэлээсээ ажиллахыг эрмэлздэг. Зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрд өмнө МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь эгч нар маань өмнө нь тоглож байсан. Энэ удаагийн Оюумаагийн дүрийг бүтээх санал надад тавьсан Мэндээ эгч болон Б.Мөнхдорж багшдаа маш их баярлаж байгаа. Энэ жүжгийн Оюумаагийн дүр сэтгэлзүйн хувьд асар тогтворгүй юм шиг хэрнээ хамгийн тогтвортой эмэгтэй хүний дүр. Мөн энэ жүжиг ганцхан эмэгтэйн биш, бүх л эмэгтэйн жендерийн асуудлыг хөндсөн. Эрэгтэй хүний хэзээ ч ойлгодоггүй нэг зүйл бол эмэгтэй хүн сэтгэлийн асар их тэнхээтэй байдаг. Тиймээс ч эмэгтэй хүний тэвчээр, хатуужил, оюуны бядыг Оюумаагийн дүр багтаасан байдаг. Энэ нь надад баатарлаг эмэгтэй дүр шиг санагдсан. Дээрээс монгол зохиолчид дэлхийн хэмжээнд хүрсэн зохиолуудыг бичиж чаддаг юм байна. Монгол зохиолыг, монгол найруулагч найруулж, монгол жүжигчин тоглоход цаагуураа амьтай, нэг тийм энерги хүчтэй ирдэг юм билээ.

Үзэгчдээс авдаг хамгийн том шагнал алга ташилт байдаг. Мөн уран бүтээлээс минь үзэгчид ямар нэг зүйлийг ойлгоод гарч байгаа нь ямар ч цалин, шүүмжлэлээс илүү урам, зориг өгдөг.

- Тэгэхээр та нийгмийн буруу хандлагад нэлээд эмзэглэж явдаг байх нь. Хэлээд, хэлээд байхад үгийг тань авахгүй хэцүү, шантармаар үе тохиолдож байв уу?

                        -Нийгэмд эрчүүдийн маань оролцоо мундаг байдаг. Эмэгтэй хувьд гэр орны ажил, үр хүүхдээ харах гээд гэрийнхээ ажлуудыг хийхээс гадна, ажил мэргэжлээрээ уран бүтээл хийгээд явахад хүндрэлтэй үе нэлээд байдаг. Би гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй ээж хүн. Тиймээс ачаалалтай ажиллаж байгаад гэртээ ороход хүүхдүүд маань тоглохыг, ээждээ эрхлэхийг хүсэх явдал бий. Тиймээс ч ажил мэргэжил, ар гэрээ аль болох зохицуулаад явахыг хүсдэг.

-Тайзан дээрээ гараад үзэгчдийн өөдөөс хараад тоглох үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?

                        Тайзан дээр өөрөөсөө хөлс хүчээ шавхан, энерги зарцуулж байгаа минь үзэгчдэд очиж, буцаад надад ирэх мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй гайхалтай. Ер нь манай багийнхан үзэгчдэдээ амьд, дулаан энерги, мэдрэмж өгье гэж зорьж байгаа. Энэ нь бидэнд ч гэсэн шагнал болж ирдэг. Үүнээс гадна эсрэг дүр дээр ажиллаж тайз болон дэлгэцийн уран бүтээлд тоглоход үзэгчид намайг үзэн ядах сэтгэхүй гаргавал би ажлаа сайн хийж чадсан байна гэж боддог. Мөн эерэг дээр ажиллаад урмын үг сонсох нь ажлаа сайн хийсний илрэл. Тиймээс ч үзэгчдээс авдаг хамгийн том шагнал алга ташилт. Мөн уран бүтээлээс минь үзэгчид ямар нэг зүйлийг ойлгоод гарч байгаа нь ямар ч цалин, шүүмжлэлээс илүү урам, зориг өгдөг.

-  “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд дүр бүтээснээр нь үзэгчид таныг мэднэ. Тэгэхээр тайз, дэлгэцийн уран бүтээл хоорондоо хэр ялгаатай вэ?

                        -Цаг хугацаа өнгөрөх тусам хүн сэтгэхүй, ур чадварын хувьд үргэлж өсөж байдаг. “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд сургуулиа төгсөөд, 20 настай охин тоглож байлаа. Хорин настай хэнээ өөрөө настай хүний дүрийг чадан ядан бүтээсэн. Тухайн үеийн Одгэрэл өнөөдрийн хүрэхэд асар олон зүйлээр өөрчлөгдсөн. Тухайлбал, ур чадвар, үзэл бодол гэх мэт маш олон зүйлд туршлагажсан гэж өөрийгөө харж байгаа. Би өөрийн гэсэн төлөвлөгөөтэй гэх юм уу, бодсон бодолтой байдаг. Ер нь сургуулиа төгсөж байгаа залуу уран бүтээлч сууриа сайн тавих ёстой. Яагаад гэхээр суурь сайн байвал дараа дараагийн он жилд сайн уран бүтээлүүдэд чанартай дүр бүтээх боломжтой. Тийм болохоор би сургуулиа төгсөхдөө 30 нас хүртлээ тайзны уран бүтээлд илүү суралцаж, туршлага хуримтлуулна гэдэг зорилго тавьсан. Миний хувьд замнал /карьер/, олон дагагч, цахим ертөнцийн хандалт чухал санагддаггүй. Тийм учраас тайзны уран бүтээлд маш суралцах үүднээс УДЭТ-т долоон жил ажилласан. Дахин суралцах шаардлага гараад BLACKBOX, BEE, ALPHA , ORFEY театруудад ажиллаж тайзны энергиүдийг мэдрэх хүсэлтэй. Энэ хүсэл маань бодсоны дагуу болоод одоо жүжигчний уран чадварын хувьд өссөн хэдий ч суралцах зүйл маш их бий. Давхар дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө хөгжүүлж явах сонирхолтой. Тийм ч учраас МУГЖ И.Одончимэг эгчийн найруулсан 16 ангит кинонд гол дүр дээр ажилласан. Энэхүү кино ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ.

Аав маань залуу байхдаа гоё зурдаг, хатгамал хийдэг гарын ур сайтай, мөн хөгжим тоглодог урлагийн мэдрэмжтэй хүн

- Та гэр бүлийнхээ тухай манай сайтын уншигчдад танилцуулаач?

                        -Би эхээс хоёулаа. Дээрээ нэг ахтай. Ээж маань намайг жаахан байхад хүнд өвчний улмаас бурхны оронд очсон. Ах бид хоёр аавынхаа буянаар өдий зэрэгтэй явж байгаа. Аав маань залуу байхдаа гоё зурдаг, хатгамал хийдэг гарын ур сайтай, мөн хөгжим тоглодог урлагийн мэдрэмжтэй хүн. Миний байгаа байдал, үзэл санаа, зан ааш гэх мэт бүх зүйл яг ээж гэж манайхан ярьдаг. Харин харагдах байдал царай зүс ерөнхийдөө аавтай адилхан. Одоо хүү, охин хоёртой. Манай нөхөр бид хоёр арван жилийн нэг ангид суралцдаг байсан. Ханийг маань Жавхлантөгс гэдэг, найруулагч мэргэжилтэй.

-“Гэм зэм “жүжигт тоглож байгаа залуу уран бүтээлчдээс онцлон яриа дэлгэж болох уу. Ер нь сайн уран бүтээлч болох залуус олон байгаа байх?

                        -Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Яагаад гэхээр “Гэм зэм” жүжигт урлаг соёлын бүхий л томчууд /акул/ оролцон тоглож байгаа. Ц.Төмөрбаатар, П.Эрдэнэзаан, Ш.Доржсүрэн ах нар болон Б.Нармандах, Д.Ганцэцэг эгч гэх мэт маш мундаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцээд ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Энэ завшааныг ашиглаад ах, эгч нартаа баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Дээрээс манай залуу уран бүтээлчид гал шиг дүрэлзэж, гайхамшигтай эрч хүчтэйгээр түрэн орж ирж байгаа. Залуусаас маш их зүйл сурч байна. Залуусаас онцолж хэлбэл, Ж.Тэмүүлэн, Б.Цогтбаяр болон Порфмирийн мөрдөгч охиддоо тусгайлан баяр хүргэмээр байна.  


ЖҮЖИГЧИН Б.ОДГЭРЭЛ: Манай залуу уран бүтээлчид гал шиг дүрэлзэж, гайхамшигтай эрч хүчтэйгээр түрэн орж ирж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188